Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/36

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай,

улсын яллагч Г.Ганзориг,

хохирогч Ц.*******,

шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзоригоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******ад холбогдох эрүүгийн 2407 00000 0024 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/98 дугаар захирамжаар ердийн журмаар хянан шийдвэрлэхээр тогтоосон хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* өдөр *******т төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, *******,*******,******* тоотод оршин суух,

урьд:Налайх дүүргийн шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн 94 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50,000 төгрөгөөр торгох ял,

Налайх дүүргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

******* овогт *******ийн ******* //;

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч О.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 21 цагийн үед *******,*******ны******* тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.*******той хэрүүл маргаан үүсгэсэн буюу тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж Ц.*******ы нүүр рүү нь гараараа 1 удаа цохиж, зүүн хөл рүү нь 1 удаа, баруун гуя руу нь 1 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, миний буруу.” гэв.

Хохирогч Ц.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн үед сургууль амарчихсан байсан. Өглөө 9 цагт очоод орой 17:00 цаг хүртэл ажил дээрээ байсан. Манай ажлын н. эгч хөдөлмөрийн аварга болоод бид хэд гуанзандаа ширээ засаад, ажил дээрээ 2 шил архи уусан. Бид хэд гараад караоке орсон. Би гэртээ 8 өнгөрч байхад ирсэн. Тэгэхэд манай нөхөр залгаад байсан ба би утсыг нь аваагүй юм. Гэрт орж ирээд байж байтал манай хүн намайг шууд цохиж эхэлсэн.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс хохирогчийн мэдүүлэг /хх-6/, гэрч н.гийн мэдүүлэг /хх-12-13/, гэрч О.ийн мэдүүлэг /хх-14-16/, яаралтай тусламжийн хуудас /хх-22/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №1182 шинжээчийн дүгнэлт /хх23-24/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-36/ зэрэг нотлох баримтыг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардлыг тооцсон зардал ирээлгүй. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч О.*******ын хөрөнгийг хураах, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийн шилжих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох, тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл байхгүй байна...” гэх дүгнэлтийг гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд О.*******ад холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч О.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 21 цагийн үед *******,*******ны******* тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.*******той хэрүүл маргаан үүсгэж тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж Ц.*******ы нүүр рүү нь гараараа 1 удаа цохиж, зүүн хөл рүү нь 1 удаа, баруун гуя руу нь 1 удаа өшиглөж, түүний биед “зүүн дээд 2 дугаар шүдний сулрал, 3 дугаар шүдний хугарал, уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гуя, зүүн шагайнд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан болох нь:

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ц.*******ы өгсөн: “...орж ирэнгүүтээ миний нүүр рүү 1 удаа цохиход миний шүд унаж амнаас маш их цус гарсан. Мөн миний зүүн хөл рүү нэг удаа, баруун хөл рүү нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

   /хх-6 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр С.гийн өгсөн: “...н.******* согтуу гэртээ байсан ба хүүхэд нь уйлаад, н.******* намайг доромжлоод байхаар нь н.******* “миний ээжийг доромжлолоо” гээд нүүрэнд нь гараараа нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг,

/хх-12-13 дугаар тал/

 

  1. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1182 дугаар: “Ц.*******ы биед зүүн дээд 2 дугаар шүдний сулрал, 3 дугаар шүдний хугарал, уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гуя, зүүн шагайнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

/хх-23-24 дүгээр тал/

  1. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл

/хх-18-20 дугаар тал/

  1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 2002 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 94 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол, 2005 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шийтгэх тогтоолын хуулбарууд

/хх-36-41 дүгээр тал/

  1. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-44-50 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.******* нь хохирогч Ц.*******ы нүүр рүү гараараа цохин, зодсон болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 1182 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч О.******* нь хохирогч Ц.*******ы биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хохирогч нь “...гомдол, санал байхгүй” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй байдал,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч О.*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ” гэж заасан ба Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзоригийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаартай яллах дүгнэлтэд хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх хуулийн зүйл заалтыг удирдлага болгоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэн уг хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр тогтоосныг дурдах нь зүйтэй.

 

Бусад асуудлаар

Шүүгдэгч О.******* нь энэ хэрэгт эд  мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  О.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй  тэнцэх  хэмжээний  буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 /сар/ сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч О.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЧИНЗОРИГ