Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2020/0757/З |
Дугаар | 128/ШШ2022/0430 |
Огноо | 2022-06-06 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2022/0430
2022 06 06 0430
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Д.Чанцалням даргалж, шүүгч Л.Батбаатар, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б.А***********
Хариуцагч: Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н*********
Гуравдагч этгээд Ц.Б****** нарын хоорондын Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/114 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцуулах, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн ахлах шинжээчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 392 дугаар тогтоолоор баталсан Салбарын эрх зүйн зохицуулалт, мэдээллийн сан хариуцсан ахлах шинжээч-ийн албан тушаалын ангилал, зэрэглэл нь ахлах түшмэл, ТЗ-10 гэсэн ангилалаас буулгахгүйгээр ажилд эгүүлэн тогтоолгох/, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 60,593,415 төгрөгийг нөхөн олгуулах, дээрх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлэх-ийг хүссэн маргааныг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А***********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*********, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.А*********** нь Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б\114 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байгаад, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/114 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцуулах, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн ахлах шинжээчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 392 дугаар тогтоолоор баталсан салбар эрх зүйн зохицуулалт, мэдээллийн сан хариуцсан ахлах шинжээчийн албан тушаалын ангилал, зэрэглэл нь ахлах түшмэл, ТЗ-10 гэсэн ангилалаас буулгахгүйгээр ажилд эгүүлэн тогтоолгох/, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 60,593,415 төгрөгийг нөхөн олгуулах, дээрх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлэх гэж тодруулсан байна.
2. Шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй боловч хэргийн оролцогчдоос түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно... гэж заасны дагуу шүүх хуралдаан үргэлжлэв.
3. Мөн гуравдагч этгээдийн тухайд шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ шүүхэд бичгээр мэдэгдсэн болно.
4. Нэхэмжлэгч анх 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн мэргэжилтнээр, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн тогтоол, шийдвэрийн биелэлт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр, 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн Салбарын эрх зүйн зохицуулалт, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтнээр, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн Салбарын эрх зүйн зохицуулалт, мэдээллийн сан хариуцсан ахлах шинжээчээр тус тус томилогдон ажиллаж байгаад, хариуцагчаас нэхэмжлэгчийг Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/02 дугаар Мэргэшлийн зэрэг олгох, сунгах тухай тушаалд дугаар олгож, бүртгэхдээ хавсралтыг сольж Н.Т*****, Ц.Г********, Ц.Д******** нарын нэрийг нэмж оруулсан гэж үзэж, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Төрийн албанаас халах тухай Б/114 дугаартай маргаан бүхий актыг гаргажээ.
5. Нэхэмжлэгч маргаан бүхий актыг хүлээн авч, шүүхэд 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:
1/ 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр намайг Ц.Б****** гэж хүнтэй утсаар ярьсан, дуудаж уулзсан, чи тушаал сольсон л юм шиг байна гэж ажлаас халах тушаал гаргасан нь хууль бус гэж,
2/ Манай хэлтсийн 4 албан тушаалтан Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалтай шууд танилцах бүрэн боломжтой, албан өрөөний зохион байгуулалтын хувьд болон ялангуяа хэлтсийн дарга тушаал, гэрээ солих, тушаал, гэрээний дугаар авчихаад хоосон үлдээх гэх мэт хариуцлагагүй ажил байнга хийдэг байхад зөвхөн намайг тушаал сольсон гэж буруутгасан гэж,
3/ Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалыг боловсруулах, батлуулах, тушаалын дугаар олгох, яаманд хадгалагдах эх хувийг хадгалах, албан тушаалтанд танилцуулах үйл ажиллагаанд дээр нэр дурдсан албан тушаалтнууд бүгд оролцож байхад эдгээр албан тушаалтныг шалгах оролдлого огт хийгээгүй, шалгаагүй, асуудлыг бүрэн судлаагүй, эдгээр албан тушаалтныг хамааралгүй гэдгийг нотлоогүй нь намайг зайлуулах ажлыг эртнээс төлөвлөсөн, найз, нөхдийн хувьд хуйвалдаж, материалыг зохиомлоор бий болгосон үйлдэл гэж,
4/ Төрийн албанд хоёргүй сэтгэлээр ямар нэгэн зөрчил дутагдал гаргахгүй, төрийн хууль тогтоомжийг ягштал мөрдөж, төрд чин үнэнээр ажилласныхаа төлөө гүтгүүлж байгаад туйлын гомдолтой байна гэжээ.
7. Нэхэмжлэгч Б.А*********** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж шийдсэн анхан шатны шүүхийн шийдвэр эргэлзээтэй гэдэг нь давахын магадлалд тодорхой байгаа. Бодит байдал дээр Б.А*********** тушаалын хавсралтыг сольсон эсэх, албан тушаалын чиг үүргийг буруугаар ашигласан зөрчил эргэлзээгүй нотлогдсон, тогтоогдсон эсэхийг бүрэн дүгнээгүй байх бөгөөд маргааны үйл баримтыг бүх талаас нь эргэлзээгүй тогтоосон гэж үзэхэд учир дутагдалтай энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй, сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тушаалыг хоёр хувь үйлдсэн гэж тайлбарласан боловч анхан шатны шүүх хурал дээр гурван хувь үйлдсэн гэж тайлбарласан. Энэ дагуу нотлох баримт авахад хоёр хувь үйлдсэн гэдэг нь тодорхой болж байна. Тушаалд бичсэн гэж байгаа гурван хүний нэрний талаар тодруулга хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. н.Т********, н.Г******* нар нь 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/82 дугаар тушаалаар гэрчилгээ авсан. Хэрэв энэ асуудал 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр үүсээд шийдвэрлэгдээгүй байхад 6 дугаар сард эдгээр хүмүүс гэрчилгээгээ авдаг юм бэ? Ц.Н тушаал хянаж байгаа бөгөөд энэ асуудлыг мэдэж байсан. Над дээр энэ тушаал ирсэн бол энэ хоёр хүн дээр маргаантай байхад яагаад энэ хоёр хүний нэр энэ дунд байгаа юм бэ гээд хасах эсвэл 6 дугаар сард нэг мөр асуудлыг шийдэх ёстой байсан. Над дээр ийм ажиллагаа хийгдээгүй.
Харин Ц.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/07 дугаар тушаалаар гэрчилгээ авсан. Өөрөөр хэлбэл Б.А*********** гэдэг хүн тушаалын хавсралтад нэмсэн гэж үзэж байгаа тухайн тушаалаар гэрчилгээ авсан байдаг. Яагаад нэг нь маргаан бүхий тушаалаар гэрчилгээ авч, нөгөө хоёр нь 6 дугаар сарын тушаалаар гэрчилгээ авч би 8 дугаар сард энэ хэрэгт буруутгагдаж ажлаас халагдах ёстой юм бэ? үүнийг ойлгохгүй байна. 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 05/22 тоот Барилгачдын холбооны албан бичигт 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр н.Д шалгалтад тэнцээгүй, Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн албан бичгээр мөн 2019 онд Ц.Д*******, Ц.Г************ нар сургалтад хамрагдаагүй гэж бичсэн байдаг. Яагаад сургалтад хамрагдаагүй, шалгалтад тэнцээгүй хүн гэрчилгээ авдаг юм бэ? энэ гурван хүний нэрийг би биш өөр хэн нэгэн этгээд хавсралтад оруулж гэрчилгээ олгосон байгаа юм. Гэрчилгээнд гарын үсэг зурж тамга дарж байгаа, гэрчилгээнд нэр нэмж бичиж байгаа хүмүүс өнөөдөр ажлаа хийж байна. Тэгвэл гурван хүнд гэрчилгээ олгосон нь зөв юм биш үү? Гэтэл намайг яагаад сахилгын шийтгэлээр ажлаас халаад би хоёр жил гудамжинд лааз өшиглөөд явж байдаг юм бэ? яагаад барилгын салбарт хуулийг нэг мөр хэрэглүүлэх гээд сайд төрийн нарийн бичгийн даргыг хууль зөрчүүлэхгүй гээд суусны төлөө хэн нэгний багт ажиллаагүйн төлөө ажлаас халагдах ёстой юм бэ? Шүүх бүрэлдэхүүн та бүхнийг хавтаст хэрэгтээ нэг бүрчлэн танилцаад хэргийг хууль зүйн дагуу шийдвэрлэж өгнө үү. Яагаад сайд, Төрийн нарийн бичгийн даргын багт ажиллаагүйн төлөө би ажилгүй байх ёстой юм бэ гэв.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр А/02 дугаар мэргэжлийн зэрэг олгох сунгах тухай тушаал гарсан. Уг тушаал гарсны дараа шалгалтад тэнцсэн тушаалд нэр нь орсон хүмүүст энэ тушаал гарсан учир мэргэшсэн зэргийн тамга тэмдэг авах мөнгөө төлж, гэрээгээ байгуулж, тооцоогоо хийсний дараа та нарын гэрчилгээ бичигдэнэ, гэрчилгээнийхээ мөнгийг төл гэсэн процесс явагддаг. Ингээд гэрчилгээнүүд нь нууцлалтай цаасан дээр хэвлэгдэж гарч ирсэн. Ингээд Төрийн нарийн бичгийн дарга дээр ирж уг гэрчилгээний дээр гарын үсэг зурж тамга дарагддаг. Энэ тушаалыг гаргасан мэргэжилтэн О.М***********т н.Б нь энэ тушаалыг гэрчилгээтэй нь тулга гэсэн байдаг. О.М*********** гэдэг мэргэжилтэн Барилгын хөгжлийн төвөөс бичигдэж ирсэн гэрчилгээ бүрийг ажлын хэрэгцээнд авсан нэг хувь тушаал, өөрийн компьютерт байгаа тушаалын төсөл дээрх нэрстэй тулгаж харахад тухайн гэрчилгээний дунд тушаалд байхгүй гурван хүний нэр гарч ирсэн. Энэ гурван хүн нь Ц.Д*******, Ц.Г************, Н.Тодцэцэг нар юм. н.Лгэдэг хүний гар дээр албаны хэрэгцээнд үлдсэн нэг хувь тушаал дээрээс харахад энэ гурван хүний нэр байхгүй байдаг. Харин төслийн файл дээр энэ гурван хүний нэр байхгүй. Ингээд Барилгын хөгжлийн төвөөс та нар ямар тушаалыг үндэслэж гэрчилгээг бичиж ирсэн бэ гэж асуухад канондсон хувь гаргаж ирсэн. Энэ тушаалын канондсон хувь дээр нь хуулийн хэлтсийн дардас дарсан байсан. Учир нь Б.А***********ий ширээн дээр байгаа лацадсан саван дотор байгаа тэмдэг дарагдсан байдаг.
Энэ хүнийг хариуцагч байсан гэдэг утгаар нь буруутгаж болно. Гэхдээ ингэж буруутгалаа гэхэд зассан, нэр оруулсан гэдэг утгаар шалгагдахгүй. Харин хадгалалт, хамгаалалт буруу хэрэгжүүлсэн гэдгээр хариуцлага хүлээлгэж болно гэж хэлсэн. Тушаал анх гарахдаа гурван хүний нэр нэмэгдэж оролгүйгээр хоёр хувь батлагдсан. Үлдэх хувь нь Б.А*********** дээр үлдэж ажлын хувь нь н.Лдээр очсон. Ингээд уг тушаал гарахдаа зөв гарсан. Гэрчилгээ сүүлд 02 дугаар сарын 21-ний өдөр бичигдэж ирэхдээ гурван хүн нэмэгдэж ирсэн. Тулгаж үзэхэд ажлын хувьд тухайн гурван хүний нэр байхгүй харин Б.А*********** дээр байсан буюу архивын хувьд нь гурван хүний нэр орсон байдаг. Дараа нь 6 дугаар сард н.Бтааралдаад энэ яг юу болсон юм бэ гэхэд манай сургалт хариуцсан Ц.Б******, танай Б.А*********** хоёрын хийсэн ажил гэж хэлсэн. Ингээд Ц.Б******аас асуухад тийм зүйл болсон Б.А***********тэй утсаар ярихад нь н.Б даргатай ярьж байгаад би нэмж оруулъя гэж хэлсэн. Барилгын хөгжлийн төвд байсан хуулбар хувь дээр хуулийн хэлтсийн дардас дарагдсан байсан.
Дээрх үндэслэлээр Б.А*********** ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсний дараа сонсох ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан. Энэ шийдвэрийг гаргахдаа эхлээд эрүүгийн журмаар хянан шийдвэрлэвэл илүү хялбар гэсэн асуудал яригдсан. Хуульд сахилгын шийтгэл ногдуулсан нь тухайн этгээдийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан. Нэхэмжлэгч нь Ц.Б******тай барьцсан. Ц.Б****** нь шүүхэд ирж гэрчээр мэдүүлэг өгөхдөө Н.Б Б.А*********** нар найзууд бөгөөд Н.Б дамжуулсан гэдгээ хэлсэн байдаг. Үүнээс үүдэн Ц.Б****** нь би Б.А***********тэй найз учир дамжуулаад яриад өгнө гэж хэлсэн нь Ц.Б******ын мэдүүлгээр тогтоогддог. н.Баасанжав нь Б.А***********тэй шууд харилцалгүй Н.Бгаар дамжуулж харьцсан нь шүүхийн шатанд тогтоогдсон гэв.
9. Гуравдагч этгээд Ц.Б******шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Б.А***********гийн нэхэмжлэлтэй, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэрэгт Ц-ийн Б би бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан шүүгчийн захирамжийг хүлээн авч танилцаад, дараах тайлбарыг гаргаж байна. Ц.Б****** миний бие Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тус тус ажиллаж байсан. 2021 оны 10 дугаар сард Төрийн албаны зөвлөлийн цахим сайтад Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн Хот байгуулалт, газрын харилцааны салбарын эрх зүйн зохицуулалт хариуцсан ахлах шинжээчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт нээлттэй зарлагдсаны дагуу уг сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн.
Уг сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тест болон ярилцлагын хэлбэрээр өгч тэнцсэн тул яамны салбар зөвлөлөөс тухайн сул орон тоонд намайг томилуулахаар нэр дэвшүүлсэн. Улмаар Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны Б/111 дүгээр тушаалаар тус яамны Хуулийн хэлтсийн Хот байгуулалт, газрын харилцааны салбарын эрх зүйн зохицуулалт хариуцсан ахлах шинжээчийн албан тушаалд томилогдон ажиллаж байна. Уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд миний бие биечлэн оролцох шаардлагагүй бөгөөд өөрийн эрх, үүрэг болон хэргийн материалтай танилцсан болно гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлэн шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.А***********гөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/114 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцуулах, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн ахлах шинжээчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 392 дугаар тогтоолоор баталсан салбар эрх зүйн зохицуулалт, мэдээллийн сан хариуцсан ахлах шинжээчийн албан тушаалын ангилал, зэрэглэл нь ахлах түшмэл, ТЗ-10 гэсэн ангилалаас буулгахгүйгээр ажилд эгүүлэн тогтоолгох/, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 60,593,415 төгрөгийг нөхөн олгуулах, дээрх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлэх гэж тодорхойлж, түүний үндэслэлээ ... намайг ажлаас халсан маргаан бүхий актын үндэслэл болсон Б.А*********** намайг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Мэргэшлийн зэрэг олгох, сунгах тухай А/02 дугаар тушаалд дугаар олгож бүртгэхдээ хавсралтад өөрчлөлт оруулж, шалгалтад тэнцээгүй 3 хүний нэрийг оруулсан гэх зөрчлийг тогтоосон баримт байхгүй, тушаал, түүний хавсралтыг миний албан хэрэгцээнд хадгалагдаж үлдсэн хувиас хэзээ яаж авсан, тэрийг нь хэн сольсон нь тодорхойгүй, намайг сольсон гэдгийг тогтоогоогүй гэж тайлбарлан маргажээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...нэхэмжлэгчийг тушаалын хавсралтад гурван хүний нэр нэмсэн, албан тушаалын чиг үүргээ буруугаар ашигласан гэж үзэж сахилгын шийтгэл оногдуулаагүй, харин ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо биелүүлээгүй гэж үзсэн... гэж тайлбарлаж байгаа хэдий ч маргаан бүхий захиргааны актаас үзвэл Б.А*********** нь Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/02 дугаар Мэргэшлийн зэрэг олгох, сунгах тухай тушаалд дугаар олгож бүртгэхдээ хавсралтыг сольж Н.Т Ц.Д*******, Ц.Г************ нарын нэрийг нэмж оруулсан нь илэрч, албан тушаалын чиг үүргээ буруугаар ашигласан байх тул төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болох нь тогтоогдож байна.
4. Мөн давж заалдах шатны шүүхээс ...гэрч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, мэдүүлгийн зөрүүг арилгахаар гэрчээр Н.Бг асууж, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Мэргэшлийн зэрэг олгох, сунгах тухай А/02 дугаар тушаал хэдэн хувь албажиж гарсан талаар холбогдох нотлох баримтыг цуглуулах шаардлагатай байна... гэж дүгнэсэн байна.
5. Шүүхээс 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Н.Бг дахин гэрчээр асуухад гэрчээс өмнөх мэдүүлэгтээ ...Ц.Б****** эгчтэй нэг хүн шалгалтанд тэнцүүлээд өгөх боломж байна уу гэж ярьсан, ...Б.А***********тэй яриагүй... гэж ярьсан зүйлээ хэлж, Н.Т********* Ц.Д*******, Ц.Г************ нарыг гэрчээр асуусан боловч тэдний мэдүүлэг болон Монголын Барилгачдын нэгдсэн холбооны 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07/21 дугаар албан бичгээр ирүүлсэн Барилга, хот байгуулалтын яамны БСАМДМЗООТБ-ийн болон Төрийн нарийн бичгийн даргын шалгалтын дүнг баталгаажуулсан 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/02 тушаалыг Монголын Барилгачдын нэгдсэн холбоо хүлээн авч цахим хуудсан дээр байршуулсан баримтууд, шалгалтад Н.Т Ц.Д*******, Ц.Г************ нар оролцсон боловч тэнцээгүй талаарх Мэргэшлийн зэрэг горилох шалгалтын нэгдсэн дүнгийн хүснэгт, тушаалын солигдсон хавсралтыг үндэслэн хэвлэсэн Н.Т Ц.Д*******, Ц.Г************ нарын нэр бүхий гэрчилгээ зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Б.А***********г Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/02 дугаар Мэргэшлийн зэрэг олгох, сунгах тухай тушаалд дугаар олгож бүртгэхдээ хавсралтыг сольж Н.Т Ц.Д*******, Ц.Г************ нарын нэрийг нэмж оруулсан болохыг эргэлзээгүйгээр тогтоох боломжгүй байх тул нэхэмжлэгчийг албан тушаалын чиг үүргээ буруугаар ашигласан гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй гэж шууд дүгнэх боломжгүй байна.
6. Барилга, хот байгуулалтын яамнаас Барилгын салбарын ажилтныг давтан сургалт, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах чиг үүргийг Монголын барилгачдын холбоонд шилжүүлж, тус холбооноос сургалт зохион байгуулж, шалгалтад тэнцсэн мэргэжилтнүүдэд мэргэшлийн зэрэг шинээр олгох болон дахин сунгах санал, тушаалын төслийг холбогдох материалын хамт тус яам руу хүргүүлж, уг материалыг үндэслэн Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар мэргэшлийн зэрэг олгодог бөгөөд Барилгын хөгжлийн төвөөс тушаалын хавсралтад орсон нэрсийн дагуу гэрчилгээг хэвлэн ирүүлснээр гарын үсэг зурагдаж, тамга дарагдан баталгааждаг байна.
7. Монголын барилгачдын нэгдсэн холбооноос 2019 оны 12 дугаар сард тус яаманд мэргэшлийн зэрэг олгох ажилтан, албан хаагчдын нэрс, холбогдох материалыг ирүүлснээр Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/02 дугаар тушаалаар барилгын салбарын ажилтнуудад мэргэшлийн зэрэг шинээр олгох, сунгах асуудлыг шийдвэрлэжээ.
8. Уг тушаалыг 2 хувь хэвлэн тус яамны Хуулийн хэлтсийн тушаал, шийдвэрийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн болох нэхэмжлэгч Б.А***********гээр дугаар тавиулж, тушаалын хавсралтуудад Хуулийн хэлтэс гэсэн дардсыг дарж нэг хувийг тус хэлтсийн архивт, нөгөө хувийг Бодлого, төлөвлөлтийн газрын даргад хүлээлгэн өгсөн байна. Барилгын хөгжлийн төвөөс дээрх тушаалын дагуу гэрчилгээнүүдийг хэвлэн ирүүлснийг яаманд үлдсэн хувьтай тулган үзэхэд тушаалын хавсралтад ороогүй 3 хүний гэрчилгээ хэвлэгдэн ирсэн үйл баримт шүүхийн үзлэг болон 2020 оны Төрийн нарийн бичгийн даргын А тушаалын бүртгэлийн дэвтрийн 2 дахь хэсэгт 2020.01.07, дугаар А/02, товч утга Мэргэжлийн зэрэг олгох тухай, хуудасны тоо 23х, 2 хувь, биелэлтийн тэмдэглэл Ц.Б****** гэсэн бүртгэлээр тогтоогдож байна.
9. Хот байгуулалт, газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарын эрх зүйн зохицуулалт хариуцсан ахлах шинжээчийн Албан тушаалын тодорхойлолтоос үзвэл албан тушаалын зорилго ...Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалын төсөл боловсруулахад хууль зүйн зөвлөлгөө өгөх чиг үүргийн хүрээнд гүйцэтгэлийн үр дүнг газрын даргын өмнө хариуцах, албан тушаалын зорилтын 3 дахь хэсэгт Салбарын эрхлэх асуудлын хүрээнд Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал, шийдвэрийн үндэслэлийг хянаж, хэрэгжилтэд нь хяналт тавьж, удирдлагыг мэдээллээр хангах, 3 дугаар зорилгын хүрээнд ...Сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал, шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж, нэгдсэн бүртгэл хөтлөх, дугаар олгох- оор заасан болохыг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.
10. Дээрх ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргээс үзвэл нэхэмжлэгч тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/02 дугаар Мэргэшлийн зэрэг олгох, сунгах тухай тушаалын хавсралтад дугаар олгож, бүртгэх, хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байх боловч маргаан бүхий актад түүнийг энэ үндэслэлээр бууруутгаагүй байна.
11. Иймд нэхэмжлэгчийг Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/02 дугаар Мэргэшлийн зэрэг олгох, сунгах тухай тушаалд дугаар олгож бүртгэхдээ хавсралтыг сольж Н.Т****** Ц.Д*******, Ц.Г************ нарын нэрийг нэмж оруулсан эсэхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж зааснаар Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/114 дүгээр тушаалыг гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
12. Захиргааны байгууллага шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй бол маргаан бүхий акт хүчингүй болохыг дурьдах нь зүйтэй.
13. Иргэдийн төлөөлөгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7 дахь хэсэгт зааснаар оролцоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх заалтад заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А***********-гөөс Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/114 дүгээр тушаал-ыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурьдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ
ШҮҮГЧ Л.БАТБААТАР
ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ