Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 94

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Д.Буянтогтох, Ж.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн

Улсын яллагч Т.Нансалмаа

Иргэдийн төлөөлөгч А.Төрмөнх

Хохирогч Б.Даваадорж

Гэрч М.Энхжаргал, Б.Чаминчулуун

Шүүгдэгч О.Цэрэндаваагийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар О.Цэрэндаваад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201719000001 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1962 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн. Яс үндэс халх, эрэгтэй, 55 настай,  бүрэн бус  дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 7, эхнэр 3 хүүхэд, ач зээ нарын хамт Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн Аргал гэх газар оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн шийтгэх 86 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 жил, 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж 02 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Баяуд овгийн Оргойн Цэрэндаваа РД/НА:62041773/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.Цэрэндаваа нь согтуурсан үедээ 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багийн нутагт иргэн Б.Даваадоржийг “уурын зуухны өрөөнд архи уулгасангүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин, хүч хэрэглэн хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн Б.Даваадоржийн зүүн гуян тус газар нь хутгалж хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт  хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.Цэрэндаваа шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр багийн даргын сонгууль болсон юм. Тэр өдөр 14 цагийн орчимд өөрийн хамаатны Цэндбаяр гэх хүнтэй  хамт 0,5 литрийн Ерөөл гэдэг архи хувааж уугаад сонгуулиа өгөөд явж байгаад хүмүүс архи өгөхөөр нь ганц хоёр татаж яваад Оргил, Чаминчулуун, Ганчулуун нартай таарсан. Тэгээд бид нар 0,5 литрийн Улаанбаатар архи аваад бас Хустайн Мандал дэлгүүрээс идэш хийх гээд хүрэн иштэй хутга аваад өвөртөө хийсэн юм. Бид хэд нөгөө авсан архиа худгийн хажууд очоод уух гэтэл Чаминчулуун уурын зууханд ороод уучхъя гэхээр нь дөрвүүлээ уурын зууханд ортол Даваадорж манай энд камертай, архи дарс ууж болохгүй гээд нилээн дургүй байсан ч бид архиа хувааж уусан. Тэгээд архиа уугаад сууж байгаад өвөрт хутга тулаад байхаар нь өврөөсөө гаргаад түрийндээ хийх гэж байгаад хажууд сууж байсан Даваадоржийн өвдөгний дээд талд нь дарчих шиг болсон. Тэгээд Даваадорж хутганы үзүүр хүрчихлээ гээд цагдаад мэдэгдсэн байна лээ. Надад сонсгож байгаа зүйл ангийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Даваадорж бид хоёрт муудалцсан зүйл байхгүй, надад танхайрсан ч юм байхгүй, Даваадоржийг би хутгалъя гэж санаагүй, аминдаа өвөртөө байгаа хутгандаа хутгалагдчихаж магадгүй гээд түрийндээ хийх гэж байгаад л ийм болсон гэх мэдүүлэг/ хх-ийн 48-52 хуудас/

 

Хохирогч Б.Даваадорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 29-ний оройн 18 цагийн орчимд намайг ажлынхаа байранд байж байхад Чаминчулуун, Оргил, Ганчулуун, Цэрэндаваа дөрөв орж ирээд архи ууна гэхээр нь би ажлын байран дээр архи ууж болохгүй, манайх камер тавьсан байгаа гэхэд Цэрэндаваа ах чи хэзээ ийм том болсон бацаан бэ? гэж хэлсэн. Тэгээд Цэрэндаваа ах бид хоёр маргалдаад байж байтал гаднаас Энхжаргал орж ирээд гадны хүмүүс энд байж болохгүй тарцгаа гэхэд Цэрэндаваа ах гэнэт өврөөсөө хутга гаргаж ирээд “хэзээ та нар ийм болсон юм бэ? та хоёрын хэнийг түрүүлж дүрэх вэ” гээд босож ирээд миний зүүн хөлрүү хутгаар хатгасан. Тэгээд Энхжаргал эхэлж гараад би араас нь гарч зугатсан Энхжаргал цагдаа дуудсан. Тухайн үедээ би хутгалуулснаа мэдээгүй, сүүлд нь үзтэл миний гуяны урд хэсэг хутганы үзүүрт хатгагдаж цус гарсан байсан. Одоо Цэрэндаваад гомдол санал байхгүй эмчилгээ болон замын зардалд 500.000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй   гэв.

 

Хохирогч Б.Даваадоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Алтанбулаг сумын дунд сургуулийн галчаар ээлжинд гарч байхад оройхон 18 цаг өнгөрч байхад миний ажлын байран дээр Чаминчулуун, Оргил, Ганчулуун Цэрэндаваа дөрөв орж ирээд архи ууна гэхээр нь би ажлын байран дээр архи ууж болохгүй, манайх камер тавьсан байгаа гэхэд Цэрэндаваа ах “чи хэзээ ийм том болсон бацаан бэ?” гэж хэлсэн. Тэгээд Цэрэндаваа ах бид хоёр маргалдаад байж байтал гаднаас Энхжаргал орж ирээд гадны хүмүүс энд байж болохгүй тарцгаа гэхэд Цэрэндаваа ах гэнэт өврөөсөө хутга гаргаж ирээд хэзээ та нар ийм болсон юм бэ гээд миний зүүн хөлрүү дарах шиг болсон. Би тухайн үед Цэрэндаваагийн хажууд сууж байсан болохоор хутга гаргаад ирэхэд нь л гараад зугатсан юм. М.Энхжаргал ч бас гараад зугатсан. Бид хоёр хашааны гадаа гараад цагдаа дуудсан. Тэгээд цагдаа нар ирээд Цэрэндаваа ахыг аваад явсан.Зулбадрах цагдаа надаас бэртэж гэмтсэн үү гэж асуухаар нь хөл нэг сонин болчихлоо гээд ажлын байран дээр очоод өмдөө тайлаад үзтэл цус гараад ярагдсан байсан. Тэгээд эмнэлэгт очоод цэвэрлүүлж боолт тавиулсан юм. Одоо миний байдал эм тариа уугаад гайгүй байна. Энэ хэргээс болж миний зүүн хөлний өвдөгний дээд хэсэгт 2 см урттай зүсэгдсэн шарх үүссэн. Надад ямар нэгэн гомдолд санал алга байна. Хэд хоног ажилгүй байсан хугацааны цалин, эм тарианы мөнгө, нааш цааш явсан зардлын хэдэн төгрөгийг өгчихвөл өөр нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуудас/

 

Гэрч М.Энхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 29-ний оройн 18 цагийн орчимд Даваадоржтой уулзах гээд ажлын байран дээр нь очтол Даваадорж өөрөөсөө гадна 4 хүнтэй тэд нарыгаа энд байж болохгүй гар гэж хэлээд зогсож байсан. Тэгэхлээр нь би та нар одоо гар ажлын байран дээр гаднын хүн оруулж архи уулгавал ажлаас хална. Та нар явцгаа гэхэд Цэрэндаваа гэдэг хүн орон дээр сууж байгаад гэнэт босож ирээд та нарын хэнийг чинь эхэлж  дүрэх вэ гэхээр нь би айгаад зугатаасан. Даваадорж араас жаахан байж байгаад гарч ирсэн. Тэгээд бид хоёр цагдаа дуудсан. Зулбадрах цагдаа ирээд та хоёрын бие гайгүй юу? гэхээр нь ажлын байран дээр очоод үзтэл Даваадоржийн хөлийн өвдөгний дээхэн талд зүсэгдсэн байсан гэв.

 

Гэрч М.Энхжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 29-ний оройн 18 цаг 40 минутын орчимд Даваадоржтой уулзах гээд ажлын байран дээр нь очтол Даваадорж өөрөөсөө гадна 4 хүнтэй тэд нарыгаа энд байж болохгүй гар гэж хэлээд зогсож байсан. Тэгэхлээр нь би та нар одоо гараа ажлын байран дээр гаднын хүн оруулж архи уулгавал ажлаас хална. Та нар явцгаа гэхэд Цэрэндаваа гэдэг хүн орон дээр сууж байгаад гэнэт босож ирээд өврөө ухаад хутга гаргаж ирээд та хоёрын хэнийг нь эхэлж дүрэх вэ гэхээр нь би гараад зугатаасан. Даваадорж араас жаахан байж байгаад гарч ирсэн. Тэгээд бид хоёр цагдаа дуудсан. Зулбадрах цагдаа ирээд та хоёрын бие гайгүй юу? гэхээр нь ажлын байран дээр очоод үзтэл Даваадоржийн хөлийн өвдөгний дээхэн талд зүсэгдсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 32 хуудас/

 

Гэрч З.Оргилын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 29-ний орой Цэрэндаваатай таархад нилээн согтуу байсан. Би нилээн согтуу байсан болохоор уурын зууханд орсноо ч санахгүй байна. Ямар ч гэсэн Даваадорж харагдаж байх шиг байсан. Би юу болсоныг мэдэхгүй байна. Сүүлд л Цэрэндаваа Даваадоржийг хутгалсан гэнээ гэж иргэд ярилцаж байхыг сонссон гэх мэдүүлэг /хх-ийн 33 хуудас/

 

Гэрч Ц.Анхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 29-ний орой сумын уурын зуухны галч Энхжаргал надруу залгаад Даваадорж бид хоёрыг уурын зууханд нэг хүн хутга бариад хөөгөөд бид хоёр уурын зуух тойроод гүйж байна гэхээр нь би Зулбадрахад юу болоод байгааг хараадах гэж утсаар хэлсэн. 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр суман дээр очиход Зулбадрах надад хутганы асуудал гарсан гэж танилцуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 34 хуудас/

 

 Гэрч А.Уртнасангийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би Цэрэндаваагийн эхнэр нь байгаа юм. Манай нөхөр төлөв даруу зантай, эрүүлдээ бол хүн цохиод авсан ч хөдөлдөггүй хүн байгаа юм. Архи уугаад л ийм асуудалд орчихсон байна.  Даваадоржтой өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 35 хуудас/

 

Гэрч Ж.Ганчулууны мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын сүүлээр өдрийг нь  санахгүй байна. Тэнд цугласан хүмүүстэй архи ууж нилээн согтсон байсан. Тэгээд нэг мэдхэд гэртээ сэрсэн гэх мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/

 

Гэрч Б.Чаминчулуун шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Цэрэндаваа, Ганчулуун, Оргил бид дөрөв уурын зууханд орж архи уух гээд ортол галчаар Даваадорж гэдэг залуу ажиллаж байсан. Бид хэдийг очсонд Даваадорж дургүйхэн байсан. Ингээд бид хэд авчирсан архиа тойруулж байтал гаднаас Энхжаргал гэдэг залуу орж ирсэн. Тэгээд байж байтал Энхжаргал, Даваадорж хоёр гараад гүйхээр нь Цэрэндаваа араас нь гарсан. Намайг байх үед маргаан гараад хутга шөвөг гаргасан зүйл болоогүй  гэв.

 

Гэрч Б.Чаминчулууны мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 29-ний оройн 18-19 цагийн үед Ганчулуун Оргил хоёртой таараад дэлгүүрээс нэг шил архи авсан. Тэгээд Цэрэндаваа дээр очоод архиа уурын зуухан дээр очиж уухаар болоод бид дөрөв уурын  зуухан дээр очтол галчаар Даваадорж гэдэг залуу ажиллаж байсан. Бид хэдийг очсонд Даваадорж дургүйхэн байсан. Ингээд бид хэд авчирсан архиа тойруулж байтал гаднаас Энхжаргал гэдэг залуу орж ирсэн. Тэгээд байж байтал Энхжаргал, Даваадорж хоёр гараад гүйхээр нь Цэрэндаваа араас нь гарсан. Би тэр  гурвын араас гараад хартал тэр гурав жаахан зайтай зогсож байтал Оргил архи бариад гараад ирэхээр нь би цаана хэдэн хүн зогсож байгаатай ярьж байгаад архи ууж Оргилыг гэрт нь хүргэж өгөөд эргээд дэлгүүрийн үүдэн дээр ирэхэд цагдаа Зулбадрах таараад таньтай хамт явж байсан Цэрэндаваа хүн хутгалсан байна, хаана байна гэж асуусан. Намайг байх үед маргаан гараад хутга шөвөг гаргасан зүйл болоогүй.Тэгээд дэлгүүрийн үүдэнд зогсож байтал Цэрэндаваа дэлгүүрийн араас гараад ирсэн. Зулбадрах өвөрт нь байгаа хутгыг нь гаргуулаад дагуулаад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 37-36 хуудас/

 

Гэрч Д.Батдэлгэрийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 29-ний орой Төв аймгийн Алтанбулаг суманд гэртээ байж байхад 24 цагийн орчимд сумын цагдаа Зулбадрах Цэрэндаваа ахыг дагуулж ирээд энэ хүнийг битгий ийш тийш нь явуулаарай гэж захиад орхиод явсан. Цэрэндаваа ах согтуу байсан байх.Гэхдээ олон юм ярилгүй дуугүй л унтаад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 39 хуудас/

 

Гэрч Д.Зулбадрахын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 29-ний орой  манай сумын хэсгийн төлөөлөгч Анхбаяр надруу утсаар уурын зуухны галч Даваадоржийг нэг хүн хутга гаргаад хутгалах гээд байна гэсэн дуудлага өгсөн.Уурын зуухан дээр очтол Энхжаргал, Даваадорж хоёр байж байсан. Юу болсон талаар нь асуутал Даваадорж Цэрэндаваа ах хутга гаргаж ирээд хутгална гээд өрөөн дотор хөөгөөд байхаар нь гарч зугатаах гээд үүдэн дээр иртэл миний өөдөөс тулж таараад хөлрүү хатгачихсан гэж байсан. Тэгхээр нь би Цэрэндаваа хаана байна гэхэд дэлгүүрийн тийшээ явсан гэж байсан. Би дэлгүүрийн тэнд очоод Цэрэндаваа ахад хутгаа гаргаад ир гэхэд Цэрэндаваа ах Зулаа гуай зүгээр байгаарай, хутга байхгүй гээд цохих гээд ухасхийх гэхээр нь хоёр ханцуйных нь нударганаас нь барьж байгаад хажууд нь зогсож байсан залуугаар өврөөс нь хутга гаргуулсан. Намайг Цэрэндаваа хэл амаар доромжлоод байхаар нь дарж байгаад гавлах гэсэн боловч гавлуулахгүй, ах дүү нар нь ч бидэнд хүлээлгээд өгчих гээд байхаар нь хутгыг нь хурааж аван ах дүү нарт нь хүлээлгээд өгсөн. Тэгсэн  цагийн дараа сургуулийн захирал Чулуунбат надруу яриад Цэрэндаваа эргээд уурын зууханд орж ирчхээд дарамтлаад байна гэхээр нь яваад очтол галч нарын амрах орон дээр унтаж байсан. Би сэрээгээд та яагаад эргээд ирсэн юм бэ? дүүд чинь хүлээлгээд өгөхөд гэтэл яадаг юм бэ? гээд агсам тавих гээд байхаар нь жаахан зөөлрүүлж байгаад дүүгийнх нь гэх айлд аваачиж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 80 хуудас/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 022 тоот:

-Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн хөвөнтэй өмд болон хар өнгийн биеийн тамирын өмд нь шинжилгээнд тэнцэнэ.

-Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн хөвөнтэй өмд болон хар өнгийн биеийн тамирын өмдөнд урагдалт үүссэн байна.

-Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн биеийн тамирын өмдөнд үүссэн 5,5 см-ын хэмжээтэй уранхай нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн ханзархай уранхай 3,9х0,5см хэмжээтэй уранхай нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлийн улмаас үүссэн зүсэгдсэн уранхай, 2,5х0,3см уранхай нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлийн улмаас үүссэн зүсэгдсэн уранхай, ногоон өнгийн хөвөнтэй өмдөнд үүссэн 2,5х0,3см хэмжээтэй уранхай нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлийн улмаас үүссэн зүсэгдсэн уранхай байна.

-Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн биеийн тамирын өмдөнд үүссэн 5,5см хэмжээтэй уранхай нь хуучин уранхай 3,9х0,5 см хэмжээтэй уранхай, 2,5х0,3см хэмжээтэй уранхай нь шинээр зүсэгдсэн уранхай, ногоон өнгийн хөвөнтэй өмдөнд үүссэн 2,5х0,3см хэмжээтэй зүсэгдсэн уранхай нь шинээр үүссэн уранхай байна гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 83-86 хуудас/

 

Эд мөрийн баримтаар хутга 1 ширхэгийг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 28 хуудас/ 

 

Эд мөрийн баримтаар хохирогч Б.Даваадоржийн өмсөж явсан гэх ногоон өнгийн хөвөнтэй өмд, хар өнгийн цэнхэр канттай биеийн тамирын өмд хураан авсан тухай тэмдэглэл 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр /хх-ийн 76 хуудас/

 

Шүүх шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 588 тоот:

 

-Б.Даваадоржийн биед зүүн гуянд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Уг  гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.

-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн  гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 41хуудас/

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 69-74 хуудас/

 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга, өмднүүдийг шинжлэн судалсан   зэрэг болно.  

 

Дээрх судалсан нотлох баримтуудыг  Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан журмын дагуу  цуглуулан  бэхжүүлж  хэрэгт авагдсан баримтууд гэж үзэв.  

 

Шүүгдэгч О.Цэрэндаваа нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 18 цагийн орчим Чаминчулуун, Оргил, Ганчулуун нарын хамтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багийн нутагт сургуулийн уурын зуухны байранд  архи уухаар орж ирснийг тухайн үед галчаар ажиллаж байсан Б.Даваадорж /хохирогч/ ажлын байрандаа архи уулгахгүй гэж  зүй  ёсны шаардлага тавихад хүлээн авалгүй архиа задлан ууцгааж байхад нь мөн газар галчаар ажилладаг Энхжаргал орж ирээд тэдэнд хандан “ажлын байран дээр гадны хүн оруулж архи уулгавал ажлаас хална болохгүй тарцгаа” гэхэд нь шүүгдэгч О.Цэрэндаваа “та нар хэзээ ийм болцгоосон юм бэ? архи уулгасангүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан өврөөсөө хутга гарган ”та хоёрын хэнийг түрүүлж дүрэх вэ” гэж хэлэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн Б.Даваадоржийн зүүн гуян тус газар нь хутгалж түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулан  танхайрсан гэмт үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Даваадоржийн....ажлын байран дээрээ намайг байж байхад Чаминчулуун, Оргил, Ганчулуун Цэрэндаваа дөрөв орж ирээд “архи ууна” гэхээр нь би “ажлын байран дээр архи ууж болохгүй, манайх камер тавьсан байгаа” гэхэд Цэрэндаваа ах “чи хэзээ ийм том болсон бацаан бэ” гээд бид хоёрыг маргалдаж байтал гаднаас Энхжаргал орж ирээд “гадны хүмүүс энд байж болохгүй тарцгаа” гэхэд Цэрэндаваа ах гэнэт өврөөсөө хутга гаргаж ирээд “хэзээ та нар ийм болсон юм бэ? та хоёрын хэнийг түрүүлж дүрэх вэ” гээд босож ирээд миний зүүн хөлрүү хутгаар хатгасан. Тэгээд Энхжаргал эхэлж гараад би араас нь гарч зугатаад Энхжаргал цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуудас/, гэрч М.Энхжаргалын ... Даваадоржтой уулзах гээд ажлын байран дээр нь очтол Даваадорж өөрөөсөө гадна 4 хүнтэй тэд нарыгаа энд байж болохгүй гар гэж хэлээд зогсож байсан. Тэгэхлээр нь би “та нар одоо гар ажлын байран дээр гаднын хүн оруулж архи уулгавал  ажлаас хална. Та нар явцгаа” гэхэд Цэрэндаваа гэдэг хүн орон дээр сууж байгаад гэнэт босож ирээд өврөө ухаад хутга гаргаж ирээд “та хоёрын хэнийг нь эхэлж дүрэх вэ” гэхээр нь би гараад зугатаасан. Даваадоржийн хөлний өвдөгний дээхэн талд зүсэгдсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 32 хуудас/, гэрч Ц.Анхбаярын ...2016 оны 11 дүгээр сарын 29-ний орой сумын уурын зуухны галч Энхжаргал надруу залгаад Даваадорж бид хоёрыг уурын зууханд нэг хүн хутга бариад хөөгөөд бид хоёр уурын зуух тойроод гүйж байна гэхээр нь би Зулбадрахад юу болоод байгааг хараадах гэж утсаар хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 34 хуудас/, гэрч Б.Чаминчулууны ... бид дөрөв уурын  зуухан дээр ирэхэд Даваадорж гарч байсан. Бид авчирсан архиа тойруулж байтал гаднаас Энхжаргал гэдэг залуу орж ирсэн. ...Энхжаргал, Даваадорж хоёр гараад гүйхээр нь Цэрэндаваа араас нь гарсан. ...цагдаа Зулбадрах таараад таньтай хамт явж байсан Цэрэндаваа хүн хутгалсан байна гээд зогсож байтал Цэрэндаваа дэлгүүрийн араас гараад ирэхээр нь Зулбадрах өвөрт нь байгаа хутгыг нь гаргуулаад дагуулаад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 37-36 хуудас/,  гэрч Д.Зулбадрахын...уурын зуухан дээр очтол Энхжаргал, Даваадорж хоёр байж байсан. Юу болсон талаар нь асуутал Даваадорж Цэрэндаваа ах хутга гаргаж ирээд хутгална гээд өрөөн дотор хөөгөөд байхаар нь гарч зугатаах гээд үүдэн дээр иртэл миний өөдөөс тулж таараад хөлрүү хатгачихсан гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 80 хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 022 тоот....шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн хөвөнтэй өмд болон хар өнгийн биеийн тамирын өмдөнд урагдалт үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн биеийн тамирын өмдөнд үүссэн 2,5х0,3см уранхай нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлийн улмаас үүссэн зүсэгдсэн уранхай, ногоон өнгийн хөвөнтэй өмдөнд үүссэн 2,5х0,3см хэмжээтэй уранхай нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлийн улмаас үүссэн зүсэгдсэн уранхай байна гэх дүгнэлт /хх-ийн 83-86 хуудас/, Шүүх шинжилгээний албаны 588 тоот...Б.Даваадоржийн биед зүүн гуянд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 41хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Даваадорж, гэрч М.Энхжаргал, Б.Чаминчулуун нарын өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл,  эд мөрийн баримтаар хураагдан  ирсэн хутга, зүсэгдсэн урагдалттай өмдийг үзэж танилцсан байдал, бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

 Аймгийн Прокурорын газраас О.Цэрэндаваад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, зэвсэг хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч О.Цэрэндаваа нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ...архи уугаад сууж байхад өвөрт хутга тулаад байхаар нь өврөөсөө гаргаад түрийндээ хийх гэж байгаад хажууд сууж байсан Даваадоржийн өвдөгний дээд талд нь дарчих шиг болсон. Надад сонсгож байгаа зүйл ангийг  хүлээн зөвшөөрөхгүй, Даваадорж бид хоёрт муудалцсан зүйл байхгүй,би танхайраагүй гэж мэдүүлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа нь О.Цэрэндаваагийн үйлдэлд танхайн гэмт хэргийн сэдэл субьектив санаа зорилго байгаагүй. Даваадорж Цэрэндаваа хоёр бол бие биеэ сайн таньж мэдэх хүмүүс. Жаахан архи уучхаад  орохоор нь энд архи ууж болохгүй гэж Даваадоржийг хэлэхээр Цэрэндаваа “чи хэзээ ийм болсон юм бэ” гээд маргалдсан. Нөгөө талаар Цэрэндаваа тухайн үед өвөртөө том хутгатай байсан болохоор согтуу хүн ямар нэг болгоомжгүй байдлаар өөрийгөө гэмтээчих байх гэж болгоомжлохдоо өврөөсөө хутгаа гаргаж гутлынхаа түрийнд хийх гэж байгаад хажууд сууж байсан хохирогчийн өвдөгрүү хатгачихсан ийм л нөхцөл байдал хэргээс харагддаг. “Хэнийг чинь эхэлж дүрэх вэ” гэсэн үгээр танхайн хэрэг байна гэж үзэж болохгүй. О.Цэрэндаваагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар О.Цэрэндаваад холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй гэж мэтгэлцэж  байгааг шүүх хүлээн авах боломжгүй болно.

Шүүгдэгч О.Цэрэндаваа нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний оройн 18 цагийн орчимд Төв аймгийн Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн уурын зууханд очиж ажлын байранд тогтсон хэвийн үйл ажиллагааг хангаж буй хүмүүсийн нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээг зөрчиж тэдгээрийг ажлын байранд архи уулгахгүй гэсэн хууль ёсны шаардлагыг үйл ойшоосон үйлдэл гаргаж ажлын байранд нь архи ууж улмаар дахин шаардлага тавихад нь үл биелүүлж танхайрах явцдаа танхайн үйлдэлдээ хүч нэмэгдүүлэх зорилгоор зэвсэг болон зэвсгийн чанартай эд зүйл болох хутгыг өврөөсөө гаргаж “та хоёрын хэнийг чинь эхэлж дүрэх вэ?” гэж хэлэн хохирогч Б.Даваадоржийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь урьдчилан төлөвлөөгүй гэнэт үүссэн шинжтэй, эмх замбараагүй танхайн гэмт гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан танхайн гэмт хэрэг үйлдсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 О.Цэрэндаваагийн үйлдсэн дээрх үйлдэл нь танхайн гэмт хэргийн бүрэлдэхүүний бусдыг илтэд үл хүндэтгэсэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн, санаатай үйлдсэн байх шинжүүдийг бүрэн хангасан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Даваадорж, гэрч М.Энхжаргал нарын өгсөн мэдүүлэг болон шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 Хохирогч Б.Даваадорж нь эмчилгээ болон унааны зардал, ажилгүй байсан хугацааны цалинд нийт 500 000 төгрөгийг нотлох баримтгүйгээр нэхэмжилснийг шүүгдэгч О.Цэрэндаваа нь төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөрийн асуудал байхгүй байна.

Шүүгдэгч О.Цэрэндаваа  нь Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн шийтгэх 86 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсэгт зааснаар 03 жил, 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж 02 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан боловч ял шалгах хуудсаар дахин гэмт хэрэг үйлдээгүй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар ялтай байдал нь арилсан байна.

Шүүгдэгч О.Цэрэндавааг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг барагдуулсныг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч О.Цэрэндавааг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан  ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

 Шүүгдэгч О.Цэрэндаваа нь хорих ял оногдуулах гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд гэмт хэргийн хохирлыг төлсөн, хувийн байдал, хэрэг үйлдсэн нөхцөл байдал,зэргийг харгалзан түүнд  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулан эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх боломжтой гэж шүүх үзэв.

 

 Тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт шүүгдэгч О.Цэрэндаваагийн өмчлөлийн хоёр тооны адууг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн иштэй хутга 1 ширхэгийг хуульд заасны дагуу устгаж,  ногоон өнгийн хөвөнтэй өмд 1 ш, хар өнгийн цэнхэр канттай биеийн тамирын өмд 1 ширхэгийг хохирогч Б.Даваадоржид буцаан олгож, шүүгдэгч О.Цэрэндаваа нь хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, урд авсан  бусдын батлан батлан даалтанд өгөх  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч   шийдвэрлэв.

  

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Баяуд овгийн Оргойн Цэрэндавааг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, зэвсэг хэрэглэн  танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар  О.Цэрэндавааг 03/ гурав/ жил 05/тав/ сарын хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

           

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт  заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар О.Цэрэндаваад оногдуулсан 03 /гурав/ жил 05 /тав/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

           

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн иштэй хутга 1 ширхэгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст, ногоон өнгийн хөвөнтэй өмд 1 ширхэг, хар өнгийн цэнхэр канттай биеийн тамирын өмд 1 ширхэгийг хохирогч Б.Даваадоржид буцаан олгохыг шүүгчийн туслах Б.Байгалмаад тус тус даалгасугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цэрэндаваагийн өмчлөлийн хоёр тооны адууг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, ялтан О.Цэрэндаваа нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

6. Ялтан О.Цэрэндаваа нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй бөгөөд түүнд урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж, эдлэх ялыг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

           7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл О.Цэрэндаваад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.ОТГОНЖАРГАЛ

                                                     

                              ШҮҮГЧИД                                              Д.БУЯНТОГТОХ

                                                          

                                                                Ж.МӨНХТУЯА