| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2020/03998/и |
| Дугаар | 184/ШШ2021/00414 |
| Огноо | 2021-02-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 184/ШШ2021/00414
| 2021 02 24 | 184/ШШ2021/00414 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, - тоот хаягт оршин суух, М- овогт С-ын Ө- /РД:-/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, - тоот хаягт оршин суух, Б- овогт Г-гийн Г- /РД:-/-т холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 44,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Ө- нь амьдрал ахуйдаа хэрэглэх зорилгоор экскаватор худалдан авахаар шийдэж, фейсбүүкийн зарын дагуу Г.Г- гэх хүнтэй холбогдож, түүний худалдахаар зар тавьсан Robex 2900LC маркийн 1992 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн 75-38 УБ улсын дугаартай экскаваторыг худалдаж авахаар тохиролцож, 2018 оны 07 сарын 19-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний нөхцөл нь гэрээ байгуулмагц урьдчилгаа 30,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 30,000,000 төгрөгийг 2018 оны 08 сарын 25-ны өдөр бүрэн төлж дуусгахаар тохиролцсон. С.Ө- нь гэрээний дагуу экскаваторын урьдчилгаа төлбөр болох 30,000,000 төгрөгийг Г.Г-ийн Хаан банк дахь 5006762434 тоот дансанд 2018 оны 07 сарын 19-ний өдөр шилжүүлсэн. Гэвч худалдагч Г.Г-ийн худалдсан экскаватор нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, гэрээнд заасан зориулалтаар бүрэн ашиглах боломжтой гэх заалтыг зөрчсөн бөгөөд ашиглах, үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй эвдэрсэн экскаватор байсан. С.Ө-аас экскаватор эвдэрхий, ашиглах боломжгүй байна гэдгийг Г.Г-т мэдэгдэж наймаа буцах талаар хэлсэн боловч намайг засуулаад авчих, үлдэгдэл төлбөрөөс нь 2,000,000 төгрөг хасаж тооцно гэж тохиролцсон. Тиймээс худалдан авсан экскаватороо сар гаруйн хугацаанд айлын хашаанд байлгаж засвар үйлчилгээг хийлгэж ажиллуулах болсон. Ингээд бүтэн сар засвар үйлчилгээ хийлгэсний эцэст өнөөх машинаараа жил хийж мөнгө олох гэтэл Г.Г-ийн ах гэх хүн ирээд чи өөрөө Г.Г-тай учраа ол, энэ миний экскаватор гээд экскаваторыг С.Ө-аас 2018 оны 09 сарын 02-ны өдөр аваад явсан. Ийнхүү худалдагч өөрийн санаачилгаар гэрээг цуцалсан тул түүнээс урьдчилгаа төлбөрт төлсөн 30,000,000 төгрөгөө авах гэтэл би өгөхгүй гэж хэлсэн тул цагдаагийн байгууллагаар шалгуулсан. Цагдаагийн байгууллагаас гэрээтэй холбоотой маргаан тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж ийнхүү иргэний шүүхэд хандсан. Иймд хариуцагч Г.Г-т 2018 оны 07 сарын 19-ний өдөр экскаватор худалдаж авахаар урьдчилгаанд өгсөн 30,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч Г.Г-ийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Г- өөрийн эзэмшлийн 75-38 УБ улсын дугаартай, Robex 2900LC маркийн экскаватораа 60,000,000 төгрөгөөр зарахаар өөрийн фейсбүүк хуудас дээрээ 2018 оны 07 сарын 15-ны өдөр зар тавьсан. Үүний дагуу С.Ө- нь 2018 оны 07 сарын 17-ны өдөр утсаар залгаж экскаваторыг чинь үзье гээд холбогдсон. Тиймээс хамтдаа очоод тэр өдрөө буюу 2018 оны 07 сарын 17-ны өдөр С.Ө- өөрийн биеэр очиж тухайн экскаваторыг шалгаж үзсэн байдаг. Эргээд холбогдъё гэж хэлээд маргааш өглөө нь холбогдоод дахиад шалгаад үзье гэсэн. Мөн өөрийн таньдаг, экскаваторын засвар хийдэг, экскаваторын талаар сайн мэддэг н.Ч- гэдэг хүнийг С.Ө- дагуулж ирээд дахин шалгуулж үзээд явсан. Түүний дараах өдөр буюу 2018 оны 07 сарын 19-ний өдөр С.Ө- эргэж холбогдоод бэлэн 30,000,000 төгрөг байна. 30 хоногийн дараа үлдэгдэл 30,000,000 төгрөгийг өгье гэсэн санал тавьсны дагуу Г.Г- хүлээн зөвшөөрч, нотариатаар орж гэрээ байгуулсан. Үлдэгдэл мөнгөө 1 сарын дотор төлнө гэж ярьж байсан боловч гэрээ дээрээ 36 хоногийн хугацаанд төлөхөөр заасан . Экскаватороо ингээд С.Ө- аваад явсан. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.9-т энэхүү гэрээнд заасан үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд худалдагч гэрээнээс татгалзаж, эд хөрөнгөө буцаан авч, учирсан хохирол, зардлаа нэхэмжлэх эрхтэй гэж заасан байдаг. Мөн гэрээний 5.1-т зааснаар талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирлыг буруутай тал бүрэн хариуцна, 5.2-т худалдан авагч тал тогтоосон хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тохиолдолд худалдагч гэрээг дангаар цуцалж, учирсан хохирлоо шаардах эрхтэй. Хохирлыг худалдан авагч талын урьдчилгаанд төлсөн төлбөрийг түрээс гэж тооцон суутгана гэж тус тус заасан. Хоёр тал өөрсдөө байлцаж байгаад гэрээгээ хүлээн зөвшөөрч, танилцсаны үндсэн дээр энэхүү гэрээний заалтуудыг тухайлан оруулж байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш гэрээнд заасан хугацаа буюу 2018 оны 08 сарын 25-ны өдөр төлбөр төлөх хугацаа болоход С.Ө- руу ярьж үлдэгдэл төлбөрөө авъя гэтэл надад чамд өгөх мөнгө байхгүй. Экскаватороор чинь мөнгө хийж чадаагүй гэсэн тул Г.Г- гэрээнд заасныхаа дагуу экскаватороо авъя гэсэн боловч би яг одоо “Толгойт өртөө”-ний хажууд экскаватороор 150 ширхэг нүх ухаж байгаа. Удахгүй ажлын хөлсөө аваад үлдэгдэл 30,000,000 төгрөгөөс 8,000,000 төгрөг өгнө гэхээр Г.Г- итгээд хүлээсэн ба хүлээх зуураа ажил хийж байгаа газарт нь болон бусад газраар экскаватороо хайсан боловч олоогүй ба С.Ө- нь утсаа авахаа больсон. Ийнхүү ярьснаас хойш 8 хоногийн дараа Г.Г- фейсбүүкээ харж байтал С.Ө- нь өөрийн фейсбүүк дээрээ экскаватороор ажил хийнэ гэсэн зар тавьсан байхаар нь зарын дагуу өөр дугаараас яриад газар шорооны ажил хийлгэх гэсэн юм гэж дуудаад, ирэхээр нь Г.Г- нь 2018 оны 09 сарын 02-ны өдөр өөрийн экскаватороо буцаан авсан. Гэрээнд заасны дагуу буцааж авах эрхтэй тул буцаан авсан. Урьдчилгаанд төлсөн 30,000,000 төгрөгийн хувьд гэрээнд заасны дагуу 44 хоног экскаваторыг ашигласны төлбөрт тооцож авсан. Энэ нь нэхэмжлэгч С.Ө-ыг хохироосон хэрэг биш. Яг бодит байдал дээр энэ төрлийн экскаваторыг даацаас нь хамаараад 800,000 төгрөгөөс 1,200,000 төгрөгөөр нэг өдөр түрээсэлдэг. Яг энэ 30,000,000 төгрөгийг хэрэглэж ашигласан 40 хоногоор нь хуваагаад үзвэл нэг өдрийн 750,000 төгрөг болж байна. Харин ч Г.Г-т илүү хохиролтой байсан байна. Үүнээс үзвэл гэрээний дагуу хоёр тал өөрсдийн сайн дурын үндсэн дээр, харилцан тохиролцоод гэрээ байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг тооцож авсныг буцаагаад нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь энэ экскаватор нь биет байдлын доголдолтой, зориулалтаар нь бүрэн ашиглах боломжгүй байсан гэж үзсэн. Нэхэмжлэгч С.Ө- нь тухайн өдрөө өөрийн биеэр ирж шалгаж, мөн мэргэжлийн энэ талаар мэдлэгтэй хүнийг авч ирж үзүүлж, шалгуулсан байдаг. Эвдэрсэн, засвар хийлгэсэн гэсэн боловч яг хавтаст хэрэгт энэ талаар нотолсон баримтуудыг өгөөгүй байна. Цагдаагийн газарт гомдол гаргаад, тэр гомдлын дагуу өөрийнх нь дандаа таньдаг, танил найз нөхдийгөө гэрчээр асуулгасан байсан. 2015 оноос С.Ө-ыг таньдаг бөгөөд танил найз нь гэсэн хүмүүсийг авч ирж гэрчийн мэдүүлэг өгүүлсэн байна. Энэ мэдүүлгүүд нь зөвхөн эрүүгийн хэрэгт авагдсан баримтууд бөгөөд энэ иргэний хэргийн хувьд гэрчээр асуулгасан зүйл байхгүй. Гэрчийн мэдүүлэг гэж энэ иргэний хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй. Нөгөө талаас эвдэрсэн, тэрийг нь янзлуулсан гэдэг тайлбарыг хэлсэн боловч энэ талаар холбогдох баримтуудаа хавтаст хэрэгт өгөөгүй. Үнэхээр сэлбэг хэрэгсэл авсан, засаж янзалсан бол тэр баримтуудаа өгөх байсан. Гэвч тэр талаарх баримтуудыг нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт өгөөгүй байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хууль хэрэглэж хэргийг шийддэг. Нотлох баримтын хувьд эвдэрч гэмтсэн, биет байдлын доголдолтой байсан гэдгийг нотолсон баримт байхгүй байна гэдгийг анхаарч өгнө үү гэж хүсэж байна. Эцэст нь хэлэхэд экскаваторын түрээс хэдий хэмжээний ханштай байдаг гэдгийг С.Ө-ын хувьд өөрөө сайн мэддэг. Өөрөө яг адилхан түрээсийн журмаар үйл ажиллагаа явуулдаг тул энэ талаар сайн мэднэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Г- нь 2018 оны 07 сарын 19-ний өдөр С.Ө-тай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан өөрийн эзэмшлийн 75-38 УБ улсын дугаартай, ROBEX 2900LC маркийн экскаватороо шилжүүлж өгөөд урьдчилгаа 30,000,000 төгрөгийг авсан. Үлдэгдэл 30,000,000 төгрөгийг 2018 оны 08 сарын 25-ны өдөр төлөхөөр гэрээ байгуулсан боловч гэрээнд заасан энэ хугацааг хэтрүүлж 44 хоног өнгөрсөн. Иймд хохирлоо 40 хоногоор тооцон шаардаж байгаа. Гэрээний 4.9, 5.1, 5.2, Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-т заасныг баримтлан С.Ө-аас гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 44,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Зээлээр худалдах, худалдах авах гэрээ байгуулсан үеэс хойш 40 хоногийн хугацаанд С.Ө-т зарна гэсэн бодолтой байсан учраас экскаватороо ашиглаж ямар нэгэн орлого олж чадаагүй. Энэ төрлийн экскаватороор нэг өдөрт ямар орлого олох боломжтойг хариуцагчийн зүгээс нотлох баримтуудаа хэргийн материалд гаргаж өгсөн байгаа. Мэргэжлийн үнэлгээний байгууллагаас болон тухайн үед яг энэ зээлээр худалдан, худалдан авах гэрээг байгуулахаас нэг сарын өмнө байгуулсан гэрээ дээрээс харвал энэ төрлийн экскаваторыг хоногт 1,000,000 төгрөгөөр түрээслэхээр харагдаж байна. Тэгэхээр үндэслэж байгаа баримт маань өөрөө нэг өдөрт 1,100,000 төгрөгөөр тооцоод нийт 44 хоногт 44,000,000 төгрөгийг олох ёстой орлого байсан буюу хохиролд тооцон манай зүгээс нэхэмжилж байна. Тиймээс С.Ө-аас 44,000,000 төгрөг гаргуулан хариуцагч Г.Г-т олгож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “...Энэ хэрэг дээр зээлээр худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой асуудал яригдаж байгаа болохоос биш түрээсийн гэрээ огт байгуулагдаагүй. Экскаваторыг түрээслэхдээ моторт цагаар тооцон түрээсэлдэг. Энэ талаар экскаватор ашигладаг, түрээсэлдэг, түрээслүүлдэг хүмүүс бүгд мэднэ. Ийм төрлийн том оврын хүнд даацын машин механизмыг түрээслэхдээ түлшийг нь хийгээд, жолоочтой нь хамт түрээсэлдэг. Тиймээс хэдэн өдөр болсноор нь биш, хэдий хэмжээний ажил хийснийг нь мотт цагаар нь тооцож түрээсийн төлбөрийг авдаг. Өдрөөр түрээсэлнэ гэдэг ойлголт огт байхгүй. Гадуур зүгээр сул зогсож байгаа экскаваторууд маш их байна. Энийг хаанаас ч харж болохоор байна. Гурвалжингийн гүүрний хавиар ажил хийнэ гэсэн машин дүүрэн л зогсож байна. Хариуцагчаас гаргасан үнэлгээний тайланд түрээсийн ханшийг тогтоохдоо мэргэжлийн гэж хэлж байгаа энэ компани сул зогсолтыг огт тооцоолоогүй байна. Зах зээлийн ханшийг ямар судалгаа хийж гаргасан нь тодорхойгүй байх бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй дүгнэлт, тайлан гаргасан байна. Энэ төрлийн экскаваторуудын зарыг тайландаа хавсаргасан зүйл огт байхгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөхгүй. Өнөөдрийн хариуцагч талаас гаргаж өгсөн баримтын хувьд хэнтэй байгуулсан гэрээ ч гэдэг нь тодорхойгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Сул зогсолт маш их хийдгийг хариуцагч, нэхэмжлэгч талууд аль аль нь сайн мэднэ. Стандарт, шаардлага хангаагүй баримт, дүгнэлт үндэслэж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь огт үндэслэлгүй. Мөн талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан болохоос түрээсийн гэрээ байгуулагдаагүй. Энэ худалдах худалдан авах гэрээг хариуцагч эхэлж цуцлаад экскаватороо ажил хийлгэнэ гэж дуудаад булаагаад аваад явсан. Тиймээс өгсөн авснаа харилцан буцаах л асуудал яригдана. Урьдчилгаа төлбөрөө өгөөд үлдэх мөнгөө экскаватороороо ажил хийж байж өгнө гэдгээ хэлж байсан. Гэтэл экскаваторыг хүлээн авснаас хойш огт ажил хийх боломжгүйгээр бүтэн сар гарангийн хугацаанд засвар хийлгэсэн талаар талууд хэн аль нь мэдэж байгаа. С.Ө- машин түрээслээгүй, худалдан авсан байсан тул түрээсийн төлбөрт шаардсан 44,000,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
С.Ө- нь хариуцагч Г.Г-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч нь С.Ө-т холбогдуулж гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 44,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
2018 оны 07 сарын 19-ний өдөр Г.Г- нь өөрийн өмчлөлийн E901BA10399 арлын, 7538УБ улсын дугаартай, Robex 2900LC маркийн экскаваторыг “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу 60,000,000 төгрөгөөр С.Ө-т худалдаж, гэрээг байгуулсан өдөр 30,000,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт төлж, үлдэх 30,000,000 төгрөгийг 2018 оны 08 сарын 25-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцжээ. 30,000,000 төгрөгийг хүлээн авч, экскаваторыг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлсэн ба төлбөрийг бүрэн төлж дууссан тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон үйл баримтын талаар талууд маргаагүй болно. /хх-7-10,12х/
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 263 дугаар зүйлийн 263.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ” гэж заажээ.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичигт гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсан гэж тооцно. Гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, хуульд заасан бичгээр хийх шаардлагыг хангасан тул талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр тул гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах, үр дагаврыг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч худалдсан экскаватороо буцаан авч гэрээг цуцалсан тул урьдчилгаа төлбөрт төлсөн 30,000,000 төгрөгийг гаргуулна ...” хэмээн тайлбарлав.
Хариуцагч “...урьдчилгаа 30,000,000 төгрөгийг гэрээ цуцлагдсан учраас 40 хоногийн түрээсэнд авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргаж, худалдан авагч С.Ө- зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол буюу олох ёстой байсан орлогод 44,000,000 төгрөгийг гаргуулна хэмээн сөрөг нэхэмжлэлээр шаардав.
Худалдан авагч С.Ө-ын худалдан авсан экскаватор нь биет байдлын хувьд доголдолтой байсны улмаас тэрээр тухайн техникийг сар гаруйн хугацаанд засварлуулсан талаар тайлбарладаг бөгөөд түүний тайлбар нь хэрэгт авагдсан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 11 сарын 22-ны өдрийн 3181 дугаартай тогтоол, мөн эрүүгийн хэрэгт хууль сануулан мэдүүлэг авсан гэрч Д.Ч-ийн “...Миний танил Ө- 2018 оны 7 сард наадмын дараа нэг хүнээс экскаватор авах гэсэн юм үзээд хараад өгөөч гэсэн. Ингээд Олдох ахын хашаанд очсон чинь Ө- байсан, ингээд зарах гэж байгаа хүн нь ирээд асааж өгөхөөр нь би шалгаж үзэхэд хэвийн ажиллагаатай байхаар нь би Ө-т боломжийн экскаватор байна гэж хэлээд явсан. Маргааш нь Ө- над руу 23 цагийн үед залгаад экскаватор асахгүй байна, цахилгаан нь болохгүй байна гэж утсаар ярихаар нь би хөдөө явж байна, бусад юмаа сайн үз гэж хэлээд утсаа тасалсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Э-ын “...миний зүс таньдаг дүү Ө- 2018 оны 8 сарын дундуур залгаад би нэг хүнээс экскаватор авсан чинь цахилгаан нь мааслаад болохгүй байна, та нэг үзээд өгөөч гэсэн. Ингээд утаснуудынх нь маасыг гаргаж экскаваторыг асааж өгөөд явсан, ...цахилгааны маасыг гаргаж өгөөд С.Ө-аас 300,000 төгрөг бэлнээр авсан...” гэх мэдүүлэг, гэрч М.С-ын “...2018 оны 7 сарын сүүлээр ... би 2900 LC-3 загварын экскаваторын хос насос гидрийг нь задалж сэргээн зассан, Ө-аас ажлын хөлс гэж 800,000 төгрөгийг бэлнээр авсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.С-ын “...2018 оны 7 сард санагдаж байна. Ө- ... манай хашаанд экскаватор cap гарангийн хугацаанд зассан...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдов. /хх-24-28, 81-88/
Худалдагч болох Г.Г-ийн зүгээс биет байдлын хувьд доголдолгүй хөрөнгө шилжүүлсэн талаар нотлоогүйн зэрэгцээ экскаваторын гэмтлийг засварлах үнэ хөлсний талаар үлдэгдэл төлбөрөөс 2,000,000 төгрөгийг хасахаар тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэдэггүй бөгөөд энэ талаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 3181 дугаар тогтоолд туссан байдаг. Талуудын байгуулсан гэрээний 2.1-т тээврийн хэрэгслийн чанар, иж бүрдэл “сайн” хэмээн тэмдэглэсэн байх боловч тухайн техникийг худалдан авмагц ашиглах боломжгүй байсан болох нь тогтоогдсон бөгөөд экскаватор нь зориулалтын дагуу ашиглаж байж эдийн засгийн хувьд үр ашигтай байх боловч худалдан авагч 1 сарын хугацаанд засварлуулснаас үүдэн тухайн техникээр ажил хийж, орлого олох боломжгүй байсан байна.
Хариуцагч нь 2018 оны 09 сарын 02-ны өдөр худалдан авагч С.Ө- төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй үндэслэлээр худалдсан экскаваторыг буцаан авснаар худалдагч гэрээнээс татгалзжээ. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-т “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй” талаар заасан.
Хуулийн энэхүү зохицуулалтаар нэгэнт гэрээний зүйл болох экскаваторыг худалдагч буцаан авсан бол худалдан авагчийн төлбөрт төлсөн 30,000,000 төгрөгийг харилцан буцаах үүрэгтэй байхад Г.Г- төлбөрт төлсөн мөнгийг түрээсийн төлбөрт тооцож авсан хэмээн татгалзаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь худалдан авсан хөрөнгө нь биет байдлын хувьд доголдолтой байсны улмаас худалдан авагч С.Ө- үлдэгдэл төлбөр 30,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаа болох 2018 оны 08 сарын 25-ны өдөр төлөх үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон гэж үзнэ.
Тиймээс хариуцагчийн татгалзал үндэслэлгүй тул Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-т зааснаар хариуцагчаас урьдчилгаа төлбөрт төлсөн 30,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Г.Г- нь С.Ө-аас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол буюу олох ёстой байсан орлогод 44,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан ба шаардлагын үндэслэлээ нотолж “Итгэлт эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Экскаваторын түрээсийн гэрээ, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг баримтаар гаргав. /хх-95-101, 113-116-х/
Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-т “Энэ хуулийн 264.1-д заасан тохиолдолд худалдагч нь учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй” талаар заасан. Хуулийн энэхүү зохицуулалтаар худалдагчид хохирол учирсан байхыг шаардах бөгөөд Г.Г-ийн зүгээс түүний энэхүү сөрөг нэхэмжлэлээр шаардаж байгаа шаардлага нь үндсэн нэхэмжлэлийг татгалзаж байгаа татгалзал гэж үзэж болохоор байна. Учир нь хариуцагч буюу Г.Г- нь өөрийн санаачилгаар гэрээнээс татгалзаж экскаваторыг буцаан авсан, хохиролд тооцон олох ёстой байсан орлогод гэрээний урьдчилгаа төлбөр 30,000,000 төгрөгийг суутган авсан гэх, сөрөг нэхэмжлэлээр 44,000,000 төгрөг шаардана гэвэл худалдагч экскаватор+74,000,000 төгрөг авахаар байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” хэмээн заасан. Худалдагчийн буцаан авсан хөрөнгөд ямар нэгэн хэлбэрээр алдагдал, гэмтэл учраагүй бөгөөд С.Ө- экскаваторыг 44 хоногийн хугацаанд эзэмшилдээ байлгасан нь худалдан авсан хөрөнгө байсан болохоос түрээслэх хүсэл зориг байгаагүйн дээр худалдагч доголдолтой эд хөрөнгө шилжүүлснээс худалдан авагч хөрөнгөө зориулалтын дагуу ашиглаагүй, түүний эдийн засгийн үр шимийг хүртээгүйгээс төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүй нөхцөл үүссэн болох нь тогтоогддог.
Тиймээс үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр хариуцагчийн С.Ө-т холбогдуулан гаргасан гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 44,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үгүйсгэгдэж байна.
Дээрх үндэслэлүүдээр С.Ө-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Г.Г-аас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ө-т олгож, С.Ө-т холбогдох 44,000,000 төгрөг гаргуулах тухай Г.Г-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 377,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ө-т олгох нь зөв байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2-т зааснаар хариуцагч Г.Г-аас 30,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ө-т олгож, С.Ө-т холбогдох 44,000,000 төгрөг гаргуулах тухай Г.Г-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 307,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 377,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ө-т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ