Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 32

 

        Б.Б-од холбогдох

         эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Б-од холбогдох, 1935003470167 дугаартай, 3 хавтас эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Болормаа нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, прокурор А.Анхбаяр, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, Т.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нар оролцов.

Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 05-нд Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Зүүнхангай сумын .. багт оршин суух, урьд өмнө нь ял шийтгэлгүй, Ү овогт Б-гийн Б /РД:....

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Зүүнхангай сумын Жаргалант багийн нутаг “Бэлхжийн эх” нэртэй газар 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 03-нд шилжих шөнө иргэн Ц.Б, Ц.О нарыг 64-80 УВХ улсын дугаартай Карго трак маркийн ачааны автомашинаар дайрч алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ү овогт Бгийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д заасан хүн алах гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д зааснаар шүүгдэгч Б.Б-д арван зургаан жил хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Б-од оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 215 /хоёр зуун арван тав/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож,

Шүүгдэгч Б.Б нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бд 7.900.000 /долоон сая есэн зуун мянга/, Т.Бд 2.100.000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөг төлснийг тус тус дурдаж, сэтгэл санааны хохиролд тус бүр 10 сая төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, амь хохирогч Ц.Оийн хууль ёсны төлөөлөгч Т.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргах гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Болормаа нар хамтран давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, илтэд нэг талыг барьж уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн ба түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-т “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно”, 1.3 дахь хэсэгт “Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, 1.6 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг заавал шалгаж тогтооно” гэж тус тус заажээ.

Б.Бын үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл бол “Хүнийг алах” хэрэг бөгөөд уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Гэтэл хэргийн материалаас үзэхэд Б.Бын хувьд талийгаач Ц.Б, Ц.О нарыг санаатай алсан гэх гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр хөдөлбөргүй нотлогдож тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо зөвхөн хэргийн газрын үзлэг, бүдүүвч зураг зэрэгт үндэслэн “Шүүгдэгч Б.Б нь тухайн газарт автомашинаар олон тооны тойрог үүсгэж явсан мөр үүсгэсэн нь амь хохирогч нарыг автомашинаар хөөж, улмаар дайрч амь насыг нь хохироосон байна” гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт гэж үзэж байна.

Учир нь: Хэрэг учрал болсон өдөр Б.Бын жолоодож явсан 64-80 УВХ улсын дугаартай, Карго трак маркын ачааны автомашины тоормозны систем ажиллагаагүй, мөн урд, ард их гэрлүүд ажиллагаагүй байсан нь автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, техникийн шинжээчийн 09 дүгээр дүгнэлтүүд зэргээр нотлогддог. Мөн шүүгдэгч Б.Б, амь хохирогч Ц.Б, Ц.О нар нь гэмт хэрэг гарах үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, өөрийгөө удирдан жолоодох чадваргүй согтуу байсан нь шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан Шүүх химийн шинжилгээний 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 81 дүгээр “Талийгаач Ц.Бын цусанд 5.1%,  шээсэнд 5.0%, ходоодны шингэнд 6.6 % промилл спиртийн агууламж илрэв. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, 82 дугаар “Талийгаач Ц.Оийн цусанд 2.7%, ходоодны шингэнд 3.5 %, промилл спиртийн агууламж илрэв. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлтүүдээр нотлогдон тогтоогдсон байдаг.

Гэтэл анхан шатны шүүх Б.Б нь хохирогч нарыг автомашинаар хөөж дайрч алсан гэх дүгнэлтийг хийсэн боловч хүнд зэргийн согтолттой хохирогч нар нь тухайн үед өөрийгөө аюулаас аврах ухамсарт үйлдэл хийх, хөл дээрээ зогсох, алхах, цаашлаад гүйх буюу зугатах хөдөлгөөн хийх чадвартай байсан эсэхийг тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй байхад дээрх дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Түүнчлэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, бүдүүвч зураг зэргээс харахад хохирогч нар нь зугатах үйлдэл хийснийг нотлох гутлын (хөлийн) ул мөрийг бэхжүүлээгүй. Б.Б нь хохирогч нарыг автомашинаар хөөж дайрч алсан гэж үзэхийн тулд хохирогч нар зугатах үйлдлийг хийсэн байх ёстой. Тэгвэл хэргийн газарт үүссэн тойргийн дагуу хохирогч нар зугатаасны улмаас Б.Б тэднийг тээврийн хэрэгслээр хөөж уг тойргийг үүсгэсэн үү, аль эсвэл түүний ухаангүй согтуу үедээ хийсэн үйлдэл үү гэдгийг тогтоох нь гэмт хэргийн субъектив санаа зорилгыг тогтооход чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Иймд хүнд зэргийн согтолттой хүний хөдөлгөөн хийх ерөнхий чадварыг тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоох ажиллагааг хийсний эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа бөгөөд энэ ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд хийгээгүй.

2. Шийтгэх тогтоолоос үзэхэд гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг “2019 оны 9 дүгээр сарын 02-наас 3-нд шилжих шөнө гэж тодорхойлсон. Гэрч Баасандорж, Батдэмбэрэл, Нямтөгс нар болон Бадамын гэрт хонож байсан гэрчүүд 2019 оны 9 сарын 02-ны шөнө 23.00-00.00 цагийн хооронд Баасандоржийг Бадамын гэрийн харалдаа буулгахад Батцогт Бадамын гэрийн урд талд машиныхаа подворын гэрлийг асаагаад байж байсан гэж мэдүүлдэг. Хэргийн газрын бүдүүвч зургаас харахад Батцогт нь хэрэг учрал болсон газарт маш олон тойрог үүсгэсэн байдаг учраас хохирогч нарыг автомашинаар хөөж дайрч алсан гэж үзэж хүнийг алах гэмт хэргээр зүйлчилж ял шийтгэсэн.

Б.Б нь үзэгдэх орчин хязгаарлагдмал (харанхуй) нөхцөлд өөрийгөө удирдан жолоодох, ухамсарт идэвхтэй үйлдэл хийх чадваргүй, ухаангүй согтуу үедээ (Гэрч М.Дамдинбат, Б.Балжинням нарын мэдүүлгээр) тормозны систем ажиллагаагүй, ард урд гэрэл нь асахгүй байгаа тээврийн хэрэгслээр хөдөлгөөн хийх чадваргүй хүнд зэргийн согтолттой хохирогч нарыг олж хараад, хөөгөөд санаатай дайрч алах боломжтой эсэхийг тогтоохын тулд тухайн шөнийн цаг агаарын байдлын талаарх мэдээллийг Увс аймгийн Ус цаг уур, Орчны шинжилгээний албанаас гаргуулах шаардлагатай бөгөөд мөрдөн байцаалтын шатанд уг ажилллагааг хийгээгүй.

3. Хэргийн материалтай танилцахад 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хэргийн газарт Зүүнхангай сумын Засаг дарга Батбаяр гэдэг хүн очсон талаар Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвийн дарга болон их эмч нар мэдүүлсэн байна. Мөн тухайн өдөр хэргийн газрыг Зүүнхангай сумын Засаг дарга Батбаярын үүрэг даалгавраар тамгын газрын ажилчид цагдаа нар иртэл хамгаалж байсан байдаг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Зүүнхангай сумын Засаг дарга Батбаяр гэдэг хүнийг гэрчээр асуугаагүй байх ба энэ ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй.

4. Хэрэгт авагдсан Шинжээч, замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч. цагдаагийн хошууч Б.Дамдинсүрэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 09 дугаар дүгнэлтээр яллагдагч Б.Быг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1. а (Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байх). 3.7.а (тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй \жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд\ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг, мөн дүрмийн 3.4.а (Тээврийн хэрэгслийн ажлын тоормозны систем жолооны механизм ажиллахгүй болсон), чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт орчин хангалтгүй үед зөв талын хол ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна" гэх дүгнэлт гарсан байдаг.

Уг дүгнэлтэд “Дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн материалд хохирогч Ц.Б, Ц.О нар нь тухайн автомашинд мөргүүлсэн эсэх нь тодорхойгүйн улмаас зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шууд шалтгааныг тогтоох боломжгүй байна” гэж дүгнэсэн. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, өмгөөлөгч миний бие хэргийн материалтай танилцаад Б.Бын жолоодож явсан 64-80 УВХ улсын дугаартай карго трак маркийн ачааны автомашинд хохирогч нар дайрагдаж амь насаа алдсан гэх үйл баримт тогтоогдсон буюу Увс аймгийн Замын Цагдаагийн газрын эрх бүхий шинжээчийн дүгнэлт гаргах үеийн эргэлзээ бүхий нөхцөл байдал тодорхой болсон байх тул нэмэлт шинжээчийн дүгнэлтээр гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шууд шалтгаан нөхцлийг тогтоож өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан. Миний хүсэлтийг хэрэгт хавсаргаагүй, шийдвэрлэж хариу өгөөгүй.

Харин Прокурорын тогтоолоор уг хэрэгт дахин шинжээч томилсноор бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 258 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан ба уг шинжээчийн дүгнэлт нь илэрхий алдаатай, үнэн зөв эсэх нь эргэлзээтэй, хэт нэг талыг барьж, бүрэн биш хийгдсэн байхад анхан шатны шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

Бүрэлдэхүүнтэй шинжээч нар нь дахин шинжилгээ хийлгэх тогтоолд заасан асуултад нэг бүрчлэн бүрэн хариулаагүй, тухайлбал өмнөх шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 09 дүгээртэй дүгнэлт үндэслэлтэй эсэх, яллагдагч Б.Б нь Монгол Улсьн Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн эсэх талаар асуултад хариулаагүй орхигдуулсан байна.

Шинжээч нь тусгай мэдлэг, мэргэшлийнхээ хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж, шинжилгээг бодитой, эргэлзээгүй байх талаас нь анхаарч хийх үүрэгтэй. Мөн шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон бусад этгээдээс хараат бус байж гагцхүү хуульд захирагдан дүгнэлтийг тал бүрээс нь бүрэн бодитой, үндэслэл бүхий гаргах ёстой байдаг. Гэтэл бүрэлдэхүүнтэй шинжээч нар нь 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн Прокурорын газарт хандан нэмэлт материал шаардахдаа гаргах дүгнэлтийнхээ талаар өөрсдийн байр суурийг хүсэлтээрээ дамжуулан урьдчилан илэрхийлсэн нь уг шинжилгээг шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн зөв хийсэн эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа юм.

Нөгөөтэйгүүр бүрэлдэхүүнтэй шинжээч нар нь прокурорт хандаж гаргасан хүсэлт болон дүгнэлтдээ “Уг хэрэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэх дүгнэлтийг удаа дараа хийсэн нь хэт нэг талыг барьсан, илэрхий алдаатай дүгнэлт гэж үзэхээр байна.

Шинжээч нар нь хэргийн үйл баримтыг тогтоох, хэрэг учрал болсон эсэх талаар, мөн гэмт хэрэг эсэх талаар дүгнэлт хийх эрхгүй субъект бөгөөд гагцхүү шинжилгээний объектод үндэслэн эзэмшсэн тусгай мэдлгийн хүрээнд шинжилгээ хийх үүрэг бүхий этгээд юм. Тухайн дүгнэлтийг хэнээс ч хараат бусаар шинжлэх ухаанд үндэслэж хийх ёстой. Түүнчлэн Прокурор дахин шинжээч томилохдоо хохирогч Д.Бадам, яллагдагч Б.Б, гэрч Доржбат, Болдбаатар нарын мэдүүлгийг шинжилгээний объектоор хүргүүлсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15.1.1-д шинжээч нь сэжигтэн яллагдагч,шүүгдэгчийн мэдүүлэгт үндэслэн дүгнэлт гаргахыг хориглоно гэж заасан. Гэтэл дахин шинжилгээ хийлгэх прокурорын тогтоолоос харахад яллагдагч Батцогтын мэдүүлгийг шинжилгээний объектоор шинжээч нарт хүргүүлсэн нь шинжээчийн дүгнэлт үнэн зөв эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Мөн дахин шинжээч томилохдоо шинжилгээний объектоор хохирогч Бадамын “хохирол гомдолтой байна” гэх мэдүүлэг, гэрч Болдбаатарын “Батцогт нь манай ах эгч хоёрыг санаатайгаар оршуулгын газрын хажууд аваачиж дайрч алсан байна” гэх мэдүүлэг, гэрч Доржбат, Түвшинжаргал нарын Батцогттой хамт архи уусан талаарх мэдүүлэг зэргийг шинжилгээний объектоор хүргүүлснийг үндэслэлгүй гэж үзэж байгаагаас гадна эдгээр баримтыг шинжилгээний объектоор хүргүүлж байгаа нь шинжээч дүгнэлт гаргахдаа хараат бус байх зарчмыг зөрчсөн, хэт яллах талыг барьж, дүгнэлт гаргуулсан гэж үзэхээр байгаа.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6.1.7-д шинжилгээний объект гэж шинжилгээ хийж байгаа ул мөр, эд мөрийн баримт, баримт бичиг, эд юмс, амьтан хүний бие, цогцос болон түүний хэсэг, харьцуулан судлах хэв загвар, хэргийн бусад материалыг хэлнэ гэж заасан. Эндээс үзэхэд хохирогч, гэрчийн мэдүүлэг шинжилгээний объект байж болох ч хамгийн гол шалгуур нь хохирогч гэрч нар нь тухайн хэрэг учрал болох үед хэргийн газар байсан эсэх, болсон явдлыг нүдээр үзэж харсан шууд гэрч мөн эсэх нь маш чухал. Гэтэл прокурорын тогтоолоор шинжилгээний объектоор хүргүүлээд байгаа гэрч, хохирогч нар нь гэмт хэргийг шууд үзэж харсан гэрч биш, хэргийн газарт байгаагүй учраас тэдний мэдүүлгийг шинжилгээний объеоктоор хүргүүлсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6-д шинжээчийн дүгнэлтэд тусгах зүйлсийг хуульчилсан, мөн зүйлийн 1.5-д шинжилгээний объектын талаарх мэдээллийг тусгана” гэж заасан. Өөрөөр хэлбэл бүрэлдэхүүнтэй шинжээч нар шинжилгээний ямар объектод үндэслэж дүгнэлт гаргасан талаар дүгнэлтдээ заавал тусгах ёстой. 258 дугаартай шинжээчийн дүгнэлтээс харахад объектын талаарх мэдээлэл бараг байхгүй нь мөн уг шинжээчийн дүгнэлт шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн зөв эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

Ялангуяа бүрэлдэхүүнтэй шинжээч нар нь уг хэрэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь уг дүгнэлтийг алдаатай болохыг тод харуулж байна. Гэтэл анхан шатны илэрхий алдаатай дээрх шинжээчийн дүгнэлтийг хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй гэж үзэж, шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Иймд уг хэрэгт дахин техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд эдгээр ажиллагааг дутуу хийсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн 2020 оны 4 сарын 10- ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах журмаар гаргасан гомдлын 1 дэх үндэслэл нь: Гэмт хэргийн нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй байна. Гэм буруугийн хэлбэр болон гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалгаан нөхцлийг заавал шалган тогтоосон байхыг хуульчилсан байдаг боловч гэмт хэргийн сэдэлт зорилго нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Шүүгдэгч Б.Быг санаатайгаар хөөж дайрч алсан гэж үзэж байгаа боловч амь хохирогч нарын хувьд тухайн үед зугатаасан нөхцөл байдал тогтоогдоогүй, зөвхөн машины маневр хийсэн схем зургийг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байдаг. Гэтэл зөвхөн схем зурагт үндэслэн санаатайгаар бусдын амь насыг хохироосон гэж үзэх боломжгүй.

Бусдын амь насыг хохироох гэж гэмт хэрэг үйлдсэн юм уу, тухайн хүмүүсийг хайгаад байгаа юм уу гэдгийг таамаг дэвшүүлж тодорхойлох боломжгүй. Амь хохирогч нарын Б.Боос зугтаасан үйлдэл дээр анхаарал хандуулж мөр алхам хоорондын зайг хэмжих ёстой байсан. Зугтаасан бол зугтаасан хүний мөр алхам хоорондын зай болон дундаж өндөртэй хүний мөр алхмын зайг шинжээчид тогтоох ёстой байсан боловч тогтоогоогүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүмүүс хөдөлгөөн хийх боломжтой байсан эсэхийг мөн адил тогтоох ёстой байсан.

2 дахь үндэслэл нь: Тухайн өдрийн хэргийн газрын цаг агаарын нөхцөл байдлыг тогтоох нэн шаардлагатай гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Гэмт хэрэг шөнө гарсан гэж яллаж байгаа боловч шөнө үзэгдэх орчин ямар байсныг зайлшгүй тогтоох шаардлагатай. Салхитай, шороотой, бороотой байсан эсэхийг тогтоогоогүй. Мөн шүүгдэгч Б.Б нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож явсан тул цаг агаарын нөхцөл байдал бүрэн бус тээврийн хэрэгсэлд нөлөөлөх хүчин зүйл байсан болохыг үгүйсгэхгүй.

3 дахь үндэслэл: Амь хохирогч нарыг хайж яваад хэргийн газар хамгийн анх очиж харсан хүн болох Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга Батбаяраас хэргийн нөхцөл байдал болон хэргийн талаар ач холбогдолтой мэдүүлэг өгч болзошгүй хүнээс гэрчийн мэдүүлэг аваагүй нь хууль зөрчиж байна. Батбаяраас гэрчээр мэдүүлэг аваагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

4 дэх үндэслэл нь: Шинжээчийн дүгнэлттэй холбоотой үндэслэлээр гомдол гаргасан. Миний бие шүүгдэгч Б.Бын хүсэлтээр давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгчөөр оролцож байна. 1-р хавтаст хэргийн 249-р талд 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол хэрэгт авагдсан. Тухайн тогтоолд хэн гэдэг хүнийг шинжээчээр томилсон, мөн хэн гэдэг шинжээчид гардуулсан зэрэг ажиллагаа хийгдээгүй. Ямар нэгэн шинжээчид гардуулж өгөөгүй байсан. 2-р хавтаст хэргийн 44-р талд 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн амь хохирогчийн дотуур хувцас дээрээс илэрсэн ДНК-ийн шинжилгээ хийсэн шинжээч томилсон тогтоол хэрэгт авагдсан. Уг тогтоолыг мөн шинжээчид гардуулж өгөөгүй. 2-р хавтаст хэргийн 4-р талд 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээч томилсон тогтоол, 2-р хавтаст хэргийн 9-р талд 9 дүгээр сарын 10-ны өдрийн хувцсанд үзлэг хийх тогтоол нь гарын үсгийн тайлалгүй. Шинжээчид эрх үүрэг ойлгосон гэх үндэслэлгүй /шинжээчид эрх үүрэг тайлбарласан хэсэг хоосон байсан/.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээч гэдэг нь шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон тусгай мэдлэг мэргэжил эзэмшсэн этгээдийг хэлнэ” гэж заасан. Тогтоолыг шинжээчид гардуулж өгөөгүй, мөн шинжээч эрх үүргээ ойлгоогүй байгаа тохиолдолд уг этгээдийг хуульд заасан журмын дагуу томилогдсон этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн хуулийн 9.2 дахь хэсэгт “Харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж хүсэлтийг гардуулан өгч эрх үүрэг хариуцлагыг урьдчилан сануулж гарын үсэг зуруулна” гэж заасан боловч уг ажиллагаа мөн адил хийгдэхгүйгээр дүгнэлт гаргасан байсан. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.3 дахь хэсэгт “ мөн хуулийн 9.2 дахь хэсэгт заасан шинжээчээр томилогдсон этгээд нь шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн дуудсанаар ирж тавьсан асуултын дагуу дүгнэлт гаргана” гэж заасан боловч хэн гэдэг шинжээчийн томилсон болох нь тодорхойгүй байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн нь тухайн шинжээчийг томилох эрхтэй юм уу эсвэл шинжилгээ хийлгэх эрх бүхий тогтоол гаргаж байгаа субъект нь шинжээч томилох эрхтэй эсэхийг хуульд хуульчилсан байхад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн гэсэн ерөнхий агуулгатай шинжээч томилсон тогтоол явуулсан байгаа нь хууль зөрчсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар томилогдсон шинжээч нь мөн хуулийн 17.4 дэх заасны дагуу гаргасан дүгнэлтийнхээ үнэн зөвийг хариуцна гэж заасан. Тухайн шинжээч нь ямар эрхтэй, ямар үүрэгтэй, ямар хариуцлага хүлээх ёстой болохыг шинжээчид урьдчилан сануулсны дараа шинжээч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17.4 дэх хэсэгт заасан дүгнэлтийнхээ үнэн зөвийг хариуцах боломжтой болж байна. Гэтэл шинжээч нарт урьдчилан эрх үүргийг тайлбарлаагүй тохиолдолд хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт үнэн зөвийг шинжээч хариуцах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

2-р хавтаст хэргийн 214-р талд 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай дахин шинжилгээ хийлгэх прокурорын тогтоолоор тээврийн цагдаагийн албыг шинжээчээр томилсон тогтоол нь хууль ёсны бөгөөд шинжээчид эрх үүргийг тайлбарлан өгч гардуулсан тогтоол байна. Тээврийн цагдаагийн албанаас “ослын үндсэн материалыг ирүүлээгүй. Ослын бүдүүвч зураг тодорхой бус ойлгомжгүй байгаа тул дүгнэлт гаргах боломжгүй гэж ирүүлсэн. 2-р хавтаст хэргийн 220-р талд тээврийн цагдаагийн албанаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 1/129 дугаартай албан бичгээр “хавсралт 46 хуудас, 1 Флашийг” шинжилгээний объектоор хүргүүлсэн. Гэтэл шинжилгээний объектыг хүргүүлснээр 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 258 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан боловч шинжилгээний объектоор хүргүүлсэн “хавсралт 46 хуудас, 1 ширхэг плаш” ирээгүй.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлд шинжээчид хориглох зохицуулалтын 15.1.9 дэх хэсэгт “Шинжилгээ дууссаны дараа шинжилгээний объектыг өөртөө хадгалахыг хориглоно” гэж заасан. Гэтэл шинжилгээний объект болох хавсралт 46 хуудас, 1 ширхэг плашийг авч үлдсэн байсан. Шинжээч нь гаргасан шинжээчийн дүгнэлттэй хамт шинжилгээний объектуудыг ирүүлээгүй тул Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15.1.9 дэх хэсгийг ноцтой зөрчсөн. Увс аймгийн Зүүнхангай сумын Жаргалант багийн нутаг “Бэлхжийн ам” гэх газрыг зам биш гэж шинжээч дүгнэлт гаргасан. Нэгэнт зам биш гэж үзэж дүгнэлт гаргасан тохиолдолд уг гэмт хэрэг нь хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй гэсэн дүгнэлтийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр гаргасан. Гэтэл шинжээч нь хэргийн үйл баримтыг тогтоох, хэрэг учрал болсон талаар мөн гэмт хэргийн зүйлчлэлийн талаар дүгнэлт гаргах эрх бүхий этгээд биш байтал өөрийн эрх мэдлээс хэтэрсэн дүгнэлт гаргасан.

Нэмэлт материал шаардлагатай байна гэсэн хүсэлт гаргахдаа “хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэх үндэслэл болохгүй гэж дүгнэлт гаргасан. Тухайн дүгнэлтдээ: Зам гэдэг нь тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг хэлнэ. Замын хөдөлгөөн гэдэг нь “нийтийн хэрэгцээний зам дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ачаа шилжих үйл ажиллагааг хэлнэ гэж шинжээч дүгнэлт гаргаж байгааг эрх мэдлээсээ хэтэрсэн дүгнэлт гаргасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүхийн шинжилгээний тухай хууль зөрчсөн нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдэх боломжгүй байхад анхан шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 66 дугаартай шийтгэл тогтоолоор хэргийн эцэслэн шийдэж, хорих ял оногдуулсан нь миний үйлчлүүлэгч Б.Бын эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж хэргийг прокурорт буцааж  өгнө үү” гэв.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдол эсэргүүцэл хянахдаа тухайн хэргийн ажиллагаа шийдвэрт бүхэлд нь хяналт тавих учраас өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан хохирол хор уршгийн талаар хийсэн дүгнэлттэй холбогдуулан тайлбар гаргана.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Быг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бд 7.900.000 /долоон сая есөн зуун мянга/, Т.Бд 2.100.000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөг төлснийг тус тус дурдаж, сэтгэл санааны хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт тус бүр 10.000.000 /арван сая/ төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхэд амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нарын зүгээс гаргаж өгсөн хохирлын баримтыг үнэлээгүй, мөн бусад хохирлын баримтыг гаргаж өгч амжаагүй байсан. 2 хүний эрдэнэт алтан амь хохирсон, түүнчлэн амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нарын сэтгэл санаа тогтворгүй байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь шүүх хуралдааны явцад удаа дараа Улаанбаатар хот болон Увс аймгийн Зүүнхангай сумаас цааш хөдөөнөөс унаа машинаар зардал гаргаж ирж байна. Иймд өмгөөлөгчийн зүгээс давж заалдах журмаар гаргасан гомдолтой холбогдуулан хохирлын асуудлыг шийдүүлэхээр хэргийг прокурорт буцааж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын эрхийг хангаж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтуудаар нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, гэрч Болдбаатар, Доржбат, Түвшинжаргал, Пүрэвжаргал, Дамдинбат, Балжинням нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр гэмт хэргийн санаа зорилго нь тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нотлох баримтууд хэрэгт авагдаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зааснаар хэргийн оролцогч нарын эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн хангасан гэж прокурорын зүгээс үзэж байна. Шинжээч томилох тогтоолыг мөрдөгч үйлдэж байгаа тохиолдолд шинжээчийн нэр заах боломжгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Тээврийн цагдаагийн албанаас гаргасан шинжээчийн дүгнэлтийн талаар тайлбар гаргасан. Бичиг техникийн алдаа гарч шинжээчийн дүгнэлт гээд гарах ёстой байсан зүйлийг шинжээчийн хүсэлт гээд гаргасан байсан. Прокурорын зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад засуулсан тул анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй гэж дүгнэсэн.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэрэгт чухал ач холбогдолтой Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргыг гэрчээр асуугаагүй талаар дурдсан. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэрчээр Батбаярыг асуух нь хэрэгт ямар ач холбогдолтой талаар үндэслэл бүхий тайлбараа тодорхой гаргадаггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тодорхой хэмжээ хязгаарын дотор явах ёстой. Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга Батбаярын хувьд тус сумын нутаг дэвсгэрт 2 хүн нас барсан талаар мэдээ сонсоод сумын Засаг даргын Тамгын газраас машин гаргаж, цагдаа хууль хяналтын байгууллага ирэх хүртэл цогцост гадны биет ойртуулагүйгээр хамгаалтад авах үүрэг даалгавар өгсөн тул Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга Батбаяраас гэрчээр мэдүүлэг авах нь шүүгдэгч Б.Бын гэм буруутай байдлыг тогтоох болон хэргийн зүйлчлэлд өөрчлөлт оруулахад ямар нэгэн ач холбогдолгүй гэж прокурорын зүгээс үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 66 дугаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Болормаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Бод холбогдох 1935003470167 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Увс аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Быг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Зүүнхангай сумын Жаргалант багийн нутаг “ Бэлхжийн эх “ нэртэй газар 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө иргэн Ц.Б, Ц.О нарыг 64-80 УВХ улсын дугаартай Карго трак маркийн ачааны машинаар дайрч алсан гэх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  анхан шатны шүүх мөн зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь  хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.

Увс аймгийн Зүүнхангай сумын Жаргалант багийн нутаг “Бэлхжийн эх” гэх газарт хохирогч Ц.Б, Ц.О нарыг нас барсан байдалтай байхад нь Ц.Болдбаатар, Б.Б нар 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр олсон байх ба  талийгаачид нь 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өглөө гэрээсээ Завхан аймгийн Сонгино сум уруу явахаар мотоцикльтой  гарч яваад эргэж гэртээ ирээгүй, хамгийн сүүлд буюу 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн орой 19-20 цагийн үед “Замбын дөрвөлж” гэх газар шүүгдэгч Б.Бын ачааны автомашин дотор  Б.Бын хамт 3-уулаа согтуу, архи уугаад сууж байсан нь гэрч Б.Балжинням, М.Дамдинбат нарын мэдүүлгээр нотлогдсон байна.  

Талийгаач нарын цогцосд үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ / Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 54, 55 дугаар шинжээчийн дүгнэлт /-ээр хохирогч Ц.Б нь “ цээж, хэвлийн битүү гэмтэл, цээжний хоёр талын олон хавирганы олон шугамаар зөрөөтэй хугарал, хугарлын түвшинд цус хуралт, баруун зүүн уушги, үнхэлцэг хальсны цоорол, урагдал, элэгний баруун дэлбэн, дэлүүний задрал, баруун дунд чөмөгний далд, зөрөөтэй хугарал, дух, хамрын нуруу, баруун, зүүн хацар, зүүн нүдний гадна буланд, хүзүүний баруун урд хэсэгт, баруун мөрний дээд хэсэгт, цээжний баруун ард, ууц, баруун зүүн шуу, тохой, баруун, зүүн гуя, өвдөгт зулгаралт, баруун, зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт зэрэг  гэмтлүүдийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар,

хохирогч Ц.О нь “хэвлийн битүү гэмтэл, аарцаг ясны умдагны үеэр болон зүүн талын олон яас уулзах үеэр салсан олон тооны хэлтэрхий үүсгэсэн хугарал, бүсэлхийн 3, 4, 5-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн хугарал, давсагны задрал, хэвлийн доод хэсэг болон аарцгийн гялтан хальсны дээр булчин доор цусан хураа, хэвлийн баруун доод хэсэгт, баруун, зүүн гуя, баруун шилбэнд, баруун өвдөгний үений дотно хэсэгт, баруун, зүүн шагайн үений дотно хэсэгт зулгаралт зэрэг  гэмтлүүдийн улмаас гэмтлийн гаралтай шок-д орж, амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар тус тус  нас барсан болох нь тогтоогдсон.

Дээрхи шинжээчийн дүгнэлтүүдэд “ талийгаач нарын биед үүссэн гэмтлүүд нь тээврийн хэрэгсэлд мөргөгдөх, дайрагдсаны улмаас үүсэх боломжтой” гэж дүгнэсэн байдал,  цогцоснуудад үүссэн олон тооны гэмтэл, гэмтлийн байрлал болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “ цогцоснуудын эргэн тойронд автомашины мөр гарсан” талаар тусгасан байдал, хэргийн газрыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын бүдүүвч зураг зэрэг нотлох баримтуудаар хохирогч Ц.О, Ц.Б нар нь автомашинд дайрагдах, мөргөгдөх үйлдлийн улмаас амь хохирсон гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Прокурор яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтдээ “ Б.Б нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.О, Ц.Б нарыг 64-80 УВХ улсын дугаартай Карго трак маркийн ачааны автомашинаар дайрч алах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, замын бүдүүвч, зам тээврийн осол дээр тогтоосон акт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн болон дахин үзлэг хийсэн тэмдэглэлүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэлүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бадам, Т.Б, гэрч Ц.Б, Л.Д, Б.Т, Ц.Э, Э.П, Б.Б, Д.Н, М.Д нарын мэдүүлэг, цогцост үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтүүд, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн эсэх талаар гаргасан 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 258 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдсон гэж дүгнэж, шүүх хуралдаанд энэ үндэслэлээрээ ялласан  байх боловч дээрх гэрчүүд нь  2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр  Б.Б нар Зүүнхангай  сумын төвийн хойд талын дэнж дээр суугаад архи ууж байхад хохирогч Ц.Б, Ц.О нар мотоцикльтэй, архи уусан байдалтай ирж, тэд хамтдаа архи уусан, тэндээс  явах болоход Б.Бын машины тэвш дээр  Ц.Бын унаж ирсэн мотоциклийг ачиж, Ц.О, Ц.Б  нар нь Б.Бын  ачааны автомашинд сууж явсан, мөн тэд цааш явах замдаа буюу “Замбын дөрвөлж “ гэх газар машин дотроо архи ууж байсан талаар, мөн хохирогч нарыг гэрээсээ гарч явсан, 2019 оны 9дүгээр сарын 2-ны шөнө гэртээ ирээгүй, 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 06-ны өдрийн хооронд тэднийг эрж сурагласан, хайсан, нас барсан байдалтай олдсон талаар буюу хохирогч нарыг амь хохирохоос өмнөх болон дараах үйл явдлын талаар  тус тус  мэдүүлсэн байх ба эдгээр гэрчүүдийн мэдүүлэг нь хүний амь нас хохирсон тэр үйл явцыг шууд нотлох баримт биш байна.          

Прокурорын яллах дүгнэлтэд яллах талын нотлох баримтаар тусгагдсан, Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн  шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 258 дугаартай “Хавтаст хэргийн материалд авагдсан хэргийн газрын үзлэг, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд зэргээс харахад энэ нь зам тээврийн осол гэх үндэслэл байхгүй байна. Уг газар нь зам гэх ойлголтод хамаарахгүй. Зам тээврийн осол нь зөвхөн зам дээр тохиолдоно. Иймд уг хэрэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна ” гэх дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч Б.Быг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Учир нь: Шүүгдэгч Б.Б нь  2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Карго трак маркийн ачааны автамашин жолоодож, хохирогч Ц.О, Ц.Б нарыг кабиндаа суулгаж явахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь гэрч Ц.Э, Б.Г, Ц.С, Б.Т, Л.Д, Б.Б, Н.Дт нарын мэдүүлгээр нотлогдож байх ба тэрээр Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “ тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх  заалтыг, мөн тухайн жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь бүрэн бус буюу арын гэрэл дохио асахгүй, сигнал ажиллахгүй, арын тоормос ажиллахгүй, тэнхлэг тохиргоо алдагдсан, урд гэрэл, ухрах арааны гэрэл, дохионы  гэрэл, гэрэл цацруулагч,  дугаарын гэрэл, ослын гэрэл, тоормосны гэрэл, гэрлийн шил, хурд хэмжүүр, ойр, холын гэрэлгүй байсан нь авто машинд дахин үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдсон ба жолооч Монгол улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д заасан : тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжүүлэхийг хориглоно” гэх заалтыг тус тус зөрчсөн байна.

Жолооч Б.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн хориглосон заалтыг зөрчсөн нь тогтоогдсон байхад дээрхи шинжээчийн дүгнэлтэд  “зам” дээр хүний амь нас хохироогүй тул “зам тээврийн осол” гэж үзэхгүй,  жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэх бодит байдалд нийцээгүй, өрөөсгөл дүгнэлт хийсэн байхад анхан шатны шүүх уг дүгнэлтийн нотолгооны ач холбогдол, хамаарал, агуулгад хууль зүйн үнэлэлт өгөхгүйгээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу байна.  

Нөгөөтэйгүүр аливаа шинжээчийн дүгнэлт нь хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг шууд нотлохгүй юм.

Иймд дээрхи нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б-ыг хохирогч Ц.О, Ц.Б нарыг 64-80 УВХ улсын дугаартай Карго трак маркийн ачааны автомашинаар дайрч алах гэмт хэрэг үйлдсэн гэж ялласан нь үндэслэлгүй.

Гэмт хэрэг үйлдсэн хүний гэм бурууг, тухайн гэмт хэргийг үйлдсэн сэдэлт, санаа зорилгын хамт тогтоох бөгөөд санаатай гэмт хэргийн тухайд, гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсч хийсэн, эсхүл тэр хор уршигт зориуд хүргэсэн байдгаараа гэм буруугийн болгоомжгүй хэлбэрүүдээс ялгагддаг. Хохирогч Ц.О, Ц.Б нарын амь хохироход хүргэсэн Б.Бын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хүнийг алах гэсэн субъектив санаа сэдэлтээр үйлдэгдсэн гэх нөхцөл байдал  тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан Хүнийг алах гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл тогтоогдоогүй  гэж дүгнэв. 

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Б.Б нь тухайн газарт авто машинаар олон тооны тойрог үүсгэж явсан мөр үүсгэсэн нь амь хохирогч нарыг авто машинаар хөөж, улмаар дайрч амь насыг хохироосон болохыг нотолж байна “ гэх дүгнэлт хийсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургууд , хэргийн газрын бүдүүвч зургаас харахад хэргийн газарт автомашины олон тооны мөр үүссэн байгаа боловч уг ул мөр нь хохирогч нарыг амь хохирохоос өмнө үүссэн, эсхүл дараа үүссэн эсэх нь  тогтоогдоогүйгээс гадна хохирогч нарыг машинаар хөөж дайрсан гэх үйл баримтыг нотолсон баримт, нотолгоо хэрэгт байхгүй байна.   

Харин хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтуугаар, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс хохирогч нарын амь насыг хохироосон гэж үзэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.      

Шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэмт хэргийн учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан жилээр хасч, долоон жил хорих ял шийтгэж,  эдлэх хорих ялыг нэээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд  “ Надад сонгосон ялыг би хүлээн зөвшөөрөхгүй байна, би тэр хоёр хүнийг санаатайгаар дайрч алсан гэж өөрийгөө бодохгүй байна. Миний буруутай үйлдлээс болж нас барсан байж болох ч санаатайгаар дайраад алчихсан зүйл байхгүй. Би өөрөө тухайн үеийн үйл явдлаа  санахгүй байна. Тэр хоёр хүнийг алъя гэсэн ямар ч бодол байгаагүй, би үнэхээр санахгүй байна. Би одоо бодохдоо тэр хоёр хүнийг машинаас бууж сууж байгаад машинаа асаагаад хөдлөөд  харахгүй дайрчихав уу гэж бодоод байна” гэж мэдүүлсэн байх ба түүний мэдүүлгийг үгүйсгэсэн нотолгоо хэрэгт авагдаагүй, түүнчилэн шүүгдэгчийг осол болсон газрыг санаатайгаар орхиж зугатаасан гэх үндэслэл тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Болормаа нарын  хамтран гаргасан “ хүнд зэргийн согтолттой хүний хөдөлгөөн хийх чадварыг тусгай мэдлэг бүхий шинжээчээр дахин гаргуулах, тухайн үеийн цаг агаарын нөхцөл байдлыг тодруулах, хэргийн газар очсон гэрч Зүүнхангай сумын Засаг дарга Батбаяраас гэрчийн мэдүүлэг авах, шинжээч дүгнэлт гаргахдаа хууль зөрчсөн тул шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах нь зүйтэй “ гэх утга агуулга бүхий гомдол нь хэрэгт ач холбогдол бүхий биш, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход нөлөөлөх шинж чанаргүй байх тул  хүлээн авах боломжгүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 62 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг,  39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газраас Үстэй дээлт овогтой Балсанхүүгийн Батцогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй” гэсэн нэмэлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Үстэй дээлт овогтой Балсанхүүгийн Батцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д заасан хүн алах гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Шүүгдэгч Ү овогт Б-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай “ гэж,

- тогтоолын 2 дахь заалтын  “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д зааснаар шүүгдэгч Б.Б-од арван зургаан жил хорих ял шийтгэсүгэй”  гэснийг “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасч, долоон жил хорих ял шийтгэсүгэй” гэж,

- тогтоолын 3 дахь заалтын “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б-од оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Бод оногдуулсан хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай “ гэж тус тус өөрчилж,

- тогтоолын тогтоох хэсгийн 9 дүгээр заалт болгон “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Б-од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай” гэсэн нэмэлт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Болормаа нарын хамтран гаргасан “ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгөх ”-ийг хүссэн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Б-ын  2020 оны 4 дүгээр  сарын 10-ны өдрөөс 2020 оны 6 дугаар  сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 62 / жаран хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                                 Л.АЛТАН

 

                                                                                    Н.МӨНХЖАРГАЛ