Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0002/З |
Дугаар | 128/ШШ2022/0418 |
Огноо | 2022-05-31 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2022/0418
2022 05 31 128/ШШ2022/0418
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “С-О****” ХХК /РД: ******/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.А*** /РД: *****/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Б**** /РД: ****/,
Хариуцагч: Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С***,
Хариуцагчийн өмгөөлөгч: Сангийн яамны төслийн зөвлөх Т.Э**** нарын хоорондын худалдан авах ажиллагааны хяналт шалгалттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б****, Н.А***, хариуцагч Б.С****, хариуцагчийн өмгөөлөгч Т.Э****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э**** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “С-О****” ХХК нь Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С***д холбогдуулан “Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С****гийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/30 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөгдөөгүй байна.
2. Нэхэмжлэл гаргагч “С-О***” ХХК-ийг Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарлагдсан “11 дүгээр хороо, Ахмадын 901, 902 дугаар байрны орчим тохижилт хийх ажил гүйцэтгэх” СБДХААА/202001051 дугаартай тендер шалгаруулалтад оролцохдоо илт худал мэдээлэл ирүүлсэн нь Худалдаа хөгжлийн банкны албан бичиг, “С-О****” ХХК-ийн гаргасан тайлбараар тогтоогдож байна гэж үзэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д зааснаар хариуцагч худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С маргаан бүхий 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/30 дугаар дүгнэлтийг гаргажээ.
3. Нэхэмжлэгч “С-O****” ХХК нь Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С****гийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/30 дугаар дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж, Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм”-ийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасан боловч 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн УБ/57 дугаар албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан хариу авснаар анх 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гаргахдаа:
4.1. Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/30 дугаар дүгнэлтэд Төрийн болон ороон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 521 дүгээр зүйлийн 521.2.1 дэх заалтыг зөрчсөн гэжээ. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14,1.7 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ”, 14.1.6-д “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон бол тендерийн ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ” гэж заасан байна.
Тодруулбал, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн” бол гэж заасан. Харин тендер гэдгийг захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг ойлгоно гэж хуульд тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, тухайн зарласан тендерт дурдсан ажил, үйлчилгээг тендерт оролцогчийн зүгээс хэрхэн гүйцэтгэх, хэдэн төгрөгийн төсөвт багтаан гүйцэтгэх талаар тусгасан баримт бичгийн бүрдэл гэж ойлгоно. Харин хяналт шалгалтын актад дурдсан Худалдаа хөгжлийн банкны тодорхойлолт нь хуульд заасан тендер гэх зүйлийн үндсэн бүрдэлд хамаарахгүй, ямарваа нэг үр дагавар үүсгэхгүй, зөвхөн туслах шинжтэй материал байхад энэ асуудалд дүгнэлт хийлгүй хууль зөрчсөн гэж буруутгаж байгааг зөвшөөрөхгүй байна.
4.2. Улсын байцаагч нь хяналт шалгалт хийхдээ хууль болон холбогдох журмыг зөрчсөн гэж үзэж байна. Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Улсын байцаагч хяналт шалгалт эхлэхээс өмнө шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж, удирдамжийн нэг хувийг өгөх бөгөөд албаны үнэмлэхээ үзүүлнэ” гэж хяналт шалгалт хийх журмыг тогтоосон. Гэтэл хяналт шалгалт хийхдээ “С-О****” ХХК-ийн төлөөлөх эрх бүхий этгээдэд шалгалтын талаар мэдэгдээгүй, шалгалттай холбогдуулж тайлбар авахдаа хүртэл “С-О****” ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээдээс бус ямар ч хамааралгүй Ш.Г**** гэх хүнээс тайлбар мэдүүлэг авч, тус тайлбараа үндэслэж хяналт шалгалтын дүгнэлтээ гаргасны улмаас тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгүүлэх нөхцөл үүсэж байна.
4.3. Энэхүү илт хууль бус тендер ирүүлсэн гэх үйл баримтыг хууль бусаар баримт бичиг бүрдүүлснийг эрх бүхий хяналтын байгууллага шалгаж тогтоосны үндсэн дээр үнэхээр илт хууль бус материал бүрдүүлсэн гэж буруутгах үндэслэл болно гэж үзэж байна. Тодруулбал, 2020 онд энэхүү асуудал нь цагдаагийн байгууллагаар шалгагдаад “С-О****” ХХК-ийг гэм буруугүй гэж дүгнэсэн. Гэтэл зөвхөн Худалдаа хөгжлийн банкны 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн 5/940 дүгээр албан бичгийг үндэслээд манай компанийг хуурамч баримт бүрдүүлсэн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Худалдан авах улсын байцаагчийн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.3-т “асуудалд бодитой хандаж, шалгалтыг зөвхөн нотлох баримтад тулгуурлан хийх” үүрэгтэй гэж заасан. Гэтэл зөвхөн банкны өгсөн тайлбар тодорхойлолтыг үндэслэн манай компанийг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн мэтээр дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тодруулбал, манай компани Сүхбаатар дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас 2020 онд зарласан СБДХААА/202001051 дугаартай тендер шалгаруулалтад тендерийн материал хүргүүлээгүй, манай компанийн гүйцэтгэх удирдлагын найз Ш.Г**** гэх хүн манай компанийн нэр, тамга, тэмдгийг ашиглан хуурамчаар үйлдэн биднийг тендерт оролцож байгаа мэтээр баримт бүрдүүлж өгснийг улсын ахлах байцаагчаас хариу ирсний дараа үүсээд байгаа асуудлын талаар бидэнд мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, өөр гуравдагч этгээдийн хууль бус үйлдлийн улмаас ийм нөхцөл байдал үүссэн байхад манай компанид мэдэгдээгүй, тус тендерт оролцсон эсэх талаар тайлбар, мэдүүлэг аваагүй мөн тус тендерт хууль бус материал бүрдүүлж оролцсоны үндсэн дээр шалгараад тендер авсан зүйл байхгүй, тухайн тендерт оролцогчдын эрхийг хязгаарласан, хуурамч бичиг баримт санаатайгаар бүрдүүлэн давуу байдал өөртөө бий болгосон, тендерийг хууль бусаар авч улсад буюу тендер зарлагчид хохирол учруулсан зүйл байхгүй.
Улсын байцаагч нь хууль, дүрэмд заасан хяналт шалгалт хийхдээ бодитой хандах, нотлох баримт дээр тулгуурлаж дүгнэлт гаргах үүргээ ноцтой зөрчиж, эрх бүхий байгууллагаар тухайн буруутгаж буй баримт материалыг жинхэнэ эсэхийг шалгуулаагүй, шаардлагатай баримтуудыг бүрэн цуглуулаагүй хууль бус дүгнэлт гаргасны улмаас манай компани цаашид хэвийн байдлаар үйл ажиллагаа явуулах, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд орсноор эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд ямар ч тендерт оролцох боломжгүй болж их хэмжээний хохирол учирч байна.
5. Иймд Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С****ийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/30 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А***** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласантай холбогдуулаад манай зүгээс улсын байцаагчийн гаргасан 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/30 дугаар дүгнэлтийг хууль бус гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэдэгт банкны баримт бичиг үндсэн баримт бичигт орохгүй гэж үзэж байна. Улсын байцаагчийн зүгээс хяналт шалгалт хийхдээ хуульд заасан сонсох ажиллагааг хуульд заасан журмын хүрээнд хийгээгүй гэж үзэж байна. Тодруулбал, нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаатай холбогдуулаад энэ хяналт шалгалт хийгдэж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийн эрх бүхий албан тушаалтнуудаас тайлбар, мэдүүлэг авах үүрэгтэй гэж хуульд заасан. Хэргийн материалд цугларсан баримтуудаас үзэхэд, “С-О****” ХХК-д хамааралгүй этгээдээс тайлбар, мэдүүлэг авсан. Үүнд үндэслээд УБ/30 дугаар дүгнэлтийг гаргасан учраас сонсох ажиллагааг хуульд заасан журмын хүрээнд бүрэн хийгдээгүй гэж үзэж байна. Илт хууль бус бичиг баримт бүрдүүлсэн гээд байгаа асуудлыг зөвхөн манай байгууллагын хүсэлтээр өөр байгууллагаар шалгуулах ёстой гэхээс илүүтэйгээр тухайн улсын байцаагч манай компанийг хууль бус бичиг баримт бүрдүүлсэн гэсэн нөхцөл байгаа тохиолдолд энэ нөхцөл байдлаа Худалдан авах улсын байцаагчийн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.3-т заасанчлан эрх бүхий байгууллагуудаар шалгуулаад хэн нь гэм буруутай вэ гэдэг асуудлыг эцэслэн тогтоосны үндсэн дээр илт хууль бус бичиг баримт бүрдүүлсэн гэж дүгнэвэл хууль зүйн үндэслэлтэй байсан юм. Иймд улсын байцаагч Б.Сгийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/30 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
7. Хариуцагч Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С**** хариу тайлбартаа: “... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дүгээр зүйлийн 521.2.1 дэх заалтад “энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах” бүрэн эрхийг худалдан авах ажиллагааны улсын байцаагчид олгосон ба тус заалтад дурдсан 14.1.6 дахь заалтад “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон” гэж заасан байдаг.
Дээрх бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгч “С-О****” ХХК-д холбогдох асуудлаар хяналт шалгалт хийлгэх хүсэлтийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаартай албан бичгээр тус яаманд ирүүлсэн. “С-О****” ХХК-д хяналт шалгалт хийх, тайлбар авах, сонсох ажиллагаа хийх мэдэгдлийг 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 6-1/4678 дугаар албан бичгийг тус тус шуудангаар хүргүүлсэн.
Түүнчлэн мэдэгдлийг гардаж авах тухай Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн өрөөний 267416 дугаар утаснаас “С-О****” ХХК-ийн ******* дугаар утас руу залгаж захирал Д.М***тэй ярьж мэдэгдэхэд ******* дугаарыг өгсөн болно. Тухайн утас руу залгахад өөрийгөө дэд захирал гэж танилцуулсан Ш.Г**** гэх хүн сонсох ажиллагаанд оролцож, мэдэгдлийн хувийг мөн гардан авсан болно. Түүнчлэн Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн УБ/30 дугаартай дүгнэлтийг мөн тухайн этгээд ирж хүлээн авсан ба уг мэдэгдэлтэй холбоотой гомдлыг нэхэмжлэгчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Д.М*** өөрийн гарын үсэгтэйгээр Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид гаргасан нь Д. М***** нь тухайн компанийн эрх ашгийг төлөөлөн хамгаалж байсан гэдгийг нотлох болно. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан тус гомдолд Д.М***ийн төлөөлөх эрхийн талаар аливаа маргаан, үндэслэл гаргаж байгаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд сонсох ажиллагаа хийх, тайлбар авах мэдэгдлийг Д.Мя****ээс гадна “С-О*****” ХХК-д “М*******” ХК-аар дамжуулан хүргүүлсэн тул нэхэмжлэлд дурдсан “...төлөөлөх эрх бүхий этгээдэд шалгалтын талаар мэдэгдээгүй, тайлбар аваагүй” гэдэг нь үндэслэлгүй байна.
Хяналт шалгалтын хүрээнд худалдан авах ажиллагаанд оролцсон “С-*****О” ХХК нь хуурамч баримт бичиг бүхий тендер ирүүлсэн тухай мэдээллийг захиалагч байгууллагаас тус яаманд ирүүлсэн бөгөөд өөрийн тендерийг тоон гарын үсгээр баталгаажуулан илгээсэн болох нь тогтоогдсон.
Тус компанийн илгээсэн тендерт буй бүх баримт бичиг нь тендерийн нэг хэсэг гэж тооцогдохын зэрэгцээ харилцагч банкны мэдэгдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1 дэх хэсэгт заасны дагуу захиалагч байгууллагаас шаардсан тендерт оролцогчдын санхүүгийн чадавхыг нотлох баримт бичиг юм. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасны дагуу захиалагч байгууллага болох Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь тендерийн баримт бичигт харилцагч банкны мэдэгдэл ирүүлэхийг заасан байх тул тухайн тодорхойлолт нь тендерийн иж бүрдлийн нэг хэсэг болох нь маргаангүй юм.
Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдийн 255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 7.4 дэх заалтад “Тендерт оролцогч нь өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлан, алдаатай тохиолдолд тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүрээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ” гэж заасан байдаг. Тендерт оролцогч өөрийн хүргүүлсэн тендерийн үнэн зөвийг захиалагчийн өмнө хариуцдаг бөгөөд тэрхүү хуурамч баримт бичгийг хэн үйлдсэн нь “илт худал мэдээлэл бүхий тендер” гэдгийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Харин хуурамч баримт бичиг үйлдсэн этгээдэд хариуцлага хүлээлгэх асуудал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа эсэхээс шалтгаалан хууль хяналтын байгууллагын тогтоох асуудал юм.
“С-О*****” ХХК-ийн тендертээ ирүүлсэн Худалдаа хөгжлийн банкны 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 7-436/177 дугаар тодорхойлолтыг хуурамч баримт бичиг болохыг Худалдаа хөгжлийн банкны 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 5/940 дүгээр албан бичгээр тодорхойлсон байдаг ба Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.3-т зааснаар “асуудалд бодитой хандаж, шалгалтыг зөвхөн нотлох баримтад тулгуурлан хийх” зарчмыг бүрэн хэрэгжүүлж ажилласан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
8. Хариуцагч улсын байцаагч Б.С***** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...улсын байцаагч хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/30 дугаартай дүгнэлтийг гаргасан. Бүрэн эрх болон холбогдох нотлох баримтад үндэслэж гаргасан. Үүнд нэхэмжлэгч компанийн тайлбарыг авах, яагаад ийм асуудал болсон талаар тайлбар авах процессын шинжтэй ажиллагааг хийсэн. Уг ажиллагааг хийхдээ Захиргааны ерөнхий хуульд нийцүүлсэн. “С-О****” ХХК-ийг дуудаж, биечлэн уулзаж тайлбар авахаар хүсэлт хүргүүлсэн. Миний зүгээс хоёр удаа хүргүүлсэн. Албан бичигт санал тайлбараа биечлэн ирж өгч болно, эсхүл бичгээр, утсаар ярьж тайлбар өгөх боломж нээлттэй байсан. Иймд хоёр удаагийн албан бичиг явуулсан. Хуульд заасан эрхийнхээ дагуу УБ/30 дугаартай дүгнэлтийг гаргахдаа мөн адил нотлох баримтад тулгуурласан. Энэ компанийг хар жагсаалтад оруулъя гэсэн хувийн ямар нэгэн зүйл байхгүй. Зөвхөн захиалагчаас ирүүлсэн хүсэлт болон нотлох баримтад үндэслэн гаргасан дүгнэлт юм” гэв.
9. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Энэ бол заавал оролцуулж байж захиргааны байгууллага шийдвэр буюу захиргааны акт гаргана гэсэн агуулга биш. Боломжийг олгох ёстой, үүнтэй холбоотойгоор худалдан авах ажиллагааны улсын байцаагч хангалттай боломжийг олгосон. Удаа дараа утсаар ярьж, мэдэгдлийг тухайн хуулийн этгээд өөрөө гардан авсан байна. Тухайн асуудлыг хэнд хуваарилж, хариуцуулах нь тухайн компанийн дотоод зохион байгуулалттай холбоотой асуудал юм. Үүнтэй холбоотойгоор Ш.Г**** гэж хүнийг явууллаа гэж мэдэгдсэн. Тэр хүний хэлсэн тайлбарыг хүчин төгөлдөр биш гэж маргаж байгаа бол энэ нь тухайн компанийн тайлбар гэдгийг хяналт шалгалтын явцад ч, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэхийн өмнө ч улсын ерөнхий байцаагчид гомдол гаргахдаа дурдсан. Энэ дүгнэлт дээр Ш.Г*****ийн тайлбарыг тодорхой бичсэн. Энэ дүгнэлтийг хүлээж авсан Д.М**** захирал өөрөө яагаад хандаагүй юм бэ, “энэ хүн буруу ярьсан байна, итгэмжлэлгүй этгээд байна” гээд хандах боломжтой байсан. Энэ тухай улсын ерөнхий байцаагчид гомдол гаргахдаа дурдах боломжтой байсан. Хуулиа барьж итгэмжлэл шалгах ёстой, итгэмжлэлгүй гээд сонсох ажиллагааг хүчин төгөлдөр бус гэж үзвэл улсын байцаагчийг сонсох ажиллагаанд оролцуулах эрхээр хангаагүй гэж маргахгүй байх. Мэдэгдлийг хүлээж авсан гэдгээ нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн, түүнд яаж оролцох нь тухайн компанийн асуудал юм. Ш.Гтай хамт өөр хүн ч явуулж болох байсан. Д.М**** гэж хүн өөрөө ч ирж болох байсан. Хуулийн шаардлага хангасан мэдэгдлийг хүргүүлсэн, мөн сонсох ажиллагааны журам бүрэн хангагдсан. Ш.Г**** гэж хүний хэлсэн дүгнэлт нь улсын байцаагчийн дүгнэлтийн үндэслэл болоогүй юм. Улсын байцаагчийн дүгнэлт бол бодитой хандах гэсэн үндэслэлээр эрх бүхий байгууллагуудаас ирсэн албан бичиг болон Худалдаа хөгжлийн банкнаас ирсэн албан бичгийг үндэслээд шийдвэр гаргасан. Аль нэг хүний хэлсэн тайлбарт үндэслэж хэн нэгний ашиг сонирхлыг хөндсөн зүйл байхгүй. Шалгалтад хамрагдаж байгаа этгээд өөрөө ирээд ашиг сонирхлоо хамгаалах эрх нь бүрэн нээлттэй байсан. Процесс ажиллагааны явцад журам зөрчигдсөн гэсэн тайлбар үндэслэлгүй байна. Цагдаагийн байгууллагаар шалгуулах ёстой байсан гэж хэлж байна. Тийм бол хууль тогтоогч нь улсын байцаагчид энэ эрхийг олгосон бэ гэдэг асуудал бий болно. Энэ бүх ажиллагааг цагдаа тогтоосны дараа дүгнэлт гардаг бол анхнаасаа журамлахдаа Цагдаагийн байгууллагад шилжүүлээд үйл баримтыг тодорхойлоод улсын байцаагч, Сангийн яам шийдвэр гаргадаг процесс байх ёстой. Гэтэл энэ тендерийн тухай хууль бол харьцангуй захиргааны шинжтэй хууль юм. Бүх зүйлийг хөдөлшгүй баримтаар тогтоохыг заавал шаардах шаардлагагүй. Хэн үйлдсэн бэ гэдэг талаар улсын байцаагч дүгнэлт гаргаагүй. Энэ тендерт ийм баримт бичиг байсан уу гэж дүгнэлт гаргаж байгаа. Тэр баримт бичгийг цаанаа хэн, яаж явж байгаад, ямар арга хэрэгслээр үйлдсэн бэ гэдгийг улсын байцаагч хийх боломжгүй үйл ажиллагаа гэж үзэж байна. Улсын байцаагч бол баримт дээр үндэслээд дүгнэлт гаргаж байгаа юм. Хэрвээ хэнийг үйлдсэн бэ гэдгийг тогтоох юм бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ч юм уу, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хууль сануулж, хэрвээ худал мэдүүлбэл хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж сануулж хийсэн тэр нотолгоо бол нотолгооны шинжтэй, ач холбогдолтой гэж үзэж байна. Энэ асуудалд хэнээр дамжуулаад яаж үйлдсэн бэ гэдгийг заавал үнэн зөвөөр талуудаар гэрчлүүлэхийг шаардахгүй. Тоон гарын үсгээр баталгаажуулсан тендер байна, эрх бүхий байгууллагаас тодруулсан албан бичиг байна. Тэгсэн атлаа тэрэнд үндэслээд дүгнэлт гаргасан улсын байцаагчийг ажлаа хийгээгүй, хариуцлагагүй гэж тайлбарлаад байгаа нь маш ойлгомжгүй байна. Өөрсдөө тамга, тэмдгээ алдсан бол тэрнийхээ төлөө араас нь явах эрх үүрэг нь тухайн компанид байгаа. Иргэний хуульд зааснаар бол тендер нь гэрээ байгуулах санал юм. Хүний баримт бичгийг үйлдсэн байж болно, тийм бол энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд хандах ёстой байсан. Шүүхээр тогтоолгосны дараа үүнийг “С-О****” ХХК-ийн санал биш гэдгийг хүлээн зөвшөөрнө. Тэр болтол Д.М**** гэдэг хүний тоон гарын үсгийг ашигласан бол тухайн компанийн тендер гэж үзнэ” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
10. Нэхэмжлэгч “С-О****” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
11. Хэргийн үйл баримтын талаар тогтоогдсон байдал.
11.1. Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан “11 дүгээр хороо, Ахмадын 901, 902 дугаар байрны орчим тохижилт хийх” ажил гүйцэтгэх СБД-ХААА/ОН20-051 дугаар тендер шалгаруулалтад оролцогч “С-О****” ХХК /РД5158222/ нь Худалдаа хөгжлийн банкны 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 7-436/177 тодорхойлолт бүхий албан бичгийг хуурамчаар үйлдэж, илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн байж болзошгүй гэж үзэж, Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 17 дугаар албан бичгээр Сангийн яаманд хандсан ба уг албан бичиг нь “тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай” агуулгатай гарсан.
11.2. Захиалагчийн дээрх санал нь хуульд заасан журмын дагуу тухайн тендер шалгаруулалтыг зохион байгуулахаар байгуулагдсан үнэлгээний хорооны тэмдэглэлд үндэслэсэн. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/67 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралтаар байгуулагдсан Үнэлгээний хорооны хурлын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар тэмдэглэлээр: “...Худалдаа хөгжлийн банкны албан бичиг, зээлийн тодорхойлолтыг засварлаж хуурамчаар үйлдсэн байх магадлалтай, баталгаажуулах кодоор тодорхойлолтыг шалгахад зөрүүтэй байх тул Худалдаа хөгжлийн банкнаас тодруулга авах”, мөн Үнэлгээний хорооны 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаар тэмдэглэлээр: “тодруулгын хариуг хэлэлцэх тухай”, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 14 дүгээр тэмдэглэлээр: “тодруулгын хариуг хэлэлцэх тухай” асуудлыг тус тус хэлэлцээд “С-О****” ХХК нь Худалдаа хөгжлийн банкны тодорхойлолтыг хуурамчаар үйлдэж тендер ирүүлсэн байж болзошгүй тухай холбогдох материалыг Сангийн яамны Хууль эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэст хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.
12. Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч С.Н*****ын 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Хяналт шалгалт хийх тухай” УБ/04 дүгээр худалдан авах ажиллагааны хяналт шалгалтын удирдамжийн хавсралтын 43 дугаарт нэхэмжлэгч “С-О*****” ХХК-ийн нэр бичигдсэн, мөн улсын ерөнхий байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн УБ/05 дугаар удирдамжаар хяналт шалгалтын хугацааг 30 хоногоор сунгасан байна.
13. Хариуцагчаас 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 6-1/4678 дугаар албан бичгээр, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 6-1/5188 дугаар албан бичгээр тус тус сонсох ажиллагаанд оролцохыг, түүнчлэн тайлбар тодруулга авах талаар нэхэмжлэгч “С-О******” ХХК-д мэдэгдсэн, ийнхүү мэдэгдсэн нь “М*****” ХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний 09/256 дугаар албан бичигт “Сангийн яамны 6-1/4678 албан тоот бүхий RD159632570MN бүртгэлийн дугаартай, 6-1/5188 албан тоот бүхий RD159492245MN бүртгэлийн дугаартай албан бичгийг хаягийн дагуу /Д.Мягмарсүрэнд/ гардуулсан” гэснээр тогтоогдсон.
14. 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч “С-О****” ХХК-ийн дэд захирал Ш.Г*** нь хариуцагчийн явуулсан сонсох ажиллагаанд оролцсон, тэрээр “энэ тодорхойлолтыг 50000 төгрөг өгөөд банкаар гаргуулдаг бид тухайн мөнгийг өгч бэлдүүллээ гэж бодсон боловч уг мөнгийг өөрсдөдөө авч үрчхээд өмнөх оролцож байсан тендерт авсан тодорхойлолтыг засаж янзлаад банкнаас очиж аваагүй байсан, бид мэдээгүй...” зэргээр тайлбарлан гарын үсгээ зурсан байна.
Маргаан бүхий дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийн тухайд.
15. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1. “Энэ хуулийн дагуу худалдан авах ажиллагааны талаар төрөөс хэрэгжүүлэх бодлого, арга зүй, хяналтын асуудлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхэлж дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 52.1.3. “Худалдан авах ажиллагаатай холбоотой журам, заавар, аргачлал, жишиг баримт бичгийн төсөл, цахим тендер шалгаруулах журам, тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журам, цахим худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн урилга, үр дүнг зарлан мэдээлэх журам, худалдан авах ажиллагаанд мэдээллийн технологи, цахим хэрэгслийг нэвтрүүлэх нөхцөл, журам, батлах” 52.1.5. “Захиалагч худалдан авах ажиллагаанд зохих журмыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавьж, шинжилгээ, үнэлгээ хийх” гэж хуульчилсан,
15. Харин худалдан авах ажиллагааны улсын байцаагч /хариуцагч/-ийн хэрэгжүүлэх захиргааны үйл ажиллагааг зохицуулж, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дүгээр зүйл. “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч”, 521.1. “Худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий улсын ахлах байцаагч, улсын байцаагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байна”, 521.2. “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь худалдан авах үйл ажиллагаанд тавих мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 521.2.1. “энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах”, 521.3. “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм болон тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журмыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газар батална” гэж заажээ.
16. Маргаан бүхий энэ тохиолдолд Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/30 дугаар дүгнэлтээр “С-О****” ХХК-аас тендер шалгаруулалтад оролцохдоо гаргаж өгсөн Худалдаа хөгжлийн банкны тодорхойлолтыг хуурамчаар гаргасан болох нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл, шүүхэд ирүүлсэн Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 6/3595 дугаар албан бичиг бүхий “...харин 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 7-4436/177 дугаартай СБД-ХААА/ОН20-051 дугаартай тендерт ялсан тохиолдолд бид нэг зуун сая төгрөгийн зээл олгох боломжтой гэсэн агуулгатай тодорхойлолтыг тус банкнаас гаргаж өгөөгүй...” гэснээр нотлогдож байна гэж үзэж, нэхэмжлэгч компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521.1-д зааснаар эрх бүхий улсын байцаагч тогтоосон, 521 дугаар зүйлийн 521.2.1. “энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6. “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон” гэж заасантай нийцэж байна.
17. Нэхэмжлэгчийн зүгээс “сонсох ажиллагаанд оролцож буй этгээд нь тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй эсэхийг бүрэн гүйцэд тодруулаагүй, сонсох ажиллагааг бүрэн явуулаагүй, тухайн компанид “дэд захирал” гэсэн албан тушаал байхгүй, хариуцагчаас Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Дүрэм, журам батлах тухай” 274 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.3. “асуудалд бодитой хандаж, шалгалтыг зөвхөн нотлох баримтад тулгуурлан хийх” үүргээ биелүүлж ажиллаагүй, хуурамч бичиг баримт бүрдүүлсэнтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллага тогтоосны үндсэн дээр бодитой бичиг баримт уу, “С-О****” ХХК үйлдсэн үү гэдгийг эрүүгийн журмаар шалгуулсны үндсэн дээр тогтоох ёстой байхад манай байгууллагад хариуцлага хүлээлгэсэн нь хууль бус зэргээр тайлбарлан маргасныг хүлээн авах үндэслэлгүй.
18. Учир нь Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны алба болох захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1. “Улсын болон орон нутгийн төсвөөс хөрөнгө оруулалтаас бусад зардалд хуваарилсан хөрөнгө, бусад эх үүсвэр, түүнчлэн өөрийн хөрөнгөөр санхүүжигдэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг захиалагч энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн оролцсон “11 дүгээр хороо Ахмадын 901, 902 дугаар байрны орчмын тохижилт хийх ажил”-ын СБД-ХААА/ОН20-051 дугаартай тендерээс татгалзаж байгааг мэдэгдэж нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлсэн, түүнчлэн тендерт оролцогчийн хувьд илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн байж болзошгүй тухай холбогдох материалыг Сангийн яаманд хүргүүлснээр хариуцагч худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С**** нь холбогдох хяналт шалгалтыг хэрэгжүүлсэн, ийнхүү хэрэгжүүлэх явцад нэхэмжлэгч нь тендерийн баримт бичгийн алдаа гаргаснаа дурдаж тайлбар өгч байсан нь үйл баримтаар тогтоогдсон, түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчим баримтална” гэж зааснаар захиалагчаас тендерт оролцогчийн хууль зөрчсөн байж болзошгүй үйлдлийг шалгуулахаар ирүүлснийг хариуцагч улсын байцаагч нь холбогдох мэдээллийг шалгаж тогтоон хуулийг хэрэгжүүлсэн нь “худалдан авах ажиллагаанд хариуцлагатай байх” зарчмыг хангаж ажилласан гэж үзнэ.
19. Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Дүрэм, журам батлах тухай” 274 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм”-ийн зорилго нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, худалдан авах ажиллагааны хяналтыг хэрэгжүүлэх, худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн үйл ажиллагааг зохицуулахад байх байна. Нэхэмжлэгч нь дээрх дүрмийн 2 дугаар зүйл. Улсын байцаагчийн үйл ажиллагааны зарчим. 2.1.3. “асуудалд бодитой хандаж, шалгалтыг зөвхөн нотлох баримтад тулгуурлан хийх” зарчмыг хангаагүй гэж үзсэнийг шүүх хүлээн авах боломжгүй.
20. Учир нь маргааны үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн тендерийн баримт бичгийг хүргүүлэхдээ нягталж шалгаагүй, хууль болон журамд зааснаар залруулах эрхээ эдлээгүй, “хуурамч тодорхойлолт бүхий” банкны мэдээлэлтэй тендерийн баримт бичиг хүргүүлсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй бус, үүний цаана байгаа баримт бичиг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг улсын байцаагч нь шалган тогтоох үүрэггүй байна.
21. Тиймээс нэхэмжлэгчийн тендерийн баримт бичиг хүргүүлэхдээ алдаатай буюу зөрчилтэй байсан болохыг шалган тогтоож, үүний үр дагавраар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасан нөхцөл үүссэнийг тогтоосон, нэхэмжлэгч компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр гаргасан маргаан бүхий дүгнэлт нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж шүүх үзлээ.
22. Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Журам батлах тухай” 255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 7 дугаар зүйлийн 7.4. “Тендерт оролцогч өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ” гэж заасныг иш татан тайлбарласан хариуцагч болон түүний өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.
23. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 52 дугаар зүйлийн 52.1.3, 521.2, 521.2.1, 521.3-д заасныг баримтлан “С-О***” ХХК-аас Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С***8д холбогдуулан гаргасан “Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/30 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН