Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 95

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           

Шүүгдэгч Б.Пүрэвбат хэрэг бүртгэлтэнд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өөрийн найз Алдараатай нийлж архи пиво хувааж уусан. С.Сарангэрэл бид хоёр гэр бүл болоод 10 жил болж байна. Бид хоёулаа ажиллаж хөдөлмөрлөөд л амьдардаг. Сүүлийн 5-6 жилийн хугацаанд эхнэр надад анхаарал халамж тавихгүй байгаа юм шиг санагдах болсон. Эхнэр надаас нэг удаа ч ядарч байна уу гэж асууж байгаагүй, нэг удаа ч магтаж урамшуулж байгаагүй. Энэ болгоныг би дотроо тээгээд заримдаа энэ асуудлаас болж маргалдан хэрүүл болоод би л эхэлж буулт хийдэг байсан. Хэрэг гардаг өдөр би С.Сарангэрэлд 300 метр газраас нөхрийгөө ирээд авчихгүй гээд л гар хүрчихсэн байх. Би С.Сарангэрэлд чи надад хайргүй шүү дээ гэж агсарч загнаж цохисон. Архи ууж согтуурсан үедээ эхнэртээ гар хүрсэн нь миний буруу. Өөрийн буруугаа ойлгон ухаарч байна. Цаашдаа архи дарс уухгүй, гэр бүлийн асуудлаа эхнэртэйгээ ярилцаж шийдвэрлэж байна гэв.

 

Хохирогч С.Сарангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 21-ний орой намайг ажлаасаа ирэхэд нөхөр усанд явчихсан ирээгүй байсан. Нөхөртэйгээ утсаар ярихад Алдараатай уулзаж байна. Жаахан байж байгаад очно гэсэн. Хэсэг хугацааны дараа хоолоо хийчхээд нөхрийгөө ирж байна уу гэж асуухад нөхөр намайг гараад ир гэж мессэж бичихээр нь би хүүхэд харж байсан учраас гарч чадахгүй гэдгээ хэлсэн. Үүнээс хойш нилээн удсан. Нөхрийгөө байгаа газраас нь авах санаатай хаана байгааг асуухад нөхөр хаана байгаагаа хэлэхгүй байсан.Шөнө 24 цагийн үед сумын цагдаа Тэгшболдын эхнэр Б.Пүрэвбатыг биеэ авч явах чадваргүй согтуу байна гэхээр би нөхрийгөө ухаан ортол нь наанаа унтуулчих гэхэд танай нөхөр гэртээ харина гээд байна гэсэн. Тэгээд би хүүхэд харж байна хэсэг байж байгаад очиж авъя гэсэн. Гэтэл удалгүй нөгөө эмэгтэй дахиж залгаад нөхөр чинь манай гэрт бөөлжөөд өмдөндөө шээчихлээ ирж аваарай гэсэн. Би хадам эгч рүү залгаад Б.Пүрэвбатыг нөхөртэйгээ хамжаад аваад ирээч гэхэд эгч тэгье гэсэн. Нөхрийн хувцсыг тайлж оронд нь унтуулах гэсэн боловч унтахгүй над руу агсам тавиад нилээн ноцолдсон. Нөхөр надруу чи надад хайртай юм уу гээд агсам тавиад байхаар миний тэвчээр алдагдаад ингэж хүний зовоож байгаа хүнийг хэн хайрлах юм бэ гэсэн чинь намайг үсдэж авч доошоо дараад толгой руу цохиж эхэлсэн. Ээж дундуур орж салгах гэсэн боловч дийлээгүй, би өөрөө ноцолдож байгаад гараараа толгой хамгаалсан тулдаа гайгүй өнгөрсөн. Би Б.Пүрэвбатын гараас мултарч зугатаад эгчийнх рүү ороход араас орж ирчихээд элдвээр хэлж дайрсан. Тэгээд цагдаа дуудсан. Тухайн үед би Б.Пүрэвбатад маш их гомдсон байсан учраас цагдаад гомдлоо бичиж өгсөн. 2017 оны 02 дугаар сарын 22-нд нөхөр надаас уучлалт гуйж дахин ийм үйлдэл гаргахгүй гэдгээ амалсан. Тэр үед надад нөхрийгөө уучлах хүсэл байгаагүй. Би эмнэлэгт үзүүлж тархи толгойдоо ямар гэмтэл учруулсныг тогтоолгож байж чамайг уучлах эсэхээ шийднэ. Хэрвээ надад хүнд гэмтэл учирсан бол би чамайг уучилж чадахгүй гэдгээ хэлсэн. Намайг эмнэлэгт үзүүлэхэд хөнгөн гэмтэл авсан байна гэсэн. Хэрэг гарснаас хойш 7 хоногийн дараа биеийн байдал хэвийн болсон. Цаашдаа 2 хүүхдээ бодоод амьдралаа хэвээр үргэлжүүлэн нөхөртэйгээ эвлэрч хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар мөрдөн байцаагчид хүсэлт гаргасан. Нөхөр миний хийж байгаа ажлыг хүндэтгэдэггүй. Өөрт нь халамж анхаарал бага тавьж байгаа болохоор нөхөр тэгж байгаа байх гэв.

 

Гэрч Б.Чулуунбатын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Пүрэвбатыг би сайн мэднэ. Пүрэвбат  надад дүү нь буруу хэрэг хийгээд шалгагдаад явж байгаа гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 52 хуудас/

 

Төв аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 107 тоот:

 

-С.Сарангэрэлийн биед тархи доргилт, зүүн гарын хуруунд зулгаралт, зүүн гарын сарвуунд цус хуралт, толгойд хаван хавдар гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 32 хуудас/

 

Б.Пүрэвбатын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 60 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Пүрэвбат нь Төв аймгийн Борнуур сумын төвд 2017 оны 02 дугаар сарын 21-нд архидан согтуурч улмаар 2017 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө өөрийн эхнэр С.Сарангэрэлийг хэл амаар доромжлон зодож, харгис хэрцгий хандаж, догшин авирласан гэмт хэргийг үйлдсэн болох нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч С.Сарангэрэлийн мэдүүлэг, шүүгдэгч Б.Пүрэвбатын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

            Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Пүрэвбатад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн боловч түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201  дэх  хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна.

           

Хохирогч С.Сарангэрэл нь шүүгдэгч Б.Пүрэвбатад санал гомдол нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөрийн асуудал байхгүй байна.

 

Шүүгдэгч Б.Пүрэвбат нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Пүрэвбатын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар “хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн”, “учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан”, “хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн” гэх үндэслэлүүдээр шүүгдэгч Б.Пүрэвбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй байна.

 

            Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Б.Пүрэвбат нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

           

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Пүрэвбатад холбогдуулан Эрүүгийн   хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн  99.1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дугаар зүйлийн  1201.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй. 

2. Шүүгдэгч Боржигон овгийн Бат-өлзийгийн Пүрэвбатыг  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий хандсан, догшин авирласан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Б.Пүрэвбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

          3. Энэ хэрэгт бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Пүрэвбат нь урд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

          4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Пүрэвбатад авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  Б.Пүрэвбатад оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээ авах болохыг мэдэгдсүгэй

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.МӨНХТУЯА