Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 1256

 

                                                                     МАГАДЛАЛ

 

2018.05.30                                                     Дугаар 1256                            Улаанбаатар хот

 

 

 

 

Ц.Х-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00532 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Х-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Г-т холбогдох,

 

Орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.У,

Хариуцагч: Ц.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ч нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2000 оноос хойш БНСУ-д ажиллаж амьдарч ирсэн бөгөөд намайг    БНСУ-д байхад аав, ээж, дүү Ц.Г нар нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 43 дугаар байрны 54 тоот 2 өрөө орон сууцыг хөнгөлөлттэй үнээр захиалах боломж гарлаа, үнийг нь төлөөд авчих гэсэн. Ингээд би байрны төлбөр болох 35 000 орчим ам.долларыг 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл аав н.Ц-ийн хамтран эзэмшдэг дансанд шилжүүлэх замаар уг орон сууцны үнийг 100 хувь төлж худалдаж авсан билээ. БНСУ-д ажиллаж байх үед Ц.Г надад худал хэлж байрны гэрчилгээ дээрээс аав, ээжийн нэрийг хасуулсан, улмаар дараа нь энэ байр таны байр, Н.О-аас салах гэж байгаа, Н.О-ын нэр дээрээс надруу шилжүүлчих, дүү нь нас барсан ээжийнхээ нэрийг барьж тангаргалъя, би байрыг булаацалдахгүй, төрсөн эгчдээ гэрчилгээг шилжүүлэхэд 10 минут хэмээн намайг ятган, хууран мэхэлж байрны гэрчилгээг ганц өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Улмаар намайг БНСУ-аас эх нутагтаа буцан ирэхэд Ц.Г хэлсэн амандаа хүрэлгүй байрыг надтай булаацалдаж, бидний хоорондын маргаан 2013 оноос хойш шүүхээр хянагдаж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байдаг.

Иймд Ц.Х намайг Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо бага тойруу гудамж, 43 байр, 54 тоотод байрлах 2 өрөө эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021257 дугаарт бүртгэлтэй орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дараахи байдлаар нэмэгдүүлж байна. Надтай эх нэгтэй дүү Ц.Г нь миний хүнд хөдөлмөр эрхэлж олсон мөнгөөрөө худалдаж авсан орон сууцыг надаас булааж авч, 2014 оны 1 дүгээр сард цагаан сарын өмнөхөн гэрийн хаалганы цоожны голыг сольж намайг гэрээс хөөж гаргаснаас хойш би шүүхээр заргалдсаар 3 жил өнгөрсөн байна. Миний Солонгос улсаас явуулсан мөнгөөр байр аваагүй, ээж аавыг тэжээсэн гэж Ц.Г тайлбар өгдөг. Ингээд ээж аавыгаа тэжээн тэтгэхэд зарцуулсан мөнгийг би ганцаараа гаргасан байна. Мөн охиноо тэтгэлэгтэй сургуульд явуулахаар банкны шилжүүлгээр бус харин каргогоор явуулсан 5000 ам.долларыг Ц.Г нь мөн аваад хэрэглэсэн байгаа. Эдгээр мөнгө төгрөгийн асуудлыг жичид нь Ц.Г-аас  нэхэмжилнэ. Ц.Г нь байрыг анх 30 000 мянган ам.доллараар авч байна, хотын төвийн байр учир үнэтэй байр шүү, cap бүр 1000 ам.доллар төлөх байх гэж хэлсэн учир би байрны мөнгөнд тэдэн доллар хэрэгтэй гэсэн үед нь тухайн хэмжээгээр доллар шилжүүлж, тэр мөнгийг тухайн дүнгээр нь байрыг худалдаж авсан компанид шилжүүлж байсан, мөн cap бүр банкиар 1000 доллар явуулж, 16 мянган ам.доллараар авсан байрыг намайг хуурч мэхлэн 35 000 ам.доллараар авсан гэж худлаа ярьж байсан зэрэг нь нэгэнт тогтоогдсон үйл явдал билээ. Ц.Г нь тухайн байрыг худалдаж авах үед ямар ч орлогогүй байсан, эцэг Д.Ц болон ээж Ц.И нар нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосон мөн л тэтгэвэрээс өөр орлогогүй байсан нь 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2496/С дугаартай хэргийн бүх материалаар нотлогдсон. Би тухайн байрыг өөрийнхөө орлогоор худалдаж авсан гэж маргаж байгаа. Миний дүү Ц.Г одоо 2 хүүхэдтэй, би бас 2 хүүхэдтэй. Энэ нь ирээдүйд тухайн байрыг өв залгамжлалаар булаацалдах асуудал үүсч болзошгүй байна. Ц.Г 6000 ам.долларын хөрөнгө оруулсан гэдэг нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийг БНСУ-д эмнэлэгт хэвтсэн байхад Ц.Г нэг удаа эргэж ирсэн. Тухайн байрыг худалдаж авахад оруулсан хөрөнгө оролцоогоо үндэслэн хамтран өмчлөх эрхтэйг тогтоолгохдоо дараахи хувь хэмжээгээр өмчлөх эрхтэй болохыг шүүхээр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Иймд тухайн байрны 90 хувийг Ц.Х өмчлөх эрхтэй гэдгийг тогтоож     өгнө үү. Харин Ц.Г байрыг авахад анх санаачилга гаргаж байсан гэдгийг тооцон Ц.Г 10 хувийг өмчлөх эрхтэй гэдгийг тогтоолгох тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны 43 байрны 54 тоот 2 өрөө байрыг хөнгөлттэй үнээр эхнэр Н.О-ын байгууллагаас манай гэр бүлд олгосон. Хөнгөлөлттэй байшин      гэдэг нь үнэн. Ах, дүү нар хоёр хөгшинд байр авч өгий гэж тохиролцсон. Ц.Х нь 35 000 ам.доллар шилжүүлж, энэ байрыг худалдаж авсан гэж дурдсан байгаа нь ор үндэслэлгүй гүтгэлэг. Шат шатны шүүх хурлын явцад төрсөн эгч, дүүгийн хувьд 50, 50 хувиар хувааж, эвлэрэх саналыг удаа дараа миний зүгээс гаргаж байсныг хүлээн зөвшөөрөхгүй өдий хүрсэн мөртлөө одоо болохоор хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг Ц.Г миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Х нь Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу гудамж, 43 дугаар байр, 54 тоот, 48.92 м.кв орон сууцны дундаа хэсгээр өмчлөгч болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Х-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Г-аас  улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Х-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хууль ёсны үндэслэлтэй шийдвэр гаргаж чадсангүй. Энэхүү хэрэг маргаан нь 2013 оноос 3 шатны шүүхийн 6-7 шүүх хуралдаанаар ороод эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Хэргийн бүхий л байдлыг энд нуршин бичих боломжгүй бөгөөд шаардлагагүй тул давж заалдах шатны шүүх хуралдаанд тодорхой үндэслэлээ гаргаж ярих болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахыг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Ц.Х нь хариуцагч Ц.Г-т холбогдуулан орон сууцны 90 хувийн өмчлөгч болохыг тогтоолгохоор нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...байрны мөнгийг БНСУ-д ажиллаж байхдаа дүү Ц.Г-т шилжүүлсэн тул тухайн байрны 90 хувийн өмчлөгчөөр тогтоолгох...” гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...энэ хүн байрны 16 528 ам.доллараас 10 000 ам.доллар төлсөн нь үнэн, 90 хувийн өмчлөгч болохыг зөвшөөрөхгүй...” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл маргааны зүйл болж байгаа, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, бага тойруу гудамж 43 дугаар байрны 54 тоотод байх, улсын бүртгэлийн Ү-2203021257 дугаарт бүртгэлтэй 48,9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэ 16 528 ам.долларыг И ХХК-тай 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Захиалгаар орон сууц барих” гэрээний дагуу Н.О төлсөн, Н.О нь хариуцагч Ц.Г-ийн эхнэр болох нь гэрлэгсдийн гэрчилгээгээр тогтоогдсон, нэхэмжлэгч Ц.Х нь 2000 оноос 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд БНСУ-д ажиллаж байхдаа эцэг Ц-ийн  хамтран эзэмшдэг дансанд уг байрны үнэ гэж 35 257 ам.доллар шилжүүлсэн гэснийг хариуцагч нь баримтаар няцааж чадаагүй, тухайн орон сууц нь хариуцагч Ц.Г-ийн өмчлөлд бүртгэлтэй байгаа зэрэг үйл баримт тогтоогдсон.

Ажил гүйцэтгэгч И ХХК болон Н.О нарын хооронд 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан 22 тоот гэрээнд захиалагчийг төлөөлж хариуцагч Ц.Г гарын үсэг зурсан, тус компаниас 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн 69 тоотод орон сууцны үнэ 16 528 ам.долларыг Н.О төлж тооцоо дууссан гэж бичсэн байх тул орон сууцны худалдан авсан үнийн хэмжээ тогтоогдсон байна.

Хариуцагч нь дээрх орон сууцны үнэнд 6000 ам.долларыг төлсөн гэж маргах боловч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа баримтаар нотлоогүй.

Харин нэхэмжлэгч Ц.Х нь хэдийгээр маргааны зүйлийн үнийг бүрэн төлсөн ч “хямд байр байгааг мэдэгдсэн” гэх үндэслэлээр тухайн орон сууцны 10 хувийн өмчлөх эрхийг хариуцагчид өгнө гэж тайлбарласан байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж зөв дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт энэ талаар заагаагүйгээс гадна маргааныг шийдвэрлэхэд хэрэглэвэл зохих хуулийн заалтыг оновчтой хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх зөвтгөн өөрчлөх боломжтой юм.

Тодруулбал, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно.” гэж зааснаар нэхэмжлэлийг шийдвэрлэх үндэслэлтэй бөгөөд мөн хуулийн 487 дугаар зүйлийн зохицуулалт нь энэ маргааныг шийдвэрлэхэд хэрэглэгдэхгүй гэж үзнэ.

Учир нь хуулийн дээрх зохицуулалт нь дундаа хэсгээр өмчлөгч нар тэнцүү хэмжээгээр өмчлөх нөхцлийг заасан, өөрт ногдох үр шимийг өмчлөх талаар гарсан маргаанд хэрэглэгдэх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагад энэ байдал хамаарахгүй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулав.

Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/00532 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Х нь Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу гудамж, 43 дугаар байр, 54 тоот, 48.9 м.кв орон сууцны 90 хувийн өмчлөгч болохыг тогтоосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.ЭНХТӨР

                                   

                        ШҮҮГЧИД                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ                               

 

                                                                                    М.НАРАНЦЭЦЭГ