Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2021/00753

 

 

2021 03 10

101/ШШ2021/00753

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХХЗХорооны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ж.Э.И.Д.Ю ХХК-д холбогдох

Тусгай зөвшөөрлийн зохицуулах үйлчилгээний хөлсөнд 1,156,821.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М, хариуцагчийн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХХЗХороо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ХХЗХороо нь Ж.Э.И.Д.Ю ХХК-ийн хүсэлтийн дагуу Харилцаа холбооны тухай хууль-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.2.10 дахь хэсгийг тус тус үндэслэн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2 жилийн хугацаатай бүртгэлийн гэрчилгээ олгож Тусгай дугаар ашиглах гэрээ-г Ж.Э.И.Д.Ю ХХК-тай байгуулсан. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар Ж.Э.И.Д.Ю ХХК нь Тусгай дугаар ашиглах гэрээ-нд зааснаар: 2015-2016 оны бүртгэлийн гэрчилгээний 1 жилийн төлбөр 1,040,000.00/нэг сая дөчин мянга/төгрөг, 2016-2017 оны бүртгэлийн гэрчилгээний 1 жилийн төлбөр 1,040,000.00/нэг сая дөчин мянга/төгрөг, нийт 2,080,000.00/'хоёр сая наян мянга/ төгрөгийн төлбөр төлөх үүрэг хүлээснээс 2016 онд 923,178.08 /есөн зуун хорин гурван мянга зуун далан найман төгрөг найман мөнгө / төлбөрийг төлж, 1,156,821.92/нэг сая нэг зуун тавин зургаан мянга найман зуун хорин нэгэн төгрөг ерэн хоёр мөнгө/ төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Ж.Э.И.Д.Ю ХХК-ийн албан ёсны хаяг нь ХХЗХороо-оос анх 2015 оны 11 сарын 20-ны өдөр Пицца хүргэлт, зочид буудлын захиалга авах үйлчилгээ эрхлэх зорилгоор 1800-2288 тусгай дугаар ашиглалт- ийн бүртгэлийн гэрчилгээ авч, Тусгай дугаар ашиглах гэрээ-г байгуулах үед: Хаяг: Баянгол дүүрэг 8-р хороо 3 байр Khan hotel, Утас: 99911137. Төлбөр төлөх үүрэг үүссэнээс хойших хугацаанд дээрх хаягаар ХХЗХороо-ноос Ж.Э.И.Д.Ю ХХК-д төлбөрийн нэхэмжлэлийг өнөөдөр буюу нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд жил бүр хүргүүлж байсан, 2020 оны 09 сарын 10-ны өдөр Ж.Э.И.Д.Ю ХХК-ийн захирал Ц.Жанчивтай уулзахад бүртгэлийн гэрчилгээний төлбөрийг төлөх үндэслэлгүй гэх хариу өгөв. Иймд Ж.Э.И.Д.Ю ХХК-аас дээрх төлбөрийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Минжинсор нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бүртгэлийн гэрчилгээний төлбөрт 1 156 821.92 төгрөг нэхнэ. 2015.10.30-нд хариуцагч нь тусгай дугаар ашиглах хүсэлт гаргаснаар нэхэмжлэгч нь 2015.11.20-нд тусгай зөвшөөрөл олгож гэрээ байгуулсан. Улмаар 2015.11.20-2017.11.20 хүртэл гэрчилгээ хүчинтэй тул 2 жилийн төлбөрөөс 2019 онд хариуцагч нь 923 178.08 төгрөг төлсөн. Үүнийг хасаад нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагч Ж.Э.И.Д.Ю ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: ХХЗХорооноос нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Бүрэн хэмжээгээр хүлээн авах боломжгүй болох нь дараах нөхцөл байдлаар тайлбарлагдана. Ж.Э.И.Д.Ю ХХК-ний зүгээс ХХЗХороо-нд хандаж 1800-2288 тусгай дугаар ашиглах хүсэлт гаргаж 923 178 төгрөг тушаасан. Миний захиалсан 1800-2288 тусгай дугаар ашиглах зөвшөөрөл бүртгэлийн гэрчилгээ гараагүй. Бүртгэлийн гэрчилгээ гарахаар танд мэдэгдэнэ гэсэн боловч надад мэдэгдээгүй. Сая надад шүүхээс өгсөн нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 11-р сарын 20-ны өдөр гэрчилгээ гарсан байсныг мэдлээ. Гарсан гээд байгаа бүртгэлийн гэрчилгээг огт хараагүй явж байна. Хууль тогтоомжид зааснаар бол гэрчилгээ нь гараад гэрчилгээг үндэслэж Монголын Цахилгаан Холбоо компани болон бусад үүрэн телефоны компаниудтай гэрээ байгуулж, тоног төхөөрөмж аппарат хэрэгслээ суурилуулах боломжтой юм билээ. 'ХХЗХороо нь бүртгэлийн гэрчилгээгээ манай компанид гардуулж өгөөгүй учир хүсэлтэд заасан зорилгоор 1800-2288 дугаарыг манай компани ашиглах бодит боломж бүрдээгүй юм. ХХЗХороо-ны нэхэмжлэлд хавсаргасан баримтад ХХЗХороо-ноос 2015 оны 11-р сарын 20 өдөр Ж.Э.И.Д.Ю ХХК-д олгосон 1800-2288 тусгай дугаар ашиглалтын бүртгэлийн гэрчилгээ эх хувиараа хавсаргагдан орж ирж байгаа нь ХХЗХороо-ны буруутай үйлдлийг давхар нотолж байна. Энэхүү эрх олгосон бүртгэлийн гэрчилгээг хүлээн аваагүй учраас 1800-2288 тусгай дугаарыг манай компани ашиглах бодит боломж бүрдээгүй бөгөөд энэ талаарх нотолгоог нотлох баримтад хавсаргав. Харин манай компаний зүгээс бүртгэлийн эх гэрчилгээг хүлээн аваагүй, үүрэг үүсгээгүй байх үедээ 923 478.08 төгрөг тушааж үндэслэлгүй илүү төлөлт хийсэн байна. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах талаар гаргасан хүсэлтийг хангах үндэслэл тогтоогдохгүй байгааг харгалзан үзнэ үү. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй байх хуулийн үндэслэл нь Харилцаа холбооны тухай хуулийн 15-р зүйлийн 15.1.3 дэх хэсэгт Тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш нэг жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулж эхлээгүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох. Мөн хуулийн 26-р зүйлийн 26.1.3 дах хэсэгт 23.1-д зааснаас бусад шалтгаанаар үйлчилгээгээ зогсоосон буюу тоног төхөөрөмжөө ажиллуулаагүй тохиолдолд Иргэний хуульд заасны дагуу хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх гэсэн хэрэглэгчийн эрхийг зааж өгсөн байна. Харилцаа холбооны тухай хуулийн 25-р зүйлийн 25.2.1 дэх хэсэгт Тусгай зөвшөөрлийн хүрээнд хэрэглэгчийг ялгаварлахгүйгээр үйлчилгээгээр шуурхай хангах үүргийг хуульчлан зааж өгсөн. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хууль тогтоомжид зааснаар үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Амартүвшин нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчид хандаж хүсэлт гаргаж 923 178.08 төгрөг төлсөн. Гэтэл зөвшөөрөл бүртгэлийн гэрчилгээ гарахаар мэдэгдэнэ гэсэн боловч мэдэгдээгүй. Мөнгөө төлсөн тул удаа дараа асуухад гэрчилгээгээ өнөөдрийг хүртэл гардуулж өгөөгүй. Гэтэл сая нэхэмжлэлээс л гэрчилгээг харсан. Гэрчилгээг үндэслэж холбооны компанитай гэрээ байгуулах нөхцөл үүсдэг. Гэрчилгээ өгөөгүй тул үйл ажиллагаа явуулаагүй. Иймд хүсэлтэд заасан дугаарыг ашиглах боломж бүрдээгүй. Улмаар 6 сарын дараа гэрээ цуцлах хүсэлт өгөхөд хүлээн авсан боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Хуульд тусгай зөвшөөрлийг ашиглаагүй бол 1 жилийн дараа цуцалдаг. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Тоног төхөөрөмж ашиглаагүй бол хохирлоо шаардах эрхтэй. Харилцаа холбооны тухай хуулийн 25-д үйлчилгээгээр шуурхай хангахаар заасан байдаг. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгоогүй тул оператор компани дээр гэрээ байгуулах боломжгүй гээд очоогүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХХЗХороо нь тусгай зөвшөөрлийн зохицуулах үйлчилгээний хөлсөнд 1,156,821.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Ж.Э.И.Д.Ю ХХК нь тусгай зөвшөөрөл олгогдоогүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тусгай дугаар ашиглах тухай 486RINQ386 дугаартай гэрээг байгуулсан байна. /хэргийн 8-10, 42-44 дүгээр тал / Энэхүү гэрээг байгуулж, талууд гарын үсэг зурсан эсэх талаар маргаагүй.

Тус гэрээгээр .... дугаарыг ашиглах талаар тохиролцсон байх бөгөөд Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар нэхэмжлэгч нь энэхүү зөвшөөрлийг олгох эрх бүхий этгээд мөн байна.

Хариуцагч нь гэрээ байгуулсан боловч хүсэлтийн дагуу .... дугаар ашиглах эрх олгогдоогүй, өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгогдоогүй гэж маргасан. Улмаар энэхүү тайлбараа нотлох зорилгоор Монголын цахилгаан холбоо ХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1а/85 дугаар албан тоотыг шүүхэд ирүүлсэн. /хэргийн 33 дугаар тал/

Гэвч Харилцаа холбооны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрээ байгуулагдсанаар тусгай зөвшөөрөл олгогдсонд тооцно. Мөн ХХЗХорооны даргын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/301 дүгээр тушаал, түүний хавсралтаар хариуцагчид .... дугаарыг ашиглах эрх олгогдсон байна. /хэргийн 45-46 дугаар тал/

Харин бусад холбооны оператор компанитай гэрээ байгуулж, хамтран ажиллах эсэх нь тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу энэ хэргийн хариуцагчийн хүсэл зоригоос шууд хамаарах юм.

Эдгээрээс хариуцагч нь нэгэнт гэрээ байгуулж, тусгай зөвшөөрөл эзэмших эрх олгогдсон тул уг зөвшөөрлийг эзэмшсэнтэй холбогдох зохицуулах үйлчилгээний хөлс төлөх үүрэгтэй.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний 9-д зохицуулалтын үйлчилгээний хөлс төлөх үүргийн талаар заасан. Улмаар ХХЗХорооны 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоол, түүний хавсралтуудаар хариуцагч нь зохицуулах үйлчилгээний хөлсөнд 1 жилд 1,040,000 төгрөг, гэрээний нийт 2 жилийн хугацаанд 2,080,000 төгрөг төлөх үүрэгтэй нь тогтоогдож байна. /хэргийн 13-20 дугаар тал/

Нэхэмжлэгч нь ийнхүү зохицуулалтын хөлсний хувь хэмжээг тогтоосон нь Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-т нийцжээ.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, цаг хугацаанд, зохих ёсоор шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.

Хариуцагчийг зохицуулах үйлчилгээний хөлсөнд 923,178.08 төгрөг төлсөн гэж нэхэмжлэгч тайлбарласан бол хариуцагч нь үүнийг зөвшөөрч, энэхүү үйл баримт буюу төлсөн төлбөрийн хэмжээний талаар маргаагүй. Үүнээс үзэхэд хариуцагч нь хөлс төлөх үүрэгтэй болохыг мэдэж байсан байна.

Түүнчлэн хэдийгээр дээрх 1а/85 дугаар албан тоотоор хариуцагч нь уг 1800-2288 дугаарыг ашиглаагүй гэж үзэхээр байх боловч энэ нь хөлс төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл тусгай дугаар эзэмшигч нь уг дугаарыг хэрхэн ашиглах нь гагцхүү эрх эзэмшигчийн хүсэл зоригоос хамаарна.

 

Мөн хариуцагч нь гэрчилгээ гараагүй гэх тайлбараа нотлоогүй бөгөөд гэрээ байгуулагдсан өдөр тусгай зөвшөөрлийн гэрчилгээ гарсан болох нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдсон. /хэргийн 7 дугаар тал/

Үүнээс гадна хариуцагч нь шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны талаар тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч нь гэрээний үүрэг буюу төлөх хөлсөнд анз шаардаагүй. Харин тусгай дугаар эзэмших эрх олгосны зохицуулах үйлчилгээний хөлс шаардсан тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 10 жилээр тооцогдоно.

 

Дээрх үндэслэлээр Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.10-т зааснаар хариуцагчийн тусгай дугаар эзэмших эрхэд зохицуулах үйлчилгээний хөлс төлөх үүргээс төлсөн хэсгийг хасаж, үлдэх хэсэг болох 1,156,821.92 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.            Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.10, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар хариуцагч Ж.Э.И.Д.Ю ХХК-с .... тусгай дугаарын зохицуулах үйлчилгээний хөлсөнд 1,156,821.92 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХХЗХороо-д олгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 32,314 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД