| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2020/00690/И |
| Дугаар | 72 |
| Огноо | 2021-02-05 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 72
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т овогт Б-ийн Л-ын,
Хариуцагч: Г А ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний алданги 19.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагважав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасн тайлбартаа: Г Э ХХК-ийн захирал Б.Н 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Г А ХХК-ийн захирал Ө.А-тэй Увс аймгийн Улаангом сумын 3-р багт, зоорьтой 5 давхар орон сууцны барилгын дотор заслын ажлыг иж бүрнээр гүйцэтгэх гэрээ байгуулж, заслын ажлыг 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр эхэлж 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дуусган хүлээлгэн өгөхөөр тохирсон. Гэрээт ажлыг 99.000.000 төгрөгийн НӨАТ орсон үнээр хийхээр тохиролцож урьдчилгаа төлбөрийн 29.700.000 төгрөгийг гэрээний 1 дүгээр хавсралтад 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 7 дугаар сарын 24-ний өдрүүдийн хооронд төлөхөөр тохиролцсон ч гэрээ байгуулсан 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Ө.Аийн Хаан банкны 5913106379 тоот данс руу шилжүүлсэн. Г А ХХК нь барилгын заслын ажлыг гүйцэтгэхдээ гэрээний дараах заалтуудыг зөрчсөн. Үүнд: Заслын ажил гүйцэтгэх гэрээний 7.4.18-д Ажлын гүйцэтгэл саатах, тасалдах эсвэл нэмэлт зардал гарч болохоор байдал үүссэнийг мэдсэн бол Захиалагчид нэн даруй мэдэгдэнэ. Гүйцэтгэгч нь тэдгээр сөрөг үр дагаварыг арилгах бололцоотой бүх арга хэмжээг авна гэснийг, мөн гэрээний 7.4.32-т Гүйцэтгэгч нь мэргэжлийн үнэмлэхтэй ажилтан ажиллуулах үүрэгтэй бөгөөд мэргэжлийн бус хүн ажиллуулвал тухайн ажлыг зогсоох ба ажил тасалдуулсны хариуцлагыг бүрэн хүлээнэ гэснийг, мөн гэрээний 7.4.34-т Гүйцэтгэгч компанийн ажилтан барилгын талбай дээр ажиллаж байх хугацаанд бусдыг зодох, хэл амаар доромжилж танхайрсан, архи уусан, согтууруулах ундааны тестээр шалгахад 0.000%-иас өөр үр дүн гарсан тохиолдолд Захиалагч тал тус ажилтныг төслийн талбайгаас явуулах шаардлагыг Гүйцэтгэгч компанид тавих бөгөөд Гүйцэтгэгч компани нь өөрийн хүн хүч, зардлаар ажилтнаа төслийн талбайгаас 10 минутын дотор гаргаж, дахин ирүүлэхгүй байлгах арга хэмжээ авах үүрэгтэй гэснийг, мөн гэрээний 7.4.45-д Гүйцэтгэгч нь энэхүү гэрээнд заасан ажлыг чанар технологийн өндөр түвшинд батлагдсан графикт хугацаанд хийж дуусгахын тулд өөрийн нөөц бололцоо, машин техникийг нарийн зохион байгуулан ажиллах ба ажлын талбайд өдөрт 25-аас доошгүй хөдөлмөрийн насны, мэргэжил, ур чадвартай хүн ажиллуулах үүрэг хүлээнэ гэснийг тус тус зөрчиж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээт ажлаа хаяж явсан. Г Э ХХК-ийн талаас бараа материалаар тасалдуулж нэг өдөр ажил зогсоогоогүй бөгөөд ажлын явц муу, гэрээ цуцлах нөхцөлүүдийг удаа дараа давтаж, 3-12 ажиллах хүчтэйгээр ажиллаж байсан тул байнга шаардлага тавьж, итгэл үзүүлэн гэрээг цуцлахгүй тэдний хүсэлтийг хүлээн авч тэднийг гэрээт ажлаа хаяж явах хүртэл хүлээцтэй хандсан. Хэдий заслын ажил муу явж байсан ч бид гүйцэтгэлээс нь давсан санхүүжилт олгон итгэл үзүүлж 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр захирал Ө.Аийн Хаан банкны харилцах данс руу 15.000.000 төгрөг шилжүүлж байсан. Г А ХХК-ийн захирал Ө.А барилгын дотор заслын ажлыг иж бүрэн гүйцэтгэх гэрээгээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээний үүргээ зөрчин хаяж явсан учраас гэрээний 17.6-д зааснаар заасан ажил дуусгахаар тохирсон өдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны 19.800.000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Гэрээний 17.4-т холбоо дохиоллын ажлын гэрээ гэж техникийн шинжтэй алдаа гарсан байна, талууд барилгын заслын ажил хийхээр анхнаасаа тохиролцсон юм. Алдангийг дараах байдлаар тооцсон болно. Үүнд: Гэрээт ажлын нийт үнэ 99.000.000 төгрөг, төлсөн төлбөр 44.700.000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн нийт үнэ 54.300.000, үүнээс 0,2 хувийн алданги тооцвол хоногийн алдангийн дүн 108.600 төгрөг, алдангийн хэмжээ гэрээний нийт үнийн дүнгээс хэтэрч байсан тул алдангид 19.800.000 төгрөг нэхэмжилсэн болно гэжээ.
Хариуцагч Г А ХХК-ийн захирал Ө.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод Г Э ХХК-ийн захирал Б.Н-ийн хүсэлтээр Увс аймаг дахь өөрийнх нь хувийн компанийн 5 давхар орон сууцны барилгын дотоод засал, өрлөгийн ажил хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулж, Эрдэнэтэд ажиллаж байсан бригадаасаа 17 хүн хэсэгчлэн авч, нэмж 25 хүнтэй бригад болгон ажилласан юм. Ажлын гэрээг хийхдээ ажлын хэмжээг нарийн тооцож үзэлгүйгээр Б.Н захирлын ажил хөнгөн тоосго, блокны зөөврийн ажил нь кранаар хийгдэнэ гэж хэлсний дагуу гэрээ хийсэн. Захиалагч талаас Б.Д гэх гүйцэтгэх захирал ажил удирдаж байхдаа маш их дарамттай, барилгын талбайд усаа өгөхгүй хааж зарим үед тогоо тасалж тохиромжгүй үл ойлголцсон нөхцөл байдал бий болгож байсан. 3-4 давхрын өрлөг, шаврын ажлыг хийж дуустал хийж гүйцэтгэсэн кран нь 6 хоног ажиллаад буулгасан түүнээс хойш зөөврийн ажлыг гараар хийж гүйцэтгэсэн. Дээврийн өрлөгийн ажлыг гар зөөврөөр хийж шаврын ажлыг хийж дуусгасан. Энэ ажлын хөлсөнд урьдчилгаа 29.700.000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр авч, ажил эхэлсэн. Тухайн мөнгийг ажилчдын урьдчилгаа, Увс аймгаас контейнер, гэр түрээсэлсэн мөн хүнсэнд зарцуулсан байдаг. Тэр үед хоол хүнс зээлээр авч, нөхөн төлж маш их зардал гаргасан. 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр нэмж 15.000.000 төгрөг авсан боловч тухайн үед ажилчдын цалинд зарцуулаад дууссан. Гэтэл 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Б.Н захирал хотод ирэхэд нь Увс аймгийн барилгыг ажлыг хариуцаж байсан миний хүү н.Тамир ажлын байран дээр нь очиж уулзахад та нартай хамтарч ажиллахгүй, барилгын талбайгаас хүмүүсээ ав гэх шаардлага тавихад нь шаардлагыг хүлээн аваад гарцгаасан. Тооцож үзэхэд бид энэ компаниас авлагатай тооцоо гарч байгаа. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагважав нь хариуцагч Г А ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний алданги 19.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ө.А Нэхэмжлэгч Г Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагважавын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргаж байна.
Г Э ХХК, Г А ХХК-ийн хооронд 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч Г А ХХК нь Увс аймгийн Улаангом сумын 3-р багт байрлах, 20 айлын орон сууцны барилгын дотор заслын ажлыг 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл гүйцэтгэн хүлээлгэж өгөхөөр, захиалагч Г Э ХХК нь ажлын хөлсөнд нийт 99.000.000 төгрөг төлөхөөр тохиролцжээ.
Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
Дээрх ажил гүйцэтгэх гэрээний 5.1.3-т ...гэрээний нийт үнийн дүнгийн 30 хувь буюу 29.700.000 төгрөг, гэрээ байгуулснаас хойш ажлын 5 хоногийн дотор гүйцэтгэгч байгууллагын дансанд шилжүүлнэ гэж, 5.1.4-т үлдэгдэл ажлын хөлсийг гүйцэтгэлтэй уялдуулж гэрээний 2-р хавсралтын санхүүжилтийн хуваарийн дагуу төлнө гэж тус тус тохиролцсоны дагуу нэхэмжлэгч Г Э ХХК нь хариуцагч Г А ХХК-д ажлын хөлсөнд нийт 44.700.000 төгрөг шилжүүлжээ.
Хариуцагч Г А ХХК орон сууцны барилгын дотор заслын ажлыг гүйцэтгэх явцад нэхэмжлэгч Г Э ХХК нь хариуцагч компанийг ажил гүйцэтгэх гэрээний 7.4.18, 7.4.34, 7.4.45 дахь заалтыг зөрчсөн гэж үзэн ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, БНХАУ-ын Г Ш Ч-тэй 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 20 айлын орон сууцны барилгын дотор заслын ажлыг хийж гүйцэтгүүлсэн байна.
Зохигчдын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 17.4-т Гүйцэтгэгч нь дотор холбоо дохиоллын ажлын гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувийн алдангийг захиалагчид төлнө гэж тохиролцсон байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хариуцагч компани 20 айлын орон сууцны барилгын дотор заслын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан, гэрээний 17.4-т холбоо дохиоллын ажлын гэрээ гэж техникийн шинжтэй алдаа гарсан байна, талууд барилгын заслын ажил хийхээр тохиролцсон гэж тайлбарлаж байх тул дотор холбоо дохиоллын ажил гэснийг барилгын дотор заслын ажил гэж ойлгох нь зүйтэй.
Хариуцагч нь Г Э ХХК-ийн орон сууцны барилгын дотор заслын ажлыг гүйцэтгэх явцад Г А ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний 7.4.18, 7.4.34, 7.4.45 дахь заалтыг зөрчсөн гэх тайлбарыг няцаагаагүй, мөн барилгын заслын ажлыг өөр компаниар үргэлжлүүлэн гүйцэтгүүлсэн талаар маргаагүй тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 54.300.000 төгрөгийн 1 хоногийн алдангийн хэмжээ 108.600 төгрөгийг ажлыг хүлээлгэн өгөх ёстой байсан өдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 506 хоногоор тооцвол алдангийн хэмжээ ажил гүйцэтгэх гэрээний 17.6-д алдангийн нийт хэмжээ гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй байна гэж тохиролцсон хэмжээнээс хэтэрч байх тул гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувь буюу 19.800.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба хариуцагч Ө.А Тооцож үзэхэд Г А ХХК нь Г Э ХХК-аас авлагатай тооцоо гарч байгаа, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар гаргаж, удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулсан боловч тайлбарынхаа үндэслэлийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Г А ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний алданги 19.800.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г Э ХХК-д олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г А ХХК-аас 256.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г Э ХХК-д олгох нь зүйтэй.
Хариуцагч Ө.А-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагважавын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, зааснаар хариуцагч Г А ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний алданги 19.800.000 /арван есөн сая найман зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г Э ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256.950 /хоёр зуун тавин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г А ХХК-аас 256.950 /хоёр зуун тавин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г Э ХХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
Даргалагч, шүүгч Л.Дэлгэрцэцэг