Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/35

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн

         Улсын яллагч Б.Түвшинтөр

Иргэний нэхэмжлэгч Б.А, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм

         Шүүгдэгч Б.Дын өмгөөлөгч Б.Болормаа

         Шүүгдэгч М.А, Д.Б, С.Б, Б.Д, Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.А, Д.Б, С.Б, Б.Д, Д.Г нарт холбогдох 2316000000097 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  1. Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр **** аймгийн **** суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 ээжийн хамт ***** аймгийн **** сумын **** багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ДП***** регистрийн дугаартай, У овгийн Бийн Д,

 

  1. Монгол Улсын иргэн,1982 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр **** аймгийн **** суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт **** аймаг *** сумын **** багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ДП**** регистрийн дугаартай, Д овгийн Дийн Б,

 

  1. Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 22-ны өдөр **** аймгийн **** суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт **** аймгийн **** сум **** баг 3-4 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, НВ****** регистрийн дугаартай, Ж овгийн М-ын А,

 

  1. Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ***** аймгийн ***** суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт **** аймгийн **** сум ***** багт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ДИ**** регистрийн дугаартай, Х овгийн С-ийн Б,

 

  1. Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 30-ны өдөр **** аймгийн **** суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бүжигчин мэргэжилтэй, *** бүжигчин ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт **** аймгийн *** сум *** баг *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ДА**** регистрийн дугаартай, Б овгийн Дын Г,

Шүүгдэгч М.А, Д.Б, С.Б, Б.Д, Д.Г нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Гэм буруугийн талаар:  

 Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч М.А, Д.Б, С.Б, Б.Д, Д.Г нар нь бүлэглэн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө *** аймгийн *** сум ** баг “****” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж газар ухаж шороо чулуу олборлолт явуулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Дээрх үйл баримт нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч М.А, Д.Б, С.Б, Б.Д, Д.Г нар гэм буруутай болох нь:

   Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 4-14-р хуудас/,

 

Гэрч Н.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2023 оны 06 дугаар сарын 05-ны орой 24 цагийн үед Х аймгийн **** сумаас Э.Э, Д, Д-н найз бололтой танихгүй 1 залуутай хамт дөрвүүлээ *** аймгийн *** сумын урд талд нэг мэдэхгүй газар очсон. Тэгээд тэр мэдэхгүй газарт оччихоод хүмүүс нүх ухаж шороо гаргаж байгааг 1 цаг орчим харж зогссон. Би газар ухаж шороо гаргаж аваагүй. Тухайн үед миний зүс таних найз А- гэдэг залуу бид нарын очсон нүхнээс шороо гаргаж байхыг харж 1 цаг орчим хажууд нь зогссон...” гэх мэдүүлэг/хх-ийн 42-43-р хуудас/,

 

   Гэрч Ч.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Д намайг тосож аваад **** аймгийн *** суманд алт гарч байна над руу хүн яриад дуудаад байна гээд явсан. *** сум руу явж байхдаа Д замдаа гар утсаар яриад замаа заалгаад байсан бид нарын баригдсан газар очиход шөнийн 03 цаг өнгөрч байсан юм. Бид нарыг очиход **** аймгийн дугаартай ланд-80 маркийн машинтай хүмүүс ухсан нүх рүү ороод ухаж байсан юм. Бид хэд хараад машин дотроо байж байхад цагдаа нар ирсэн. Д *** аймгаас хоёр хүнтэй ирсэн. Би тэр 2 хүнийг танихгүй бид нар дөрвүүлээ явж байсан. Бид нарыг очиход **** аймгийн машинтай хүмүүс байсан өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 50-51-р хуудас/,

 

Гэрч Э.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Бид дөрөв **** аймгийн **** сум руу явж байхдаа Д гар утсаар яриад замаа заалгаад байсан. Бид нарын баригдсан газар очиход 03 цаг өнгөрч байсан. Бид нарыг очиход **** аймгийн дугаартай ланд-80 маркийн машинтай хүмүүс ухсан нүх рүү ороод ухаж байсан юм. бид хэд хараад машин дотроо байж байхад цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 54-55-р хуудас/,

 

Гэрч А.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Бид дөрөв **** аймгийн **** сум руу явж байхдаа замдаа төөрөөд би гар утсаараа А ахтай холбогдож замаа заалгаж очсон. Бид нарыг баригдсан газар очиход шөнийн 03 цаг өнгөрч байсан юм. Бид нарыг очих үед А ах ланд-80 загварын машинтай хэдэн хүмүүстэй ухсан нүх рүү ороод ухаж байсан юм. Бид хэд хараад машин дотроо байж байхад цагдаа нар ирсэн...”гэх мэдүүлэг/хх- ийн 58-59-р хуудас/,

 

Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ний 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “...4.Тухайн талбайд урьд өмнө байсан нэг ухаш нүх байх бөгөөд нэмж ухаж 252.8 кг шороо, чулуу олборлосон байна. 5. Байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 868750 төгрөг болж байна...” гэх 1/61 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 62-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.  

 

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлох гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсч байдаг.

 

Шүүгдэгч нарын тухайд хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлох гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрсдийн үйлдлээс учирч болох хохирол хор уршгийг хүсч, санаатайгаар хийсэн байх тул шүүх тэднийг гэмт хэрэг “бүлэглэн” үйлдсэн гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Д, Д.Б, М.А, С.Б, Д.Г нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй, шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иргэний нэхэмжлэгч Б.А шүүх хуралдаанд: Зээлдэгч М.А нь 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 12 сарын хугацаатай 2,000,000 төгрөгийн зээл авсан. Зээл нь одоогийн байдлаар төлөгдөж дуусаагүй. Хугацаа хэтэрчихсэн байгаа. Автомашин нь зээлдэгч М.Аы нэр дээр биш, “Их цалуу” ББСБ буюу манай байгууллагын нэр дээр байгаа учраас манайх машинаа гаргуулж авах хүсэлтэй байна гэв.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан 10,319,400 төгрөгийн үнэлгээ бүхий Land cruiser 80 маркийн авто машиныг шүүгдэгч М.А нь 2023 оны 4 сарын 19-ны өдөр “Их цалуу” ББСБ-д 2000000 төгрөгийн зээл авч улмаар уг байгууллагад барьцааны гэрээний дагуу зээлээ төлөөгүй тул шилжүүлсэн болох нь шүүх хуралдаанд мэдүүлсэн шүүгдэгч М.А, иргэний нэхэмжлэгч Б.А нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 10,319,400 төгрөгийн үнэлгээ бүхий Land cruiser 80 маркийн авто машины үнийг шүүгдэгч тус бүрээс тэнцүү хэмжээгээр гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байх ба уг машиныг  “Их цалуу” ББСБ барьцааны гэрээний дагуу шилжүүлэн авсан тул тухайн тээврийн хэрэгслийг “Их цалуу” ББСБ-д олгох эсэх талаар шүүх ямар нэгэн шийдвэр гаргааагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 10,319,400 төгрөгийн үнэлгээ бүхий Land cruiser 80 маркийн авто машины үнийг шүүгдэгч тус бүрээс тэнцүү хэмжээгээр буюу 2,063,880 төгрөгийг гаргуулж, мөн тус бүрийн үнэ 897,100 төгрөгийн үнэ бүхий 1000 мэдрэгч-2 ширхэг, 233,200 төгрөгийн үнэ бүхий цахилгаан гаргагч мотор 1 ширхэг, бор өнгийн саванд хийсэн чулуу мэт зүйл 1 ширхэг, Новомин гэх бичиглэлтэй цэнхэр өнгийн савтай зүйл 1 ширхэг, 51 кг 600 гр жинтэй шуудайны тал чулуу 1 уут, 105 кг 100 гр жинтэй шуудайтай шороо 1 уут, 96 кг 100 гр жинтэй чулуу шороо 1 уут тус бүрийг хураан авч, үүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 1,100,000 төгрөгийг гаргаж “Нуман Алтай” ХХК-нд, 140,640 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд, нөхөн сэргээлтийн зардалд   69,415 төгрөгийг гаргуулж *** сумын Засаг даргын Тамгын газарт тус тус олгож, үлдсэн мөнгийг  улсын орлого болгож, 4,000 төгрөгийн үнэ бүхий хүрз 1 ширхэг, 4,500 төгрөгийн үнэ бүхий малтуур 2 ширхэг, 5,000 төгрөгийн үнэтэй хадаас авагч 1 ширхэг, 5,000 төгрөгийн үнэ бүхий зээтүү 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин  төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Д, Д.Б, М.А, С.Б, Д.Г нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иймд шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д, Д.Б, М.А, С.Б, Д.Г нарыг тус бүрийг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус бүрт нь оногдуулсан  5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Д.Бын  цагдан хоригдсон 2 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасч тооцох, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б 2 хоног цагдан хоригдсон, бусад шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт Бийн Др, Д овогт Дийн Б, Ж овогт М-ын А, Х овогт С-ийн Б, Б овогт Дын Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

2. Шүүгдэгч Б.Д, Д.Б, М.А, С.Б, Д.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 5400(Таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000(Таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Д.Б, М.А, С.Б, Д.Г нарт тус бүрт оногдуулсан  5400(Таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000(Таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 1(Нэг) жил 6(Зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 10,319,400 төгрөгийн үнэлгээ бүхий Land cruiser 80 маркийн авто машины үнийг шүүгдэгч тус бүрээс тэнцүү хэмжээгээр буюу 2,063,880 төгрөгийг гаргуулж, мөн тус бүрийн үнэ 897,100 төгрөгийн үнэ бүхий 1000 мэдрэгч-2 ширхэг, 233,200 төгрөгийн үнэ бүхий цахилгаан гаргагч мотор 1 ширхэг, бор өнгийн саванд хийсэн чулуу мэт зүйл 1 ширхэг, Новомин гэх бичиглэлтэй цэнхэр өнгийн савтай зүйл 1 ширхэг, 51 кг 600 гр жинтэй шуудайны тал чулуу 1 уут, 105 кг 100 гр жинтэй шуудайтай шороо 1 уут, 96 кг 100 грамм жинтэй чулуу шороо 1 уут тус бүрийг хураан авч, үүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 1,100,000 төгрөгийг гаргаж “Нуман Алтай” ХХК-нд, 140,640 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд, нөхөн сэргээлтийн зардалд   69,415 төгрөгийг гаргуулж **** сумын Засаг даргын Тамгын газарт тус тус олгож, үлдсэн мөнгийг  улсын орлого болгож, 4,000 төгрөгийн үнэ бүхий хүрз 1 ширхэг, 4,500 төгрөгийн үнэ бүхий малтуур 2 ширхэг, 5,000 төгрөгийн үнэтэй хадаас авагч 1 ширхэг, 5,000 төгрөгийн үнэ бүхий зээтүү 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин  төгөлдөр болмогц устгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Д.Бын  цагдан хоригдсон 2 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасч тооцсугай.

8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б 2 хоног цагдан хоригдсон, бусад шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.МӨНХТУЯА