| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 164/2024/0042/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/39 |
| Огноо | 2024-03-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,
Улсын яллагч Б.Түвшинтөр,
Хохирогч Б.Б-Э,
Шүүгдэгч С.Үнарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Б овгийн С-ын Ү-д холбогдох 2416000170025 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр **** аймгийн *** суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт **** аймгийн *** сумын *** дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ДГ**** регистрийн дугаартай, Б овгийн С-ын Ү,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Ү нь 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр **** аймгийн ***** сум **** баг **** хашааны гадна талд тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Б.Б-Э-ийн хамар руу нь гараараа нэг удаа цохиж биед нь хамрын ясны зөрөөтэй хугарал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл С.Ү нь 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр **** аймгийн **** сум *** баг *** тоот хашааны гадна талд тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Б.Б-Э-ийн хамар руу нь гараараа нэг удаа цохисон үйл баримт тогтоогдлоо.
Дээрх үйл баримтын улмаас С.Үнь Н Б.Б-Э-ийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр хамрын ясны зөрөөтэй хугарал гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч С.Ү гэм буруутай болох нь:
1.Хохирогч Б.Б-Э-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Миний тухайд шүд янзлуулах шаардлагатай. Паалан эмтэрсэн. Аймагт янзалдаггүй юм байна. Улаанбаатар хотод доод тал нь 500,000 төгрөгөөс эхэлж янзлахаар байна. Ер нь миний эрүүл мэндэд алсдаа ямар хохирол учрахыг тааж мэдэхгүй байна. Хамраас байнга цус гарч, бөглөрдөг болсон. Сэтгэцэд учирсан хохирлыг боломжит хувилбараар нь бодуулж авах хүсэлтэй байгаа” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
2.Хохирогч Б.Б-Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэртээ өөрийн ах Э-гийн хамт байж байсан чинь манай ах Э-тэй С.Ү гэх хүн утсаар яриад уулзаадах гэж хэлээд манай ах Э- гэрээс гараад явсан. Би удалгүй араас нь гарсан чинь манай ах Э- нь С.Ү, С. нартай машинд сууж байхаар нь би араас нь машинд орж суусан. Тухайн үед манай ах Э- рүү С.Ү нь чи гомдолгүй гээд хэл гээд тушаасан байдалтай сууж байсан. Би С.Үад та хэд эр хүмүүс хэрэлдэж муудалцахыг алийг тэр гэхэв та хэд залуу хүмүүс байж учраа ол харин манай хөгшин аав руу очоод хүүхдийг чинь шоронд хийнэ энэ тэр гэж янз бүрийн юм битгий яриад бай гэж хэлсэн чинь С.Ү над руу чамд хамаагүй гэж хэлээд салаавч гаргаад салаавчтай гараараа ам руу чихээд надыг цохиод авахаар нь би буцаагаад салаавч өгөөд шанаа руу нь дэслээд дайраад байхаар нь түлхэж холдуулсан чинь С. машины урд талын суудал дээрээс надыг гараараа цохисон. Тэгээд би С.тай барьцалдаж аваад машинаас буусан чинь намайг С. хэд хэдэн удаа цохиж аваад байхаар нь С.тай барилцаж аваад өөрийгөө хамгаалаад байж байсан чинь С.Ү хажуу талаас ирээд миний хамар руу гараараа цохиод миний хамарнаас цус гоожоод дахиад намайг өшиглөх гээд ирэхэд би хараад холдсон. Тухайн үед манай ах Э- бичлэг хийлээ та нар хүн зодлоо гээд гар утсаа гараад ирсэн чинь С.Ү, С. нар болиод би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,
3.Гэрч Б.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “С.Ү салаавч өгсөн гараараа манай дүүгийн ам руу цохисон. Манай дүү Б.Б-Э эргүүлээд С.Үийн хамар руу цохисон. Тэр үед С.Үийн хүү жолоочийн суудал дээр сууж байгаад эргэж хараад манай дүүг нүүрийг нь мангасдаад түлхсэн буугаад ир гээд машинаас буугаад барилцаад авсан. Манай дүүг С.Үийн хүү нь эхлээд барьж аваад толгой руу нь 2 удаа цохисон. Тэр үед би салгах гээд хоёр тийш нь татаж байхад С.Ү манай дүүгийн хамар руу нь цохисон тэр цохилт нь таг гэж дугарч их хүчтэй цохисон. Тэгээд дүүгийн хамарнаас цус гоожоод тогтохгүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 38-39-р хуудас/,
4.Гэрч Ү.С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Машин дотор аав С.Ү, Б.Б-Э нар хоорондоо муудалцаад салаавч өгөөд нэгийгээ гараараа нудралцаж авсан. Тэгэхээр нь би больцгоо гэж хэлсэн Б.Б-Э чи дуугүй бай гэж хэлсэн. Тэгээд над руу түлхсэн. Би буцаагаад гарыг нь түлхсэн тэгээд тэр 2 машинаас гараад Б.Б-Э рүү би уурласан чинь манай аав С.Ү миний гараас барьж аваад чи болио чи илүү гэж хэлээд нэг гарнаас татаад салгасан. Манай аав С.Ү Б-Э-ийн хамар руу гараараа цохисон. Би Баян-Эрдэнийг цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 41-42-р хуудас/,
5.Говь-Алтай аймаг шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Даваахүүгийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “...1.2 Б.Б-Эийн биед хамрын ясны зөрөөтэй хугарал, дээд үүдэн 1 шүдний паалан хэсгийн эмтрэл, хамрын нуруунд хавдар, 2 нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3 Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх 2023.12.14-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтанд нөлөөлөхгүй 5. Дээрх гэмтлүүдээс хамрын ясны зөрөөтэй хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх 18 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 17-18-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд шүүгдэгч С.Үийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Үийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаа хуудас/, урьд нь Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулга /хх 75-78 дугаар хуудас/, хохиролд 561,000 (Таван зуун жаран нэгэн мянга) төгрөг төлсөн баримт/хх 61 дүгээр хуудас/, Эрүүл мэндийн даатгалын санд 85,000 (Наян таван мянга) төгрөг төлсөн баримт /хх 79 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Үийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, урьд нь Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч С.Үад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 (Долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (Долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С.Үад оногдуулсан 700 (Долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (Долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч С.С.Үад мэдэгдэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй. Шүүгдэгч нь хохирогч Б.Б-Эд 561,000 төгрөг төлсөн /хх 61 дүгээр хуудас/, Эрүүл мэндийн даатгалын санд 85,000 (Наян таван мянга) төгрөг төлсөн байна.
Харин хохирогч сэтгэцэд учирсан хохирлыг боломжит хэмжээгээр нь тогтоож өгнө үү гэсэн бөгөөд Сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн тухайд Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “ХҮНИЙ СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШГИЙГ АРИЛГАХ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ТӨЛБӨРИЙН ЖИШИГ АРГАЧЛАЛ”-ын дөрөв дэх хэсэгт заасн хүснэгтийн хоёрдугаар зэрэглэл буюу Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /Гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан хэмжээ 550,000 (Таван зуун тавин мянга төгрөг) төгрөг/-г 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 4,400,000 (Дөрвөн сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр тогтоож шүүгдэгч С.С.Үаас гаргуулж хохирогч Б.Б-Эд олгуулж шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч С.Үнь хохирогчид 561,000 (Таван зуун жаран нэгэн мянга) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 85,000 (Наян таван мянга) төгрөг тус тус төлсөн, хохирогч Б.Б-Э нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарч болох хохирлыг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
1.Шүүгдэгч Б овгийн С-ын Ү-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Үийг 700 (Долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (Долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ү-ад оногдуулсан 700 (Долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (Долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид С.Ү-ад мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ү-аад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд 4,400,000 (Дөрвөн сая дөрвөн зуун мянга) төгрөгийг шүүгдэгч С.Ү-аас гаргуулж хохирогч Б.Б-Эд олгосугай.
7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч С.Ү нь хохирогчид 561,000(Таван зуун жаран нэгэн мянга) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 85,000 (Наян таван мянга) төгрөг тус тус төлсөн, хохирогч Б.Б-Э нь энэ гэмт хэргийн улмаас цаашид эрүүл мэндэд гарч болох хохирлыг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Үад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР