| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2020/05622/И |
| Дугаар | 101/ШШ2021/00716 |
| Огноо | 2021-03-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2021/00716
| 2021 03 05 | 101/ШШ2021/00716 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч ******* ХХК-ийн гаргасан,
Хариуцагч: Д.О-д холбогдох,
28,501,300.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, хариуцагч Д.О, нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч Ч ******* ХХК-ийн Иргэдийн *******ны газрын захирлаар ажиллаж байсан хариуцагч Д.О нь *******, шинжлэх ухааны их сургуулийн бизнесийн удирдлагын магистрын зэрэг олгох сургалтад хамрагдахтай холбоотойгоор сургалтын төлбөрийн тодорхой хэсгийг төлөх, чөлөө олгох тухай хүсэлтийг “сургуулиа төгсөж ирээд танай *******инд илүү их бүтээмж, үр өгөөжтэй үргэлжлүүлэн ажиллана” гэсэн нөхцөлтэй гаргасан.
Бид, хариуцагчийн хүсэлтийг хүлээн авч түүнд магистрын зэрэг олгох сургалтад хамрагдахад нь зориулан 10,000 ам.долларыг олгож, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр сургалтын гэрээ байгуулсан ба гэрээнд зааснаар хариуцагч нь сургуулиа төгсөж ирээд тус *******инд 5 жил тогтвор суурьшилтай ажиллах үүрэг хүлээсэн.
Гэтэл хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хууль болон сургалтын гэрээг зөрчиж 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул манай компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 74 тоот тушаалаар түүнийг ажлаас нь чөлөөлсөн юм.
Талуудын байгуулсан гэрээний 7 дугаар зүйлд “энэхүү гэрээний 1.4 дэх хэсэгт заасан хугацаанд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн....... болсон тохиолдолд тухайн нөхцөл байдал үүссэнээс хойш ажлын 5 өдрийн дотор *******наас олгосон тэтгэмжийг буцаан төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагчаас 10,000.00 ам.долларыг буцаан төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч үр дүнд хүрээгүй.
Өөрөөр хэлбэл, талууд 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан сургалтын төлбөр буцаан төлөх тухай гэрээгээр төлбөрийг хэзээ, хэрхэн төлөх талаар тохиролцсон байхад хариуцагч нь үүргээ биелүүлээгүй. Бид нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэх гэж ярилцан хэдий ч хариуцагч нь 10,000 ам.долларыг өгсөн өдрийн Монгол*******ны ханшаар тооцож төлнө гэж маргасан тул эвлэрч чадаагүй.
Нэхэмжлэгч нь хариуцагчид өгсөн зүйлээ гэрээг зөрчсөн гэсэн үндэслэлээр буцаан нэхэмжлэхдээ нэхэмжлэл гаргах өдрийн Монгол*******ны ханшаар тооцсон нь хууль зөрчихгүй. Учир нь, Иргэний хуульд төлбөр тооцоог гүйцэтгэх үед мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасан учраас 1 ам.долларыг 2,850.13 төгрөгөөр тооцсон болно. Иймд, хариуцагчаас 10,000 ам.доллар буюу 28,501,300.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би, нэхэмжлэгч Ч ******* ХХК-иас сургалтын тэтгэмж авсан бөгөөд 10,000.00 ам.долларыг буцаан төлөх талаар маргахгүй. Гэвч Иргэний хуулийн зохицуулалтаас үзвэл төлбөрийн үүргийн хувьд тухайн өдрийн ханшаар төлөх талаар зохицуулалт байна. Бидний хооронд үүссэн харилцаа зээлийн гэрээний харилцаа биш тул энэхүү зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл, надад 10,000.00 ам.долларыг өгсөн тухайн өдрийн ханшаар тооцвол 1 ам.доллар 1,990.95 төгрөгтэй тэнцүү байсан. Иймээс миний бие 19,905,900.00 төгрөгийг одоогийн нөхцөл байдлыг харгалзаж үзээд төлөх боломжтой тодорхой хугацаа тогтоож өгөхийг хүсэж байна.
Нөгөө талаар нэхэмжлэгч нь 10,000.00 ам.долларыг надад өгсөн өдөр Нягтлан бодох бүртгэлийн хувьд зардлаар хаасан бөгөөд одоо ханшийн зөрүүнээс ашиг олох тул үүнийг зээлийн харилцаа гэж үзэж болохгүй” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч ******* ХХК-иас хариуцагч Д.О-д холбогдуулан 28,501,300.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг үзвэл нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д заасан гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх хэрэгт авагдсан болон хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ч *******ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 13 тоот тушаалаар хариуцагч Д.О-ыг тус *******ны Зээл, хөрөнгө оруулалтын газарт эдийн засагчийн ажил, албан тушаалд томилон ажиллуулж байгаад 2007 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 23 тоот тушаалаар жинхлүүлэн ажиллуулсан байна.
Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д “Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно” гэж зааснаар хариуцагчийг туршилтын хугацаагаар ажиллуулж байгаад ийнхүү жинхэнэ ажилтан болгож, хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.
Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ” гэж, мөн Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1-д “Иргэн нь иргэн болон хуулийн этгээдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж болно” гэж тус тус зааснаар зохигчид хөдөлмөрийн гэрээ байгуулсан талаар маргаагүй.
Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 369 дүгээр зүйлийн 369.1-д тус тус зааснаар хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
Гэтэл талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Д.О нь *******,*******д 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Бизнесийн удирдлагын магистрын ангид 2 жилийн хугацаанд суралцахаар болсон тул урт хугацааны захиргааны чөлөө хүсч, сургалтын төлбөрийг төлөхөд дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Ингээд талууд 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр сургалтын гэрээ байгуулж, нэхэмжлэгч Ч ******* ХХК-иас хариуцагч Д.О-ын сургалтын төлбөрт 10,000.00 ам.долларыг төлөхөөр тохирч “Х *******” ХХК дахь хариуцагчийн 3950040040 тоот дансанд шилжүүлжээ. Тодруулбал, нэхэмжлэгч нь тухайн төлбөрийг хариуцагчид суралцан төгсөж ирсний дараагаар тус *******инд 5 жилийн турш тогтвор суурьшилтай ажиллах болзолтой өгсөн байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэж заажээ. Тайлбарлавал, Монгол Улсын иргэн өөрийн ажиллах газар, суралцах чиглэл, төрлөө бие дааж чөлөөтэй сонгож, бусдын дарамт шахалтгүйгээр хөдөлмөрлөх эрхтэй.
Гэвч хариуцагч Д.О-ын хувьд ийнхүү суралцаж ирснийхээ дараа 5 жилийн хугацаанд зөвхөн нэхэмжлэгч Ч ******* ХХК-нд тогтвортой ажиллах үүрэг хүлээсэн нь түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн үйлдэл биш юм. Учир нь, тэрээр ажиллах газраа нэхэмжлэгчийн зүй бус нөлөөний улмаас сонгоогүй ба зохигчид бие биедээ харилцан ашигтай байдлаар гэрээний гол нөхцөлийг тохирсон байх тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасантай нийцэж байна.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тэдгээрийн байгуулсан сургалтын гэрээнд зааснаар хариуцагчийг суралцаж ирснийхээ дараа 5 жилийн хугацаанд нэхэмжлэгч *******инд ажиллах нөхцөл нь “нэхэмжлэгч тал хариуцагчийг суралцаж байх хугацаанд түүний ажлын байрыг хэвээр хадгалах, хариуцагч нь төгсөж ирснийхээ дараа 5 жил тогтвор суурьшилтай ажиллах, тийнхүү ажиллах хугацаандаа хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал зэргийг хэвийн авах бөгөөд тохирсон 5 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд 10,000.00 ам.долларыг хариуцагчаас авахгүй, харин хариуцагч нь 5 жилийн хугацаанаас өмнө хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд 10,000.00 ам.долларыг буцаан төлөх” нөхцөлтэй ажээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчид дээрх нөхцөлөөр Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т “эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа” гэж зааснаар ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг нь хэвээр хадгалахаар тохирсон байна.
Иргэний хуулийн 44 дүгээр зүйллийн 44.1-д “Тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэнэ” гэж заажээ. Гэвч хариуцагч нь 5 жилийн хугацаанд нэхэмжлэгч *******инд тогтвор суурьшилтай ажиллах нь түүний хүсэл зориг буюу үйлдэл, эс үйлдэхүйгээс хамаарах тул энэ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т “Үйл явдал ирээдүйд бий болох эсэх нь хэлцэл хийгч этгээдийн хүсэл зоригоос шалтгаалахаар байвал энэ зүйлийн зохицуулалт үйлчлэхгүй” гэж зааснаар болзол тавьж хийсэн хэлцэл биш байна.
Нөгөө талаар 276 дугаар зүйлийн 276.1-д “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ” гэж, мөн 276.5-т “Тодорхой хөрөнгийг тусгай зориулалтаар хандивын журмаар бэлэглэж болно” гэж мөн 276.6-т “Хандив хүлээн авагч нь хандивын хөрөнгийг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд энэ үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол бэлэглэгч хандивласан хөрөнгийг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулахыг шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.
Гэтэл нэхэмжлэгч Ч ******* ХХК-иас хариуцагч Д.О-д 10,000.00 ам.долларыг өөрийн *******инд 5 жилийн хугацаанд тогтвортой ажиллах нөхцөл тавьж олгосон тул бэлэглэл буюу хандивын гэрээний үндсэн нөхцөл болох хариу төлбөргүй байх гэсэн шинжийг үгүйсгэж, нэхэмжлэгч нь хариуцагчаас хариу үүргийг шаардах эрхтэй байгаа учраас зохигчдын хооронд бэлэглэл/хандивын гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй юм.
Мөн нэхэмжлэгч нь хариуцагчид төгсөн ирсний дараа 5 жилийн хугацаанд ажиллах хугацаанд цалин хөлсийг хэвийн өгч, урьд өгсөн 10,000.00 ам.долларыг тус хугацаа өнгөрснөөр буцаан авахгүй байх тухай тохиролцоо нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж, мөн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 420.1-д “Тодорхой үйлдэл хийсэн, эсхүл тодорхой үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгохоор амлаж нийтэд зарласан этгээд уг үйлдэл хийсэн буюу үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгох үүрэг хүлээнэ” гэж, мөн 421.1-д “Ямар нэгэн ажлыг гүйцэтгэх тодорхой болзлыг хангаж шалгарсан этгээдэд шагнал буюу эрх олгохоор нийтэд зарласан иргэн, хуулийн этгээд нь зарласан болзол ёсоор шалгарсан этгээдэд тухайн шагнал буюу эрхийг олгох үүрэг хүлээнэ” гэж тус тус зааснаар шагнал, уралдаант шалгаруулалтын харилцааг үүсгэсэн гэх шинжгүй байна.
Учир нь, ажил олгогч буюу нэхэмжлэгч Ч ******* ХХК-ийн зүгээс тодорхой үйлдэл хийсэн, аль эсхүл үр дүн бий болгосон ажилтнууддаа 10,000.00 ам.долларын шагнал өгөх талаар санал, санаачилга гаргаагүй, мөн хариуцагчид хийж гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалтай нь холбогдуулан нэмэгдэл хөлс буюу шагнал өгөхөөр амлаагүй, харин хариуцагч нь 10,000.00 ам.долларыг тодорхой болзол нөхцөлтэй авах авах саналыг гаргасан байна.
Иймээс зохигчдын байгуулсан гэрээний харилцааг Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хуулиар тухайлан зохицуулаагүй боловч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д “Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна” гэж зааснаар нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан байна.
Гэтэл талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Д.О нь сургалтын гэрээнд зааснаар нэхэмжлэгч Ч ******* ХХК-нд 5 жил тогтвор суурьшилтай ажиллах үүргээ биелүүлээгүй тул зохигчид 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 10,000.00 ам.долларыг буцаан төлөх тухай гэрээ байгуулжээ. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.
Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр гэрээнээс татгалзсантай холбоотой хохирлыг бус, харин өгсөн зүйлээ буцаан авахаар талууд ийнхүү гэрээ байгуулсан талаар маргаагүй. Дээр дурдсан хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан.
Иймд, нэгэнт зохигчид 10,000.00 ам.долларыг буцаан өгөхөөр харилцан тохиролцсон байх тул хариуцагч Д.О нь үүнийг төлөх үүргээ биелүүлэх ёстой. Гэтэл хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 10,000.00 ам.долларыг 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Монгол*******ны ханш 1,990.95 төгрөгөөр тооцон 19,905,900.00 төгрөгийг төлнө гэж маргаж байна.
Юуны өмнө Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талууд анхнаасаа өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах ёстой тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 2015 оны 08 дугаар сарын 12-ны өгсөн 10,000.00 ам.долларыг тэрхүү хэлбэрээр буцаан нэхэмжлэх эрхтэй. Ингэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.3-т “Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол*******наас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэлийн үнийг төгрөгөөр илэрхийлж болно.
Мөн нэхэмжлэгч Ч ******* ХХК болон хариуцагч Д.О нарын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан сургалтын төлбөр буцаан төлөх тухай гэрээний 1, 2 дугаар зүйлийг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж, мөн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж тус тус зааснаар тайлбарлахад хариуцагч нь 10,000.00 ам.долларыг 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Монгол*******ны ханшаар тооцож төлнө гэж тохироогүй байна
Нөгөө талаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 10,000.00 ам.долларыг Монгол*******ны албан ёсны ханшаар тооцвол 1 ам.долларыг 2,850.13 төгрөгөөр худалдан авах боломжтой байгаа тул 28,501,300.00 төгрөгийг нэхэмжилсэн нь хууль зөрчсөн үйлдэл биш юм. Тодруулбал, Хэдийгээр нэхэмжлэгч нь 1 ам.долларыг 1,990.95 төгрөгтэй тэнцүү буюу 10,000.00 ам.долларыг 19,905,900.00 төгрөгөөр арилжин авах боломжтой үед хариуцагчид өгсөн боловч одоо дээрх мөнгөөр буюу нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар 3,508.61 ам.долларыг л авах боломжтой /1 ам.доллар – 2,850.13 төгрөгтэй тэнцүү/ ажээ.
Нэхэмжлэгчийн хувьд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 28,501,300.00 төгрөгөөр 10,000.00 ам.долларыг арилжин авах боломжтой, нөгөө талаар хэрэв тус өдөр 1 ам.долларын ханш 2,850.13 төгрөгөөс бага байх тохиолдолд тухайн ханшаар л 10,000.00 ам.долларыг арилжин авах тул буцаан нэхэмжлэх ханшийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Монгол*******ны ханшаар тооцсон нь шударга биш гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан нь ам.долларын төгрөгтэй харьцах зөрүүг бус харин төгрөгийн худалдан авах чадварыг илэрхийлсэн агуулгатай болно. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 28,501,300.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлийн 118.1-д тус тус заасныг үндэслэн
ТОГТООХ нь
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР