| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 164/2024/0036/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/41 |
| Огноо | 2024-03-18 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/41
иргэдийн төлөөлөгч Д.А,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,
улсын яллагч Х.Гүнжидмаа,
хохирогчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,
шүүгдэгч Д.Б,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, М.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч В овгийн Д-ийн Б-д холбогдох 2316000000098 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны 4 дүгээр сарын 20-нд өдөр **** аймгийн **** суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, ах нарын хамт *** аймгийн *** сумын *** баг **** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ДЮ*** регистрийн дугаартай, В овгийн Д-ийн Б,
Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 6 дугаар сарын 17-ны өглөөний 07 цагийн орчим **** аймгийн **** сумын **** багийн *** тоотод Г-ын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Д-тай үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэж хохирогч Г.Д-ийн зүүн далны доод хэсэгт хутгалж, цээжний хөндийд шингэн хуралдалт, зүүн далны доод хэсэгт 7-8-р хавирга завсар шарх бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 06 дугаар сарын 17-ны өглөөний 07 цагийн орчим **** аймгийн *** сумын **** багийн ***** тоотод Гын гэрт согтуурсан үедээ хохирогч Г.Дтай маргалдаж улмаар түүний зүүн далны доод хэсэгт хутгалан биед нь цээжний хөндийд шингэн хуралдалт, зүүн далны доод хэсэгт 7-8-р хавирга завсар шарх буюу хүнд гэмтэл учруулсан болох нь:
1. Хохирогч Г.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 06 сарын 16-ны орой Д.Б манайд ирсэн. Бид хоёр Агар нэртэй 0,75 граммын архийг манайд уусан. Манайд Ю ирсэн. Би Д.Бийг ор засаад унтаарай гээд Э.Ю бид хоёр унтсан. Унтаж байтал гэнэт над руу алчуур шидсэн. Бас юм ярьж байгаад асаагуур шидсэн. Би уурлаж босож ирээд чи яах гээд байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн Д.Б намайг ална шүү гэсэн. Тэгэхээр нь би чаддаг юм бол ал гэж хэлээд хутга аваад өгсөн. Тэгтэл чи эхлээд шаачих гэхээр нь би даанч хүн шааж чадахгүй гэж хэлсэн. Би хутгаа орон дээр шидсэн чинь тэр хутгыг Д.Б авсан. Тухайн үед би Д.Бийг намайг хутганы ар талаар цохичихлоо гэж бодсон. Би гадаа гарч бие засчхаад гадаа жаахан сууж байгаад гараараа дараад үзтэл цус гарч байсан. Гаднаас орж ирээд газарт хэвтээд эмч дууд, эсвэл өвчин намдаагч олоод ир гэж хэлсэн. Д.Б ах руугаа би хүн хутгалчихлаа гэж ярьсан. Ах нь ирээд эмнэлэг, цагдаа дуудсан. Миний зүүн талын хавирга руу цохичих шиг болсон. Шар цоохор өнгийн хутга байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,
2. Гэрч Ц.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 06 дугаар сарын 17-ны өглөөний 07 цагийн үед Д.Б над руу залгаад ахаа би хүн хутгалчихлаа гэж хэлсэн. Гэрийнх нь хаягийг заалгаад яваад очтол Г.Д нь хутгалуулсан, Д.Б нь зүүн хөлийн өвдөгний дотор хэсэгт хутгалуулсан байсан. Тэгээд би эмнэлэг, цагдаа дуудсан. Г.Д, Д.Б нар нь архи уусан байсан. Юунаас болж муудалцсан талаараа надад хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,
3.Гэрч Э.Югийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би найзуудтайгаа зааланд тоглож байгаад оройтчихоод Г.Д руу залгаад гэр лүгээ харих гэтэл оройтчихлоо. Хаана байна гэтэл гэртээ байна гэсэн. Тэгээд шөнийн 01 цагийн үед Г.Дгийнд очсон. Гэртээ нэг эрэгтэй найзтайгаа архи уугаад сууж байсан. Тэднийд Сэнгүр нэртэй 2 ширхэг том пиво байсан. Бид гурав 1 пивыг нь хувааж уусан. Тэгээд би унтаад өгсөн. Тэр хоёр пиво ууна гээд үлдсэн. Унтаж байгаад сэртэл нэг нэгнээ хутгалсан байсан. Босож ирээд харахад Г.Дгийн зүүн далны доод хэсгээс цус гарч байсан. Тухайн үед Г.Д, найз нь бид гурав байсан. Өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,
4. 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээч эмч Т.Алтайбаатарын №185 дүгээр шинжээчийн дүгнэлтэд “1. 2. Г.Дгийн биед цээжний хөндийд шингэн хуралдалт, зүүн далны доод хэсэгт 7-8-р хавирга завсар шарх гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 36-37-р хуудас/,
5. 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 68 дүгээр химийн шинжилгээний дүгнэлтэд “1. Г.Дгийн гэх цусанд 0,8 промиллийн спирт илэрч байна. 2. Цусанд илэрч байгаа 0,8 промиллийн спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-42-р хуудас/,
6. 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Д-ийн Д.Бийг драгер үлээлгэхэд 2,57 хувийн согтолттой байсан талаарх тэмдэглэл /хх-ийн 49-р хуудас/,
7. Хэргийн газрын үзлэгийн “...Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Сутай хороо 8-4 тоот хашаа байв. Гэрийн үүдний амбаарын зүүн гадна хэсэгт 20*14 см хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйлс газарт тогтсон байв. Гэрийн хойморт байх улаан цоохор хивс хэсэгт 43*23 см хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-08-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж хэрэгт авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Д.Бийн хохирогч Г.Дгийн зүүн далны доод хэсэгт хутгалсан идэвхитэй үйлдэл нь илтэд хууль бус бөгөөд тэрээр өөрийнхөө үйлдлийг ухамсарлаж, хүсэж үйлдсэн, улмаар хохирогчийн цээжний хөндийд шингэн хуралдалт, зүүн далны доод хэсэгт 7-8-р хавирга завсар шарх бүхий гэмтэл учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний биед хүнд хохирол учруулсан гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн Тайлбарт: “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэжээ.
“Хутга” нь бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай ба хүйтэн зэвсэгт хамаарах тул шүүгдэгч Д.Б нь зэвсэг хэрэглэж, хохирогч Г.Дгийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг мөн бөгөөд эрүүгийн хуулийн өөр гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “гэм буруутай гэж үзэж байна.” гэх дүгнэлтийг шүүх хэргийн нөхцөл байдалтай тохирч байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтуурсан байдал нөлөөлж, ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирлыг төлж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар ялыг хөнгөрүүлэн оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Бид 3 (гурав) жил, 5 (тав) сарын хугацаагаар хорих ял оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бид оногдуулсан 3 (гурав) жил, 5 (тав) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.
3.Гэм хор, хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хэрэгт хохирогч Г.Д нь Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 237,450 (хоёр зуун гучин долоон мянга дөрвөн зуун тавь) төгрөгийн баримт /хх-ийн 108 дугаар хуудас/ авагдсан, хохирогчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүх хуралдаанд 2,515,767 (хоёр сая таван зуун арван таван мянга долоон зуун жаран долоо) төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн байна. Шүүгдэгч Д.Боос хохирогч Г.Дд баримтаар нийт 4,165,000 (дөрвөн сая нэг зуун жаран таван мянга) төгрөг төлжээ.
Хохирогч Г.Дгийн цаашид гарах энэ гэмт хэргийн хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.
4. Бусад асуудлаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Б 5 (тав) хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Д.Боос хохирогчид баримтаар нийт 4,165,000 (дөрвөн сая нэг зуун жаран таван мянга) төгрөг төлсөн, хохирогч Г.Дгийн эрүүл мэндэд энэ гэмт хэргийн улмаас цаашид учирч болох хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Агар нэртэй архины шил 1 ширхэг, Сэнгүр нэртэй 2,5 литрийн хэмжээтэй 2 ширхэг пивоны сав, нийт урт 29.5 см урттай ажлын хэсэг 17 см бариул 12,5 см урттай хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч В овгийн Дийн Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Бид 3 (гурав) жил, 5 (тав) сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бид оногдуулсан 3 (гурав) жил, 5 (тав) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийн цагдан хоригдсон 5 (тав) хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6.Шүүгдэгч Д.Б хохиролд 4,165,000 (дөрвөн сая нэг зуун жаран таван мянга) төгрөг төлсөн, хохирогч Г.Дгийн эмчилгээ сувилгаатай холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Агар нэртэй архины шил 1 ширхэг, Сэнгүр нэртэй 2,5 литрийн хэмжээтэй 2 ширхэг пивоны сав, нийт урт 29.5 см урттай ажлын хэсэг 17 см, бариул 12,5 см урттай хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Бид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР
ШҮҮГЧИД Г.МӨНХТУЛГА
Ч.МӨНХТУЯА