Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,

Улсын яллагч Ө.Манзушир,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан,

Шүүгдэгч Ж.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Д овгийн Ж-ийн Э-д холбогдох 2416000000047 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 05-ны өдөр **** аймгийн *** суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт **** аймгийн *** сум, *** оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ДВ**** регистрийн дугаартай, Д овгийн Ж-н Э

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Ж.Э нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын төв 1-р багт 2024 оны 02 дугаар сарын 19-ны оройн 19 цаг 43 минутын үед *** улсын дугаартай приус-10 маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

 

          Гэрч С.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...би 2024 оны 02 дугаар сарын 19-ний оройн 19 цаг 43 минутын үед Бигэр сумын төв гудамжинд эргүүлийн үүргээ гүйцэтгэж явж байхад саарал өнгийн приус-10 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байхад нь зогсоож шалгахад Ж овогтой Э гэх хүн тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь илтэд мэдэгдэж байсан тул сумын цагдаагийн хэсэг дээр авч ирж 68.20 маркийн драгер багажаар үлээлгэхэд 0.29% согтолттой байсан болохоор тэмдэглэл үйлдэж бүртгэлд оруулан тээврийн хэрэгслийг түр саатуулсан. Би тухайн үед ганцаараа үүрэг гүйцэтгэж байсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 28-29 дүгээр тал/,

 

Зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай эрх бүхий албан тушаалтны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Физик-химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ, /хх-ийн 3-5 дугаар тал/,

          Ж.Э нь 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “АВ” ангиллын ***** дугаартай эрхийн үнэмлэхээ зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар хасуулсан тухай Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын асап сангийн лавлагаа, захиргааны зөрчлийн шийтгэлийн хуудаснууд,/хх-ийн 10-13 дугаар тал/,

 

Зөрчлийн 233/314 дугаартай хялбаршуулсан журмаар зөрчил шалгасан шийдвэрлэсэн материалд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 14-25 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон гэж дүгнэв.

 

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

 

Мөн “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг мөн, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор хуульчилсан тайлбарыг хийжээ.

 

Энэ нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд урьд өмнө нь адил үндэслэлээр шийтгэл хүлээж эрхээ хасуулсан тохиолдолд хамаарна. Шүүгдэгч Ж.Э нь 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодох зөрчил үйлдэн 1 жилийн хугацаагаар АВ ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан тул түүний энэ удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангана гэж шүүх дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Ж.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (Нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 (Зургаа) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (Нэг) жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 6 (Зургаа) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д овгийн Жийн Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар 1 дэх хэсгийн зүйлийн 1.1-д заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (Нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 (Зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаанд шүүгдэгч Ж.Эт хүлээлгэсүгэй.

 

4.Тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Ж.Эт сануулсугай.

 

          5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ЭНХБААТАР