Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 111/ШШ2022/0014

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа би, С.Цэдэвийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргад холбогдох “Баацагаан сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/81 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, 2021 оны 6 сарын 14-ний өдөр явагдсан Хэрсэнгийн усалгаатай тариалангийн 20 га газрын дуудлага худалдааг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Цэдэв шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “Нэхэмжлэгч С.Цэдэв миний бие тус шүүхэд “2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр явагдсан Хэрсэнгийн усалгаатай тариалангийн 20 га газрын дуудлага худалдааг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч С.Энхтөр нь 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч надтай Баацагаан сумын 6 дугаар багт байрлах Хэрсэнгийн тариалангийн 20 га газрыг иргэн С.Цэдэвт эзэмшүүлэх талаар амаар харилцан тохирч, мөн маргаан бүхий дуудлага худалдаанд ялагч болсон Б.Оюунгэрэлд дээрх газраас өөр газрыг 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/20 дугаартай захирамжаар олгож, иргэн Б.Оюунгэрэл нь хүлээн зөвшөөрч маргаан бүхий газарт ямар нэгэн маргаан үүсгэхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч миний бие тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Цэдэв тус шүүхэд хандан “Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/81 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, 2021 оны 6 сарын 14-ний өдөр явагдсан Хэрсэнгийн усалгаатай тариалангийн 20 га газрын дуудлага худалдааг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргад холбогдуулан гаргасан.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Цэдэв нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан болохоо илэрхийлсэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч С.Цэдэв нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/81 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, 2021 оны 6 сарын 14-ний өдөр явагдсан Хэрсэнгийн усалгаатай тариалангийн 20 га газрын дуудлага худалдааг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн үнийн дүнгийн 50 хувь буюу 35100 төгрөгийг буцаан олгосугай.

Хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ    Ц.СУВДМАА