Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2017/0025

 

Ц.Алтангэрэл, Э.Октябрь, Д.Далайбаяр нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Ц.Алтангэрэл, Д.Далайбаяр, нэхэмжлэгч Э.Октябрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өнөржаргал, Х.Энхцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Жаргалсайхан нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 684 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Алтангэрэл, Э.Октябрь, Д.Далайбаяр нарын нэхэмжлэлтэй, Стандартчилал, хэмжил зүйн газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 684 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Алтангэрэл, Э.Октябрь нарын гаргасан “Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03 дугаар тушаалын Ц.Алтангэрэл, Э.Октябрь нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг ханган, Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/13 дугаар тушаалын Д.Далайбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Алтангэрэл, Э.Октябрь, Д.Далайбаяр нарыг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд томилохыг Стандартчилал, хэмжил зүйн газрын даргад даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан 2015 оны 01 дүгээр сарын 10, 01 дүгээр сарын 20-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох Ц.Алтангэрэлд 11126591,26 /Арван нэгэн сая нэг зуун хорин зургаан мянга таван зуун ерэн нэг/ төгрөгийг, Э.Октябрьт 10839487,78 /Арван сая найман зуун гучин есөн мянга дөрвөн зуун наян долоо/ төгрөгийг, Д.Далайбаярт 12727995,58 /Арван хоёр сая долоон зуун хорин долоон мянга есөн зуун ерэн тав/ төгрөгийг тус тус олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Стандартчилал, хэмжил зүйн газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Шүүх хэт нэг талыг барьж нэхэмжлэгч талд шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Шүүх нөхөн олговор олгохоор шийдвэрлэж, үнэлж болох мөнгөн дүнгээр тооцож болох нэхэмжлэлийн шаардлага хангагдсан байхад улсын тэмдэгтийн хураамж нөхөн гаргуулах асуудлыг орхигдуулсан. Тус газар нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Төсвийн тухай хууль, Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолыг агентлагын түвшинд хэрэгжүүлэх үүрэг хүлээж, газрын даргын тушаалаар комисс байгуулагдаж, дүгнэлтийг ажлын үр дүн, ур чадвар, мэргэшлийн түвшин, ажлын дадлага туршлага, ажилласан жил зэргийг харгалзан үзэж, түүнчлэн нэгжийн даргын саналыг тусгаж албан хаагчдын хувийн хэрэгт авагдсан дүн мэдээ, үйл ажиллагааны үр дүнгийн гэрээний дүнг тус тус үндэслэн цомхотгож ажлаас чөлөөлсөн. Газрын даргын 2015 оны Б/03 дугаар тушаалын Ц.Алтангэрэл, Э.Октябрь нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь энэ тушаал хууль зүйн хувьд үндэслэлтэй, ажлаас чөлөөлөгдсөн нь хуульд нийцсэн болохыг шүүх өөрөө тогтоосон. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 505 дугаар магадлалд нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлөх санал гаргасан гэх ажлын хэсгийн гишүүд, хариуцсан нэгжийн дарга нарын тайлбар, шаардлагатай бол гэрчээр асуух зэрэг ажиллагааг зайлшгүй хийхийг даалгаад хэргийг буцаасан байхад энэ ажиллагааг шүүх хийгээгүй. Шүүхээс Газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар “Комисс байгуулах тухай” шийдвэр гарсныг тогтоосон. Энэхүү тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-ыг баримтлан сонгон шалгаруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдох тул хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй болох нь нотлогдоно.  Шүүхээс бүтцийн өөрчлөлтөөр орон тоо хасагдаагүй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасны дагуу албан хаагчдад тэтгэмж олгосон нь буруу гэж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хуулийн 27.2.4 дэх заалтад “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд .....6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасны дагуу орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдад тэтгэмж олгосон. Шүүхээс Ц.Алтангэрэл, Э.Октябрь нарын ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах гэсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн захиргаанд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж чөлөөтэй байсан Д.Далайбаярыг эгүүлэн томилоогүй, томилоогүй хугацаанаас хойш ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Далайбаярыг ажилд томилох боломжгүй. Тодруулбал, бүтэц зохион байгуулалтаар орон тоо хасагдсан, цалингийн сан байхгүй байна. Ажил олгогч сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрхтэй байхаар Төрийн албаны тухай хуульд заасан байхад ажил олгогч Д.Далайбаярыг ажилд нь томилоогүй учраас ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулна гэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх шийдвэртээ зөвхөн Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийг баримталж шийдвэрлэж байгаа нь өрөөсгөл талтай байна. Иймд хэргийг дахин хянан үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц.Алтангэрэл, Д.Далайбаяр, Э.Октябрь нар нь Стандартчилал, хэмжил зүйн газрын даргад холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03 дугаар тушаалын Ц.Алтангэрэл, Э.Октябрь нарт холбогдох хэсэг, 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/13 дугаар тушаалын Д.Далайбаярт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах”-ыг хүссэн шаардлага гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/05 дугаар тушаалын Ц.Алтангэрэл, Э.Октябрь нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Анхан шатны шүүх Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03, Б/05 дугаар тушаалын Ц.Алтангэрэл, Э.Октябрь нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын талаар үндэслэл бүхий  дүгнэлт хийсэн байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Б/05 дугаар тушаалын Ц.Алтангэрэл, Э.Октябрь нарт холбогдох хэсгийг хэрхэн яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхигдуулсан, нөхөн олговорын үнийн дүнг зөв тооцоогүй, удирдлага болгосон хуулийн заалтыг буруу бичсэн, Д.Далайбаярын нэхэмжлэлийн зарим шаардлагын тухайд хууль буруу хэрэглэж хангаж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ц.Алтангэрэл, Э.Октябрь нарын нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Маргаан бүхий Стандартчилал хэмжил зүйн газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдыг томилох, чөлөөлөгдсөн албан хаагчдад тэтгэмж олгох тухай” Б/05 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар Ц.Алтангэрэлийг Стандартчилал, техникийн зохицуулалтын хэлтсийн мэргэжилтний үүрэгт ажлаас, Э.Октябрийг Хяналт-шинжилгээ, үнэлгээний албаны мэргэжилтний үүрэгт ажлаас тус тус чөлөөлж 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний  буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн байх ба уг тушаалд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4, 8.3.5, 8.4, Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар сайдын 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаар тушаал, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоол зэргийг баримталжээ.

Төрийн албаны тухай хуулиар нарийвчлан зохицуулсан зохицуулалт байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэх шаардлагагүй бөгөөд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах” гэж заасныг агентлагийн даргын ерөнхий эрх хэмжээг тодорхойлсон зохицуулалт гэж үзэх ба энэ эрхээ хэрэгжүүлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг мөрдөж ажиллах үүрэгтэй.

Гэтэл маргаан бүхий дээрх тушаал Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасантай нийцээгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан  “...орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасныг хэрэгжүүлэхдээ 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар тус газрын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах чиг үүрэг бүхий комисс байгуулсан байх ба уг комисс нь цомхтголд орох албан хаагчид болон цомхотгох үндэслэлийн талаар санал дүгнэлт гаргахдаа дээрх хуулийн зохицуулалтыг бодитойгоор баримталж ажилласан гэж үзэх боломжгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Ц.Алтангэрэлийн тухайд түүний ажиллаж байсан Стандартчилал, техникийн зохицуулалтын хэлтэс нь дарга, ахлах мэргэжилтэн-4, мэргэжилтэн-9 байсныг дарга, ахлах мэргэжилтэн-5, мэргэжилтэн-7 болгож өөрчилсөн байх ба энэ тохиолдолд ажлын байрны тодорхойлолтоор адил чиг үүрэг бүхий 9 мэргэжилтний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа 7 мэргэжилтнийг шалгаруулж авах үүрэгтэй.

Гэтэл тус хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан С.Соронзонболдтой “ажлын байрны давхардалтай” буюу адилхан нефть, хийн хадгалалт тээвэрлэлтийн инженер мэргэжилтэй гэх үндэслэлээр Ц.Алтангэрэлийг цомхтголд оруулсан байх ба Стандартчилал, техникийн зохицуулалтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс ажлын хэсэгт гаргасан саналдаа мөн ахлах мэргэжилтэн  С.Соронзонболдтой ажлын туршлага, мэргэжил, мэргэшил, ур чадвар, ажлын үр дүнг харгалзан харьцуулалт хийснийг “тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг” шалгаруулсан гэж үзэх боломжгүй юм.

Хэдийгээр Ц.Алтангэрэлийн үр дүнгийн гэрээний сүүлийн 2 жилийн үнэлэгдсэн байдал бусад мэргэжилтний үнэлгээтэй харьцуулахад бага байгаа ч гагцхүү үр дүнгийн гэрээний үнэлэгдсэн байдлаар дүгнэх бус тухайн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод /1-р хавтас 64/ заасан мэргэшил, туршлага, ур чадвар, тусгай шаардлагыг хэн, хэрхэн хамгийн сайн хангаж байгааг бодит байдалд нийцүүлэн дүгнэх шаардлагатай бөгөөд уг хэлтэст ажиллаж байсан мэргэжилтэн П.Долгормааг өөрчлөн байгуулагдсан Хяналт шинжилгээ үнэлгээний газарт мэргэжилтнээр шилжүүлж, гагцхүү Ц.Алтангэрэл цомхотголд орсон нь төрийн албанд баримтлах шударга ёс, тэгш байдлын зарчим хэрэгжсэн гэхэд учир дутагдалтай байна.

Иймд адил чиг үүрэг бүхий 9 мэргэжилтнийг хуульд заасан арга хэлбэрээр шалгаруулсан гэж үзэхгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан ажиллагаа хийгдээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Э.Октябрийн тухайд, түүний ажиллаж байсан Хяналт-шинжилгээ, үнэлгээний алба нь дарга, мэргэжилтэн-3 байсныг дарга, мэргэжилтэн-3, ахлах мэргэжилтэн-1, дотоод аудитор-1, хэвлэлийн ажилтан-1 болгож өөрчилсөн байх ба тус албанд ажиллаж байсан адил чиг үүрэг бүхий 3 мэргэжилтэнийг шалгаруулж “мэргэжлийн хувьд давхардсан, ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй” гэх үндэслэлээр цомхотголд оруулсан нь ойлгомжгүй байна.

Учир нь Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын мэргэжилтэний ажлын байрны тодорхойлолтод /1-р хавтас 59/ ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага нь нийгмийн болон байгалийн ухааны мэргэжил заасан атлаа дээрх 3 албан хаагч адилхан “эрх зүйч” мэргэжил эзэмшсэн атал Э.Октябрийг “хуульч болж мэргэшээгүй” гэх үндэслэлээр цомхотголд оруулахаар албаны даргаас гаргасан саналыг дэмжсэн, гагцхүү үр дүнгийн гэрээний үнэлэгдсэн байдлаар Э.Эрдэнэцэцэг /ажилласан хугацаагаар бага/, Б.Ууганбаяр нарыг шалгаруулсаныг зөв гэж үзэх боломжгүй.

Төрийн захиргааны албан хаагч нар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан эсэх нь үүрэгт ажилтай нь хамааралгүй бөгөөд цомхотголд оруулсан үндэслэл болох “ажлын байранд тавигдах шаардлага хангахгүй” гэдэг нь баримтаар нотлогдоогүй, адил чиг үүрэг бүхий албан хаагчдын давуутай болон дутагдалтай байдлыг хэрхэн үнэлж сонгосон, үнэлгээг хэрхэн өгсөн зэрэг нь тодорхойгүй байгаа тул мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан шалгаруулах ажиллагаа үнэн зөв явагдсан гэж үзэхгүй, энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.

Ийнхүү Ц.Алтангэрэл, Э.Октябрь нарыг ажлаас чөлөөлсөн Стандартчилал хэмжил зүйн газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/05 дугаар тушаалын холбогдох хэсэг хуулийн шаардлага хангаагүй байх тул хүчингүй болгох үндэслэлтэй бөгөөд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгахыг хүссэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэнтэй нийцжээ.

Харин шүүх нэхэмжлэгч нар эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахыг хүссэн шаардлага гаргаагүй байхад уг шаардлагыг шийдвэрлэсэн, ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой шаардлага гаргаагүй байхад энэ талаар дүгнэлт хийсэн нь буруу бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорын үнийн дүнгээс Б/05 дугаар тушаалаар Ц.Алтангэрэл, Э.Октябрь нарт олгосон 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг хасч тооцон олгогдвол зохих үнийн дүнг тогтоогоогүй байх тул зөвтгөж Ц.Алтангэрэлд 7.617.082 төгрөг /547.759:21,2= 25.838х422хоног= 10.903.636-3.286.554= 7.617.082/, Э.Октябрьт 6.940.148 төгрөг /533.625:21,2= 25.171х422 хоног= 10.622.162-3.682.014= 6.940.148/ тус тус олгох нь зүйтэй. /нэхэмжлэгч  Э.Октябрь сарын үндсэн цалингийн хэмжээнд маргаагүй тул шүүхийн шийдвэрт дурдсан дүнгээр тооцсон болно/

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлага нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг дагалдаж гардаг учраас улсын тэмдэгтийн хураамж тооцдоггүй, энэ талаар хариуцагчаас гаргасан “мөнгөн дүнгээр тооцож болох нэхэмжлэлийн шаардлага хангагдсан байхад улсын тэмдэгтийн хураамж нөхөн гаргуулах асуудлыг орхигдуулсан” гэх гомдол үндэсгүй, мөн хариуцсан нэгжийн дарга нарын ажлын хэсэгт гаргасан санал хэрэгт авагдсан байх тул тэднийг гэрчээр асуух шаардлагагүй, хариуцагчийн “гэрчээр асуух ажиллагааг шүүх хийгээгүй” гэх гомдлыг хангах боломжгүй.

Нэхэмжлэгч Д.Далайбаярын нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

           Нэхэмжлэгч Д.Далайбаяр нь тус газрын Хэмжил зүйн хэлтсийн Механикийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лабораторийн улсын шалгагчаар ажиллаж байсан бөгөөд Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т заасныг баримтлан 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар үүрэгт ажлаас нь түр чөлөөлжээ.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, … төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно”, 17 дугаар зүйлийн 17.15-д “Төрийн албаны төв байгууллага нь төрийн албаны бэлтгэл нөөцийн нэгдсэн санг эрхэлж, төрийн жинхэнэ албаны сул орон тоог төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын захиалгын үндсэн дээр нөхөх үйл ажиллагааг зохицуулан зохион байгуулна” гэж заасан бөгөөд төрийн албаны нөөцөд байгаад тооцогдох Д.Далайбаяр нь сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагын захиалгын үндсэн дээр Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон дүрэм журмын дагуу эргээд төрийн албанд орох харилцаа зохицуулагдах учиртай.

Гэтэл төрийн албанаас чөлөөлөгдсөн албан хаагчийг Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар ажлаас дахин чөлөөлсөн нь ойлгомжгүй, уг захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй илт хууль бус акт байхад шүүх “ижил албан тушаал эрхэлж байсан 6 албан хаагчтай харьцуулан сонгон шалгаруулалтад оролцуулаагүй” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь буруу боловч нэхэмжлэгч дээрх захиргааны актыг хүчингүй болгохыг хүссэн шаардлага гаргаж, уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болно.

Зүй нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан шалгаруулалт тухайн тохиолдолд ажиллаж байгаа адил чиг үүрэг бүхий албан хаагчдад хамааралтай бөгөөд Д.Далайбаярыг тэдэнтэй адилтган үзэж шалгаруулалтад оролцуулах боломжгүй юм.

Нэхэмжлэгч Д.Далайбаяр “албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй”-тэй холбоотой шаардлага гаргаагүйг дурьдах нь зүйтэй.

Харин Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/13 дугаар тушаалын Д.Далайбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгосноор ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болж чадахгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 684 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн удирдлага болгосон заалтад баримталсан “103.3.4, 103.3.13” гэснийг “106.3.1, 106.3.13” гэж,

1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 23 дугаар зүйлийн 23.5, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Алтангэрэл, Э.Октябрь, Д.Далайбаяр нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/05 дугаар тушаалын Ц.Алтангэрэл, Э.Октябрь нарт холбогдох хэсэг, 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/13 дугаар тушаалын Д.Далайбаярт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгон, Ц.Алтангэрэлийг Стандартчилал, техникийн зохицуулалтын газрын мэргэжилтний, Э.Октябрийг Хяналт, шинжилгээ үнэлгээний газрын мэргэжилтний ажилд тус тус эгүүлэн тогтоож, Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03 дугаар тушаалын Ц.Алтангэрэл, Э.Октябрь нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Д.Далайбаярын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах,  нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,  2 дахь заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан  ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт Ц.Алтангэрэлд 7.617.082 /долоон сая зургаан зуун арван долоон мянга наян хоёр/ төгрөг, Э.Октябрьт 6.940.148 /зургаан сая есөн зуун дөчин мянга нэг зуун дөчин найм/ төгрөг тус тус олгож нийгмийн даатгалын дэвтэрт нь зохих бичилт хийхийг Стандартчилал, хэмжил зүйн газарт даалгасугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.                                 

ШҮҮГЧ                                                              Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                    Э.ЗОРИГТБААТАР  

ШҮҮГЧ                                                    О.НОМУУЛИН