Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2017/0068/З |
Дугаар | 314 |
Огноо | 2017-09-25 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 314
“М н р и к” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0324 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0435 дугаар магадлалтай, “М н р и к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0324 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай 2006 оны хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “ХV-009819, ХV-009821 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах “М н р и к” ХХК-ийн өргөдлийг хүлээн авахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдлийг зохих журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж, XV-009821 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас 546.3 гектар талбайг, XV-009819 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас 1928.56 гектар талбайг хүчингүй болгож бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “бүртгэлийг хүчин төгөлдөр болгохыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.
Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0435 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0324 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М н р и к” ХХК-ийн “М н р и к” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай XV-009819, XV-009821 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхийг даалгах, XV-009821 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас 546.3 гектар талбайг, XV-009819 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас 1928.56 гектар талбайг хүчингүй болгож бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, бүртгэлийг хүчин төгөлдөр болгохыг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасан байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0435 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
1. Хэрэглэх ёсгүй хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн тухай.
А. Давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтыг хэрэглэн “...хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд гаргаагүй...” гэж дүгнэсэн. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “...тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө” гэж хуулийн хугацааг тодорхойлсон. Мөн хариуцагчийн зүгээс энэхүү хуулийн хугацаа буюу 2014 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 1 сарын өмнө өргөдлөө гаргах үүрэгтэй гэж маргадаг. Тэгвэл энэхүү хэрэгт уг зохицуулалт нь хэрэглэх ёсгүй хуулийн зохицуулалт байсан болохыг товч тайлбарлавал,
Дээр дурдсан 2014 оны 5 дугаар сарын үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн дагуу 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь хэсэгт 2 удаа сунгуулах зохицуулалттай байсан бөгөөд нэхэмжлэгч өмнө нь 2 удаа сунгуулсан байсан тул хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийн дагуу ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах хүсэлт гаргасан.
2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1-д “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тухайн үед мөрдөж байсан хууль тогтоомжийн дагуу байгуулсан ашиглалтын өмнөх гэрээг 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын хугацаанд уг хуульд заасан журмын дагуу шинэчлэн бүртгэж, гэрээний хугацаанд хүчинтэйд тооцож тухайн үед мөрдөж байсан хуулийн дагуу төлбөр төлнө” гэсэн шинэ зохицуулалтын хүрээнд зохицуулагдаж байсан болно. Харин ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах хүсэлтээ өгсөн хэдий ч гэрээ нь байгуулагдаагүй байхад хуулийн нэмэлт өөрчлөлт үйлчилж эхэлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг хэрхэн сунгах, эсхүл ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээгээ байгуулах эсэх талаар тодорхой зохицуулалтгүй байсан.
Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт заасан хууль хэрэглээний зарчим буюу ерөнхий зохицуулалтыг хэрэглэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бүрэн үндэслэлтэй. Тухайлбал, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Тусгай зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол анх олгосон хугацаанаас нь доошгүй хугацаагаар сунгаж болно”, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “...ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” гэж тус тус заасныг үндэслэхээр байна.
Хариуцагч байгууллагаас хуулийн дээрх тодорхой бус байдлыг 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Ашигт малтмалын газрын даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж нөөцөө батлуулсан аж ахуйн нэгжүүд ашиглалтын тусгай зөвшөөрөл авах мөн хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах эрхтэй болохыг мэдэгдсэн. Энэ тохиолдолд мэдэгдсэн талаарх баримтыг нэхэмжлэгчид дээр дурдсан ерөнхий зохицуулалтын дагуу сунгуулах эрх олгосон баримт бичиг, нотлох баримт болох талаас нь бодитоор үнэлэх шаардлагатай.
Б. Нөгөөтэйгүүр Ашигт малтмалын тухай хуулийн сунгуулах эрх олгосон зохицуулалтуудыг явцууруулан буруу тайлбарлаж хэрэглэн, нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан гэж үзэж байна. Нэгэнт хуулийн хугацаа буюу 1 сарын өмнө өргөдөл гаргах зохицуулалтыг шууд хэрэглэх боломжгүй болох нь тодорхой байх тул энэ тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн уялдаа холбоо бүхий ерөнхий зохицуулалт болох 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “...жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” зэрэг эрх олгосон заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бүрэн боломжтой.
Тодруулбал, хугацаа сунгуулах өргөдлийг маргаан үүссэн үе буюу 2016 оны 11 дүгээр сард гаргахаар хандаж байгаа нь үндэслэлтэй эсэх, өмнө нь гаргах хууль зүйн болон бодит боломж байсан эсэх зэргийг харгалзан үзэж дүгнэлт хийх нь зүйтэй. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан тодорхой, зайлшгүй нөхцөл байдал, шалтгаануудын улмаас хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдөл гаргаж байгаагүй болох нь хангалттай нотлогдож байхад тэрхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй “мэдэгдэж байсан тул тэр үед өргөдлөө гаргах ёстой байсан”, “хуулийн хугацаанд өргөдлөө гаргаагүй” гэх агуулгаар тайлбарлаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоож чадсангүй гэх дүгнэлтэд хүргэж байна.
Нэхэмжлэл болон анхан шатны шүүхийн шийдвэрт үйл баримт, бодит нөхцөл байдал, тэдгээрийн хууль зүйн үндэслэлийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж нотлох баримтуудаар баталгаажуулсныг доорх байдлаар тоймлон тайлбарлав.
Ерөнхий эрх олгосон заалтыг зөвхөн өргөдөл гаргах хуулийн хугацаатай уялдуулан тайлбарлаж дээр дурдсан хэргийн бодит нөхцөл байдал, үйл баримтуудыг харгалзан үзэлгүйгээр хуулийг хэт явцууруулан буруу тайлбарлалаа.
Үйл баримт | Хугацаа | Үндэслэл | |
Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сунгуулах өргөдөл гаргах эсэх | 2014.05.18-аас өмнө | Ашигт малтмалын тухай хуулийн /2014.07.01-ээс өмнөх хууль/ 23 дугаар зүйлийн дагуу ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах хүсэлт гаргасан. | |
2014 оны 7 дугаар сарын 01-нд хууль батлагдсанаар сунгуулах өргөдөл гаргах эсэх | 2014.07.01-2014.12.22 | Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйл хүчингүй болж 21 дүгээр зүйлийн 21.1.5-д өөрчлөлт орсноор уг тусгай зөвшөөрлүүдийн хульд сунгуулах эсхүл ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах хууль зүйн боломж нээгдсэн. | |
Сунгуулах болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргах эрхтэй болохыг мэдэгдсэнээс хойш | 2014.10.09-2015.07.24 | Хуулиар олгогдсон боломж болон АМГ-аас мэдэгдсэний дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн бүтэн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргасан. Хайгуулын тусгай зөвшөөрлийн бүтэн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргасан тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах өргөдөл гаргах үндэслэл байхгүйн зэрэгцээ гэрч асуусан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ /2 дахь хавтас 16 дахь тал/ ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл өгсөн талбайд сунгуулах өргөдөл хүлээж авах боломжгүй талаар хэлсэн. Мөн нөөц тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гарах хүртэл буюу 2017.03.15 хүртэл өргөдөл хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсээр байсан болохыг анхаарах нь зүйтэй. | Ашигт малтмалын газрын даргын 2012.01.30-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн маргаантай байх хугацааны бүртгэл хөтлөх тухай” 69 дүгээр тушаалын 2-т заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх үүргийг /өргөдөл гаргах гэх мэт/ нөхөн биелүүлэхийг шаардах үндэслэлгүй. |
Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаснаас хойш | 2014.12.22-2015.07.24 | ||
Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хэрэг хянан шийдвэрлэж дуусах хүртэл | 2014.07.24-2016.02.05 | Ашигт малтмалын тухай хуулийн 64 дүгээр зүйл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь хэсгүүдэд заасан эрхээ хэрэгжүүлэн шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2, Ашигт малтмалын газрын даргын 2012.01.30-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн маргаантай байх хугацааны бүртгэл хөтлөх тухай” 69 дүгээр тушаалын 1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаснаар тухайн тусгай зөвшөөрлийн хувьд хийгдэх аливаа бүртгэл хөдөлгөөн болон өргөдөл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. | |
Шүүхийн шийдвэр гарснаар 2016 оны 11 сар хүртэл | 2016.03.05-2016.11 | Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгүүдэд заасан үүргийнхээ дагуу Ашигт малтмалын газраас өргөдлийг шийдвэрлэн мэдэгдэх үүрэгтэй байсан боловч дарга нь томилогдохгүй удсан, бүтцийн өөрчлөлт хийсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас мэдэгдэж чадаагүй талаар хариуцагч тайлбарладаг. |
2. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухай.
А. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь “М н р и к” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах эрхтэйг ... ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хянан шийдвэрлэх хугацаа дууссан гэж тус тус мэдэгдэж байсан тул хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй” гэж дүгнэхдээ дараах нөхцөл байдал, хууль эрх зүйн зохицуулалтыг харгалзан үзсэнгүй.
Тухайн үед /одоо мөн адил/ нэхэмжлэгчийн зүгээс хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаагаа сунгуулах эрхтэй байсан хэдий ч хайгуулын бүтэн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрхтэй гэж үзэж байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 64 дүгээр зүйл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь хэсгүүдэд заасан эрхээ хэрэгжүүлэн шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн болно. Өөрөөр хэлбэл, зөвхөн нөөц тогтоосон хэсэгтээ ашиглалтын тусгай зөвшөөрөл авна гэсэн хуулийн тодорхой заалт байхгүй тул уг асуудлаар маргаан үүсгэн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх асуудал нээлттэй бөгөөд энэхүү хугацаа, үйл баримтыг харгалзан үзэж дүгнэлт хийх шаардлагатай байна. Нэхэмжлэл гаргахаас өмнө нээлттэй байсан хэсэгчлэн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах эрх, шүүхэд хандан ашиглалтын тусгай зөвшөөрлийг ямар талбайд авах асуудлыг шийдвэрлүүлсний улмаас үгүй болсон мэт тайлбарыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх зөвтгөж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэх эрхийн агуулгад үл нийцнэ.
Товчоор хэлбэл, энэ тохиолдолд Ашигт малтмалын тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гомдол, нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх болон Ашигт малтмалын тухай хуулийн 21.1.5 дахь “... 3 удаа сунгуулах...” заалтыг маргаан шийдвэрлэхдээ харгалзан үзэж хэрэглэх ёстой байсан боловч хэрэглэсэнгүй.
Мөн хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дуусгавар болгон бүртгэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд халдсан захиргааны акт гаргасан. Энэхүү үйлдлийг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэлүүдийг дурдан заасан бөгөөд өнөөдрийг хүртэл 53.1 дэх хэсэгт заасан үндэслэл бий болоогүй байна. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болгох хууль зүйн үндэслэл байсан эсэхэд дүгнэлт хийлгүйгээр буюу Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 54, 56 зэрэг холбогдох зохицуулалтуудыг анхаарч хэрэглэлгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.
Б. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байна гэж үзэхдээ хэргийн бодит нөхцөл байдалд дүгнэлт хийж доор дурдсан хуулийн зохицуулалтуудыг мөн анхаарч хэрэглэх ёстой байсан.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэжээ. Нэхэмжлэгч 2016 оны 11 дүгээр сард Кадастрын хэлтэст ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлөө шинэчлэн гаргах үеэрээ хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө хамт өгөхөөр хандахад хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргах хуулийн хугацаа дууссан гэх үндэслэлээр хүлээж авахаас татгалзсан бөгөөд энэхүү үйлдэл нь хариуцагчийн тайлбар, гэрч /Ц.Б/ асуусан тэмдэглэл зэргээр хангалттай нотлогддог бөгөөд энэхүү үйлдэл нь өргөдлийг хүлээж авахаас татгалзаж, шийдвэрлэхгүй орхигдуулсан үйлдэл юм.
Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын даргад уг асуудлаар 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан гомдлыг шийдвэрлэж хариу ирүүлээгүй гэж үзнэ. Учир нь, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д зааснаар “өргөдөл, гомдлыг шийдвэрлэх” гэж өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж ... энэ хуульд заасан хугацаанд багтаан хариу өгөхийг ойлгохоор байна. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн албан бичгийн дугаар нь гомдлын хариу гэх боловч агуулгад гомдолд дурдагдсан асуудал огтоос тусгагдаагүй, харин ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдөл шийдвэрлэхтэй холбоотой мэдэгдэл байсан тул нэхэмжлэгчийн гомдлыг шийдвэрлэх үүргээ мөн хуульд заасан хугацаанд биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэж байна.
Эцэст нь нэхэмжлэгч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийн бүтэн талбайгаа өөрийн эзэмшилд хэвээр үлдээж цаашид ашиглахын тулд тусгай зөвшөөрлийн төлбөрийг бүтэн талбайд төлөх, хайгуулын бүтэн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахаасаа өмнө хайгуулын эрх олгосон баримт бичгийн хүчин төгөлдөр байлгах сунгуулах асуудлаар өргөдөл, хүсэлт гаргах зэргээр хайгуулын талбайг бүхэлд нь ашиглах хүсэл зорилгоо илэрхийлсээр ирсэн.
Гагцхүү хууль зүйн үндэслэл, бодит шалтгааны улмаас хугацаа сунгуулах өргөдөл гаргаж шийдвэрлүүлэх ажиллагаа хойшилсон бөгөөд энэхүү бодит нөхцөл байдалд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.
Ийнхүү бидний хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах өргөдлийг хүлээж авахгүй байгаагийн улмаас манай компанийн 8 жилийн хайгуулын ажил, хөдөлмөр хөрөнгө мөнгө, ажлын үр дүн үнэгүйдэж эдийн засгийн ихээхэн хохирол хүлээж буй компанийн нөхцөл байдал эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Ашигт малтмалын хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “...хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, …” гэснийг 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө нэхэмжлэгчийн зүгээс хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах үедээ уг нэмэлт, өөрчлөлтөөр хүчингүй болсон 23 дугаар зүйлийн дагуу ашиглалтын өмнөх гэрээ байгуулахаар хүсэлт гаргасан байсан тухайн цаг үеийн үйл баримтын хувьд хэрэглэх хууль зүйн болон бодит боломжгүй байжээ.
Гэвч Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсноос хойш хариуцагч захиргааны байгууллагын зүгээс нэхэмжлэгч “М н р и к” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах эрхтэй болох талаар удаа дараа мэдэгдэж байсан байна.
Хэдийгээр нэхэмжлэгчээс “хуулиар олгогдсон боломж болон Ашигт малтмалын газраас мэдэгдсэний дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн бүтэн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргасан, энэ тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах өргөдөл гаргах үндэслэл байхгүй...” гэж маргаж байгаа боловч Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэснээс үзвэл “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч” буюу уг эрхээ хадгалж буй этгээд, тодруулбал, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуусаагүй буюу түүнийгээ зохих журмын дагуу сунгуулсан, хуульд заасан хугацаанд төлбөрөө төлсөн, хуульд заасан хэмжээнээс багагүй зардал бүхий хайгуулын ажлыг жил бүр гүйцэтгэсэн этгээд /Ашигт малтмалын тухай хуулийн 22.1, 31.1/ л тухайн талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших хүсэлт гаргахаар байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйл хүчин төгөлдөр байх үед /2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө/ ашиглалтын өмнөх гэрээгээр орд ашиглаж эхлэх хүртэл буюу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш 3 хүртэлх жилийн хугацаанд гэрээ байгуулагч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлснөөр “хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших эрх”-ээ хадгалах боломжтой байсан байна.
Гэтэл хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор энэ боломж үгүй болсон тул Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1-д “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тухайн үед мөрдөж байсан хууль тогтоомжийн дагуу байгуулсан ашиглалтын өмнөх гэрээг 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын хугацаанд уг хуульд заасан журмын дагуу шинэчлэн бүртгэж, гэрээний хугацаанд хүчинтэйд тооцож тухайн үед мөрдөж байсан хуулийн дагуу төлбөр төлнө” гэжээ.
Харин гэрээ байгуулах хүсэлт гаргасан боловч гэрээ нь байгуулагдаагүй байсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын эрхийг хангах үүднээс хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах талаар удаа дараа мэдэгдсээр байтал тэрээр уг эрхээ хэрэгжүүлэлгүйгээр хайгуулын бүх талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлт гаргасан нь угтаа хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхгүй этгээд /тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуусгавар болсон/ ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших хүсэлт гаргасан байна. Иймд, энэхүү хууль зөрчсөн үйл баримтыг зөвтгөн хариуцагчийг буруутган, хуулийг нэхэмжлэгчид ашигтай байдлаар тайлбарлах боломжгүй юм.
Түүнчлэн, нэхэмжлэгчээс хайгуулын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан талбайдаа бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар маргаж шүүхээр шийдвэрлүүлсэн нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйтэй маргаж буй энэхүү маргааны үйл баримтаас өөр бөгөөд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, хугацаа сунгуулах харилцаа нь Ашигт малтмалын тухай хуулиар тус тусдаа зохицуулагдсан бие даасан ажиллагаа тул нэхэмжлэгч ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар шүүхэд хандсан нь түүний хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдөл гаргах боломжийг хязгаарлах, хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, цаашилбал Үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэх эрхийг хязгаарласан гэх үндэслэл болохгүй.
Нөгөөтэйгүүр, Ашигт малтмалын газраас мэдэгдсэний дагуу нэхэмжлэгч хайгуулын талбайдаа бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл, гомдол, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт нь тэрээр хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах бус харин ашиглалтын тусгай зөвшөөрлийг авах хүсэл зоригийг илэрхийлж байх тул нэхэмжлэгчээс “...Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “...жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” гэсэн эрх олгосон заалтыг баримтлан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бүрэн боломжтой байтал ерөнхий эрх олгосон заалтыг зөвхөн өргөдөл гаргах хуулийн хугацаатай уялдуулан тайлбарлаж хуулийг хэт явцууруулан буруу тайлбарлалаа” гэх утгатай гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь, нэхэмжлэгч хуульд заасан энэхүү эрхээ эдлэх бүрэн боломжтой байсан, энэ талаар хариуцагчаас удаа дараа мэдэгдсэн, гэтэл ашиглалтын тусгай зөвшөөрөл авсныхаа дараа үлдсэн талбайдаа Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.1-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах ёстой гэж шаардах хууль зүйн үндэслэлгүй юм. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.1-д заасан эрхийг мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан журмаар хэрэгжүүлнэ.
Иймээс давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг хуулийн хугацаанд гаргаагүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.
Мөн хариуцагчаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 813 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 114 дүгээр магадлалын дагуу нэхэмжлэгчийн өргөдлийг үндэслэн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 110 дугаар шийдвэрээр XV-009821 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас 435.22 гектар талбайд, XV-009819 дугаартай талбайгаас 137.77 талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож, үлдсэн талбайг дуусгавар болгон бүртгэж, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 7/1751, 7/1752 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоноос бусад талбайг дуусгавар болгож бүртгэснийг мэдэгдсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэх хуулийн зохицуулалттай нийцжээ.
Дээр дурдсаны дагуу давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хамааралтай хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0435 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ