Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 313

 

Г.Сэ-, А.Ам- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч А.Ам-гийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 110 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 384 дүгээр магадлалтай, 1711001160274 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалмаагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгүүлж байгаагүй Г.Сэ-,

2. Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгүүлж байгаагүй А.Ам-.

Г.Сэ-, А.Ам- нар нь 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Соёл урлагийн их сургуулийн урд талын зам дээр хохирогч Э.Тэ-ийг зодож, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Сэ-, А.Ам- нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж хөнгөн хохирол учруулсан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сэ-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч А.Ам-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд “А.Ам-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, А.Ам-ийг цагаатгаж, Г.Сэ-д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Г.Сэ-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн заалтуудыг нэмж, тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалмаа бичсэн эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн бүхэлд нь хянаж үзсэн атлаа хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй байна. Хавтаст хэрэгт цугларсан гэрч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн 8015 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Сэ-, А.Ам- нарын үйлдэл нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн тодорхой сэдэлттэй, тодорхой үр дүнд хүрэхийн тулд хувийн шинжтэй харилцааг үүсгэж маргалдсан гэх нөхцөл байдал мөрдөн байцаалтын шатанд тогтоогдоогүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Ам-гийн цохилтоос хохирогч Э.Тэ-д гэмтэл учраагүй, харин Г.Сэ-гийн цохилтоос хохирогчид хамар ясны хугарал бүхий хөнгөн гэмтэл учирсан нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон боловч шүүгдэгч А.Ам-, Г.Сэ- нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжгүй байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь хэдэн хүн гэмт халдлагад өртсөнийг илэрхийлэх тооны агуулгаар бус, харин гэмт этгээдийн олон нийтийг илтэд үл хүндэтгэж, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн хууль бус үйлдлийн улмаас бусдын амь нас, эрүүл мэнд хүний халдашгүй чөлөөтэй байх эрх ноцтой зөрчигдсөн, хүч хэрэглэж гэдэгт хүнийг зодох, бие эрхтэнд гэмтэл учруулах зэрэг биеийн хүч хэрэглэсэн аливаа үйлдлийг ойлгодог бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь  дээрх шинжийг агуулсан гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэж прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “...Хэрэгт цугларсан нотлох баримт болон гэмт хэргийн сэдэлт, зорилго зэргээс харахад анхан шатны шүүх хэргийг буруу зүйлчлэн шийдвэрлэсэн нь харагдаж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Ам-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Сэ-д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч А.Ам-гийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа хэлсэн саналдаа “А.Ам-гийн хувьд 1 өшиглөсөн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй болно. Давж заалдах шатны шүүх хэргийг хууль зүйн үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хяналтын прокурор Б.Байгалмаагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Г.Сэ-, А.Ам- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Г.Сэ-, А.Ам- нар 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Соёл урлагийн их сургуулийн урд талын зам дээр хохирогч Э.Тэ-тэй маргалдаж зодолдон, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулсан үйлдэл нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэм хэргийн шинжтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдал нийцээгүйн дээр Эрүүгийн хуулийн хэм хэмжээ, агуулгыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөн өөрчилж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар Г.Сэ-, А.Ам- нар нь хохирогч Э.Тэ-тэй хувийн шинжтэй маргаан үүсгэж, улмаар Г.Сэ- хохирогчийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн бөгөөд уг дүгнэлтийг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэж, няцаасан эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв сэргээн тогтоож, А.Ам-гийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, Г.Сэ-д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын прокурор Б.Байгалмаагийн хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 384 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалмаагийн хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                             ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                             ШҮҮГЧ                                                        С.БАТДЭЛГЭР

                                                                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                                                 Д.ГАНЗОРИГ

                                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН