Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/46

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,

Улсын яллагч Б.Түвшинтөр,

Шүүгдэгч М.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овгийн М-ын О-д холбогдох 2416000360054 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 08-ны өдөр **** аймгийн *** суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** ХХК-д жолооч, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт *** аймгийн *** сумын **** говь багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ДН**** регистрийн дугаартай, Х овгийн М-ын О,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.О нь согтуурсан үедээ *** аймгийн *** сум **** багт байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Г.Ч-ийг хэл амаар доромжилж, толгойг нь уургалан дарж хутга тулган ална гэж айлгаж, зугтах үед нь араас нь хөөж барьж аван үсдэж чирж хажуу хашаанаасаа өөрийнхөө хашаанд оруулан ирж түүний биед тархины хаван гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч М.О нь согтуурсан үедээ *** аймгийн *** сум *** багт байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Г.Чийг хэл амаар доромжилж, толгойг нь уургалан дарж хутга тулган ална гэж айлгаж, зугтах үед нь араас нь хөөж барьж аван үсдэж чирсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтын улмаас М.О нь Г.Ч-ийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тархины хаван бүхий хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч М.О гэм буруутай болох нь:

 

        Хохирогч Г.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2024 оны 01 дүгээр сарын 15-ны орой ээж А-ын гэрт хоёр хүүхдийн хамт унтаж амрах гээд байж байх үед гэрийн хаалга нэг хүн хүчтэй нүдээд байхаар нь ээж А хаалга нээж өгөхөд манай нөхөр М.О архи уусан согтуу гэрт орж ирсэн... О орон дээр хэвтэж байгаад намайг хэл амаар доромжлоод хувцсаа өмсөөд буцаж гарч явах гээд нөгөө гаргадаг догшин авираа гаргах гээд байсан болохоор би айгаад ээж Ад хандан та гадаа гараад Н эгчийг утсаар дуудчих М.О агсам тавих гээд байна гэхэд ээж гадаа гараад Н эгчийг утсаар дуудчихаад буцаад гэрт орж ирсэн. Н эгч орж ирээд М.Оыг юу болоод байгаа юм унтаж амар гэж загнахад М.О би гэртээ орж унтлаа гээд Н эгч дагуулаад ээжийн гэрээс гараад манай гэр рүү явсан. Н эгч М.Оын унтуулчихлаа гэж ээжийн гэрт орж ирэхэд М.О араас нь ирж ирээд намайг гэртээ ор гэсээр байгаад дагуулж гэрт ороход Н эгч дагаад манайд орж ирсэн... М.Оын хажууд орон дээр суусан чинь М.О миний толгойг нэг гараараа уургалж дараад нөгөө гараараа хөнжил дотроосоо хутга гаргаж ирээд намайг ална гэсэн тухайн үед нь би их айгаад М.Оын гараас нь мултраад гэрээс гараад ээжийн гэр рүү зугтаад Н эгч намайг гарч харайхад чи хүн аллаа гээд орилоод ард манай гэрт хоцорсон. Би ээжийн гэрт ороод хаалгыг нь дотроос нь түгжээд хоёр хүүхэд болон ээжийн хувцсыг өмсгөөд байж байхад М.О гэрийн гаднаас хаалга цохиод байсан. Бид нар хаалгаа нээхгүй байсан чинь гэр дээр гарч ирээд хаалганаас өөр орох газар байдаг юм шүү гээд тооноор орж ирэх гээд хөлөө тооноор оруулаад ирэхээр нь ээж болон манай хоёр хүүхэд гэрийн хаалгаар гараад тал тал тийшээ зугтаасан. Намайг хашаанаас гараад хамар хашааны хажууд гүйж байхад М.О миний араас хөөж ирээд намайг барьж аваад чамайг ална гээд миний үснээс гараараа чирээд манай манай хажуу талын хашаанаас манай хашаа хүртэл үсдэж чирсэн. Хашаанд орж ирэхэд Н эгч М.Оаас намайг салгах гээд зууралдаад би М.Оын гараас мултраад дахиад хамгийн ойрхон хамар хашааны айл руу тусламж гуйх гээд хажуу айлын хашаагаар ороод гэрийн хаалган дээр ирж байхад М.О араас хөөж ирээд яасан их зугтаадаг юм бэ чамайг ална гээд Д гэх айлын үүднээс миний цамцнаас чирээд хашаанд дотор авч ирсэн. Н эгч М.Оыг чи хүн аллаа миний дүү боль эсхүл эгч нь явлаа айж байна гэхэд М.О та байж бай найзынхаа охины үхэхийг харчхаад яв гээд хэлж байсан. Би тухайн үед их айсан байсан.М.О миний хаашаа юугаар яаж цохисныг санахгүй байна. Гудамж болон хашаан дотор намайг үсдээд чирээд яваад байсан. 2016 онд гэр бүл болоод хамт амьдарч эхэлснээс хойш архи уух болгондоо цохиж зоддог байсан. 2023 оны 10 дугаар сард гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг цохиж зодсон. 2023 оны 03 дугаар сард согтуу үедээ гэртээ намайг зодож байсан. 2021 оны хавар хэдэн сард байсныг нь би санахгүй байна сумын төвөөс 20-30 км хээр машинтай авч очиж хутга тулгаж айлган сүрдүүлсэн. 2021 оны зун хадам аав ээжийнд оччихоод буцаад сумын төв явах үедээ согтуу байхдаа хээр цохиж зодсон. 2020 оны намар гэртээ эрүүл архи уугаагүй байхдаа намайг цохиж зодож хутга барьж айлгаад уурандаа хутгаа гартаа базаад баруун гарын 4 хурууныхаа шөрмөсийг тасалж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-66-р хуудас/,

 

            Гэрч Н.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.О Чийг миний хажууд ирээд суучих гээд Ч М.Оын хажууд орон дээр суусан чинь М.О Чийн толгойг зүүн гараараа уургалж дараад баруун гараараа хөнжил дотроосоо хутга гаргаж ирээд Чийг ална гэсэн тухайн үед би М.Оаас Чийг салгаад Ч гэрээс гарч зугтаагаад ээжийнхээ гэр рүү орсон. М.О хутгаа бариад Чийг ална гээд араас нь явах гэхээр нь би М.Оыг явуулахгүй М.Отай ноцолдоод гараас нь хутгийг нь салгаж авсан. Тухайн үед би М.Оыг хорж дийлээгүй гаргаад явуулсан... М.О тооноор орно гээд гэр дээр нь гараад тооноор орж байхад гэр дотроос А, Ч нь хоёр хүүхдээ аваад гарч зугтаасан. Тэгсэн чинь М.О тооноор орж хаалгаар нь гараад Чийн араас нь хөөгөөд Чийг хамар хашаанаас барьж аваад үсдэж чирээд гэртээ ирсэн. Тухайн үед би салгах гээд салгаж чадахгүй М.Оыг чи хүн аллаа миний дүү боль гээд гуйгаад би явлаа айж байна гэхэд М.О та байж бай найзынхаа охины үхэхийг харчхаад яв гэсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 83-84-р хуудас/,

 

          Гэрч П.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.О, Н, Ч гурав гэр рүүгээ явсан. Удалгүй Ч М.О намайг аллаа гэж орилоод манай гэрт орж ирээд хаалга түгжээд хүүхдүүдээ хувцаслаарай явъя М.О алах юм байна гэсэн. Хувцсыг нь өмсгөөд байж байхад М.О гэрийн гаднаас хаалга цохиод хаалга тайлж өгөхгүй болохоор гэр дээр гарч хаалганаас өөр орох газар байдаг юм шүү гээд тооноор орж ирэх гээд хөлөө унжуулах үед нь бид хэд гараад зугтаасан. М.О гэрээс гарч ирээд манай охин Чийн араас гүйж ирээд Чийг барьж аваад үсдээд чирээд явсан...”гэх мэдүүлэг/хх-ийн 78-80-р хуудас/,

 

          Говь-Алтай аймаг шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Даваахүүгийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “...1. Г.Чийн биед гэмтлийн шалтгаант тархины хаван, баруун өвдгөнд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүдээс тархины хаван гэмтэл нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 3. Дээрх гэмтлүүд нь нэгээс дээш хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Тухайн гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд авсан байх боломжтой болно...” гэх 40 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 35-36-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч М.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

           Иймд М.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

          2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүхээс шүүгдэгч М.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасангэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 700 (Долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (Долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч М.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 (Долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (Долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч М.Оыг шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,  шүүгдэгч М.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдэв.

 

          3.Гэм хор, хохирлын талаар:

 

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Чийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоос гаргаж өгсөн “...сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгох шаардлагагүй. Надад учирсан хохирлыг М.О бүрэн барагдуулсан...” /хх-ийн 57-р хуудас/ гэх баримт хэрэгт авагдсан, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас гарсан зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн 1,420,350 (Нэг сая дөрвөн зуун хорин мянга гурван зуун тавь) төгрөгийг төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

4.Бусад асуудлаар:

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс Эрүүл мэндийн даатгалын санд 1,420,350 (Нэг сая дөрвөн зуун хорин мянга гурван зуун тавь) төгрөгийг төлсөн, шүүгдэгч М.О бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36,10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овгийн Мын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оад 700 (Долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (Долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-д оногдуулсан 700 (Долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (Долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч М.Оад мэдэгдсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мөнхдалайд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс Эрүүл мэндийн даатгалын санд 1,420,350 (Нэг сая дөрвөн зуун хорин мянга гурван зуун тавь) төгрөгийг төлсөн, шүүгдэгч М.О бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

 

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

          9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ЭНХБААТАР