Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 155/ШШ2021/00347

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 155/ШШ2021/00347

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 11-22 тоотод оршин суух, Боржигон овогт Нямсүрэнгийн Эрдэнэчимэг /РЭ77121109/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багт Бурхант хороолол 319 тоотод оршин суух, Боржигон овогт Дулмаагийн Отгонжаргал /РП84080819/-т холбогдох

Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч 155/2021/00208/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч Н.Эрдэнэчимэг, хариуцагч Д.Отгонжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Н.Эрдэнэчимэг нь Д.Отгонжаргалтай 2009 онд танилцаад 2010 онд охин Ганжаргал төрсөн.Бид 2 албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Гэр гэрээрээ ирэн очин амьдарч байсан. Охин гарснаас хойш таарч тохирохоо байж архи ууж охин бид хоёрыг тоохоо больсон.

Иймд Отгонжаргалын Ганжаргалын төрсөн эцгээр Д.Отгонжаргалыг тогтоож, хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Отгонжаргал шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Дулмаа овогтой Отгонжаргал нь Нямсүрэн овогтой Эрдэнэчимэгтэй 3 жил амьдарсан. Охин Ганжаргал миний охин мөн, хүлээн зөвшөөрч байна.Гэвч амьдарч байх хугацаандаа Отгонжаргал нь удаа дараа согтуу ирж бүр өглөө үүрээр орж ирэх нь олширсон учир бид хоёр салахаар шийдсэн.Удаа дараа охинд мөнгө хэрэгтэй гэж надаас мөнгө авсан боловч охинд маань өгөхгүй өөрөө архи уусан байсан.Тиймээс охиндоо 18 нас хүртэл нь хугацаатай хадгаламж нээгээд насанд хүрээд өөрөө тус мөнгийг авахаар шийдвэрлүүлмээр байна. Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөр ч байгаа. Хүүхдийн эцэг мөн биш гэдэг дээр маргах зүйл байхгүй. Тийм учраас хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзах зүйлгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Эрдэнэчимэг нь хариуцагч Д.Отгонжаргалд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас нэхэмжлэгч Н.Эрдэнэчимэг, хариуцагч Д.Отгонжаргал нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй 2009 онд үерхэн нөхөрлөж, тэдний дундаас 2010 оны 07 дугаар сарын 13-ны өдөр охин Э.Ганжаргал болох нь 2010 оны 07 дугаар сарын 22-ны өдөр бүртгэсэн 0404059-452 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн ...Эрдэнэчимэг овогтой Ганжаргал 2010 оны 7 дугаар сарын 13-нд хэвийн төрсөн, эрүүл бойжиж байна... гэх тодорхойлолт зэргээр нотлогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.

Зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Э.Ганжаргал нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.

учраас эцэг Д.Отгожаргал сар бүр тэтгэлэг гаргуулж, 2010 оны 7 дугаар сарын 13-ны өдөр охин Э.Ганжаргалыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд 2010 оны 7 дугаар сарын 13-ны өдөр охин Э.Ганжаргалын төрсөн эцэг нь Боржигон овогт Дулмаагийн Отгонжаргал /РП84080819/ мөн болохыг тогтоож, эцэг Д.Отгонжаргалаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Отгонжаргалаас 105,537 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2010 оны 7 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Э.Ганжаргалын төрсөн эцэг Боржигон овогт Дуламын Отгонжаргал /РЭ77121109/ мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 7 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Э.Ганжаргалыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Отгонжаргалаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105,537 /нэг зуун таван мянга таван зуун гучин долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Отгонжаргалаас 105,537 /нэг зуун таван мянга таван зуун гучин долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Эрдэнэчимэгт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН