Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2021/00264

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2021/00264

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багт оршин суух байнга хаягтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг, Хөх толгойн 13-02 тоотод түр оршин суух, Тэмээнийхэн овогт Бямбажавын Цэвэлмаа /РЭ-91050201/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багт байнга оршин суух, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багт түр оршин суух хаягтай Соёогийнхон овогт Буниажавын Ёндонсүрэн /РК-87122333/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Цэвэлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Миний бие Б.Цэвэлмаа нь нөхөр болох Б.Ёндонсүрэнтэй 2009 онд танилцан үерхэж дотносож байгаад тухайн ондоо гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Ингээд 2010 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хурим найраа хийж, гал голомтоо бадраан, айл гэр болон амьдарч эхэлсэн. Бидний хамтын амьдралын явцад 2010 оны 7 дугаар сарын 25-ны өдөр том хүү Ё.Мөнх-Оргил, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бага хүү Ё.Мөнх-Ундрах нар мэндэлсэн. Хамтын амьдралын эхний нэг жил бидний амьдрал баяр хөөр, аз жаргалаар дүүрэн байсан боловч хамтын амьдралын сүүлийн 9 жилийн хугацаанд нөхөр болох Б.Ёндонсүрэнгийн ааш зан эрс хувирч, эхнэр болох намайг өрөөл бусадтай хийх хоосон хардаж, сэрдэх нь ихсэж, улмаар бие махбодид минь халдаж, зодох, сэтгэл санааг минь зовоон тарчлаах зэрэг зүй бус балмад үйлдэл, авир гаргадаг болсноос шалтгаалан гэр бүлийн уур амьсгал хүйтэн хөндий харилцаатай болж эхэлсэн. Энэ шалтгааны улмаас манай гэр бүл байнгын хэрүүл маргаантай байх болж, улмаар энэ хүний болж бүтэхгүй бүхнийг цаашид тэвчиж амьдрах хүсэлгүй, дахин түүнд итгэх итгэлгүй болж эхэлсэн. Үүнээс улбаалан Б.Ёндонсүрэн нь эцэс сүүлдээ үр хүүхэд хань ижилдээ анхаарал халамж тавихгүй, гэр бүлийн хүчирхийлэгч нэгэн болсон. Миний хувьд гэр бүлээ бүтэн авч үлдэхийн төлөө эцсээ хүртэл тэмцэж ирсэн бөгөөд нөхөртэйгөө амьдралд тохиолдох энэ мэт бэрхшээлтэй асуудлыг хэрхэн давж гарах талаар удаа дараа ярилцах гэж хичээх бүрт, асуудлыг хэрүүл маргаан болгоод өнгөрөөдөг. Ингэж ойлголцохгүй байдалд орсон шалтгаан нь манай хадам талын хүмүүстэй холбоотой гэж боддог. Тодруулбал, хадам ээжийн төрсөн дүү гэх эмэгтэй манай гэр бүлийн дотоод асуудалд маш их орж, эхнэр нөхөр болох надад маш их шүүмжлэлтэй хандаж, маргаантай асуудал бүрт өөрийн дүү болох нөхрийг маань өмөөрч, намайг байж суухын аргагүй мухардмал байдалд оруулдаг юм.

...Б.Ёндонсүрэн бид хоёрын хамтын амьдралын явцад дараах эд хөрөнгө бий болсон. Үүнд:

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөх толгойн 13-02 тоотод байрлах 7х8-ын харьцаатай, өвлийн сууцтай хашаа, байшин, газрын хамтаар 16.000.000 төгрөгийн үнэлгээтэй, их таван ханатай монгол гэр-1.500.000 төгрөгийн үнэлгээтэй тус тус бий болно.Миний бие дээрх хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 17.500.000 төгрөгийн эд хөрөнгөөс өөрт болон 2 хүүхэддээ ногдох хэсэг болох 13.125.000 төгрөгийг нөхөр болох Б.Ёндонсүрэнгээс гаргуулах хүсэлтэй байна.

Иймд нөхөр Б.Ёндонсүрэн бид хоёр цаашид амьдрах ямар ч боломжгүй нөхцөл байдал үүссэнийг харгалзан үзэж, эвлэрэх хугацаа өгөхгүйгээр гэрлэлтийг цуцалж, 2 хүүхдийг минь миний асрамжид үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөн дундын эд хөрөнгөөс надад болон миний хоёр хүүхдэд ногдох хэсэг болох 13.125.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байгааг тус тус хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шийдвэрлэж өгөхийг хүсье... гэжээ.

Хариуцагч Б.Ёндонсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Миний бие Б.Ёндонсүрэн 1987 онд төрсөн. Эн ди Эч ХХК-д улирлын чанартай ажил хийдэг бөгөөд Б.Цэвэлмаатай амьдрах гэж амьдралаа өөд татахын төлөө хичээн Улаанбаатар хотод ажил хийж олсон хэдэн төгрөгөө гэр орон, эхнэр хүүхдээ тэжээн, хоол унд бэлдэн өдий хүрсэн билээ. 2010 оны 7 дугаар сарын 25-ны өдөр том хүү маань төрсөн. Улаанбаатар хотод ажил хийх хугацаанд 2013-2014 онд өөр хүнтэй явалдаж архи дарс ууж гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн бөгөөд тэр үед надаас уучлал гуйж буруу зөвөө ойлголцон, хүүхдээ бодон дахин эвлэрсэн билээ. 2017 онд 2 дахь хүү маань төрсөн. 2020 онд мөн өөр хүнтэй явалдаж гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж миний итгэл, хүч хөдөлмөр алдагдуулсан тул дахин эвлэрэх хүсэлгүй гэр бүлээ цуцлуулах саналтай байна. Хоёр хүүхдийн тухайд Б.Цэвэлмаа өөр дээрээ авна гэж байгаа боловч энэ хүн миний аав, ээж хоёрт хүүхдээ харуулан олон сараар алга болдог. Хүүхдүүддээ тавих анхаарал сул байдаг. Том хүүгээ миний бие өөрийн эцэг, эхийн хамт өсгөн хүмүүжүүлэх саналтай байна. Эд хөрөнгөө 4 тэнцүү хувааж авах саналтай байна. Миний хувьд эхнэрээ зодож хүчирхийлэл үзүүлж байсан юм огт байхгүй. Б.Цэвэлмаа нь гэр бүлээс гадуур өөр хүнтэй явалдсан, би энэ хүнд дахин итгэхгүй... гэжээ.

Нэхэмжлэгч Б.Цэвэлмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Бид ер нь ихэвлэн тусдаа амьдарч байсан. Ярилцаж ойлголцож чаддаггүй, байнгын хэрүүл маргаантай байдал, хардалт зэргээс болоод хадмын талаас амьдралд маань оролцдог болсон тул цаашдаа хамтран амьдрах сонирхолгүй болсон. Эвтэй найртай байх гэхээр болж бүтэхгүй маргалдаад байдаг.Бүр тусдаа амьдраад 8 сар болж байна. 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байна. Одоо шүүхээр гэрлэлтээ цуцлуулж, бага хүү Ё.Мөнх-Ундрахыг өөрийн асрамжид авч, том хүү Ё.Мөнх-Оргилыг аавынх нь асрамжид үлдээх хүсэлтэй байна. Хэн алинаасаа хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Эд хөрөнгийн хувьд хашаа байшингаа өөрөө авч үлдээд, Ёндонсүрэнд 5 ханатай гэр, хашаа байшингийн зөрүү үнэ 7.250.000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний дотор өгөхөөр бид эвлэрч эвлэрэлийн гэрээ байгуулсан... гэв.

Хариуцагч Б.Ёндонсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Бид хүүхдийн асрамж болон тэтгэлэг, хамтран өмчлөх дундын хөрөнгө дээрээ эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж тохиролцсон. Хоёр хүүхдээ нэг нэгээр нь өөрсдийн асрамждаа авч, хэн алинаасаа хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Хашаа байшинг эхнэр Б.Цэвэлмаа болон хүү Ё.Мөнх-Ундралд үлдээж, өөрт болон хүү Ё.Мөнх-Оргилд 5 ханатай гэр, хашаа байшингийн зөрүү үнэ 7.250.000 төгрөгийг Б.Цэвэлмаа 2022 оны 02 дугаар сарын 01-ний дотор надад өгөхөөр эвлэрсэн.Эвлэрэлийг баталж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, зөвшөөрч байна.Мөн бусад нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.Цаашид хамтран амьдрах боломжгүй гэв

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Цэвэлмаа нь хариуцагч С.Даваанямд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Зохигчид нь 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэр бүл болсон болох нь гэрлэлтийн лавлагаа, зохигчийн тайлбараар тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүсжээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд зэргээс үзвэл гэрлэгчид гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, мөн бие биедээ үнэнч байх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлтийг цуцлахгүй байх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэгч Б.Цэвэлмаа, хариуцагч Б.Ёндонсүрэн нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Тэдний дундаас 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүү Ё.Мөнх-Оргил төрсөн болох нь 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 115/000165 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа,

2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүү Ё.Мөнх-Ундрах нар төрсөн болох нь 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 115/000164 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, зэргээр нотлогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй болно.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх,...харилцан тохиролцож болно гэж заасан байх ба нэхэмжлэгч Б.Цэвэлмаа нь 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Ё.Мөнх-Оргил, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Ё.Мөнх-Ундрах нарыг өөрийн асрамжид үлдээхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч зохигч нар шүүх хуралдаанд хүү Ё.Мөнх-Ундрахыг эх Б.Цэвэлмаагийн асрамжид, хүү Ё.Мөнх-Оргилыг эцэг Б.Ёндонсүрэнгийн асрамжид авч, зохигч нь хэн хэнээсээ хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй байхаар тохиролцож, эвлэрэлийн гэрээ байгуулсан байх тул 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Ё.Мөнх-Оргилийг эцэг Б.Ёндонсүрэнгийн, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Ё.Мөнх-Ундрахыг эх Б.Цэвэлмаагын асрамжид тус тус үлдээж, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхээс татгалзсан гэснийг дурьдаж шийдвэрлэв.

Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлалаа.

Хамтран өмчлөх дундын 17.500.000 төгрөгийн эд хөрөнгөнөөс өөрт болон 2 хүүхэддээ 13.125.000 төгрөгийн ногдох хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б.Цэвэлмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөх толгойн 13-02 тоотод байрлах 7х8-ын харьцаатай, өвлийн сууцтай хашаа, байшин, газрын хамтаар 16.000.000 төгрөгийн үнэлгээтэй, их таван ханатай монгол гэр-1.500.000 төгрөгийн үнэлгээтэй тус тус бий болно. Миний бие дээрх хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 17.500.000 төгрөгийн эд хөрөнгөөс өөрт болон 2 хүүхдэдээ ногдох хэсэг болох 13.125.000 төгрөгийг нөхөр болох Б.Ёндонсүрэнгээс гаргуулахаар нэхэмжилсэн.

Гэвч шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нар нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө дээрээ эвлэрч байгаа тухай тайлбарыг гаргасан ба шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

Б.Цэвэлмаагийн нэхэмжлэлтэй Б.Ёндонсүрэнд холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч хариуцагч талууд харилцан тохиролцож дараах гэрээг байгуулав.

Үүнд:...Нэхэмжлэгч Б.Цэвэлмаа нь 16.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөх толгойн 13-02 тоотод байрлах 7х8 харьцаатай, өвлийн сууцтай хашаа, байшинг газрын хамтаар өөрт болон хүү Ё.Мөнх-Ундрах нарт үлдээж, Хариуцагч Б.Ёндонсүрэн нь 1.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий их таван ханатай монгол гэрийг өөрт болон хүү Ё.Мөнх-Оргилд үлдээв. Дээрх байдлаар тохиролцсонтой холбогдуулан хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн үнэлгээний зөрүү мөнгө болох 7.250.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Цэвэлмаагаас хариуцагч Б.Ёндонсүрэнд 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн болно гэжээ.

Талууд харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийн гэрээг бичгээр шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд хамтран өмчлөх дундын эд хөрөнгө дээр эвлэрсэн тухай тайлбарыг гаргасан бөгөөд зохигчийн дээрх эвлэрэл нь хууль зөрчөөгүй байх тул эвлэрэлийг батлах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 362.203 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэл гаргахад нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223.575 төгрөг, нийт 293.775 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Тэмээнийхэн овогт Бямбажавын Цэвэлмаа /РЭ91050201/, Соёогийнхон овогт Буниажавын Ёндонсүрэн /РК87122333/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Ё.Мөнх-Оргилыг эцэг Б.Ёндонсүрэнгийн асрамжид, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Ё.Мөнх-Ундрахыг эх Б.Цэвэлмаагийн асрамжид тус тус үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцэг, эхийн үүргээ биелүүлэхийг эцэг Б.Ёндонсүрэнд, эх Б.Цэвэлмаа, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчид даалгасугай.

5. Нэхэмжлэгч Б.Цэвэлмаагийн өмчлөлд 16.000.000 төгрөгийн үнэ бүхий өвлийн сууцыг үлдээж, хариуцагч Б.Ёндонсүрэнд 1.500.000 төгрөгийн үнэ бүхий их таван ханатай гэр, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн зөрүү мөнгө болох 7.250.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Цэвэлмаагаас хариуцагч Б.Ёндонсүрэнд 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 106 дугаар зйүлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 362.203 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэл гаргахад нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222.575 төгрөг, нийт 293.775 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ