| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2020/02194/И |
| Дугаар | 155/ШШ2021/00287 |
| Огноо | 2021-02-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 155/ШШ2021/00287
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2020/02194/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ... сумын ... дугаар баг ... төвийн .. давхарт байрлах, регистрийн дугаар 4139992, Хөвсгөл ..... нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ... сумын ... дугаар баг, ... газрын А байр 3 дугаар давхарт байрлах, Төсвийн ерөнхийлөн захирагч Хөвсгөл ... холбогдох эрчим хүчний тарифийн үнийн зөрүү болох 687.342.181 /зургаан зуун наян долоон сая гурван зуун дөчин хоёр мянга нэг зуун наян нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл ... гүйцэтгэх захирал Д.Ц.., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б.., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч А.У... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл ... шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Хөвсгөл дулааны станц ТӨХК нь жил бүр төсөвт байгууллагуудад дулааны эрчим хүч нийлүүлэх гэрээг төсвийн ерөнхийлөн захирагч болох Хөвсгөл аймгийн Засаг даргатай гэрээ байгуулан хамтран ажиллаж ирсэн. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф нь төсөвт байгууллага НӨАТ оруулахгүйгээр 1 м3 1.560 төгрөгөөр батлагдсан бөгөөд манай байгууллага нь албан татварыг суутган төлөгч учир Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11.1-д зааснаар үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар татвар ногдуулахаар заасан тул НӨАТ шингээж 1м3 нь 1.716 төгрөг байхаар тооцоолсон боловч төсвийн ерөнхийлөн захирагч Засаг дарга 1м3 талбайг 1.430 төгрөгөөр тооцож төсвийн санхүүжилт хийсэн.
Үүнээс үүдэн 2019 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төсөвт байгууллагуудаас дулааны эрчим хүчний борлуулалтын үнэ тарифийн зөрүү үүсч манай байгууллагад 687.342.181 төрөгийн алдагдал, хохирол учраад байна. Манай байгууллага нь Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон эрчим хүчний тарифийг мөрдөн ажилладаг бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагч тус тарифийг мөрдөн ажиллаагүйгээс алдагдалд ороод байна. Аймгийн төсөвт болон орон нутгийн өмчит байгууллагуудад дулааны эрчим хүч нийлүүлэх ажлыг гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт манай байгууллага нь эрчим хүчний зохицуулах хорооноос батлан мөрдөгдөж байгаа эрчим хүч нийлүүлэх үнийг батлагдсан тарифаар саналаа хүргүүлсэн боловч улсын төсөвт суугдаагүй гэх шалтгаанаар хүлээж аваагүй юм. Хөвсгөл аймгийн Засаг дарга нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.36 дахь хэсэгт “төсвийн ерөнхийлөн захирагч нь” өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөж, батлагдсан төсвийг хууль, тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг хэлнэ гэсэн ба Засаг дарга нь “эрчим хүч худалдан авах” төсвийг улсын төсөвт суулгах үүргийг хүлээсэн бөгөөд тус үүргээ хэрэгжүүлээгүйгээс манай байгууллагад хохирол учирсан.
Мөн Хөвсгөл аймгийн Засаг даргад Эрчим хүчний зохицуулах хорооны Улсын ахлах байцаагчийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 60-07-001/02 тоот “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 2018 оны 231 дүгээр тогтоолыг мөрдөж ажиллаагүйгээс нийт 1.482.800.000 төгрөгийн эх үүсвэрийн дутагдалд орж улмаар төлөвлөгөөт засвар, шинэчлэлийн ажлыг хийх боломжгүй байдалд орсон” гэх шаардлагыг хүргүүлсэн боловч биелүүлээгүй байна.
Тиймээс Засаг дарга бөгөөд Төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн хуулиар хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэлгүй “Хөвсгөл ...д 2019 онд дараах байдлаар хохирол учруулсан байна. Үүнд:
Төсөвт байгууллагын 2019 оны тарифын үлдэгдэл
| д/д | Хэрэглэгчийн нэр | Талбайн хэмжээ | Мөрдөж буй тариф /НӨАТ/-тэй | Бичилт 2019/01/01-2019/12/31 | Орлого 2019/01/01-2019/12/31 | Эц.үлдэгдэл 2019/12/31 |
| 11 | 10-р цэцэрлэг | 2713 | 1716 | 37.710.164,8 | 31.425.174,0 | 6.284.990,8 |
| 12 | 11-р цэцэрлэг | 1756.8 | 1716 | 24.419.367,3 | 20.349.509,0 | 4.069.858,3 |
| 13 | 1-р цэцэрлэг | 4525.6 | 1716 | 62.914.479,8 | 51.783.227,0 | 11.131.252.8 |
| 14 | Титэм сургууль | 2088.34 | 1716 | 290.340.120,7 | 238.963.050,0 | 51.377.070,7 |
| 15 | 2-р цэцэрлэг | 4090.9 | 1716 | 56.862.423,6 | 47.211.621,0 | 9.650.802,6 |
| 16 | 3-р цэцэрлэг | 3000 | 1716 | 41.699.350,0 | 34.749.495,0 | 6.949.855,0 |
| 17 | 4-р цэцэрлэг | 2216 | 1716 | 30.802.063,6 | 27.295.838,0 | 3.506.225,6 |
| 18 | 15-р цэцэрлэг | 1187 | 1716 | 31.541.264,9 | 26.284.424,0 | 5.256.840,9 |
| 19 | 6-р цэцэрлэг | 3495.2 | 1716 | 48.582.431,9 | 41.741.269,0 | 6.841.162,9 |
| 110 | 7-р цэцэрлэг | 5508.21 | 1716 | 76.562.465,7 | 63.802.146,5 | 12.760.319,2 |
| 111 | 8-р цэцэрлэг | 1056.7 | 1716 | 14.688.257,3 | 12.375.298,0 | 2.312.959,3 |
| 112 | АЗДТГ | 15437 | 1716 | 214.568.675,2 | 176.401.585,0 | 38.167.090,2 |
| 113 | Асрамжийн газар | 1328 | 1716 | 18.459.218,8 | 15.383.939,0 | 3.075.279,8 |
| 114 | БТСГазар | 9790.21 | 1716 | 136.080.552,9 | 112.000.443,0 | 24.080.109,9 |
| 115 | 13-р цэцэрлэг | 7467 | 1716 | 103.788.863,2 | 89.349.121,0 | 14.439.742,2 |
| 116 | Гурван-Эрдэнэ сургууль | 9744,2 | 1716 | 135.441.032,3 | 112.484.831,0 | 22.956.201,3 |
| 117 | Дэлгэрмөрөн цогцолбор сургууль | 27290 | 1716 | 374.468.622,0 | 308.914.534,0 | 65.554.088,0 |
| 118 | ГХБХБГазар | 1180 | 1716 | 16.402.078,0 | 13.499.640,0 | 2.902.438,0 |
| 119 | Мөрөн сумын ЗДТГ | 4200 | 1716 | 58.429.470,0 | 48.616.095,0 | 9.813.375,0 |
| 220 | МСтай ЕБ-ын 8-р сургууль | 5722 | 1716 | 79.534.061,2 | 65.460.120,0 | 14.073.941,2 |
| 221 | Музей | 2700 | 1716 | 37.529.470,0 | 25.409.262,0 | 12.120.208,0 |
| 222 | Сод-Эрдэм сургууль | 16783,2 | 1716 | 233.280.316,7 | 192.009.000,0 | 41.271.316,7 |
| 23 | Нэгдсэн эмнэлэг | 52120.7 | 1716 | 724.457.431,7 | 603.714.457,0 | 120.742.974,7 |
| 224 | Эрүүл мэндийн газар | 4737.7 | 1716 | 65.852.684,9 | 54.507.061,0 | 11.345.623,9 |
| 225 | Нийтийн номын сан | 2746 | 1716 | 38.175.451,6 | 22.102.676,0 | 16.072.775,6 |
| 226 | Нутгийн аваргууд сургууль | 9552 | 1716 | 132.769.529,2 | 109.275.960,0 | 23.493.569,2 |
| 227 | Хөгжимт драмын театр | 12189.8 | 1716 | 169.433.894,1 | 113.359.672,0 | 56.074.22,1 |
| 228 | ГБХЗХГазар | 10429.1 | 1716 | 145.162.168,4 | 120.800.760,0 | 24.361.408,4 |
| 229 | ЭДЦСургууль 3-р сургууль | 27100.3 | 1716 | 376.683.879,9 | 310.027.400,0 | 66.565.479,9 |
|
| Дүн |
|
| 4.033.460.877,8 | 3.346.725.186,3 | 687.342.181,9 |
Иймд Төсвийн ерөнхийлөн захирагч Хөвсгөл ... даргаас хуулиар хүлээсэн бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс үүссэн Эрчим хүчний тарифийн үнийн зөрүү болох 687.342.181 /зургаан зуун наян долоон сая гурван зуун дөчин хоёр мянга нэг зуун наян нэг/ төгрөгийг гаргуулж, манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.И. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох 687.342.181 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Дулааны эрчим хүчээр хангаж аж ахуйн гэрээ болон 2001 онд батлагдсан Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Зохицуулах хороо нь эрчим хүчний тарифт орох өөрчлөлтийн талаар үнийг мөрдөж эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө хэрэглэгчдэд мэдэгдэх буюу хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.”, 28 дугаар зүйлийн 28.5-д “Хэрэглэгч энэ хуулийн 27.5-д заасны дагуу мэдэгдсэнээс хойш 15 хоногийн дотор хангагчтай байгуулсан гэрээндээ зохих өөрчлөлт оруулах бөгөөд гэрээндээ өөрчлөлт оруулаагүй нь энэхүү өөрчлөлтийг мөрдөхөөс татгалзах үндэслэл болохгүй” гэж заасан.
Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад эрх бүхий байгууллага, төсвийн захирагч нь төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй”, 6.2- д “Энэ хуулийн 5.1.1-д заасан төсвийн тогтвортой байдлыг хангасан байх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ” гээд 6.2.5-д “Төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх” хуулийн тусгай шаардлага тавьдаг.
Эрчим хүчний зохицуулах хорооны “Тариф батлах тухай” 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 190 дүгээр тогтоол нь 2017 оны хувьд төсвийн жилийн дундуур зарлага нэмэгдүүлэхээр гаргасан тогтоол, Эрчим хүчний тухай хуульд нийтэд зарласнаас хойш 15 хоногийн дотор мөрдөнө гэсэн бол Төсвийн тухай хуулиар тухайн жилийн төсвийн жил дуустал дагаж мөрдөхгүй гэсэн зөрчилтэй зохицуулалттай.
Монгол Улсын Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасан.
Эрчим хүчний тухай хууль нь “... эрчим хүчний нөөцийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагаа эрхлэх, эрчим хүчний барилга байгууламж барих болон эрчим хүчийг хэрэглэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршдог.” бол Төсвийн тухай хууль нь “... төсөв, түүний зарчим, тогтолцоо, бүрэлдэхүүн, ангилалыг тогтоож, төсвийн тусгай шаардлагыг хэрэгжүүлэх, төсвийн харилцаанд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, төсөв боловсруулах, батлах, зарцуулах, бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”
Нэхэмжлэлийн шаардлагад тавигдаж буй асуудал нь дулааны үнийн өсөлттэй холбогдон гарсан үнийн зөрүүний төлбөр төлөх шаардлага бүхий харилцаа ба төрийн байгууллагуудын уг харилцаа Төсвийн тухай хуулиар илүү нарийвчлан зохицуулагдсан, батлагдаж дагаж мөрдсөн хугацааны хувьд Эрчим хүчний тухай хууль 2001 онд Төсвийн тухай хууль 2011 онд батлагдаж, 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй хууль юм. Тиймээс дулааны үнийн өсөлтийг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс тооцон нэхэмжлэл гаргаж буй нь хуулийн шаардлагад илүү нийцэхгүй байна.
2. “2018 оны Монгол Улсын Төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны Төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 337 дугаар тогтоол гарч, тогтоолын 1.2-д “Төсвийн хууль тогтоомж зөрчин төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, өр үүсгэсэн болон тендер шалгаруулалтыг зохион байгуулж, үнэлэхтэй холбогдох хууль, журам зөрчсөн албан тушаалтанд хуульд заасан хариуцлага ногдуулж, гарсан зөрчлийг тухай бүр залруулж ажиллах”-ыг төсвийн ерөнхийлөн болон шууд захирагч нарт үүрэг болгож, тогтоолын 7 дугаар зүйлийн 7.3-т “Орон нутгийн дулааны үнэ тарифыг нэмэгдүүлэхгүй байх, төвлөрсөн халаалтад холбох, сумдын уурын зуухыг аймгийн төвийн уурын зуухтай нэгтгэн зохион байгуулахдаа төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байх, сумдын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын түлш, халаалтын зардлыг өр, авлага үүсгэхгүйгээр батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэх”-ийг аймгийн Засаг дарга нарт даалгасан.
Эрчим хүчний зохицуулах хорооноос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг баталсан 2017 оны 190 дүгээр тогтоол гарсан даруйд 2018 оны төсвийн төсөв хийгдэж байсан цаг хугацаатай давхацсан ба аймгийн Засаг даргаас үнийн нэмэгдэлтэй хобогдуулан дутагдах хөрөнгийн тооцооллыг хийж гол харилцааг зохицуулагч Сангийн сайдад удаа дараалан хүсэлт хүргүүлсэн. Монгол Улсын Сангийн сайд нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт зааснаар “Нэгдсэн төсвийн талаархи судалгаа, төлөвлөлт, төсвийн хөрөнгө оруулалтын бодлого зохицуулалт, санхүүжилтийн үйл ажиллагаа”-г хариуцан зохион байгуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг ерөнхий чиг үүргийн яамны сайд. Төсвийн байгууллагын үйл ажиллагааны явцад гарах урсгал зардлыг нэмэгдүүлэх шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хороо гаргах эрхтэй хэдий боловч энэ нь Төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т “Төсвийн харилцааг зөвхөн энэ хуулиар зохицуулах бөгөөд орон нутаг, салбарын үйл ажиллагаанд санхүүжилтийн эх үүсвэрийн хэмжээг хуульчлан тогтоох, түүнийг хуваарилах аливаа харилцаа үүнд нэгэн адил хамаарна.” гэсэн заалтыг зөрчсөн үйл ажиллагаа болсон.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана. Хэрэв эрхэлсэн асуудлынхаа хүрээнд шийдвэрлэх гэж байгаа асуудал нь бусад хүрээнийхтэй шууд холбоотой бол Засгийн газрын холбогдох гишүүдтэй урьдчилан тохиролцож зохицуулсан байвал зохино. Засгийн газрын гишүүд удирдлагын түвшинд тохиролцсон асуудлаар хамтарсан тушаал гаргаж болно.” гэж заасан ба Эрчим хүчний зохицуулах хорооны гаргасан шийдвэр нь үндсэн эрхлэх асуудлын хүрээний яам болох Сангийн сайдтай зөвшилцөөгүй, гол харилцааг зохицуулсан Төсвийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг зөрчсөн.
Хөвсгөл аймгийн Засаг даргын зүгээс 2018, 2019 оны төсвийн төслийг Сангийн яаманд хянуулахдаа Эрчим хүчний зохицуулах хорооны 190 дүгээр тогтоолыг үндэслэн бүх төсөвт байгууллагын дулааны зардлыг 1.560 төгрөгөөр тооцож хүргүүлсэн боловч Сангийн яам төсвийг хянаж батлуулахдаа хуучин үнэ тариф болох болох 1.430 төгрөгөөр батлуулж, Хөвсгөл аймгийн төсвийг хянасаар ирсэн. Орон нутгийн төсвийн байгууллагуудын хувьд Сангийн яамнаас баталсан хэмжээгээр дулааны төлбөрийг жил бүр төлсөөр ирсэн ба Эрчим хүчний зохицуулах хорооны баталсан тарифаар төлөх хөрөнгө ирээгүй учир нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үнийн зөрүүний төлбөрийг өөрийн зүгээс санаатайгаар төлөхөөс зайлсхийсэн үйлдэл байхгүй. Төсвийн шууд захирагч нар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасны дагуу “Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” чиг үүргээс хэрэгжүүлж ажилласан болно.
Нөгөө талаас Хөвсгөл ... нь Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 3 дугаар сарын 05-ны өдрийн хооронд зарласан “ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТӨСӨВТ БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ БАЙГУУЛЛАГУУДЫН ТҮЛШ ХАЛААЛТ НИЙЛҮҮЛЭХ” тендер шалгаруулалтанд оролцож, Хөвсгөл аймгийн Мөрөн сум дахь төсвийн байгууллагын дулааны зардлыг 1м3 –ыг 1.430 төгрөгөөр тооцохоор үнийн санал ирүүлсэний дагуу гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүлээн авсан байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагын хариуцагчийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрчим хүчний зохицуулах хороо эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчер хангах үйл ажиллагааг зохицуулах, үнэ тарифийг тогтоох, эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгаа. Энэ чиг үүргийнхээ дагуу 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 190 дүгээр тогтоолоор хэрэгжиж буй үнэ тарифаар Хөвсгөл .... борлуулах дулааны үнэ тарифийг баталсан. Тус тогтоолд тарифийг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс мөрдөж ажиллахаар тусгаж өгсөн байдаг. Энэ тариф батлагдсан цагаас эхлэн өглөг авлагын асуудал үүсгэсэн. Мөн Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зохицуулах хороо нь шийдвэрлэх асуудлаа зохицуулагчийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, хурлын шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна гэж заасан ба тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дулааны эрчим хүч үйлдвэрлэх, түгээх зохицуулалттай гэсэн тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Тусгай зөвшөөрлийг хэрэглэгч, эзэмшигч дагаж мөрдөнө гэж заасан байгаа. Хэрэглэгч гэдэг нь дурдагдаад байгаа төсвийн байгууллагууд бөгөөд тухайн байгууллагууд уг үнийг дагаж мөрдөх үүрэгтэй юм. Энэ тогтоолын дагуу 2018 оноос нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар аж ахуй нэгж байгууллага нь нягтлан бодох бүртгэлээ акурос сууриар хөтөлнө гэж зааснаар төлөгдөөгүй үнийн дүнгээр авлага үүсгэж, нягтлан бодох бүртгэлд тусгах шаардлагатай гэсэн зүйл заалтын дагуу манай байгууллага тарифийн зөрүүнээс үүсэж байгаа авлагыг санхүү дээр авлага үүсгэж бүртгэсэн байгаа. 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан тогтоол нь 2018 онд шинэчлэгдэн батлагдаад 2018 оны 11 дүгээр сард захиргааны хэм хэмжээний улсын актад бүртгэгдсэн. Энэ нь Эрчим хүчний зохицуулах хорооны 292 дугаар тогтоолоор 2018 онд шинэчлэгдсэн батлагдаж, мөн ондоо захиргааны хэм хэмжээний актад бүртгэгдээд мөрдөж явж байгаа. Гэвч 2018 онд үүссэн авлагыг Үндэсний Аудитын газрын зөвлөмжийн дагуу дансандаа залруулга хийсэн. 2018-2019 онд 1 тэрбум 400 гаруй сая төгрөгийн авлага үүссэн байсныг 2017 оны тогтоол захиргааны хэм хэмжээний актад бүртгэгдээгүй байсан гэх үндэслэлээр залруулга хийж, зөвхөн 2019 онд үүссэн 687.342.181 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Төсвийн тухай хуулийн 4.1.36 дугаар зүйлд зааснаар Төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөж, батлагдсан төслийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг хэлнэ гэсэн бөгөөд Засаг дарга нь Эрчим хүч худалдан авах төсвийг улсын төсөвт суулгах үүргийг хүлээсэн ба тус үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж түүнд хамааруулан нэхэмжлэл гаргаж байна. Тус үүргээ хэрэгжүүлээгүйгээс улсын онцгой объект болох манай байгууллагын үйл ажиллагаа доголдох, улмаар санхүүгийн хүндрэлтэй байдалд орж, авлага ихээр хуримтлагдах байдалд орсон юм. Тийм учраас энэ авлагыг барагдуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөвсгөл ... нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.
1. Нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн үү? Нэхэмжлэлдээ нэхэмжлэл гаргах эрх хуульд зааснаар үүсч байгаа тухай тодорхой заагаагүй байна.
2. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хангах ёстой юу? Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан “Зохицуулах хорооны бүрэн эрх”-ийн 9.1.6-д “тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг харьяаллын дагуу шийдвэрлэх эрхтэй” гэж заасан бөгөөд энэхүү зохицуулалтыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журам гэж ойлгоно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасан “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж үзнэ. Эрчим хүчний зохицуулах хороонд гомдол гаргахын ач холбогдол нь Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.17-д “хэрэглэгчид ирэх ачааллыг зохистой хэмжээнд хөнгөлөх зорилгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчид эрчим хүчний үнэ тарифын алдагдалтай холбоотой татаасыг улсын төсвөөс олгох асуудлыг Засгийн газарт оруулах” гэж зааснаар маргаан бүхий асуудлыг Эрчим хүчний зохицуулах хороо Засгийн газарт санал оруулах замаар УИХ-аар шийдвэрлүүлэх боломжтой байна.
3. Үүсээд байгаа маргаан нь Дулааны үнэ, тариф өөрчлөгдсөнтэй холбоотойгоор төлбөрийн зөрүү үүссэн бөгөөд түүнийг төрийн багууллагуудаас, төсвийн ерөхийлөн захирагчаас гаргуулах асуудал үүссэн.
Төсвийн Ерөнхийлөн захирагчийн зүгээс Сангийн яам, УИХ-д 2017 оноос хойш 2018, 2019, 2020 оны төсөвт аймгийн орон нутгийн төсвийн болон тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад нэмж шаардагдах дулааны зардлыг тусгаж шийдвэрлүүлэхээр удаа дараа хандсан боловч Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэр нь Төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэг заасан “Төсвийн харилцааг зөвхөн энэ хуулиар зохицуулах бөгөөд орон нутаг, салбарын үйл ажиллагаанд санхүүжилтийн эх үүсвэрийн хэмжээг хуульчлан тогтоох, түүнийг хуваарилах аливаа харилцаа үүнд нэг адил хамаарна.” Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д “төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх.” гэсэн заалтуудыг зөрчсөн, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төсвийн байгууллагуудын халаалтын тарифийг м3 нь 1560 төгрөг гэж тогтоосон нь үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагын халаалтын үнэ тарифаас м3 нь 710 төгрөгөөр өндөр тогтооогдсон үндэслэл нь тодорхойгүй. Эрчим хүчний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт заасан хэрэглэгчийн ангилалыг байгууллагын үйл ажиллагааны онцлогтой уялдуулан нарийвчлан тогтоож, төсөвт байгууллага аж ахуй нэгж байгууллагын ялгаатай байдлыг арилгаж, тарифийг шинэчлэх талаар арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж Сангийн яамны зүгээс шийдвэрлэхгүй ирсэн. Төсвийн Ерөнхийлөн захирагчийн зүгээс бусад яамдуудад мөн хандсан бөгөөд яамдууд нь “Улсын хэмжээнд тогтмол зардлын үнийн өсөлт дэмжигдээгүй” гэх шалтгаанаар саналыг хүлээж аваагүй.
УИХ-ын байнгын хорооны зүгээс: “МУ-ын Засгийн газраас өмнө нь УИХ-д өргөн мэдүүлсэн МУ-ын 2019 оны Төсвийн тухай хуулийн төслийг УИХ төсвийн боломжит эх үүсвэртэй уялдуулан төсвийн алдагдлыг Засгийн газрын өргөн мэдүүлсэн түвшинд хэлэлцэн баталсан” гэх хариуг өгсөн.
2019 оны тухайд: “Хөвсгөл дулаан” ТӨХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 106, 107, 108 тоот албан бичгүүдийг төсвийн ерөнхийлөн захирагчид ирүүлж, худалдан авах ажиллагаанд оролцохдоо 1430 төгрөгийн дулааны нэгж үнийг санал болгож худалдан авах ажиллагаанд оролцсон бөгөөд саналын дагуу худалдан авах ажиллагааг баталгаажуулж шийдвэрлэсэн. Дээрхээс 2019 онд үүссэн дулааны өр төлбөрийн зөрүүг төсвийн Ерөнхийлөн захирагчид холбогдуулан нэхэмжлэх үндэслэлгүй байна. 2019 онд Сангийн яамнаас ирсэн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 4-3/942 дугаар албан бичигт: “Засгийн газрын 2017 оны 337 дугаартай тогтоолын 7.2 дахь хэсэгт “орон нутгийн дулааны үнэ тарифийг нэмэгдүүлэхгүй байх, төвлөрсөн халаалтанд холбох, сумдын уурын зуухыг аймгийн төвийн уурын зуухтай нэгтгэн зохион байгуулахдаа төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байх, сумдын сургууль цэцэрлэг, эмнэлэг, төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын түлш, халаалтын зардлыг өр, авлага үүсгэхгүйгээр төсөвтөө багтаан санхүүүжүүлэх” гэж, Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.181, 58.2.172 дахь заалтаар тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагын байрлаж байгаа байгууламжийн ашиглалт хамгаалалтыг тухайн шатны төсвөөр санхүүжүүлэхээр тус тус заасан гэх үндэслэлээр мөн шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн. Хэдийгээр Төсвийн тухай хуулийн 58.1.18, 59.2.17-оор тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагын байрлаж байгаа барилга, байгууламжийн хамгаалалтыг тухайн шатны төсвөөр хэрэгжүүлэхээр заасан ч Хөвсгөл аймгийн тухайд нийт төсвийнхөө 90 орчим хувийг санхүүгийн дэмжлэг, татаасаар авч үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг аймгийн хувьд маргаан бүхий асуудлыг шийдвэрлэх нөөц бололцоо байхгүй тул дахин Сангийн яаманд саналаа хүргүүлсэн. Сангийн яамны зүгээс Засгийн газрын 2017 оны 337 дугаар тогтоолын 7.3-т заасныг үндэслэн батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэх талаар албан бичиг хүргүүлэхээс өөрөөр санхүүгийн шийдвэр гаргахгүй байгаа.
Дээрхээс 1. Хөвсгөл аймгийн хувьд дулааны үнэ тарифийн зөрүүг өөрийн нөөц боломжоос шийдвэрлэх ямар ч боломжгүй,
2. Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 190 дугаартай тогтоол нь МУ-ын Засгийн газрын 2017 оны 337 дугаартай тогтоолын “орон нутгийн дулааны үнэ тарифийг нэмэгдүүлэхгүй байх” гэсэн заалттай зөрчилдөж байгаа шалтгаанаар Сангийн яам орон нутгийн саналыг хүлээж авахгүй байгаа зэргээр дулааны үнэ тарифийн зөрүүтэй холбоотой асуудал шийдвэрлэгдэхгүй байна.
3. Түүнчлэн 2019 онд тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу дулаан хангагч нь хуучин үнийн саналаар буюу 1430 төгрөгийн санал хүргүүлж, худалдан авах ажиллагаанд оролцсон зэргээс “Хөвсгөл...” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу Хөвсгөл аймгийн ... буруутган, 2019 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төсөвт байгууллагуудын дулаан эрчим хүчний борлуулалтын үнийн зөрүүгээс үүссэн 687.342.181 төгрөгийг гаргуулах боломжгүй юм.
Иймд Хөвсгөл ... нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Б.. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл бол өр авлагын асуудал үүсч шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд хүрсэн тул энэ асуудлаар шүүхэд хандсан юм. Яагаад Засаг даргад холбогдуулсан бэ гэхээр Засаг дарга нэр бүхий 29 байгууллагын төсвийг баталж, тэр батлагдсан төсвөөр нь гэрээ хийгддэг учраас Засаг даргыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан юм. Хариуцагч талаас тайлбарлахдаа Засаг дарга өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлсэн. Манай нэхэмжлэгч байгууллагын зүгээс үнийн тарифийг 1.430 гэж тендэр зарласныг хүлээн зөвшөөрч нэхэмжлэл гаргасан байна. Ийм учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Мөн Эрчим хүчний зохицуулах хороо нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд энэ саналаа УИХ болон ЗГ-т хүргүүлэх бүрэн эрхтэй байсан байна гэх тайлбарыг өгч байна. Мэдээж хуулиар олгогдсон эрх байгаа. Гэвч Хөвсгөл ... нь энэ өр авлагын асуудлыг шийдэхгүй тайлан блансад нь авлагын асуудал үүсч байгаа учраас заавал шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэхгүй бол болохгүй асуудал үүссэн юм.
Нэхэмжлэлийн шаардаж байгаа гол зүйл нь Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан тухайн үнэ тарифийг мөрдүүлэх тэр мөрдөх үнэ тарифийг тусгай зөвшөөрөл олгосон хэрэглэгч болох төсвийн ерөнхийлөн захирагч Засаг даргад мэдэгдэж, Засаг дарга төсөвтөө суулгаж, төлбөрөө төлөх үүргээ биелүүлэх ёстой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч А.У. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид хууль зүйн боломжийн талаар ярих ёстой гэж бодож байна. Засаг дарга маш олон удаа Засгийн газарт санал оруулж, УИХ-д өргөн бариад төсөв гэх захиран зарцуулагчийн хувьд шийдвэр гаргах бодомжуудын хувьд боломжтой эрх бүхий албан тушаалтанд хандаад энэ бүх ажиллагаа бүтэмжгүй болоод байхад дээрээс шүүхийн шийдвэр гаргуулна гэж байгаа нь энэ үйл явц хуулийг сонгох зөв хэрэглэх тал дээр алдаатай байна гэж үзэж байна.
Яагаад ингэж үзэж байна вэ гэхээр асуудлыг шийдвэрлэх боломж нь Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.17-д “хэрэглэгчид ирэх ачааллыг зохистой хэмжээнд хөнгөлөх зорилгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчид эрчим хүчний үнэ тарифын алдагдалтай холбоотой татаасыг улсын төсвөөс олгох асуудлыг Засгийн газарт оруулах” гэж зааж, шийдэх арга замыг хуульчилж өгсөн байгаа юм. Бусад хуулиас судлаад үзэхээр энэ татаастай холбоотой асуудлыг Засаг дарга улсын төсөвт оруулан Засгийн газарт оруулан шийдвэрлэх гэсэн эрх хэмжээтэй холбоотой асуудлаар зохицуулагдаагүй байгаа юм. Эрчим хүчний зохицуулах хороонд энэ эрх хэмжээ хуульд зааснаар байгаа учраас хуулиа сонгож хэрэглэх талаар маргаан үүсгэж, хуулиа сонгож хэрэглэх тал дээр алдаатай харагдаж байна.
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д “тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд үүссэн маргааныг харъяаллын дагуу шийдэх эрхтэй гэж заасан байдаг. Өөрөөр хэлэх юм бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар 65.1.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх боломж байна гэсэн байдаг. Эрчим хүчний зохицуулах хороо энэ асуудлаа Засгийн газарт саналаа оруулаад шийдвэрлүүлээд явах юм бол аймгийн Засаг даргад хандсанаас илүү боломжтой байгаа талаар өмгөөлөгчийн зүгээс хэлмээр байна. Нэхэмжлэл гаргаж байгаа нэхэмжлэл үндэслэл шаардлагын талаар нэхэмжлэгч өөрөө нотолж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл 1м3-ыг хэрхэн тооцсон, талбайн хэмжээгээ хариуцагч байгууллагаар зөвшөөрүүлсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Жишээ нь 10 дугаар цэцэрлэг гэх юм уу? Нийт дулаан хэрэглэж байгаа талбай юм уу? Энэ талаар тогтоогдсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Энэ мэтээр өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотолж чадахгүй байгаа юм. Энэ харилцаа нь өөрөө дулааны тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хэрэглэгчийн хооронд үүсч байгаа хүсэл зоригийн үндсэн дээр үүсч байгаа харилцаа. Энэ нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар үүсдэг харилцаа байтал энэ үндэслэлийг барьж шүүхэд нэхэмжлэл гаргаад гэрээний дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан тарифийг үндэслээд гэрээ байгуулна. 2019 онд 1.430 төгрөгөөр гэрээ байгуулах саналаа хүргүүлээд худалдан авах саналаа зохион байгуулаад явж байгаа. Тухайн үед хүсэл зоригийн илэрхийлэл 1.430 төгрөг биш байсан юм бол яагаад хуулийн хугацаанд маргаан үүсгээд тэр маргааны дагуу явж болоогүй юм бэ? Захиргааны ерөнхий хуульд заагаад өгсөн байгаа шүү дээ.
Хүсэл зоригийн илэрхийлэл биш байсан юм бол 1.430 төгрөгөөр гэрээ хийчихээд зохицуулах хорооны шийдвэр 1.560 байгаа юм гэдгээр явах байсан. Тэгэхээр энэ шийдвэр хууль бус байна. Хүсэл зоригийн илэрхийлэл биш байсан учраас 10 сард гэрээ байгуулаагүй байж 1.430 төгрөгөөр саналаа өгч байгаагаар хэрэглэгчтэй холбоотой харилцаа дуусгавар болсон байгаа юм. Энэ үр дагаврыг араас нь шаардаж байгаа байдал хууль тогтоомжид нийцэхгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, нэхэмжлэлээ дэмжиж чадахгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Аймгийн захирагч гэдэг нь тухайн аймагт хэрэгжиж байгаа төсвийн төсөөллийг Сангийн яаманд явуулна. Сангийн яаманд явуулж байгаа төсвийн төсөөллийн нэмэгдэж байгаа зардал нь тухай жилийн дундуур үүсч байгаа өр авлагыг дараа жилээс хэрэгжүүлнэ гэсэн байдаг. Тэр өр авлагыг тогтоол, шийдвэрт нийцэж байгаа юу үгүй юу гэдэг дээр хяналт тавиад гаргаж байгаа Сангийн яамны шийдвэр өөрөө Засгийн газрын тогтоолтой Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэртэй зөрчилдөж байна.
Хөвсгөл аймагт үйл явуулж байгаа төсвийн байгууллагын үнэ тарифийг бусад байгууллагуудаас 710 төгрөгөөр илүү тооцоод байгаа нь үндэслэлгүй, тодорхойгүй байна. Тийм учраас Сангийн яамны зүгээс суурь зардал дээр нэмэгдүүлэх боломжгүй гэх хариуг жил болгон өгч байгаа. Нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа байдал сонгож хэрэглэж байгаа хууль хэрэглээний хувьд аймгийн Засаг дарга хуулийн дагуу саналаа хүргүүлснээр нотлогдоно. Бидний зүгээс үүнийг хангалттай нотлогдож байгаа гэж үзэж байна. Сангийн яам холбогдох байгууллагуудад саналаа хүргүүлсэн. Энэ саналыг Засаг дарга гаргах эрхтэй. Тэгэхээр аймгийн Засаг даргыг буруутгаад байгаа асуудал нь аймгийн Засаг даргын үйл ажиллагаанд хамааралгүй асуудал юм. Хөвсгөл дулаан ТӨХК нь 2019 онд дулаан эрчим хүч нийлүүлэх саналаа 1.430 төгрөгөөр ирүүлсэн байгаа учир аймгийн Засаг дарга 1.430 төгрөгөөр орлого үүсгээд явсан байдгийг мөн буруутгах боломжгүй гэж үзэж байгаа учраас хариуцагчийг буруутгаж 678.642.180 төгрөг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Үүсээд байгаа маргааныг шийдвэрлэх боломж бол хууль хэрэглээний хувьд Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.17-д заасан заалт байх юм биш үү. Эрчим хүчний зохицуулах хороонд энэ маргаантай асуудлаа шийдвэрлүүлж болно. Зохицуулах хороо татаасыг Засгийн газарт өргөн мэдүүлж шийдвэрлүүлэх учраас Эрчим хүчний зохицуулах хороогоор үүнийг шийдвэрлүүлэх боломж байна гэж хэлмээр байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл ........ компани нь Төсвийн ерөнхийлөн захирагч Хөвсгөл ...... холбогдуулан эрчим хүчний тарифийн үнийн зөрүү 687.342.181 /зургаан зуун наян долоон сая гурван зуун дөчин хоёр мянга нэг зуун наян нэг/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах болсон үндэслэлээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф нь төсөвт байгууллага НӨАТ оруулахгүйгээр 1м3 талбайд 1.560 төгрөгөөр дулааны эрчим хүчээр хангахаар батлагдсан. Манай байгууллага нь албан татварыг суутган төлөгч учир Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар татвар ногдуулахаар заасныг баримтлан НӨАТ шингээж 1м3 талбайд 1.716 төгрөгөөр дулаан нийлүүлэхээр тооцоолсон. Гэтэл төсвийн ерөнхийлөн захирагч Засаг дарга 1м3 талбайг дулааны эрчим хүчээр хангах үнийг 1.430 төгрөг буюу хуучин тарифаар тооцож төсвийн санхүүжилт хийсэн. Үүнээс үүдэн 2019 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төсөвт байгууллагуудын дулааны эрчим хүчний борлуулалтын үнэ тарифийн зөрүү үүсч манай байгууллагад 687.342.181 төрөгийн алдагдал, хохирол учирсан тул энэ зөрүү мөнгийг хариуцагч Хөвсгөл .......гаргуулж өгнө үү гэж,
Хариуцагч Хөвсгөл аймгийн ... нь Хөвсгөл ...азар Хөвсгөл аймгийн болон орон нутгийн өмчит байгууллагуудад дулаан эрчим хүч нийлүүлэх нээлттэй тендерт оролцон 1м3 талбайд 1.430 төгрөгөөр дулааны эрчим хүчээр хангах санал ирүүлж, ялалт байгуулан, уг үнийн саналаар аймгийн болон орон нутгийн өмчит байгууллагуудыг дулааны эрчим хүчээр хангахаар шалгарсан боловч төсвийн жилийн дундуур 1м3 талбайг 1.560 төгрөгөөр тооцон дулааны эрчим хүчээр хангахаар дулааны эрчим хүч нийлүүлэх үнээ нэмсэн нь хүндрэл учруулж, Засаг даргын зүгээс төсвийн ерөнхийлөн захирагчийн үүргээ биелүүлэн холбогдох газруудад үнийн өсөлтийн улмаас гарсан дулааны эрчим хүчний төлбөрийг шийдвэрлэж өгөх талаар удаа дараа санал, хүсэлт явуулсан боловч дэмжигдэж, шийдвэрлэгдээгүй. Хөвсгөл аймгийн ... төсвийн ерөнхийлөн захирагчийнхаа хувьд өөрт ногдсон үүргээ биелүүлсэн учир үнийн өсөлтийн зөрүүгээс гарсан Хөвсгөл аймгийн .... зөрүү 687.342.181 /зургаан зуун наян долоон сая гурван зуун дөчин хоёр мянга нэг зуун наян нэг/ төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлох зорилгоор хэрэгт Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 231 дүгээр тогтоол, уг тогтоолын хавсралтын хуулбар, Эрчим хүчний зохицуулах хорооны Улсын ахлах байцаагчийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 60-07-001/02 дугаар Зөрчил арилгуулах тухай албан шаардлагын хуулбар зэрэг баримтууд гаргаж өгсөн боловч эдгээр баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан: “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэх хуулийн шаардлагыг хангаагүй,
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болохоо нотлох зорилгоор хэрэгт Хөвсгөл аймгийн орон нутгийн өмчийн газар хуулбар үнэн гэсэн дардас дарагдсан үнийн саналын хуулбар, бараа нийлүүлэлтийн хуваарийн хуулбар, Хөвсгөл аймаг Хөвсгөл .... хувьцаат компаний 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 106, 107, 108 дугаар албан бичгүүдийн хуулбар, Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 1/195 дугаар Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Г хүргүүлсэн Зөвлөмжийн хуулбар, Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаар “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар хуулбар үнэн гэсэн дардас дарагдсан Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 3/368 дугаар албан бичгийн хуулбар, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2/58 дугаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейханд хүргүүлсэн хүсэлтийн хуулбар, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2/2672 дугаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хүргүүлсэн “Хөрөнгө шийдвэрлүүлэх тухай” хүсэлтийн хуулбар, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1/225 дугаар Монгол Улсын сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хүргүүлсэн “Хөрөнгө шийдвэрлүүлэх тухай” хүсэлтийн хуулбар, Халаалтын үнийн зөрүүгээс шалтгаалан аймгийн ОН-ын болон ТЗШ-ийн байгууллагуудын 2019 оны төсөвт үүсэх өглөгийн тооцооны хуулбар, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1/229 дүгээр “Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд хүргүүлсэн “Хөрөнгө шийдвэрлүүлэх тухай” хүсэлтийн хуулбар, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1/230 дугаар Боловсрол Соёл, Шинжлэх ухааны сайд Ё.Баатарбилэгт хүргүүлсэн “Хөрөнгө шийдвэрлүүлэх тухай” хүсэлтийн хуулбар, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1/1488 дугаар Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаарт хүргүүлсэн хүсэлтийн хуулбар, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1/1169 дүгээр Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаарт хүргүүлсэн саналын хуулбар, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 1/901 дүгээр Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хүргүүлсэн “Хөрөнгө шийдвэрлүүлэх тухай” хүсэлтийн хуулбар болон дээрх баримтуудын нотариатчаар гэрчлүүлэн хуулбарууд, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1/2232 дугаар Сангийн яамны төсвийн бодлого, төлөвлөлтийн газарт хүргүүлсэн албан тоот, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1/2233 дугаар Боловсрол, Соёл шинжлэх ухаан, Спортын яаманд, Сангийн яамны төсвийн бодлого, төлөвлөлтийн газарт хүргүүлсэн албан тоот зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1/2390 дугаар Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хүргүүлсэн “Санхүүжилт хүсэх тухай” хүсэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын Боловсрол Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1а/10757 дугаар Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдод ирүүлсэн албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын Сангийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 4-3/6510 дугаар Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдод ирүүлсэн албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2/4289 дүгээр Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдод ирүүлсэн “Төсвийн тухай” албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 9/13597 дугаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт ирүүлсэн албан бичгийг Хөвсгөл аймгийн Засаг даргад хүргүүлсэн тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 4-3/942 дугаар Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдод ирүүлсэн албан тоотын хариу, Хөвсгөл аймаг Орон нутгийн өмчийн газар Үнэлгээний хорооны хурлын 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаар тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол улсын Эрүүл мэндийн яамны 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1а/1193 дугаар Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдод ирүүлсэн албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 4-/7714 дүгээр Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдод хариу ирүүлсэн албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын Сангийн яамны 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 4-3/574 дүгээр Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдод ирүүлсэн албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгчээ.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбаруудыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь Хөвсгөл...... нь дулаан үйлдвэрлэх, дамжуулах, дулааны шугам сүлжээ, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд болох нь 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 0000085907 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх ба Хөвсгөл .... төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаар албан тоотоор Д.Ц... нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байх тул Хөвсгөл .... үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал Д.Ц. нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн байна.
Нэхэмжлэгч Хөвсгөл ... нь Хөвсгөл аймгийн төсөвт болон орон нутгийн өмчит байгууллагуудад дулааны эрчим хүч нийлүүлэх тендерт оролцон ялалт байгуулж, 2019 онд Хөвсгөл аймгийн төсөвт болон орон нутгийн өмчит байгууллагуудыг дулааны эрчим хүчээр хангасан болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, бусад холбогдох баримтуудаар тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Төсвийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт: “Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.” гэж, 28.2 дахь хэсэгт: “Иргэнтэй байгуулах эрчим хүчээр хангах гэрээнд хэрэглэх эрчим хүчний хэмжээ, чанар, төлбөр, тооцооны журам, гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэг, хариуцлага тооцох журам, эрчим хүчний шугам сүлжээний эзэмшлийн зааг, шаардлагатай бусад асуудлыг тусгана.” гэж, 28.3 дахь хэсэгт: “Хуулийн этгээдтэй байгуулах эрчим хүчээр хангах гэрээнд энэ хуулийн 28.2-т зааснаас гадна эрчим хүчний хэрэглээний горим, сар бүрийн хуваарь, хэрэглэгч хуулийн этгээдийн харилцах данснаас төлбөрийг банкны байгууллагаар шууд хийлгэх нөхцөл, төлбөрийн барьцаа болон шаардлагатай бусад асуудлыг тусгана.” гэж тус тус зааснаас үзэхэд эрчим хүчээр хангагч байгуулага нь иргэд, хуулийн этгээдтэй бичгээр гэрээ байгуулахаар байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад зохигч талуудын хооронд хийгдсэн гэрээ байхгүй, нэхэмжлэгч нь хариуцагчтай Дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулаагүй болохоо хүлээн зөвшөөрч, үүнийгээ Хөвсгөл аймгийн төсвийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудыг Дулааны эрчим хүчээр хангах тендерт манай байгууллага ялалт байгуулж, 1 м3 талбайг 1.430 төгрөгөөр халаахаар үнийн саналаа хүргүүлсэн боловч энэ нь бидний хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй. Тухайн үед аймгийн төсвийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагууд дулаанаар тасарч аймаг бүхэлдээ хөлдөх хүндрэл учрах байсныг таслан зогсоох, дагаж мөрдөгдөж эхэлсэн үнэ 1 м3 талбайг 1.560 төгрөгөөр тооцож, дулаан нийлүүлэх санал хүргүүлэх гэхээр хуульд заасан “шаардлагад нийцсэн бүх тендерийн үнэ захиалагчийн тооцсон төсөвт өртгөөс хэтэрсэн тохиолдолд захиалагч 5 хүртэлх хувиар хэтэрсэн үнэтэй тендер ирүүлсэн тендерт оролцогчтой гэрээний үнийг төсөвт өртөгт багтаана.” гэсэн шаардлагыг зөрчих гээд байсан учраас бид аргагүйн эрхэнд 1 м3 талбайг дулааны эрчим хүчээр хангах үнийг 1.430 төгрөгөөр тооцож, үнийн саналаа хүргүүлж, үнийн зөрүүний асуудлыг дараа шийдвэрлүүлэх хүсэлтэй байсан. Энэ үнийн саналын зөрүүнээс үүдээд Дулааны эрчим хүчээр хангах гэрээгээ байгуулж чадаагүй гэж тайлбарладаг.
Хэдийгээр талуудын хооронд бичгийн гэрээ байгуулагдаагүй боловч 2019 онд Хөвсгөл аймгийн төсвийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагууд дулааны эрчим хүчээр хангагдсан гэдэгтэй талууд маргаагүй харин үнийн саналыг төсвийн жилийн эхэнд 1.430 төгрөгөөр тооцсон атлаа дулааны эрчим хүчний үнийг Эрчим хүчний зохицуулах хорооноос 1.560 төгрөг болгон нэмэгдүүлсэн учир төсөвт жилийн дундуур үнийг нэмэн, үүнээс үүдэн гарсан тарифийн үнийн зөрүүг төсвийн ерөнхийлөн захирагчийнхаа хувьд аймгийн Засаг дарга хариуцах ёстой гэж маргаж байна.
Гэвч Хөвсгөл аймгийн Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг төсвийн болон орон нутгийн өмчит байгууллагуудаас аймгийн Засаг даргын шууд удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий 29 байгууллага тус бүрийн дулааны эрчим хүчээр хангагдаж буй талбайн хэмжээ, үнийн тарифийн зөрүүтэй холбогдох байгууллагууд маргаж байгаа эсэх нь тодорхойгүй, энэ талаар холбогдох баримт хэрэгт авагдаагүй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан: “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болох ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд хариуцагч татгалзлаа нотлох, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй тохиолдолд хариуцагчид ийм үүрэг үүсэхгүй.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт: “... хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй ба нэхэмжлэлийн үндэслэл, тодорхой байх учиртай.
Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19 дэх хэсэгт: “ “хэрэглэгч” гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг” гэж заасан ба Хөвсгөл аймгийн Засаг дарга нь эрчим хүчийг худалдан авч байгаа иргэн, хуулийн этгээдийн аль болох нь тодорхойгүй, дулааны эрчим хүчээр хангагдсан гэх нэхэмжлэлд дурдагдсан нэр бүхий 29 байгууллагыг төлөөлж тэдний өмнөөс ямар үүрэг хүлээсэн эсхүл ямар үүрэг хүлээснээ биелүүлээгүй болохыг нэхэмжлэгч нотолж чадахгүй байна.
Иймд дээр дурдан буй үндэслэлүүдээр Төсвийн ерөнхийлөн захирагч Хөвсгөл аймгийн .... холбогдох эрчим хүчний тарифийн үнийн зөрүү болох 687.342.181 /зургаан зуун наян долоон сая гурван зуун дөчин хоёр мянга нэг зуун наян нэг/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь хэрэглэгч байгууллагуудаас дулааны эрчим хүчний тарифийн үнийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлээ шүүхэд дахин гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө.” гэж, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт: “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна.” гэж, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт: “Шүүхийн зардлыг ..., нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.” гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт: “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх:” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч Хөвсгөл дулааны станц ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.594.660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлдүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл ......-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хөвсгөл аймгийн ... холбогдох эрчим хүчний тарифийн үнийн зөрүү 687.342.181 /зургаан зуун наян долоон сая гурван зуун дөчин хоёр мянга нэг зуун наян нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.594.660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж, гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА