Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/111

 

2024      03          14                                          2024/ШЦТ/111

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Т.Дэлгэрмэнд

Шүүгдэгч О.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Эд холбогдох эрүүгийн 2425000350132 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ж ургийн овогт О.Э /регистрийн дугаар:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Э нь 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэди” худалдааны төвийн 1 давхарт Юнителийн салбарт үйлчлүүлж байсан хохирогч Ё.Гг урд шөнө гэртээ хонуулсан хүнтэй андуурч “..манай гэрт гуйж хоночихоод таньсангүй, гаръя” гэж уурлан түүний нүүр хацар хэсэгт цохиж улмаар хохирогч хойш хөл алдан унаж биед нь тархи доргилт, зүүн хацар, завжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

            -шүүгдэгч О.Эн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,          

эрүүгийн 2425000350132 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

-Хохирогч Ё.Ггийн мэдүүлсэн: “...2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Тэди” төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг Юнителийн салбар ороод төлбөрөө төлөх гээд суугаад теллерт төлбөр төлж дуусаад босоод гарах гэсэн чинь нэг үл таних 40 орчим насны өндөр нуруутай, хар өнгийн урт куртиктай, ноосон малгайтай залуу намайг сугадаад “гаръя пизда минь” гээд байхаар нь “би чамайг танихгүй” гэсэн чинь “би тэгвэл чамайг таниад байна” гээд байхаар нь миний цүнхийг дээрэмдэх гээд байгаа юм болов уу гэж бодоод гарахгүй чи яах гээд байгаа юм гэсэн гаръя гэж байна пизда минь гээд намайг чирээд байхаар нь би тэнд байсан хүмүүст энэ танихгүй хүн намайг авч гарах гээд байна цагдаагийн байгууллагад дуудлага өгөөдхөөч гэсэн чинь тухайн үл таних залуу буцаж орж ирээд миний нүүр хэсэгт цохиод авсан чинь би арагш хөл алдаад уначихсан. Яагаад сугадаж чирээд байгааг нь ойлгоогүй намайг сугадчихаад л гаръя гээд байсан. Миний цохиулсан газар чимчигнэж өвдөж байна... Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 8-9-р тал/

 -гэрч Б.Т мэдүүлсэн:.. 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12 цаг 40 минутын үед эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.Гантулгын хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт Сонор хайрхан худалдааны төвд манай аав хүнд зодуулчихлаа гэсэн дуудлага 102 тусгай дугаараас ирсэн. Дуудпагын дагуу Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт Сонор хайрхан худалдааны төвийн 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг Юнител-ийн салбарт ороход 30 гаран насны эмэгтэй хүрч ирээд манай аавыг хүн зодчихоод гараад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд тус 1 дүгээр давхарын хяналтын камерыг шүүхэд гомдол гаргасан эмэгтэйгийн аавыг 40 гаран насны өндөр нуруутай, хар өнгийн амны макстай залуу нүүр рүү нь цохиж байгаа бичлэг хадгалагдан үлдсэн байсан. Тэгээд камерын бичлэгийг шүүчихээд нөгөө зодуулсан иргэний охин нь гар утсан дээрээ нөгөө зодоон болж байгаа бичлэгийг бичиж хуулж аваад бид нар эргээд гарах гээд байж байтал гаднаас гомдол гаргасан иргэний аавыг зодсон эрэгтэй ороод ирсэн. Тэгээд тухайн иргэнийг аваад цагдаагийн газрын жижүүрт хүлээлгэж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/

-гэрч Б.Ө мэдүүлсэн:... 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 12 цаг өнгөрч байхад нэг настай хар енгийн урт куртиктэй, цагаан өнгийн маск зүүсэн, хөгшин хүн төлбөр төлөх гээд надад хандахаар тухайн хүний хүссэн үйчилгээг үзүүлээд төлбөр төлнө гэхээр нь төлбөрийг нь хүлээж аваад тооцоог нь хийгээд тухайн настай босоод явсан. Босож явсаных нь дараа надаар үйлчлүүлсэн настай хүн оффисын ажилтан нар суудаг өрөө рүү орох гэхээр нь та хаачих гэж байгаа билээ гэсэн чинь тухайн настай надад цагдаа дуудаад өгөөч гэхээр нь та өөрийнхөө гар утсаар дуудчих гээд хэлэхэд хар өнгийн ноосон малгайтай, хар өнгийн куртиктэй, шар өнгийн үстэй гутал өмссөн хүн тухайн настай хүний нүүр хэсэгт нь цохиод авчихаар нь би ширээнээс настай хүнийг явж очоод босгоод буцаад иртэл цохисон хүн нь хаалгаар гараад явж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаа нар цохисон хүнийг дагуулаад буцаад ороод ирсэн чинь цохисон хүн нь настай хүн рүү чи намайг цагдаа дуудаж өглөө чи манайд гуйж хоночоод чи муу ер нь юу юм бэ гэхэд цагдаагийн алба хаагч нар аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 37 дугаартай “... . Ё.Ггийн биед тархи доргилт, зүүн хацар, завьжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 27-28-р тал/

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 32-33-р тал/

-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 358 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 39-41-р тал/

-Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 42-43-р тал/

-Шүүгдэгч О.Эгийн яллагдагчаар мэдүүлсэн: ...2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэди” төвийн 1 давхарт бэлэн мөнгөний машинаас мөнгө авах гээд орсон чинь өмнөх өдрийн шөнө манай гэрт өөрийгөө цагдаагийн байгууллагаас тэтгэвэрт суусан гэх хүн архи ууж хоноод маргааш өглөө нь надаас 5000 төгрөг авч яваад буцаад ирнэ гэж хэлээд алга болчихсон. Тэгсэн манайд хоносон хүнтэй адилхан хүн маск зүүчихсэн байхаар нь дөхөж очоод та яагаад худлаа яриад байгаа юм настай хүн байж гэж хэлээд тухайн эрэгтэй хүний нүүр хэсэгт нь нэг удаа баруун гараараа цохичихсон. Тэгээд ямар нэгэн зүйл бодолгүй “Тэди” төвөөс гараад дэлгүүр орчоод буцаад ирсэн чинь цагдаа нар дуудаад намайг цагдаагийн газарт аваад ирчихсэн. Өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 66-67-р тал/,

Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч О.Э нь 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэди” худалдааны төвийн 1 давхарт Юнителийн салбарт үйлчлүүлж байсан хохирогч Ё.Гг урд шөнө гэртээ хонуулсан хүнтэй андуурч “..манай гэрт гуйж хоночихоод таньсангүй, гаръя” гэж уурлан түүний нүүр хацар хэсэгт цохиж унагаж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хацар, завжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.        

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

 Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч О.Эгийн үйлдлийн улмаас Ё.Гн биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

    Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлогдсон, гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. Хохирогчийн нэхэмжилсэн төлбөр 167,000 төгрөгийг шүүгдэгч төлсөн байна.  

      Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хохирлоо төлсөн байх тул хүсэлтийг хүлээн авч 600 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял санал болгосон гэж,

     -шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж: Сайн дураараа гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийн агуулга, санал болгосон ялын агуулга үр дагаварыг ойлгосон. Мөрдөн шалгах ажиллагаанд миний эрхийг ямар нэг байдлаар зөрчөөгүй,торгуулийг 6 сарын хугацаанд төлнө гэж тус тус санал дүгнэлт гаргасан.     

        2.Эрүүгийн хариуцлагын талаар.

        Шүүгдэгч О.Эг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн тул Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”гэж,

         5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

       Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.            

         3.Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд: Хохирогч Ё.Г нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн, хохирлын нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                              ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж ургийн овогт О.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаан/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч О.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ