| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2020/01822/И |
| Дугаар | 155/ШШ2021/00281 |
| Огноо | 2021-02-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 155/ШШ2021/00281
Хэргийн индекс 155/2020/01822/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Т.. сумын .. дугаар багт оршин суух, регистрийн дугаар РЮ9...., Б. овогт Ө.Л. нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ..сумын .. дүгээр багийн ... тоотод оршин суух, регистрийн дугаар РЭ.., С. овогт Д.Л.д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч Ө.Л., хариуцагч Д.Л.л нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Л. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ө.Л нь нөхөр Д.Л. 2008 онд танилцаж үерхэж байгаад 2008 оны 12 дугаар сард гэрлэлтээ батлуулж, хамт амьдрах болсон. Хамт амьдрах хугацаанд 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдөр том охин Л.С., 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүү Л.О., 2015 оны 7 дугаар сарын 14-ний өдөр бага охин Л.Н. нарыг төрүүлсэн. Бидний хамтын амьдралын эхний үе ямар нэгэн асуудалгүй байсан. Сүүлийн үед бид хоорондоо таарч тохирохгүй болж, бидний амьдрал байнгын хэрүүл маргаантай байх болсон. 7 хоногт 2-3 удаа хэрэлдэх, маргалдах асуудал үүсч тэр бүрт хүүхдүүдийн дэргэд гар хүрдэг болсон. Дээрх шалтгаанаас болж хүүхдүүдийн хүмүүжилд муугаар нөлөөлж, цаашид хамт амьдрах боломжгүй байна.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Л.С., хүү Л.О., охин Л.Н. нарыг миний асрамжинд үлдээж, хуульд заасны дагуу хүүхдүүдэд тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно.” гэв.
Хариуцагч Д.Л. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ө.Л. нь тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бодит байдлыг дэгсдүүлэн, хэтрүүлж бичсэн байна. Миний хувьд Ө.Л. танилцан, 2008 оноос хойш амьдарсан цагаасаа эр нөхрийн үүргээ сайн биелүүлж, хань ижил, үр хүүхдүүдийнхээ сайн сайхан амьдралын төлөө ажиллаж хөдөлмөрлөж, хайрлаж халамжилж ирсэн билээ. Бидний хамтын амьдралын явцад 3 сайхан хүүхэд мэндэлсэн бөгөөд гэр орон минь инээд хөөртэй, баяр жаргалтай өдрүүд үргэлжилж байсныг үгүйсгэж, дандаа хар бараан дурсамжаар дүүрэн байсан мэтээр бичсэнд гомдож байна. Хүний л амьдрал хойно, хоног өдрүүдэд аахар шаахар асуудалд санал зөрөх, ам зөрөх, бие биеэ буруу зөрүүгээр ойлгож, хэн хэндээ туних асуудал гардаг байсныг үгүйсгэхгүй. Бидний хувьд Тосонцэнгэл суманд малчин айл байж байгаад 2017 онд хүүхэд сургуульд суралцах амьдралын шаардлагаар Мөрөн суманд шилжин ирж амьдрах болсон. Миний хувьд үр хүүхдүүдээ асрах, халамжлах ажлыг байнга хийсээр ирсэн. Энэ хугацаанд хааяа нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, эхнэрийнхээ үгэнд оролгүй гомдоож, сэтгэл зүрхэнд нь сэв суулгах үг, үйлдэл гаргаж байсандаа маш их харамсаж байна. Бидэнд шүүхээс эвлэрэх хугацаа өгсөн боловч эвлэрч чадаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.Л. нь хариуцагч Д.Л. холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэр бүл болсныг, 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 0043224-48 дугаарт бүртгэсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биенээ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлт цуцлахыг хориглосон үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүх нэхэмжлэгч Ө.Л., хариуцагч Д.Л. нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдөр охин С. овогт Л.С., 2013 оны 12 дугаар 18-ны өдөр хүү С.овогт Л.О., 2015 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Сант овогт Л.Н. нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно.” гэж заасан байх ба нэхэмжлэгч Ө.Л. нь охин Л.С. , хүү Л.О.охин Л.Н. нарыг өөрийнхөө нь асрамжид авахаар шаардахад хариуцагч Д.Л. хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрсөн, хүүхдүүдийн санал зэргийг харгалзаж, охин Л.С., хүү Л.О., охин Л.Н.нарыг эх Ө.Л. асрамжид үлдээлээ.
Охин Л.С., хүү Л.О., охин Л.Н.нарыг эх Ө.Л. асрамжид үлдээж байгаа нь хүүхдүүд эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Д.Л.л, эх Ө.Л. нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ.”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт: “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.”, 10 дугаар зүйлийн 10.3 дэх хэсэгт: “... хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй ...”, 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: “... хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул охин Л.С., хүү Л.О., охин Л.Н.нарт сар бүр эцэг Д.Л. тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, зохигчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно...” , 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт: “тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг, ... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр,”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт: “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна.”, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт: “Шүүхийн зардлыг ..., нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ.”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт: “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байна.”, 7.1.2 дахь хэсэгт: “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг ” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172.842 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Л. 172.842 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Л. олголоо.
Уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Л. , нэхэмжлэгч Ө.Л. нарт шүүхээс эвлэрэх 3 сарын хугацаа олгосон боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж, эвлэрэх хугацаа дууссан тул хэргийг хянан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсгүүдэд зааснаар регистрийн дугаар Р...1, Б.. овогт Ө.Л., регистрийн дугаар РЭ., С. овогт Д.Л. нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар Р.., 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, охин С. овогт Лх.С., регистрийн дугаар Р., 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, хүү С. овогт Л.О., регистрийн дугаар РК.., 2015 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин С.. овогт Л.Н. нарыг эх Ө.Л..н асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар РК10220304, 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, охин С.. овогт Л.С., регистрийн дугаар Р.8, 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, хүү С. овогт Л. О., регистрийн дугаар Р..3, 2015 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин С..овогт Л.Н. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай, насанд хүрсэн болон хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Л... сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172.842 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Л..с 172.842 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Л. олгосугай.
5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгүүдэд зааснаар энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА