Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 742

 

 

 

 

 

 

                        

  2020             6              9                                          2020/ДШМ/742

 

 

Р.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхням,          

шүүгдэгч Р.Г, түүний өмгөөлөгч Д.Чинзориг,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 736 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 23 дугаартай эсэргүүцлээр Р.Гт холбогдох 1908065450387 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Илжигэн чихт овгийн Рагчаасүрэнгийн Г, 1998 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “..............................” ХХК-д туслах ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ......... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:УП98021411/,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 628 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан;

Шүүгдэгч Р.Г нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Отгонтэнгэр” хүнсний дэлгүүрийн орчим Х.Гантөгсийг “дүү хүмүүсийг дээрэлхсэн” гэх шалтгаанаар цээжин тус газарт нь нэг удаа хутгалж, түүний эрүүл мэндэд “цээжний баруун талын хатгагдсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Р.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Р.Гт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шийдвэрлэж, Р.Гт торгох ялын саналыг танилцуулан хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх” журмыг заасан ба тус зүйлийн 4 дэх хэсгийн 4.6 дахь заалтад шүүх хуралдаанаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлыг хянана гэж заасан. Шүүх хуралдаанд шүүгдэгч Р.Гоос “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх”-ийг тодруулахад ойлгоогүй талаар мэдүүлсэн, түүнд ялын саналыг танилцуулахдаа хууль зүйн үр дагаврыг тайлбарлаагүй байх тул хуулийн дээрх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж тус тус заасан.

Тус хэргийн шүүгдэгч Р.Г нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 628 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан байх бөгөөд уг шүүхийн шийдвэр гарснаас хойш 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дахин хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт холбогдсон байхад прокуророос шүүгдэгч Р.Гт 450.000 төгрөгийн торгох ялын санал танилцуулсан нь Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамаарах нөхцөлийг харгалзаагүй байгааг цаашид анхаарвал зохино. Дээрх зөрчлийг арилгах, шалгаж тогтоовол зохих асуудлуудыг “зөв, бүрэн” тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцүүлсэн байх үндэслэлтэй гэж шүүх дүгнэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

            Прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “Шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул прокурорын эсэргүүцэл бичиж байна. Шүүх хуралдаанд шүүгч шүүгдэгчээс “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүдэн гарах хууль зүйн үр дагаврыг ойлгож байна уу” гэх асуулт тавьж, шүүгдэгч “шүүгчийн асуусан асуултыг ойлгохгүй байна” гэж хариулсан. Шүүгчийн “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүдэн гарах хууль зүйн үр дагаврыг ойлгож байна уу, та хэрхэн ойлгож байна вэ” гэх асуултад шүүгдэгч хариулаагүй байна. Шүүх шүүгдэгчийн дээрх мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгоогүй байна гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Шүүгч шүүгдэгчээс асуусан асуултыг хуулийн хэллэгээр бус илүү ойлгомжтой байдлаар асууж, тодруулах боломжтой байсан боловч шүүгдэгч нь шүүгчийн тавьсан асуултыг ойлгоогүйн төлөө шууд дүгнэлт хийж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад: “Шүүх хуралдаанаар... прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн эсэх”-ийг хянахаар заасан байхад прокурорын сонсгосон ялд дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасны дагуу Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 736 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн” гэжээ.

 

            Прокурор С.Энхням тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: " Шүүх хуралдаанд дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж гаргасан байсан. Мөн хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийг баримталж буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “гучин гуравдугаар бүлгийг баримтлахгүй” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлгийг баримталж хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцсэн мэтээр прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхөөргүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг хангахгүй байна. Иймд шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдлыг хянана” гэж заасан. Гэтэл шүүх хуралдааны явцад шүүгдэгчээс зөвхөн “хууль зүйн үр дагаврыг ойлгосон уу” гэж асуух төдийгөөр хууль зүйн үр дагаврыг ойлгоогүй гэж дүгнэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдааны явцад энэ байдлыг хянаж, дүгнэх боломжтой байсан. Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

 

            Шүүгдэгч Р.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч 450.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрөөд хэргийг шүүхэд шилжүүлсэн. 450.000 төгрөгөөр торгоно, хүлээн зөвшөөрөхгүй бол хэрэг ердийн журмаар шийдвэрлэгдэнэ, зөвшөөрвөл хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ гэдгийг танилцуулсан, би гарын үсэг зурсан” гэв.

 

Шүүгдэгч Р.Гийн өмгөөлөгч Д.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн зүгээс прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан. Р.Г нь 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулсан. Энэ ялаа 9 дүгээр сард нь бүрэн биелүүлж дууссан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “урьд нь ял шийтгэлтэй байсан бол” гэх хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид ч гэсэн ялтай байдал гэдэг зүйл байхгүй. Гэтэл шүүх захирамждаа өмнө ял шийтгэлтэй байсныг үндэслэсэн нь хууль зөрчиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Тэгэхээр шүүгчид шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах эрх хэмжээ байхгүй. Яллагдагч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журамтай танилцах, ял шийтгэлээ тохиролцох, прокурорын ялыг хүлээн зөвшөөрөх зэрэг ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан. Хавтас хэрэгт энэ талаар хангалттай баримт авагдсан. Тэгээд 450.000 төгрөгөөр торгохоор ял тохиролцсон. Шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад шүүгч, улсын яллагч нарын хооронд нэлээд хэлэлцүүлэг өрнөсөн байсан. Тэгээд энэ дунд шүүгдэгч асуултыг сайн ойлгоогүй, будилсан зүйл харагдсан. Мөн шүүгчийн асуултад хариулахдаа “ойлгоогүй” гээгүй, “би асуултыг ойлгохгүй байна” гэж хариулсан байсан. Гэтэл шүүгч үүнийг хууль зүйн үр дагаврыг нь ойлгосонгүй гэж дүгнээд шүүгчийн захирамж гаргаж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт ердийн журмаас гадна тусгай журмыг хуульчилж өгсөн. Энэ нь прокурорын эрх хэмжээг болон шүүхийн эрх хэмжээг нарийн тодорхой хуульчилсан. 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр зарим тодорхойгүй байсан зүйлүүдийг хангалттай тодруулж өгсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар яллагдагч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан, 17.2 дугаар зүйлд зааснаар хүсэлтийг шийдвэрлэсэн, прокурорын хяналтад баримтлах ёстой 17.3 дугаар зүйлийг бүрэн баримталсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг прокурор хянах шаардлагатай. Үүнд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, торгууль төлөх боломжтой эсэхийг харгалзсан. Р.Г нь 800.000 төгрөгийн цалинтай ажил хийж байсан учир торгуулийн ялыг төлөх бүрэн боломжтой. Мөн цаашлаад прокурорт ялаас чөлөөлөх эрх хэмжээ бий. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд шүүхийн эрх хэмжээг хуульчилсан. Үүнээс “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэдэг асуудлыг прокурор дэлгэрэнгүй тайлбарлалаа. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх эрх хэмжээгээ хэтрүүлсэн байна гэж үзэж байна. Хуулиар анхан шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 5 зүйлийг хянах эрх хэмжээ олгосон. Үүнийг хянаад хэрэв зөрчилгүй байвал хэргийг прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх ёстой. Р.Гийн хувьд өдөр болгон цагдаагийн байгууллага дээр дуудагдаад ажлаа хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Өдөр болгон ажлын газраас нь чөлөө өгөхгүй байсан учраас аль болох түргэн шуурхай хэргээ шийдвэрлүүлэхийн тулд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Одоог хүртэл ийм хүсэлтэй байгаа. Иймд анхан шатны шүүх хуульд заагаагүй журмыг удирдлага болгосон байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Р.Гт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзээд энэ талаар прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Р.Гт холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

            Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална”, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж тус тус заажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам болох хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тусгайлан 17 дугаар бүлэгт зохицуулсан бөгөөд тухайн бүлэгт хохирогч, яллагдагч, прокурор, шүүхийн эрх хэмжээ, үүргийг нэг бүрчлэн хуульчилжээ.  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбат нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Р.Гийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын 117 дугаар тогтоол /хх 148/-ыг гаргажээ.

Түүнчлэн прокурор Б.Энхбат 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 72 дугаартай прокурорын санал /хх 152/-аар Р.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын санал дүгнэлт үйлдэж, саналыг яллагдагч Р.Гт танилцуулж гарын үсэг зуруулсан нь хуульд нийцжээ.

Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд, шүүгдэгч Р.Г нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэнтэй холбоотой гарах үр дагаврыг танилцуулж, би гарын үсэг зурсан” гэж мэдүүлж байгаа нөхцөл байдлаас Р.Гийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.6 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэх үндэслэлтэй.

Иймд прокурор Д.Отгонбаярын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, Р.Гт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 736 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Р.Гт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Р.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

 

 

ШҮҮГЧ                                                                        Б.АРИУНХИШИГ

 

 

                        ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ