Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 18

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл

улсын яллагч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Оюун-Эрдэнэ

хохирогч Б.Нэргүй, Н.Наранцогт, Л.Баяраа

иргэний нэхэмжлэгч Ч.Сайнаа, Ц.Цэрэнбат   

иргэний хариуцагч Н.Бадарч

хохирогч Б.Нэргүй, Н.Наранцогт, Л.Баяраа, иргэний нэхэмжлэгч Ч.Сайнаа нарын өмгөөлөгч Б.Сонинбайгаль

шүүгдэгч Ц.Энхбаясгалангийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн

шүүгдэгч Ц.Энхбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цэрэнбадамын Энхбаясгаланд холбогдох 201619000561 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авснаар 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт

            Монгол улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, ам бүл-1 Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 16-241Б тоотод оршин суух улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Цэрэнбадамын Энхбаягалан /РД:ШГ86071215/

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ц.Энхбаясгалан нь 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн орчим Төв аймгийн Баянчандмань сумын нутагт Улаанбаатар хотоос 72 дугаар километрийн зайд асфальтан замд Хюьндай Соната-6 маркийн 31-54 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино. а/уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэсэн заалтыг зөрчин Н.Наранцогтын жолоодон явсан Nissan Pathfander маркийн 74-50 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс зорчигч Б.Нэргүйгийн биемахбодид хүнд, зорчигч Л.Баяраа, жолооч Н.Наранцогт нарын биемахбодид хүндэвтэр, зорчигч Ч.Сайнаа, Н.Сарангоо, Ц.Цэрэнбат нарын биемахбодид хөнгөн гэмтэл, Н.Наранцогтын жолоодон явсан Nissan Pathfander маркийн 74-50 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 10.106.000 төгрөгний шууд 11.951.000 төгрөгний нийт хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч Ц.Энхбаясгалан шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр оройны 20 өнгөрч байхад Зүүнхараа явж байгаад машинтай мөргөлдсөн. Өөдөөс ирсэн машин асар хурдтай явж байсан би тормоз гишгээд эгнээндээ орох гээд орж чадахгүй мөргөлдсөн. Би 60 км/цагийн хурдтай явж байсан. Тэр өдөр Баянчандмань сумын цагдаа нар ирээгүй, хар машинтай цагдаа ирж хэмжилт хийгээд миний өөдөөс ирсэн машиныг их хурдтай явж байсан гэж манай машинд сууж байсан ахад хэлсэн байсан. Урсгал сөрсөн нь миний буруу гэв.

Хохирогч Н.Наранцогт шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 07 сарын 22-ны өдөр 19 цаг 30 минутын үед Баянчандмань сумын нутаг руу орж ирээд явж байсан. Тухайн өдөр шиврээ бороотой, зун байсан болохоор харагдах орчин зүгээр гэгээтэй байсан. Осолд орсны 1 цагийн дараа цагдаа нар ирээд үзлэг хийж зураг авсан. Тухайн үед миний нуруу 3 хугарчихсан босож чадахгүй байсан. Шүүгдэгч миний машиныг эвдрэл, гэмтэлтэй гэж байна миний машиныг очоод үзээрэй гэж шүүгдэгчид би хэлж байсан. Би ослын улмаас 2 сар хэвтэрт байж байгаад машины үнэлгээг Итгэлт Истимэйт ХХК-иар үнэлгээ гаргуулсан байгаа. Машины 2 дугуйг гэмтэлтэй байсан гээд байна, мэдээж мөргөлдсөн машин яаж ч гэмтэж болно. Тухайн хэргийн газрын үзлэгт очсон цагдаа нар шүүгдэгч Энхбаясгалангийн согтуурлыг шалгаагүй, мөн Төв аймгийн цагдаа Жаргал гэдэг байцаагч хэт нэг талыг бариад “хөөрхий минь өнчин юм байгаа юм  та нар харж үзээч” гэж байсан тул бид нарын зүгээс энэ хэргийг Төв аймагт шийдвэрлүүлэхгүй гэж бодоод хүсэлт бичиж Улаанбаатар хот руу хэргийг шалгуулсан байгаа. Би энэ хэргийн улмаас эрүүл мэнд болон эд зүйлээрээ маш их хохирсон. Машины үнэлгээ 11.951.000 төгрөг мөн үнэлгээний тооцооны хуудас зэрэг мөнгийг нэхэмжилж байна гэв.

 

Хохирогч Б.Нэргүй шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 07 сарын 22-ны орой Төв аймгийн Жаргалант сумаас гараад Улаанбаатар хот руу явж байсан. Харагдах орчин чөлөөтэй, шиврээ бороотой байсан. Гэнэт өөдөөс нэг машин гараад ирсэн бид нар энэ машин бид нар руу чиглэж ирж байгаа юм биш биз дээ гээд замын хажуу руу орох уу гээд ярилцаж байсан. Тэгээд юу болсон мэдэхгүй би нэг сэрэхэд эмнэлэгт очсон байсан. Би энэ ослын улмаас 11.000.000 төгрөгийг эмчилгээндээ зарцуулсан байгаа. Тогтмол нэг хүний асаргаанд байсан. Сар бүр 100.000 төгрөгийн эм тариа хэрэглэж байна. Дахин нүдний хагалгаанд орох шаардлагатай байгаа. Одоо миний бие байнга өвдөж толгой миний их хагархай үүссэнээс болоод духныхаа хэсэгт том төмрөөр нөхүүлсэн. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочоос болоод эд хөрөнгө эрүүл мэндээрээ маш их хохироч байгаа тул гомдолтой байна. Би өвгөнтэйгөө хамт тэтгэвэрийн хэдэн төгрөгөөр л амьдардаг тул хохирлыг мөнгө болох 11.000.0000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хохирогч Л.Баяраа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 7 сарын 22-ны орой нартай шиврээ бороотой байсан. Зуны улирал байсан болохоор зам халтиргаа, гулгаагүй байсан. Бид нарын явж байхад маш олон машин байсан, тэгтэл дундаас нь их хурц гэрэлтэй маш хурдтай машин гарч ирсэн. Би тухайн үед хүүхдийнхаа хөлийг хамгаалж, тэвэрч байхад машинтай мөргөлдөөд  би хөдөлж чадахгүй болж хэвтэрт орсон. Манай эхнэр намайг 2 сар гаруй хугацаанд асарч байна. Энэ ослын улмаас би нуруундаа гэмтэл авсан. Баянчандмань сумын эмнэлэгт бид нар анхны тусламж үзүүлж, бэхэлгээ хийлгэж байхад Энхбаясгалан байхгүй байсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар  400.000 гаруй төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Сайнаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 7 сарын 22-ны өдөр би нөхөр 2 хүүхэдтэйгээ явж байхад өөдөөс цагаан өнгийн машин бид нарын урдаас чиглээд их хурдтай гараад ирсэн. Би нэг бол согтуу эсвэл амиа хорлох гэж байгаа хүн юм болов уу гэж бодсон. Би хүүхдээ тэврээд замын машинд туслаачээ гээд зогсож байхад ирж зогссон машины жолооч энэ машин яг осол гаргах гээд байсан юм гэж хэлж байсан. Би шүүгдэгчийг Баянчандмань сумын эмнэлэгт нэг л удаа харсан. Тэгээд шүүгдэгч нэг удаа ч бид нараас уучлалт гуйгаагүй, 2 удаа уулзахдаа уучлалт гуйгаагүй, очиж уулзах ёстой газартаа уулзна гэж хэлж байсан. Би хэдийгээр хөнгөн гэмтэл авсан ч гэсэн нөхрөө 2 сар асарсан. хөдөлмөр алдалтын мөнгөө нэхэмжлэхгүй, нотлох баримттай хохирлоо нэхэмжилж буруутай хүмүүсээс гаргуулж авмаар байна гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Цэрэнбат шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Иргэний хариуцагч Н.Бадарч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хохирогч нараас ах Энхбаясгалангийн өмнөөс уучлалт гуйж байна. Ахынхаа хохирлыг чадах хэмжээгээрээ төлж барагдуулна. Би сая цомхотголоор ажлаасаа халагдсан. Удахгүй буцаад ажилдаа орж байгаад хохирол төлбөрийг барагдуулна гэв.

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл: Хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Баянчандмань сум 72 дугаар км шонгийн хажууд Ертөнцийн зүгээр баруун тийш харсан цагаан өнгийн Соната-6 хар өнгийн Ниссан Падпендер маркийн автомашин байв. Тус 2 тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр зорчих хэсгийн баруун талд байв. Зорчих хэсэг дээр тээврийн хэрэгслээс салсан унасан зүйлийг үндэслэн 2 тээврийн хэрэгслийн анх мөргөлдсөн гэх цэгийг А үсгээр тэмдэглэж гэрэл зургийг бэхжүүлэн зорчих хэсгийн зүүн ирмэг рүү хэмжихэд 6.30 баруун ирмэг рүү хэмжихэд 0.82 метр байв. А цэгээс Соната-6 маркийн 51-54 УБВ улсын дугаартай автомашины баруун урд дугуйг хэмжихэд 1.88 метр, хойд дугуй нь 3.10  метр зайтай хар өнгийн Ниссан Падпендер автомашин руу хэмжихэд зүүн урд дугуй нь 2.10 метр, зүүн хойд дугуй нь 4.10 метр зайтай байв. А цэгээс ертөнцийн зүгээр зүүн тийш 12 метр хойд зүгт 207 метр цаана байрлах 72 км-ийн шонг үл хөлдөх цэгээр сонгон авч Б гэх үсгээр тэмдэглэж гэрэл зургийн үзүүлэлтээр бэхжүүлэв. Тээврийн хэрэгслийг байрлалыг тогтоох зорилгоор урд хойд тэнхлэгээс зорчих хэсгийн зүүн зах ирмэг хүртэл хэмжихэд 5154 УБВ улсын дугаартай Соната-6 баруун хойд дугуй 4.85 метр урд дугуй 7.25 метр зайтай, Ниссан Падпендерийн зүүн хойд дугуй 5.80 метр урд дугуй 8.35 метрийн зайтай байв. Зам тээврийн осол болсон газрын замын өргөн 7.10 метр өргөн зүүн захын хөвөө 2.10 метр, баруун захын ирмэг 1.90 метр зайтай байв. Зам нь 2 урсгал сөрөг хөдөлгөөнтэй бороотой үзэгдэх орчин муу байв...гэх тэмдэглэл, болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 5-9 дүгээр хуудас/

 

Гэрч Г.Баттуяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Манай компанийн нэр дээр байдаг 31-54 УБВ улсын дугаартай Соната-6 маркийн автомашиныг Н.Бадарч гэх залуу 2015 оны 08 дугаар сард гэрээ хийж таксины үйлчилгээ үзүүлэх зориулалтаар авсан. Тэгтэл уг машиныг манай гэрээний жолооч биш Н.Бадарчийн хамаатан гэх залуу дур мэдэн хөдөө унаж яваад аваад хийсэн байна. Бид аваар хийсэн гэх Энхбаясгалангаас нэхэмжлэхгүй, харин гэрээний дагуу иргэний шүүхийн журмаар гэрээ хийсэн Бадарчаас машины хохирлоо нэхэмжлэх болно. Манайхтай гэрээ хийхдээ энэ машин зөвхөн Улаанбаатар хот болон харъяа дүүргийн нутаг дэвсгэр дээд таксины үйл ажиллагаа явуулах ёстой өөр хүнд дур мэдэн шилжүүлэхгүй байх гэрээтэй байдаг. Үүний дагуу бид иргэний шүүхэд хандах болно. Манай компаний зүгээс энэ аваар хийсэн жолооч Энхбаясгаланд ямар нэгэн гомдол санал алга, энэ хэрэг дээр иргэний хариуцагчаар гэрээний дагуу Н.Бадарч оролцох болно...гэх мэдүүлэг /хх-ийн 183 дугаар хуудас/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 10446 дугаартай шинжээчийн дүгнэлт: Нэргүйгийн биед дух ясны цөмөрсөн хугарал, хоёр талын суурь ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор хана, дээд ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дээд хана, хамар яс хамрын таславч яс, хоншоор яс баруун зүүн талын гайморын хөндий дайрсан нийлмэд хугарал, баруун духанд тархины эдийн цусархаг няцралтай, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархи доргилт, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиман салстанд цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 дахь хэсэгт зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна....гэх дүгнэлт /хх-ийн 83-84 дүгээр хуудас/

 

Шүүх эмнэлэгийн үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 10445 дугаартай шинжээчийн дүгнэлт: Л.Баяраагийн биед тархи доргилт, сээрний 1 дүгээр, бүсэлхийн 1 дүгээр нугалмын хугарал, чамархай, суга, шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 87 дугаар хуудас/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 10444 дугаартай Шинжээчийн дүгнэлт: Н.Наранцогтын биед сээрийн 12 дугаар бүсэлхийн 1, 2 дугаар нугаламын хөндлөн сэртэнгийн хугарал, цавь, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, шилбэний арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 97 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 10448 дугаартай Шинжээчийн дүгнэлт: Ч.Сайнаагийн биед зулайн няцарсан шарх, чамархай, нурууны зөөлөн эдийн няцрал, мөрний үений хязгаарлалт, бугалга, шуу, гуя, өвдгөнд цус хуралт, шуу өвдөг, шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 90 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн 10453 дугаартай Шинжээчийн дүгнэлт: Сарангоогийн биед чихний урд болон арын хэсэг, дэлбээний арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Шүүх эмнэлэгийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна.

Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 92 дугаар хуудас/

 

Шүүх эмнэлэгийн үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 11103 дугаартай Шинжээчийн дүгнэлт: Цэрэнбатын биед баруун мөрний зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжинд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлэээр үүсгэгдэнэ.

Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 100 дугаар хуудас/

 

Техникийн шинжээчийн дүгнэлт: Цагаан өнгийн Хюьндай Соната-6 маркийн 31-54 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Энхбаясгалан нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар “Жолооч гүйцэт түрүүлэхийн өмнө дараахь нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино, а/уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх заалтыг зөрчсөнөөс уг осол хэрэг гарахад нөлөөлсөн шууд шалтгаан гэж үзэж байна...гэх дүгнэлт /хх-ийн 104 дүгээр хуудас/

 

Итгэлт Эстимэйт ХХК-ний автомашины техникийн үнэлгээ 72615 дугаартай тайлан...Н.Наранцогтын эзэмшлийн Nissan Pathfander маркийн 74-50 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь урд талаасаа хүчтэй мөргөлдөж кузов урд хэсэг чихэгдэж баруун тал руугаа ханарсан, зүүн урд хаалга гол хэсгээр тунарсан, рамны зүүн гуя, аркны хэсгээр гулзайсан, кузовын нүүрний хөндөл, панель, төмөр гадаргуй чихэгдсэн, радиатор, сэнс мушгирч хядагдсан, хянахын салон, их гэрлүүд салхины шил, агаар шүүгч хагарсан, жолооч зорчигчийн айр бек задарч, бүсүүд ажилласан, төв түлхүүрийн речак хугарсан, хурдны хайрцагны дээд хэсэг цүлхийж, аморжин, доод гар гулзайсан, жагсаалтад байгаа эд ангиуд эвдэрсэн, 10.106.000, төгрөгний шууд, 11.951.000 төгрөгний нийт хохирол...гэх тайлан /хх-ийн 46-52 дугаар хуудас/

 

Лэндс ХХК-ний автомашины эвдрэл хохирлын үнэлгээний ХУД-01713 дугаартай тайлан: Алтан цөгц ХХК-ны эзэмшлийн Хюьндай Соната-6 маркийн 31-54 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь урд хэсгээрээ мөргөлдөж урд гуфер хагарч бутарч, урд 2 их гэрэл хагарсан, капот, радитор чихэгдсэн, кроп хагарсан, зүүн урд крыло чихэгдэж хунирсан, шил арчигчийн сав болон арааг шүүгчийн банк, гал хамгаалагчийн банк, аккумлятор хагарсан, салхины шил болон дотор салон хагарсан байдалтай байсан, 2.310.000 төгрөгний шууд, 2.854.400 төгрөгний нийт хохирол...гэх тайлан /хх-ийн 41-44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Энхбаясгалан нь 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн орчим Төв аймгийн Баянчандмань сумын нутагт Улаанбаатар хотоос 72 дугаар километрийн зайд асфальтан замд Хюьндай Соната-6 31-54 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино. а/уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэсэн заалтыг зөрчин Н.Наранцогтын жолоодон явсан Nissan Pathfander маркийн 74-50 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс зорчигч Б.Нэргүйгийн биемахбодид хүнд, зорчигч Л.Баяраа, жолооч Н.Наранцогт нарын биемахбодид хүндэвтэр, зорчигч Ч.Сайнаа, Н.Сарангоо, Ц.Цэрэнбат нарын биемахбодид хөнгөн гэмтэл, Н.Наранцогтын жолоодон явсан Nissan Pathfander маркийн 74-50 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 10.106.000 төгрөгний шууд, 11.951.000 төгрөгний нийт хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.Наранцогтын.... “тухайн үед миний нуруу 3 хугарчихсан босож чадахгүй байсан. Шүүгдэгч миний машиныг эвдрэл, гэмтэлтэй гэж байна миний машиныг очоод үзээрэй гэж шүүгдэгчид би хэлж байсан. Би ослын улмаас 2 сар хэвтэрт байж байгаад машины үнэлгээг Итгэлт Истимэйт ХХК-иар үнэлгээ гаргуулсан байгаа. Машины 2 дугуйг гэмтэлтэй байсан гээд байна, мэдээж мөргөлдсөн машин яаж ч гэмтэж болно... би энэ хэргийн улмаас эрүүл мэнд болон эд зүйлээрээ маш их хохирсон. Машины үнэлгээ 11.951.000 төгрөг мөн үнэлгээний тооцооны хуудас зэрэг мөнгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг,

хохирогч Б.Нэргүйгийн... “би энэ ослын улмаас 11.000.000 төгрөгийг эмчилгээндээ зарцуулсан байгаа. Тогтмол нэг хүний асаргаанд байсан. Сар бүр 100.000 төгрөгийн эм тариа хэрэглэж байна. Дахин нүдний хагалгаанд орох шаардлагатай байгаа. Одоо миний бие байнга өвдөж толгой миний их хагархай үүссэнээс болоод духныхаа хэсэгт том төмрөөр нөхүүлсэн. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочоос болоод эд хөрөнгө эрүүл мэндээрээ маш их хохироч байгаа тул гомдолтой байна”...гэх мэдүүлэг,

хохирогч Л.Баяраагийн.... “бид нарын явж байхад маш олон машин байсан, тэгтэл дундаас нь их хурц гэрэлтэй маш хурдтай машин гарч ирсэн. Би тухайн үед хүүхдийнхаа хөлийг хамгаалж, тэвэрч байхад машинтай мөргөлдөөд  би хөдөлж чадахгүй болж хэвтэрт орсон. Манай эхнэр намайг 2 сар гаруй хугацаанд асарч байна. Энэ ослын улмаас би нуруундаа гэмтэл авсан. Баянчандмань сумын эмнэлэгт бид нар анхны тусламж үзүүлж, бэхэлгээ хийлгэж байхад Энхбаясгалан байхгүй байса”...гэх мэдүүлэг,

иргэний нэхэмжлэгч Ч.Сайнаагийн.... “би хүүхдээ тэврээд замын машинд туслаачээ гээд зогсож байхад ирж зогссон машины жолооч энэ машин яг осол гаргах гээд байсан юм гэж хэлж байсан. Би шүүгдэгчийг Баянчандмань сумын эмнэлэгт нэг л удаа харсан. Тэгээд шүүгдэгч нэг удаа ч бид нараас уучлалт гуйгаагүй, 2 удаа уулзахдаа уучлалт гуйгаагүй, очиж уулзах ёстой газартаа уулзна гэж хэлж байсан”...гэх мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч нарын эмчилгээ хийлгэсэн баримтууд, шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 10446 тоот дүгнэлт, 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 10445 тоот дүгнэлт, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 10448 тоот дүгнэлт, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 10444 тоот дүгнэлт, техникийн шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 00000073 тоот дүгнэлт, шүүгдэгч Б.Энхбаясгалангийн мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл хэсгээр Ц.Энхбаясгаланд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215  дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Шүүгдэгч Ц.Энхбаясгалан болон болон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн нар нь шинжээчийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 00000073 тоот дүгнэлт нь эргэлзээтэй байна. Гүйцэт түрүүлэх үйлдэл хийх явцад урдаас гэнэт машин гарч ирэхэд зогсоох арга хэмжээ авч чадалгүй, буцаад эгнээндээ орж чадалгүй мөргөлдсөн гэж үзэж байна. Хохирогч Н.Наранцогтыг аюул саад тохиолдох үед зогсоох арга хэмжээ авсан эсэх нь тодорхойгүй байна. Тиймээс нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж дахин дүгнэлт гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч Ц.Энхбаясгалан нь хэтэрхий хайхрамжгүй хандаж, цаг хугацааны хувьд ч гэсэн буцаад эгнээндээ орж чадалгүй гэсэн тайлбараас үзэхэд осол нь ямар хугацаанд болсон гэдэг нь тодорхой байна. Түүнчлэн шүүгдэгч Ц.Энхбаясгаланг Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино. а/уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэсэн заалтыг зөрчсөн гэж шинжээчийн дүгнэлт гарсан тул дахин дүгнэлт гаргах шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Энхбаясгаланд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

             Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Энхбаясгалан нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болох шүүгдэгч Ц.Энхбаясгалангийн В ангилалын 418026 дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх, №00872610, №0710853 дугаартай Хьюндай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч болох Алтанцөгц Трейд ХХК-нд буцаан олгож, шүүгдэгч Ц.Энхбаясгалангийн өмчлөлийн саарал өнгийн 2 хаалгатай хөргөгчийг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны өмчлөгчид буцаан олгох нь зүйтэй байна.  

 

            Хохирогч нарт хохирол төлбөрийг гаргахдаа шүүгдэгч Ц.Энхбаясгалан, иргэний хариуцагч Н.Бадарч нараас гаргуулах нь зүйтэй байна. Учир нь иргэний хариуцагч Н.Бадарч нь машинаа Ц.Энхбаясгаланд өгөхдөө хөдөө орон нутаг явах боломжгүй, хот хооронд явдаг гэдгийг хэлээгүй, мөн хохирол төлөхөө өөрөө хүлээн зөвшөөрсөн. Нөгөө талаар шүүгдэгч Ц.Энхбаясгалан нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг харгалзан үзээд хохирогч нарт учирсан хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Нэргүй нь эмчилгээний зардал болох 11.000.000 төгрөг нэхэмжилснээс 3.883.833 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 7.116.167 нотлох баримтын шаардлага хангахгүй орхиж, хохирогч Б.Нэргүй нь асарч байсан хүний 3 сарын цалингийн нотлох баримтаа бүрдүүлж, мөн хавтаст хэрэгт авагдсан шаардлага хангаагүй нотлох баримтаа болон цаашид гаргах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээлээ. Хохирогч Л.Баяраа, Н.Наранцогт, иргэний нэхэмжлэгч Ч.Сайнаа нарын нэхэмжилсэн хохирол төлбөрийг шүүх бүрэн хангаж, хохирогч Н.Наранцогт, Л.Баяраа нарын цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.  

 

            Шүүгдэгч Ц.Энхбаясгалан болон иргэний хариуцагч Н.Бадарч нарын нэр хөрөнгөнөөс гаргуулж хохирогч Б.Нэргүйд 3.883.833 төгрөг, хохирогч Л.Баяраад 447.200 төгрөг, хохирогч Н.Наранцогтод эмчилгээний 1.121.950 төгрөг Н.Наранцогтын эзэмшлийн автомашины хохирол болох 11.951.000 төгрөг, Итгэлт-Эстимэйт ХХК-иар үнэлгээ гаргуулсан 260.000 төгрөг, нийт 13.332.950 төгрөг,  иргэний нэхэмжлэгч Ч.Сайнаад 1.299.782 төгрөг зэргийг олгох, иргэний нэхэмжлэгч Ц.Цэрэнбат нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч Ц.Энхбаясгалан нь хохирогч Н.Наранцогтод 210.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Цэрэнбадамын Энхбаясгаланг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 1 хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан, 2 хүний махбодид хүндэвтэр, бусдын эд хөрөнгөд бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Энхбаясгалангийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Энхбаясгаланд оногдуулсан 5 сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгасугай.

 

4. Ялтан Ц.Энхбаясгаланд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Энхбаясгалангийн өмчлөлийн саарал өнгийн 2 хаалгатай хөргөгчийг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны өмчлөгчид буцаан олгосугай.

 

6. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Энхбаясгалан нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Ц.Цэрэнбат нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, ялтан Ц.Энхбаясгалан нь 210.000 төгрөгийг хохирогч Н.Наранцогтод төлсөн, иргэний бичиг баримт болох ялтан Ц.Энхбаясгалангийн В ангилалын 418026 дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх, №00872610, №0710853 дугаартай Хьюндай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч болох Алтанцөгц Трейд ХХК-нд буцаан олгосугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан Ц.Энхбаясгалан болон иргэний хариуцагч Н.Бадарч нарын нэр хөрөнгөнөөс гаргуулж хохирогч Б.Нэргүйд 3.883.833 төгрөг, хохирогч Л.Баяраад 447.200 төгрөг, хохирогч Н.Наранцогтод эмчилгээний 1.121.950 төгрөг Н.Наранцогтын эзэмшлийн автомашины хохирол болох 11.951.000 төгрөг, Итгэлт-Эстимэйт ХХК-нд үнэлгээ гаргуулсан 260.000 төгрөг, нийт 13.332.950 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Сайнаад 1.299.782 төгрөг зэргийг олгох, хохирогч Н.Нэргүйгийн нотлох баримтын шаардлага хангаагүй 7.116.167 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Нэргүй, Н.Наранцогт, Л.Баяраа нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Ц.Энхбаясгалангийн тээврийн хэрэгсэл жолоодох 2 жил эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй. 

 

9 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Ц.Энхбаягаланд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ