Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 155/ШШ2021/00306

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 155/ШШ2021/00306

Хөвсгөл аймаг

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2021/00051/И/

          Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн.... дугаар багийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, регистрийн дугаар Р..., Б.. овогт М. Д. нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... багийн ... дугаар гудамжны .. тоотод оршин суух, регистрийн дугаар Р..9, М. овогт Г.Э.д холбогдох 70.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.          

          Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч М.Д., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т., хариуцагчийн өмгөөлөгч Т.Д.н нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Д. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Миний бие Г.Э. зээлийн гэрээ байгуулан 40.000.000 төгрөг, 1 сарын хугацаатай, сарын 10%-ийн хүүтэй зээлдүүлсэн юм. Гэтэл зээлийн гэрээ байгуулан мөнгө өгснөөс хойш 1 сарын хүү болох 4.000.000 төгрөгийг төлсөн боловч түүнээс хойш огт мөнгө өгөөгүй. Г.Э. мөнгөө авахаар залгасан боловч утсаа авахгүй холбоо барьж чадахгүй байгаа.

Иймд миний зээлдүүлсэн 40.000.000 төгрөг, алданги 30.000.000 төгрөг, нийт 70.000.000 төгрөгийг Г.Э. гаргуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч М.Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Н.Э. нь 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр надаас 40.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлээд 1 сарын хүү 4.000.000 төгрөгийг өгөөд үндсэн мөнгөө өгөхгүй өдий хүрч байна. Би анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээний хугацаа дууссан үеэс буюу 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан өдөр болох 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 150 хоногийн алданги тооцсон. Алданги нь хоногийн 200.000 төгрөг ба хугацаа хэтэрсэн 150 хоногоор алдангийг тооцож бодоход 30.000.000 төгрөг болж байгаа юм. Гэвч Иргэний хуульд алданги гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байгаа учир гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэл болох 40.000.000 төгрөгний тал хувь 20.000.000 гэж тооцож, нэхэмжлэлийн шаардлагаа багасган 60.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иймд хариуцагч Г.Э. 60.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.гэв.

Хариуцагч Г.Э. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч М. Д. иргэн надаас 70.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Г.овогтой Э.би М.Да. зээлийн гэрээ үйлдэн, өөрийн үл хөдлөх хөрөнгийн гэрээ гэрчилгээг барьцаанд тавьж мөнгийг миний дансанд 2020 оны 6 дугаар сарын 03-нд шилжүүлсэн. Энэ мөнгийг надаас өмнө мөнгө төгрөг зээлээд хугацаанд нь зээлийн хүү, үндсэн мөнгийг шилжүүлдэг байсан Л.Д. /Шийдвэр гүйцэтгэх газар ажилладаг 99069110 гэсэн утастай/ М.Д.г мөнгө зээлүүлдэг, би танина гээд дагуулж ирээд надаар тухайн зээлийг М.Д. авахуулсан. Авсан мөнгийг тэр өдөр буюу 2020 оны 6 дугаар сарын 03-нд би Д..н данс руу шилжүүлсэн, сарын дараа бүх мөнгийг нь хүүтэй Дүүрэнжаргал төлнө гэж байсан ба би уг мөнгийг төлөх үүрэг хүлээхгүй, харин Л.Д. нь төлөх ёстой мөнгөн дүн юм. Би энэ иргэний маргаанд хариуцагчаар зохих этгээдийг татаж оролцуулах хүсэлтэй байгаа ба нотлох баримтаар тогтоолгохын тулд би холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгөх болно. Нэхэмжлэгч нь миний нотлох баримтуудыг харгалзан үзэж ИХШХШТХ-ийн 28-р зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг солих байх гэж үзэж байгаа тул надад  холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Г.Э. нь нэхэмжлэгч М.Д. 40.000.000 төгрөг зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг боловч уг мөнгөө өөрөө хэрэглээгүй харин Шийдвэр гүйцэтгэх газрын нягтлан бодогч Л.Д. гэгчид зээлж авч өгсөн. Нэгэнт зээлийн гэрээнд гарын үсэг зурсан болохоор гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд татгалзахгүй. Гэвч улс орон Ковид өвчний улмаас хилээ хааж, иргэд наймаа арилжаа хийн ашиг орлого олох боломжгүй болсон энэ үед зээлийн хүүг 10 хувь гэж тогтоон алдангийг хуульд заасан дээд хэмжээгээр тооцож, нэхэмжлэл гаргаж байгаа нь зээлдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулж байгаа хэлбэр юм. Иймд үндсэн зээл 40.000.000 төгрөгийг гаргуулж, алданги 30.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Д. нь хариуцагч Г.Э. холбогдуулан 70.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан ба шүүх хуралдаанд үндсэн зээл 40.000.000 төгрөг, алданги 20.000.000 төгрөг, нийт 60.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

Нэхэмжлэгч М.Д. нь хариуцагч Г.Э. 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 40.000.000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги тооцохоор тохиролцож зээлдүүлсэн болох нь хэрэгт авагдсан 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Зээлийн гэрээ, мөн өдрийн Барьцааны гэрээ, мөн өдрийн Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, Хас банк гүйлгээний ажилтан 429 гэсэн тэмдэг дарагдсан 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Д. Г. овогтой Э. 40.000.000 төгрөг шилжүүлсэн баримтын хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэргээр тогтоогдлоо.

Хариуцагчийн өмгөөлөгч нь уг зээлийн гэрээ нь зээлдэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй, зээлдүүлэгч нь мэдсээр байж зөвхөн Г.Э. зээлийн гэрээ байгуулсан, зээлийн хүү нь хэтэрхий өндөр, алдангийг хуульд заасан хамгийн дээд хэмжээгээр тооцсон нь зээлдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан учир үндсэн зээл 40.000.000 төгрөгийг төлж, алданги 20.000.000 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байна. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Учир нь 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр зээлдүүлэгч М.Д., зээлдэгч Г.Э. нарын хооронд байгуулагдаж, Хөвсгөл аймгийн тойргийн нотариатч Э.Отгонжаргалаар батлуулсан 1117 дугаар зээлийн гэрээгээр талууд 40.000.000 (дөчин сая) төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлж, тухайн зээлийн барьцаанд хариуцагч Г.Э. эзэмшлийн Мөрөн сумын 7 дугаар багийн 10-28 тоотод байршилтай, нэгж талбарын дугаар 6712008542, 4046.0 м2 талбайтай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай эзэмшлийн газар болон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 10-28 тоотод байршилтай, 707 м кв талбайтай, гэрчилгээний №000352178, улсын бүртгэлийн дугаар V-1723003815, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, 1122 бүртгэлийн дугаартай гэрээ байгуулсан байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт: “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан ба талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь уг гэрээний шинжийг агуулж байх тул  нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

Талуудын хооронд бичгээр байгуулагдсан дээрх гэрээний дагуу 40.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй байхаар гэрээний гол нөхцлөө тохиролцож, зээлдүүлэгч М.Д. нь зээлдэгч Г.Э.. Хас банк дахь 5000133242 дансанд 40.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зээлдүүлэгч М.Д. Хас банк гүйлгээний ажилтан 429 гэсэн тэмдэг дарагдсан дансны  хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдлоо.

Зохигч нь 40.000.000 төгрөг зээлсэн, зээлдүүлсэн үйл баримтад маргаагүй харин хариуцагчийн өмгөөлөгч нь дээрх зээлийн хүү нь хэтэрхий өндөр, алдангийг хуульд заасан хамгийн дээд хэмжээгээр тогтоосон нь зээлдэгчид илтэд хохиролтой гэрээ болсон гэж маргаж байгаа боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан: “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.” гэсэн зарчимд нийцжээ.

Талууд зээлийн гэрээгээр хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт: “Анз нь торгууль алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэж, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт: “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж тус тус заасныг зөрчөөгүй байна.

Мөн Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр дууссан болон зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 150 хоног хэтэрсэн гэдэгтэй талууд маргаагүй байна. 

Хариуцагчийн өмгөөлөгч нь гэрээний талууд алдангийг хоногийн 0.5 хувь байхаар тохиролцсон нь зээлдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэрээ болсон учир алданги 20.000.000 төгрөг төлөхгүй, зээлдэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл биш байсан гэж маргаж байгаа боловч уг зээлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд зээлдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч Г.Э. зээлийн үндсэн төлбөр 40.000.000 төгрөг, алданги 20.000.000 нийт 60.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно...” гэж, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт: “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна.” гэж, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт: “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна.” гэж,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт: “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх” гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Э. хангагдсан нэхэмжлэлийн шаардлага болох 60.000.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 457.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Д. олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч Г.Э. 60.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Д. олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Э. 457.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Д. олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Р.САРАНТУЯА