Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 155/2021/00088/И |
Дугаар | 155/ШШ2021/00248 |
Огноо | 2021-02-09 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 155/ШШ2021/00248
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: ........... аймгийн ......... сумын ...... дугаар баг .......... тоотод оршин суух, ......... овогт О.Г /С.............5/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .......... аймгийн .......... сумын ..... дүгээр багийн ......... тоотод оршин суух, .... овогт Э.А /Р.....................7/-т холбогдох
Хүүхдийн тэтгэлэг болон 950.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 155/2021/00088/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч О.Г, хариуцагч Э.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О овогтой Г миний бие Э овогтой А-тай 2013 оноос хойш хамтран амьдарч 2014 онд охин Э, 2016 онд хүү Э нарыг төрүүлсэн. Хамт амьдарч байх хугацаандаа ар гэрийн дарамт болон архидан согтуурах нь хүүхдүүдэд сөрөг муу нөлөөтэй байсан учраас 2017 оноос тусдаа амьдарч эхэлсэн. Иймд Э.А-ыг охин Э, хүү Э нарын эцэг мөн болохыг тогтоож хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Мөн Э.А нь хамт амьдарч байх хугацаандаа үрж үрэгдүүлсэн эд хөрөнгө болох ээжийн Sharp брэндийн зурагт үнэ 250.000 төгрөг, миний өөрийн LCD зурагт үнэ 350.000 төгрөг, мөн 2 хүний өргөн ор үнэ 350.000 төгрөг нийт 950.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг гаргуулан авахаар нэхэмжлэл гаргасан. Э.А нь 2019 оны намар зурагт орны үнийг өгөхөө бичгээр илэрхийлж байсан боловч тэр баримтыг үрэгдүүлсэн. Хоёр зурагтыг өгөхгүй гэж байгаа учир энэ нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа ба 350.000 төгрөгийн үнэ бүхий хоёр хүний өргөн орыг өгнө гэсэн учир гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.А шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би О.Г-тэй 2013 оноос хойш хамтран амьдарч энэ хугацаанд О.Г хүү, охин хоёр төрүүлж өгсөн. Г нь намайг Өвөр монголд ажиллаад ирэхэд өөр хүнтэй болсон гээд хоёр хүүхдийн хамт бид гурвыг хаяж яваад жил гаруй хугацааны дараа ирээд хоёр хүүгээ аваад явсан. Би хааяа архи уудаг байсан нь үнэн боловч гэр бүлийн дарамт шахалт үзүүлж үр хүүхдүүддээ муу үлгэр дуурайлал үзүүлж байгаагүй. Г-ийн нэхэмжлэлийн шаардлагаас хоёр хүүхэддээ хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Харин нэхэмжилсэн эд хөрөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ээжийн гэх Sharp брэндийн зурагт гарахаа байсан болохоор нь би засварчинд өгсөн нөгөө засварчин нь олдохоо байсан. Г-ийн өөрийн LCD зурагтыг охин Э унагааж хагалсан гэж надад хэлсэн тэр үед би энд байхгүй өөр газар ажиллаж байсан. Өргөн орны тухайд бид жижиг гэрт амьдарч байсан болохоор гэрт багтахгүй байсан учир хадам ээжийн ахад О.Гг өөрөө зарсан.
Нэхэмжлэлийн шаардлагаас би хүүхдийн тэтгэлэг болон 350.000 төгрөгийн үнэ бүхий хоёр хүний өргөн ор өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Г нь хариуцагч Э.А-т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг болон 950.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас нэхэмжлэгч О.Г, хариуцагч Э.А нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ба тэдний дундаас 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр охин Г.Э төрсөн болох нь 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 6701000866 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүү Г.Э төрсөн болох нь 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 6701000638 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус тогтоогдож байна.
Зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүүхдүүд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Э.А-аас сар бүр тэтгэлэг гаргуулж, 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Г.Э, 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Г.Э нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн нэхэмжлэгч О.Г нь хариуцагч Э.А-тай хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон хөрөнгө болох 250.000 төгрөгийн үнэ бүхий Sharp маркын 32 инчийн зурагт, 350.000 төгрөгийн үнэ бүхий LCD маркын зурагт, 350.000 төгрөгийн үнэ бүхий 2 хүний өргөн ор, нийт 950.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хариуцагч Э.А-ас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь 250.000 төгрөгийн үнэ бүхий Sharp маркын 32 инчийн зурагт, 350.000 төгрөгийн үнэ бүхий LCD зурагт гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагчаас 350.000 төгрөгийн үнэ бүхий 2 хүний өргөн ор гаргуулахаар зохигчид эвлэрсэн эвлэрлийг баталж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч О.Г нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э.А-аас эд хөрөнгийн бус үнэлж болохгүй нэхэмжлэлд төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жилийн хугацаанд төлөх дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг тооцож төлүүлдэг ба Хөвсгөл аймагт мөрдөгдөж байгаа хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 213.800 төгрөгөөр тогтоогдсон. 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Г.Э, 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Г.Э нарыг 11-16 нас /суралцвал 18 настай/ болтол амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр Э.А-аас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр тогтсон тул 106.900х12=1.272.000 төгрөг түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хүүхэд тус бүрээр тооцвол 35.337x2=70.674 төгрөг, 2 хүний өргөн 350.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 11.150 төгрөг, нийт 70.200+70.674+11.150=152.024 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Г.Э, 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Г.Э нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.А-аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй
2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь 250.000 төгрөгийн үнэ бүхий Sharp маркын 32 инчийн зурагт, 350.000 төгрөгийн үнэ бүхий LCD маркын зурагт гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж, 350.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 хүний өргөн орыг хариуцагч Э.А-аас гаргуулахаар зохигч эвлэрлэснийг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Э.А-аас улсын тэмдэгтийн хураамж 152.024 /нэг зуун тавин хоёр мянга хорин дөрөв/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН