| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2020/01986/И |
| Дугаар | 155/ШШ2021/00265 |
| Огноо | 2021-02-17 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2021/00265
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн .......... сумын .... дүгээр багт оршин суух, .......... овогт О.Ж /Р...............8/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн .......... сумын ..... дүгээр багт оршин суух, ........... овогт Д.Ц /Р........4/-д холбогдох
Хүүхдийн эцэг тогтоолгож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч 155/2020/01986/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч О.Ж, хариуцагч Д.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О.Ж нь нөхөр Д.Ц-той 2011 онд оюутан байхдаа танилцаж, үерхэж байгаад 2015 онд хадаг сүй тавьж, бэр гуйсан. Үүнээс хойш бид 2 тусдаа гарч ......... суманд хамтран амьдарч байсан. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй юм. Хамтран амьдрах хугацаанд дундаасаа 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүү Ж.Д, 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр охин Ж.Н нарыг тус тус төрүүлсэн. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр бага хүү Н төрсөн. Гэвч 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөд болсон. Бидний амьдрал эхний жилүүдэд хэвийн сайхан байсан боловч сүүлийн жилүүдэд бид таарч тохирохоо больсон. Нөхөр маань барилгын ажил хийх нэрээр Улаанбаатар хот болон өөр орон нутагт ажиллахаар явдаг боловч ирэхдээ олсон мөнгө төгрөг ч байхгүй ирдэг. Нөхөр маань охин Ж.Н-йг гэдсэнд байх үеэс л өөр хүнтэй гэр бүлээс гадуур харилцаатай болж энэ асуудлаас шалтгаалан хэрүүл маргаан үүсэх болсон. Өмнө нь Улаанбаатар хотод ажиллаж байхдаа намайг зодож, цагдаад дуудлага өгч Зөрчлийн тухай хуулиар баривчлагдаж байсан бөгөөд үе үе надад гар хүрэх болсон. Хадам ах ......... нь нөхрийг маань ............ суманд барилгын ажил хийлгэнэ гэж дагуулж явсан боловч цалин хөлсийг нь өгдөггүй. Дээрх байдлаас болж бидний амьдрал сайжирсан зүйлгүй өнөөдрийг хүрч байна. Нөхөр Д.Ц нь цаашдаа гэр бүл болж хамтран амьдрах, хүүхдүүдээ элэг бүтэн амьдруулах санаа зорилгогүй өнөөдрийг хүрсэн. Бид тусдаа гарснаас хойш өөрийн гэсэн гэр оронгүй айлын байшин түрээслэн амьдарч байна. 2020 оны 01 дүгээр сард бага хүүгээ алдаж энэ байдлаас болж миний биеийн эрүүл мэндийн байдал муудаж, сэтгэл санаа тогтворгүй болсон. Одоо нөхөр маань өөр эмэгтэйтэй гэр бүл болон амьдарч байгаа ба цаашид надтай болон үр хүүхдүүдтэйгээ хамт амьдарч чадахгүй гэдгээ хэлсэн. Хүүхдүүдээ төрсөн цагаас эхлэн үр хүүхдүүдээ нэг ч удаа харж асрах, намайг хайрлах, халамжлах сэтгэл гаргаж байгаагүйд гомдолтой байдаг. Бид 2 албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй тул хүүхдүүдээ би өөрөөрөө овоглож төрсний гэрчилгээ авсан.
Иймд Д.Ц-ыг хүү Ж.Д, Ж.Н нарын эцгээр тогтоож эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Ц шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Ц нь эхнэр О.Ж-тай 2011 онд танилцаж үерхэж байгаад 2015 онд хадаг сүй тавьж хамт амьдарсан. Үүнээс хойш бид 2 тусдаа гарч Хөвсгөл аймгийн .......... суманд хамтран амьдарсан. Хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр том хүү .........., 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр охин Ж.Н нар тус тус төрсөн. Бага хүү 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрж 2020 оны 01 дүгээр сард бурхан болсон. Бидний амьдрал сайхан байсан боловч барилгын ажил хийж Улаанбаатар хот, хөдөө орон нутагт руу явах үед араас учир зүггүй хардаж уурлаж уцаарладаг тэрнээс болж гэр бүлийн тогтвортой амьдрал үгүй болсон. Миний бие гэр бүлээс гадуурх харилцаа байхгүй одоо амьдарч байгаа хүн байхгүй. ...Хүүхдийн эцэг тогтоолгох шинжилгээ хийлгүүлэх тухай хүсэлтээсээ татгалзаж байна. Ийм шийдвэрийг гаргахад хөндлөнгийн хэн нэгний дарамт шахалт байгаагүй. Хоёр хүүхдээ өөрийн хүүхэд мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүдээ асрахаас зайлсхийхгүй тул хүүхдийн тэтгэлэг төлөхийг мөн хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Ж нь хариуцагч Д.Ц-д холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас нэхэмжлэгч О.Ж, хариуцагч Д.Ц нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ба тэдний дундаас 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүү Ж.Д төрснийг 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр бүртгэсэн 6731000002 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр охин Ж.Н төрснийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр бүртгэсэн 6731000058 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү Ж.Д, охин Ж.Н нар нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Д.Ц-оос сар бүр тэтгэлэг гаргуулж, 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүү Ж.Д, 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр охин Ж.Н нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч О.Ж-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136.628 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц-оос 136.628 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Ж.Д, 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Ж.Н нарын төрсөн эцэг ...... овогт Д.Ц /Р..........4/ мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Ж.Н, 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Ж.Д нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Ц-оос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 138.628 /нэг зуун гучин найман мянга зургаан зуун хорин найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц-оос 138.628 /нэг зуун гучин найман мянга зургаан зуун хорин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Ж-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН