Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2021/00205

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн .......... сумын ..... дүгээр багийн ..... тоотод оршин суух, ..... овогт Г.Б /Р..........1/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн .... сумын .... дүгээр багийн .... тоотод оршин суух, Хөвсгөл аймгийн ... сумын 4 дүгээр багийн .... тоотод түр оршин суух, ..... овогт Д.Э /Р..........2/-т холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 155/2021/00065/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, хариуцагч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Б нь эхнэр болох Д.Эр-тэй 2001 онд танилцаж үерхэн дотносож байгаад тус ондоо албан ёсоор гэр бүл болон нэг гэрт орсон. Бидний хамтын амьдралын явцад 2002 оны 08 дугаар сарын 15-ны өдөр том хүү Б.П, 2009 оны 07 дугаар сарын 13-ны өдөр охин Б.Э, 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүү Б.П нар тус тус мэндэлсэн. Эхнэр Д.Э-тэй айл болон амьдарч эхэлсэн эхний хэдэн жил сайн сайхан байсан боловч зан харилцааны тохиромжгүй байдлын улмаас гэр бүлд тохиох аар, саар маргааныг хэн хэн маань улам дэвэргэх замаар сүүлдээ миний хувьд уур бухимдлаа дарж чадалгүй өөрийн эрхгүй эхнэртээ гар хүрч зодох асуудал үүсэх болсон. Улмаар энэ бүхэн даамжирсаар 2005 онд бид хоёр цаашид амьдрах боломжгүй гэж үзээд тус тусдаа амьдрах болсон. Энэ хугацаанд хэн хэн маань ямар ч харилцаагүй байсан бөгөөд эхнэр Д.Э Улаанбаатар хотод дээд боловсрол эзэмшихээр суралцаж байсан. Тэгээд 2008 онд үр хүүхдээ бодъё гэж харилцан ярилцаад буцаж нийлэн амьдарсан. Гэвч нэгэнт тусдаа амьдарсан 2-3 жилийн хугацаанд бие холдохын хэрээр сэтгэл холдсон байсан ч юм уу, хэдий хамтдаа гэр бүлийн харилцаатай гэдэг боловч хүйтэн хөндий харилцаатай 10 гаруй жилийн хугацааг үдэж өнгөрүүллээ. Энэ хугацаанд эхнэр Д.Э гэр бүлээс гадуур харилцаа үүсгэн гэр бүлдээ үнэнч бус зан гарган нөхөр болох намайг удаа дараа хуурч доромжилж байсан. Нөхрийн хувьд хань ижлийнхээ энэхүү бусармаг байж боломгүй үйлдлийг тэвчихээ байгаад хэл амаар хэлээд ойлгохгүй болохоор нь бие махбодид нь зовиур шаналгаа үүсгэн зодож хашраах арга хэмжээг авдаг байсан. Ингээд уур бухимдлаа өөрөө хэрхэн гаргахаа мэдэхгүй, болчимгүй ухвар мөчид ухааны улмаас алдаа гаргаж явсаар миний хувьд нэг л өдөр гэр бүлийн хүчирхийлэгч нэгэн болж хувирсан байсан. Тэр ч утгаараа эхнэрээ удаа дараа зодсон үндэслэлээр хуулийн байгууллагаар шалгагдан шийтгүүлж байсан. Эхнэр Д.Э-ийн хувьд энэ бүхэн даамжрах тусам улам надаас холдох болж, одоо бүр ил цагаандаа гарч Б гэх залуутай явалдан гэр орноосоо оргон дайжаад сар гаруй хугацаа өнгөрлөө. Миний хувьд түүнд хандаж гэр бүл, үр хүүхдээ бодоод энэ бүх завхарлаа зогсоо гэж удаа дараа учирлан гуйх, аргадах, загнаж зандрах, зодож занчих зэргээр удаа дараа хандаж байсан нь үнэн. Тэр ч бүү хэл хамгийн сүүлд Б гэх залуугийнхаа машинтай цуг хоёулаа явж байгаад надаас зугтаж байгаад баригдсан. Энэ үед нь би тэр хоёрын араас машинаараа барих гэж хөөж байх явцдаа тус залуугийн машинд ноцтой гэмтэл учруулж гэмтээсэн. Энэ бүх болж байгаа үйл явдал дээр тулгуурлан миний хувьд нэгэнт болж бүтэхгүй амьдралыг бүтэн болгох гэж зүтгэж явахдаа хоромхон зуурын уур бухимдлаасаа болоод өөрийгөө болоод өрөөлийг амь нас, эрүүл мэндэд хохирол учруулчих вий гэсэн айдас болгоомжлол бий болсон. Тийм болохоор нэгэнт бид хоёр цаашид ойлголцоод өнөө маргаашдаа амьдралаа гэж бодоход эргээд өнөөх болж бүтэхгүй хүчирхийлэл дүүрэн амьдрал эргээд ирэх болов уу гэж бодож байна.

Иймд эхнэр болох Д.Э-тэй амьдрах ямар ч боломжгүй цаашид гэр бүлийн энэ мэт үл ойлголцол удаашрах тусам үр хүүхдүүдийн хүмүүжил болоод бид хоёрын хэн, хэний маань амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учрах эрсдэл өндөр байгаа зэргийг харгалзан үзэж гэрлэлтээ цуцлуулах нь зүйтэй гэж хоорондоо харилцан ярилцаад шүүхийн байгууллагаар уг асуудлаа шийдвэрлүүлэхээр нэгдсэн тохироонд хүрсэн болно. Иймд бидний гэрлэлтийг цуцалж охин Б.Э, хүү Б.П нарыг ээжийнх нь асрамжинд үлдээж өгнө үү. Хүүхдүүддээ би тэтгэлэг төлнө. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Д.Э шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б-тай гэр бүл болон 3 хүүхдийн эцэг эх болж даруй 20 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд 2002 оны 08 дугаар сарын 15-ны өдөр том хүү П төрсөн бөгөөд 2005 онд би Дархан-Уул аймгийн Анагаах ухааны коллежид суралцан 2008 онд төгссөн. Ингээд 2009 онд охин Б.Э, 2014 онд хүү Б.П нар төрсөн. Бидний амьдралын 20 жилийн хугацаанд сайн сайхан өдөр ч байсан, хэрүүлтэй, зодоонтой өдрүүд ч байсан нь үнэн. Б-ы нэхэмжлэлд дурдсанаар гэр бүлийн яльгүй хэрүүл маргаан үл ойлголцлоос шалтгаалан муудалцах үндэслэл санхүүгийн асуудлаас болдог байсан. Гэр бүлийн санхүүг зохицуулж чадахгүй тооцоогүйгээр гэр орон дэлгүүрээ барьцаалан банкны өр зээлэнд тавьж түүнийгээ эргэн төлөлт хийж чадахгүйгээс болж хөрөнгөө алдах зэрэг байдлаас болж хэрүүл үүсч улмаар өөрөө амиа бодоод аавынх руугаа явж тэр хооронд миний хувьд 3 хүүхдийн хамт түрээсийн байранд 2 жил хиртэй амьдарч байхад хүүхдүүддээ эцэг хүний хайр халамж анхаарал тавьдаггүй өөрөөр хэлбэл хоол унд, хувцас хунар гээд бүх талаар ямар ч дэмжлэг үзүүлдэггүй байсан нь үнэн. Бид хэдийгээр хэрүүл маргаантай байсан боловч 3 хүүхдийн эцэг, эх тул хүүхдүүдээ бодон эргэж хамтын амьдралаа эхлүүлэн .... сумын ... дүгээр багийн .... тоотод хашаа байшин худалдан авч амьдарч байсан боловч нөхөр Б нь урьдын гэр бүлдээ тавих анхаарал халамж, эдийн засгийн тус дэмжлэг үзүүлэхгүй байдал нь хэвээр улмаар намайг элдэв хүнтэй хардан хүүхдийн хажууд хэлэх хэлэхгүйгээр хэлж миний эрх чөлөөнд халдан зодож улмаар ажил дээр хүртэл ирж дарамтлан элдэв муу үгээр дарамталдаг. Үүнийг манай хамт олон мэднэ. Ер нь Б нь нэхэмжлэлдээ өөрийнхөө намайг зоддог дарамталдаг байдлаа үнэн бичсэн байна. Гэхдээ би ямар ч хүнтэй эвтэй найрсгаар харьцаж найзалж нөхөрлөж л явдаг. Гэтэл миний найз нөхдийн холбоог элдэв муугаар хардан холбож дарамтлан дээрэлхэж улмаар машин тэргээр мөргөсөн нь үнэн. Бидний дундаас төрсөн 3 хүүхдийн маань том нь буюу П нь одоо насанд хүрсэн. Одоо удахгүй айл орон болно гэхийг үгүйсгэхгүй. Тиймээс би том хүүхэд насанд хүрсэн чи яах гэж байна гэхэд би хүүдээ .... тоотод байрлах хашаа байшингаа нэр дээр нь шилжүүлж өгнө гэсэн тул би эд хөрөнгийн маргаан үүсгэхгүй. Тиймээс би охин Э, хүү П нарыг өөрийн асрамжинд авч эцгээс нь 2 хүүхэддээ хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Учир нь нөхөр Б нь аливаа асуудал үүсэхэд хүүхдүүдээ ганц удаа ч өөрийнхөө асрамжинд авч, анхаарал халамж тавьж хоол унд, хувцас, хунар, сургууль цэцэрлэгээс мөнгө төгрөг шаардахад өгч үзээгүй, ер нь өөрөө амьдралд бие даах чадвар муутай хүн тул хүүхэд битгий хэл өөрийгөө авч явах чадваргүй хүн юм. Тиймээс миний хүүхдүүд өнөөдрийг хүртэл надтай хамт байгаа болно гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Д.Э-т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Зохигч нь 2001 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэр бүл болсноо Хөвсгөл аймгийн ........ сумын иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад 2001 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр бүртгүүлсэн тухай 115/009573 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрлэгчдийн дундаас 2002 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүү Б.П, 2009 оны 07 дугаар сарын 13-ны өдөр охин Б.Э төрснийг 2009 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн .... сумын 426-рт бүртгэсэн №115/009574 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүү Б.П төрснийг 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн .... сумын 6701000813-рт бүртгэсэн 115/009575 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчийн тайлбар зэргээр тус тус нотлогдож байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд, болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан байх боловч гэрлэгчдийн хувьд гэрлэлтийг цуцлах дээрхи ноцтой шалтгаан байхгүй боловч нэхэмжлэгч, хариуцагч нар нь хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2005-2008 он, 2016-2018 он, 2020 оны 7 дугаар сараас өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байгаа, мөн гэрлэгчид нь тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэл амжилтгүй болсон, гэрлэлтээ цуцлуулахыг хэн аль зөвшөөрч тайлбар гаргаж байгаа зэрэг бодит нөхцөл байдлыг харгалзан ба зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авч авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй ...харилцан тохиролцож болно,

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжинд үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтооно гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Г.Б нь 2009 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Б.Э, 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.П нарыг эхийн асрамжинд үлдээх шаардлагыг шүүхэд гаргасан ба шүүх хүүхдэд тавих эхийн хайр, халамж, ээждээ ээнэгшин дассан байдал, мөн хүүхдийн насны байдал зэргийг харгалзан, эцэг эхийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтийг үндэслэн 2009 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Б.Э, 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.П нарыг эх Д.Э-ийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэснийг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хэмжээгээр 2009 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Б.Э, 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.П нарт нэхэмжлэгч Г.Б-аас тэтгэлэг гаргуулж шийдвэрлэлээ.

Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Б.Э, Б.П нарыг эх Д.Э-ийн асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ эцэг Г.Б-д хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-ээс гэрлэлт цуцлуулах тухай шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

Нэхэмжлэгч Д.Б-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага буюу Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2009 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Б.Э 11 настай, 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.П 6 настай байх ба тэтгэлэг авагч хүүхдүүдийн оршин суугаа газрын бүс нутаг буюу Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 213.800 төгрөгийг охин Б.Э-д, 213.800 төгрөгийн тал хувь 106.900 төгрөгийг хүү Б.П-д эцэг Б-ы зүгээс сар бүр төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Б.Э-д сар бүр төлөх 213.800 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 213.800х12=2.565.600 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 56.000 төгрөг, хүү Б.П-д сар бүр төлөх 106.900 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож 106.900х12=1.282.800 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 35.337 төгрөг, нийт 56.000+35.337=91.337 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ..... овогт Г.Б /р........1/, ..... овогт Д.Э /р.......2/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Б.Э, 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.П нарыг эх Д.Э-ийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Б.П-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцвал 18 настай/ болтол, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2009 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Б.Э-г 11-16 нас, /суралцвал 18 настай/ болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Б-ас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргах маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-ээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Г.Б-аас 91.337 /ерэн нэгэн мянга гурван зуун гучин долоо/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хуулинд заасан эцэг хүний үүргээ биелүүлэхийг Г.Баярсайханд, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг Д.Э-т тус тус даалгасугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Заяад даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БЯМБАСҮРЭН