Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2021/00247

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ..... сумын .... дугаар багийн .... тоотод оршин суух, ... овогт М.Д /Р........8/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ... сумын .... дүгээр багийн .... тоотод оршин суух, ... овогт З.Г /Р......1/-д холбогдох

Зээлийн төлбөр 24.480.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч М.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие З.Г-эй 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулан 16.000.000 /арван зургаан сая/ төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлдэгч нь зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон юм. Гэтэл зээлийн гэрээ байгуулан мөнгө өгснөөс хойш 2 сарын хүү болох 2.560.000 /хоёр сая таван зуун жаран мянга/ төгрөгийг төлсөн боловч түүнээс хойш хүүний төлбөр болон зээлийн төлбөрөөс огт өгөөгүй. З.Г-ээс мөнгөө авахаар залгасан боловч утсаа авахгүй холбоо барьж чадахгүй байгаа.

Иймд зээлдүүлсэн 16.000.000 /арван зургаан сая/ төгрөг, түүний нэг сарын хүү болох 1.280.000 төгрөг, алданги 7.200.000 төгрөгийг, нийт 24.480.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл нийт 112 хоног байгаа боловч миний бие алдангиа 90 хоногоор тооцож

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Д нь хариуцагч З.Г-д холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 24.480.000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигч 2020 оны 06 дугаар сарын 03ы өдөр Зээлийн гэрээ-г бичгээр байгуулж, энэхүү гэрээгээр зээлдэгч М.Д нь 16.000.000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаатайгаар олгож, зээлийн хүүг нэг сарын 8 хувийн хүүтэй байхаар, зээлдэгч нь зээл болон зээлийн хүүг төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги тооцож зээлдүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцож гэрээг бичгээр байгуулжээ.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээнд хамаарахаар байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч З.Г-д нэхэмжлэгч М.Д-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гардуулж, түүнд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотолсон баримтаа шүүхэд ирүүлэх хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөр тогтоож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасныг танилцуулсан боловч З.Гал-Эрдэнэ нь шүүхэд нэхэмжлэлийн талаар хариу тайлбарыг гаргаж ирүүлээгүй болно.

Хариуцагч З.Г нь нэхэмжлэгч М.Д-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаар хариу тайлбар ирүүлээгүй учир түүнийг нэхэмжлэлд дурдсан маргааны үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй гэж дүгнэлээ.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх ба тус хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн шаардлагыг хангаж байх тул зохигч талуудын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч М.Д нь хариуцагч З.Г-ээс зээл, зээлийн хүүд нийт 17.280.000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар нэхэмжлэгч М.Д нь анз тооцох гэрээг хуульд заасан шаардлагын дагуу бичгээр байгуулсан ба үүргийг гүйцэтгэвэл зохих хугацааг зохигч талууд 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөр тохиролцсон байх бөгөөд хариуцагч гэрээний хугацааг нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан өдөр болох 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийт 134 хоногоор хугацаа хэтрүүлсэн, нэхэмжлэгч нь дээрх хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй хэмжээгээр буюу нийт 90 хоногийн алданги болох 90х80.000=7.200.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг мөн хангаж шийдвэрлэлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч З.Г-ээс нийт 24.480.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Д-т олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Г-ээс улсын тэмдэгтийн хураамж 280.350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Д-т олгож шийдвэрлэснийг дурдлаа.

Хариуцагч З.Г-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба нэхэмжлэгчийн хариуцагчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч З.Г-ээс 24.480.000 /хорин дөрвөн сая дөрвөн зуун наян мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Д-т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280.350 /хоёр зуун наян мянга гурван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч З.Г-ээс 280.350 /хоёр зуун наян мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Д-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Н.БЯМБАСҮРЭН