Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2021/00261

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ..... сумын .... дугаар багийн .... тоотод оршин суух, .... овогт С.М /Р.........0/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ..... сумын .... дугаар багийн ..... тоотод оршин суух, .... гэр овогт И.Ц /И.........1/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 155/2020/01807/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч С.М, хариуцагч И.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.М нь эхнэр И.Ц-тай 2001 онд танилцаж, 2002 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гэр бүл болж 2002 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Бидний дундаас охин М.О 2002 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн 18 настай, оюутан. Дунд охин М.О 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 14 настай, ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангид сурдаг. Бага хүү М.О 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, одоо 8 настай, ерөнхий боловсролын сургуулийн 2 дугаар ангид тус тус суралцдаг. Эхнэр И.Ц бидний хамтын амьдралын явц хэвийн байсан боловч 2014 оноос хойш хоорондоо таарамжгүй харилцаатай байх болж 2017 оны намар гэрээсээ явсан. Үүнээс хойш бид тусдаа амьдрах болсон. Хүүхдүүд маань өнгөрсөн хугацаанд миний асрамжинд байгаа бөгөөд том охин маань оюутан болсон, хоёр бага хүүхдээ би өөрөө сургууль, цэцэрлэгт нь зөөж сүүлийн 3 жил хүүхдүүдээ асран хамгаалж байгаа болно. Бид цаашид нэг гэрт хамт амьдрах боломжгүй, байнгын хэрүүл маргаантай байдал нь хүүхдийн эрх ашиг хүмүүжилд сөргөөр нөлөөлж байгаа том болсон хүүхдүүд маань ч бидний хэрүүл маргаанаас төвөгшөөх болсон. ...Бидэнд шүүхээс эвлэрүүлэх 3 сарын хугацаа өгсөн боловч бид эвлэрээгүй, энэ хүнтэй эвлэрээд цаашид хамтдаа амьдрах хүсэлгүй байна. Иймд би гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Хоёр бага хүүхдээ өөрийнхөө асрамжинд авах саналтай байна. Учир нь И.Ц нь одоогоор энд оршин суудаггүй, Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа. Өөрийн гэсэн тогтсон орон гэр байхгүй, дээр нь хүүхдүүдийн сурсан дассан орчинг солиход хүүхдүүдэд сөрөг нөлөө ихтэй, асран хамгаалж хараа хяналтаа би ээжээс нь илүү тавих боломжтой тул охин М.О, хүү М.О нарыг миний асрамжинд үлдээж өгнө үү. Бидний хооронд дундын эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч И.Ц шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие И.Ц нь С.М-тай 2002 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гэр бүл болж 2002 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гэр бүлээ албан ёсоор батлуулсан. Бидний дундаас охин М.О 2002 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр, охин М.О 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, хүү М.О 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тус тус төрсөн. Бид хоёр 16 жил хамт амьдарсан. С.М 2017 оны 10 дугаар сараас гэртээ орохгүй болж гадуур гэр бүлийн харилцаа үүсгэж бид хоёрын дунд таарамжгүй байдал үүссэн. Үүний улмаас миний бие өвдөж Улаанбаатар хотод 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр булчирхайн хавдрын хагалгаанд орсон. Одоог хүртэл эмчилгээ хийлгэж, эмчийн хяналтанд байгаа. Хууль ёсны эхнэрээ тэжээн тэтгэх, асран хамгаалахаас зайлсхийж мөн эдийн засгаар тусалж дэмжихгүй болсон. Миний эмчилгээнд зориулж мөнгө төгрөгөөр тусалж байгаагүй. Ингээд миний бие байнгын эмчилгээ хийлгэж эмчийн хяналтанд байх хугацаандаа эм тариа, идэх уух зүйл, унаа машины мөнгө олохоор Улаанбаатар хотод ажилд орсон. Энэ хугацаандаа хүүхдүүд өөрсдийн гэр орондоо байж том охин М.О болон охин М.О, хүү М.О нарыг миний ах, эгч дүү нар асран хамгаалж байсан. Би Хөвсгөл аймагт байхдаа хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байсан. Хүүхдүүд хотод над дээр ирдэг. Цаашид бага насны хүүхдэд эхийн хайр халамж анхаарал зайлшгүй шаардлагатай. Нөхөр С.М нь Н.Б гэдэг эмэгтэйтэй гэр бүлийн харилцаа үүсгэж дундаас нь үр хүүхэд нь төрсөн. Миний бие хүүхдүүдээ нялх нярайгаас нь өдий зэрэгт хүртэл өсгөн хүмүүжүүлсэн байдал зэргийг үндэслэн охин М.О, хүү М.О нарыг өөрийн асрамжиндаа авах хүсэлтэй байна. ...Шүүхээс эвлэрэх хугацаа олгосон боловч бид эвлэрч чадаагүй. Одоо нэхэмжлэгч нь гэрлэлтээ цуцлуулъя гэж байгаа бол би хүүхдүүдээ өөрийнхөө асрамжинд авах хүсэлтэй байна. Миний бие одоогоор Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа ч энэ хавраас эндээ ирж суурьшина. Би эх хүн юм чинь эцгээс нь дутуугүй хүүхдүүдээ харж асарч чадна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.М нь хариуцагч И.Ц-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Зохигчид нь 2002 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гэр бүл болсноо 2002 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн ..... суманд бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар болон 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 115/001209 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, гэрлэгчдийн дундаас 2002 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр охин М.О төрсөн болох нь түүний иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, .... овогт С.М, ...... овогт И.Ц нарын гэр бүлд 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдөр М овогтой О төрснийг 2006 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн .... сумын 6713000053-т бүртгэсэн 115/007328 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр М овогтой О төрснийг 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр бүртгэсэн 0000850978/12 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тус тус нотлогдож байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд, болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан байх боловч гэрлэгчдийн хувьд гэрлэлтийг цуцлах дээрхи ноцтой шалтгаан байхгүй боловч нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2017 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэл амжилтгүй болсон, шүүхээс зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авч 3 сарын эвлэрлийн хугацаа өгсөн боловч энэ хугацаанд нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрээгүй байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй ...харилцан тохиролцож болно,

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжинд үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтооно гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн асуудал болон хүүхдийн тэтгэлэгийн тал дээр маргаагүй бөгөөд нэхэмжлэгч С.М нь 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин М.О, 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү М.О нарыг өөрийн асрамжинд авах талаархи шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргаж байгаа болно.

Шүүх хүүхдүүдийн санал, насны байдал болон тэдний сурч хүмүүжих орчныг өөрчлөх шаардлагагүй гэж үзэж мөн эцэг эхийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтийг үндэслэн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин М.О, 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү М.О нарыг эцэг С.М-ы асрамжинд үлдээж шийдвэрлэлээ.

Хэдийгээр шүүх хүүхдүүдийг асран хамгаалах эрхийг эцэгт үлдээж шийдвэрлэсэн боловч хариуцагч И.Ц нь хүүхдийн асрамжтай холбоотой асуудлаар дахин нэхэмжлэлээ гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин М.О, 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү М.О нарыг эцэг С.М-ы асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ эх И.Ц-д хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа.

Нэхэмжлэгч С.М-ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Ц-аас эд хөрөнгийн бус үнэлж болохгүй нэхэмжлэлд төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар ......овогт С.М, ..... овогт И.Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар, 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин С.О, 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү М.О нарыг эцэг С.М-ы асрамжинд үлдээсүгэй.

3. Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Ц-аас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.М-д олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан хүүхдийн өмнө хүлээх эцэг, эхийн үүрэг хэвээр үлддэг болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Заяад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БЯМБАСҮРЭН