Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
Хэргийн индекс | 101/2021/00052/И |
Дугаар | 101/ШШ2021/00747 |
Огноо | 2021-03-09 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2021/00747
2021 03 09 | 101/ШШ2021/00747 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.П-гийн гаргасан,
Хариуцагч: ******* холбогдох,
Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч С.П 2013 онд багын найзууд болох н.А, н.Э нартай уулзахад тэд нар түүнд хамтарч компани байгуулах санал тавьсан байдаг. Гэвч тэрээр компанийн үйл ажиллагаанд оролцохоос татгалзаж харин дэмжих зорилгоор анхны хөрөнгө оруулалтын хэлбэрээр 12,000,000.00 төгрөгийг өгснөөр компанийн 33 хувийн хувьцаа эзэмшигч болсон юм.
Ингээд нэхэмжлэгч нь дараа жил н.А-тай уулзахад “н.Б гэж манай ах компанийн нэр дээр 400,000,000 төгрөгийн зээл авсан, үүнээс 200,000,000 төгрөгийг бид нар авч, үлдэх 200,000,000 төгрөгийг чи ав гэсэн тохироо хийсэн” гэж хэлсэн. С.П тухайн үед уг зээлийг хэзээ, хаанаас ямар зорилгоор авах талаар сайн мэдээгүй бөгөөд компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд ямар нэгэн шийдвэр гаргаагүй, зээлийг хэрхэн зарцуулсан тухай мэдээгүй байсан.
Гэтэл 2018 оны эхээр *******-аас нэхэмжлэгчид төлбөр төлөх тухай мэдэгдэх хуудас өгөхөд нь энэ талаар хариуцагчаас тодруулахад “Ч банк” ХХК-иас авсан зээлийг төлөөгүй учраас шүүх дээр очиж эвлэрээд шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрөө төлөх ёстой болсон байсан. Нэхэмжлэгч С.П-ийн хувьд уг зээлтэй ямар нэгэн байдлаар холбоогүй, зарцуулалтад оролцоогүй тул хүлээн зөвшөөрөөгүй.
Үүнээс хойш хариуцсан шийдвэр гүйцэтгэгч нь нэхэмжлэгчид 2, 3 удаа мэдэгдэх хуудас өгсөн бөгөөд нэхэмжлэгчийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр очиж уулзахад нь “таны гадаадад зорчих эрхийг чинь түдгэлзүүлэх болно” гэсэн байсан. Гэтэл нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2814 тоот тогтоолоор түдгэлзүүлснийг түүнд 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мэдэгдсэн.
Тус тогтоолын 3 дахь хэсэгт төлбөр төлөгчид тогтоолыг танилцуулахыг шийдвэр гүйцэтгэгч н.Алимаад даалгасан байхад тэрээр тогтоолыг нэхэмжлэгчид танилцуулахгүй байж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хэргийн материалтай танилцах үеэр энэхүү тогтоол гарсан гэдгийг мэдээд шүүхэд нэхэмжлэл өгсөн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “50,000,000.00 төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно” гэсэн. Гэвч нэхэмжлэгчид тус хуулийн 59.1.1, 59.1.2, 59.1.3 дахь хэсэгт урьдчилсан нөхцөлийн аль нь ч бүрдээгүй байхад гадаадад зорчих эрхийг нь түдгэлзүүлсэнд гомдолтой байна.
Бидэнд, компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд хэдэн төгрөгийн төлбөр ногдож байгаа тухай ямар ч мэдээлэл өгөөгүй, тодруулаагүй байж ийм арга хэмжээ авч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт холбогдох тэмдэглэл, бусад баримт бичигтэй танилцах, тэдгээрийн хуулбарыг авах, нэмэлт баримт бичиг гаргаж өгөх, амаар болон бичгээр тайлбар өгөх гэж зааснаар нэхэмжлэгчийн Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж байгаа тухайгаа мэдэгдээгүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүлийн 59.2-т “энэ хуулийн 59.1-д заасан шийдвэр гарсан бол төлбөр төлөгч-иргэн, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл төлөөлөгчид түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэнэ” гэсэн хуулийг зөрчсөн. Түүнчлэн тус тогтоол анхнаасаа хууль зөрчсөн. Учир нь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүлийн 59.3-т “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгч үндэслэлтэй гэж үзвэл ажлын 3 өдрийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлж шийдвэрлүүлнэ” гэж заасныг зохих ёсоор хэрэгжүүлээгүй байсан.
Иймд, хариуцагч нь энэ мэтчилэн нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байх тул 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн захирамжаар П ХХК-иас 203,111,037 төгрөгийг гаргуулан “Ч банк” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн.
Манай байгууллага тэрхүү шийдвэрийг албадан гүйцэтгэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан ба төлбөр төлөгч П ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарт удаа дараа шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасныг үндэслэн тус компанийн 33.3 хувийг эзэмшигч нэхэмжлэгч С.П-д 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гададад зорчих эрхийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, улмаар 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн.
Төлбөр төлөгч П ХХК-ийн хувьцаа эзэмшигч нэхэмжлэгч С.П-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З-д 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус тогтоолын талаар танилцуулсан болно.
Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ах лах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно болон 44.4-т ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь урьдчилсан шийдвэрлүүлэх арга хэмжээ аваагүй байна.
Иймд, хуульд заасан хугацаанд урьдчилсан шийдвэрлүүлэх арга хэмжээг аваагүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгон өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч С.П-ээс хариуцагч *******-т холбогдуулан гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар бусдын эрхийг зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгохыг хүссэн байна. Шүүх хэрэгт авагдсан болон хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно” гэж, мөн 44.4-т “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж тус тус заажээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн захирамжаар нэхэмжлэгч С.П-ийн гаргасан хариуцагч *******-т холбогдох тухайн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан буюу шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан боловч тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийн талаар өөрт нь гомдол гаргахгүй гэсэн үндэслэлээр захирамжийг хүчингүй болгосон байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С.П-ийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн шийдвэрийг нэхэмжлэгч нь зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд 14 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 187 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч А.А нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч С.П-д гадаадад зорчих эрхийг нь түдгэлзүүлэх үндэслэл үүссэн талаар мэдэгдэж, улмаар тус байгууллагын даргын орлон гүйцэтгэгч Х.О-ын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн албан бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Ө-ийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолоор нэхэмжлэгч С.П-ийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн байна.
Ингээд хариуцагч *******-аас нэхэмжлэгч С.П-ийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлснийг түүнд 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мэдэгдсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан хэдий ч тус шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн захирамжаар шүүхийн харъяалал зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасан.
Иймд, нэхэмжлэгчийг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолыг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мэдсэн талаар зохигчид маргаагүй ба тэрээр хуульд заасан хугацаанд шүүхэд гомдол гаргасан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн захирамжаар “Ч банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй П ХХК-нд холбогдох 203,11,037.26 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Гэвч хариуцагч П ХХК нь 203,11,037.26 төгрөгийг нэхэмжлэгч “Ч банк” ХХК-нд төлөхийг хүлээн зөвшөөрсөн боловч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учраас тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн захирамжийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа ажээ.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээр дурдсанаар төлбөр төлөгч П ХХК-ийн 33.3 хувийн хувьцааг эзэмшигч нэхэмжлэгч С.П-ийн гадаадад зорчих эрхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 271 дүгээр зүйлийн 271.3.5-д тус тус заасныг үндэслэн түдгэлзүүлсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно” гээд 44.2.15-д “энэ хуульд заасны дагуу төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх үйл ажиллагаа хамаарна” гэж заажээ.
Тайлбарлавал, төлбөр төлөгчөөс гүйцэтгэх хуудаст заасан тухайн төлбөрийг бүрэн гаргуулахтай холбоотой ажиллагааг ямар нэгэн саадгүй явуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгчээс хэрэгжүүлэх арга хэмжээг хуульд тухайлан зохицуулсан ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэдгийг энэ хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ” гэж зохицуулсан байхад хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч биш этгээдийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн байна.
Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т “Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч П ХХК-нд 203,11,037.26 төгрөгийг төлөх хөрөнгө байхгүй, аль эсхүл байгаа хөрөнгө нь хүрэлцэхгүй бол тухайн компанийн хувьцаа эзэмшигч С.П, Д.А, С.Э нарын хувийн эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулах ажиллагааг явуулж болох хэдий ч төлбөр төлөгч компанийн өр төлбөрийг тэдгээр хувьцаа эзэмшигч нар барагдуулах үүрэгтэй болохыг зохицуулсан бусад хууль тогтоомжид заасан үндэслэл бүрдсэн эсэхийг зайлшгүй шалгах учиртай юм.
Учир нь, Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна” гэж, мөн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэж, түүнчлэн 33 дугаар зүйлийн 33.1-д “Ашгийн төлөө хуулийн этгээдийг нөхөрлөл, компанийн хэлбэрээр байгуулна” гэж тус тус заасан.
Тодруулбал, төлбөр төлөгч П ХХК нь хуулийн этгээд болохын хувьд иргэний эрх зүйн харилцаанд өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээх бөгөөд үйл ажиллагаанаасаа бий болсон хариуцлага, эрсдлийг гагцхүү өөрийн өмчлөлийн эд хөрөнгөөрөө хариуцах ба, харин хувьцаа эзэмшигч Г.П өөрийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон хувийн хариуцлагаас өөр компанийн үйл ажиллагаа, өр төлбөрт хувийн хариуцлага хүлээхгүй юм.
Тийм ч учраас энэ талаар Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 “Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй” гэж, мөн 9.3-т “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж тус тус зааснаар хувьцаа эзэмшигчид хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх агуулгыг илэрхийлсэн байна.
Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж заажээ.
Тайлбарлавал, энэ нь компанид оруулсан хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг компанийн хөрөнгөд бүртгэсэн, тайлан тэнцэлд тусгагдаж, түүний хувийн эд хөрөнгөөс зааглагдсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, дээр дурдсанаас эсрэг буюу хувьцаа эзэмшигч компанид хувь нийлүүлсэн хөрөнгө болгон оруулахгүйгээр компанийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа түүний өмчлөлийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг хариуцах тухай ойлголт юм.
Гэтэл хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэгч С.П-ийн эд хөрөнгө нь төлбөр төлөгч П ХХК-ийн эд хөрөнгөөс тусгаарлагдсан буюу зааглагдаагүй байсан гэсэн нөхцөл байдлыг бүрэн тогтоохгүйгээр нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг хязгаарласан нь хуульд нийцэхгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно” гээд 59.1.1-д “эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн” гэж, мөн 59.1.2-т “хөрөнгөө нуун дарагдуулсан” гэж, мөн 59.1.3-т “төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй” гэж тус тус заажээ.
Тодруулбал, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч П ХХК-нд холбогдуулан иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулахаар холбогдох ажиллагааг гүйцэтгэхдээ гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх үндэслэл бүрдсэн тохиолдолд тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14-т “төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэх” гэж зааснаар хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл төлөөлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээг авах эрхтэй.
Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т “Энэ хуулийн 59.1-д заасан шийдвэр гарсан бол төлбөр төлөгч-иргэн, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл төлөөлөгчид түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэнэ” гэж заасан.
Гэвч Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 18 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно” гэж зааснаар “тэнцвэр”-ийн зарчмын хүрээнд төлбөр төлөгч нь төлбөрийг төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн, эд хөрөнгөө нуун дарагдуулсан болон оргон зугатахаар төлөвлөж байсан нь тогтоогдсон тохиолдолд л дээрх арга хэмжээг авах журамтай.
Гэтэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар төлбөр төлбөгч П ХХК нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн захирамжийн дагуу төлбөр авагч “Ч банк” ХХК-нд 145,000,000.00 төгрөгт тооцож 2 ширхэг барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн байна.
Мөн тус компани шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулсан, эд хөрөнгөө нуун дарагдуулсан болон хувьцаа эзэмшигч, удирдлага нар нь оргон зугатахаар төлөвлөж байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Иймд, хариуцагч нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн байх тул шүүхээс дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР