Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2021/00713 

 
 
 2021 о      03 с       05 ө Дугаар        101/ШШ2021/00713 Улаанбаатар хот
 
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, 15 дугаар хороо, Махатма Гандигийн гудамж, Романа Резидэнс, өөрийн байранд байрлах, “Жигүүргранд групп” ХХК /РД:2543729/,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,*******,,17/-д холбогдох, 
“223,337,828 төгрөг гаргуулах, орон сууц, гараашийг чөлөөлүүлэх” тухай үндсэн нэхэмжлэлтэй,
31,631,361 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батцэцэг, хариуцагч Х.Баянмөнх, түүний өмгөөлөгч Б.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Жигүүргранд групп ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.Баянмөнх нь 2014 оны 03-р сарын 26-ны өдрөөс 2015 оны 12-р сарын 28-ны өдрийг хүртэл “Жигүүр Гранд Групп” ХХК-ийн салбар компани болох “Гранд мед эмнэлэг” ХХК-д Мэс заслын тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан юм. “Жигүүр Гранд Групп” ХХК нь салбар компанийнхаа ажилтныг дэмжих, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор 2014 оны 06-р сарын 13-ны өдөр 160613 тоот “Орон сууц эзэмшүүлэх гэрээ”-г эмч Х.Баянмөнхтэй байгуулан, өөрийн өмчлөлийн, 248.390.700 төгрөгийн үнэ бүхий******* 12-р хороо, Кристал таун хотхоны 801-р байр, 79,56 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 1-3 тоот гараашийг шилжүүлэн өгсөн. Тус гэрээнд тусгасан графикийн дагуу 2014 оны 08-р сарын 30-наас эхлэн 2016 оны 08-р сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 2,200,000 төгрөг төлөх, 2016 оны 09-р сарын 30-наас 2021 оны 03-р сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 3,500,000 төгрөгийг төлөх, 2021 оны 04-р сарын 30-ны өдөр 890,700 төгрөгийг төлснөөр гэрээний нийт төлбөр бүрэн төлөгдөж дуусах байсан. Гэвч иргэн Х.Баянмөнх нь 2016 оны 03-р сарын 24-ний өдрийг хүртэл нийт 31,631,361 төгрөгийг компанид төлөөд өнөөдрийг хүртэл дахин төлбөр төлөөгүй байна. Х.Баянмөнх нь 2015 оны 12-р сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсний дагуу “Гранд мед эмнэлэг”-ийн захирлын 2015-ны 12-р сарын 28-ны өдрийн 15/210 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Тухайн үед эмч Х.Баянмөнхийн хийсэн хагалгааны үр дүнгээс эмчлүүлэгч Ганзаяа гэх хүн гомдол гаргаж, эрүүгийн хэрэг үүссэн байсан тул Х.Баянмөнх эмч нь энэхүү асуудлыг бүрэн шийдэгдтэл байрны төлбөрийг төлж чадахгүй байгааг бид ойлгон хүлээж авч байсан удаатай. Гэвч тухайн асуудал 2018 онд бүрэн шийдэгдсэн гэх боловч одоог хүртэл “Жигүүр Гранд Групп” ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхгүй, төлбөрөө төлөхгүй байсаар байна. Манай компани удаан хугацаанд тогтвор суурьшилтай ажиллаж байгаа болон цаашид урт удаан хугацаанд өндөр бүтээмжтэй ажиллах өөрийн ажилчдад ийнхүү төлбөрийн уян хатан нөхцөлөөр орон сууц эзэмшүүлэх гэрээг байгуулдаг бөгөөд Баянмөнх эмчийн хувьд манай салбар компанид ажиллахаа болиод 4 жил болж байгаа, өнгөрсөн хугацаанд зөвхөн орон сууцны ашиглалтын зардлуудаа л төлж ирсэн. “Жигүүр Гранд групп” ХХК-ийн зүгээс төлөөлөх эрх бүхий ажилтнуудаа явуулж уулзуулан, удаа дараа төлбөрийн үлдэгдлийг төлж дуусгах, эсхүл байрыг компанид буцаан хүлээлгэж өгөхийг албан бичгээр шаардсан боловч биднээс өөрийн өмнө төлсөн 31 сая төгрөгийг нэхэж, эрх зүйн үндэслэлгүй шаардлагыг тавиад байгаа юм. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 262-р зүйлд заасан шинжийг агуулж байгаа болно. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2-т заасны дагуу манай компани гэрээнээс татгалзаж, орон сууцаа гараашийн хамт буцаан авахаас гадна талуудын хооронд байгуулсан гэрээний 2-р зүйлийн 2.2, 2.3.8-д заасны дагуу гэрээний үүрэг зөрчиж эхэлсэн хугацаа болох 2016 оны 03-р сарын 24-ний өдрөөс хойш 2020 оны 03-р сарын 24-нийг хүртэл бүтэн 4 жил 2 сарын хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болон 216 759,339 төгрөгөөс сарын 1 хувиар тооцон төлбөл зохих 106,212,057 төгрөг, орон сууцанд амьдарч ашигласан хугацаа буюу бүтэн 6 жилийн хугацаанд бид тус орон сууцыг бусдад хөлслүүлсэн тохиолдолд олох боломжтой орлого- зах зээлийн дундаж ханш болох сарын 1,000,000 төгрөгөөр тооцоход нийт 72,000,000 төгрөг, ААНОАТ тухай хууль болон ААН-ийн үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох аргачлалаар “Жигүүр Гранд Групп” ХХК-ийн санхүү бүртгэлийн албанаас гаргасан тооцооллын дагуу 2014 оны 06-р сарын 13-ны өдрөөс хойш эд хөрөнгийн ашиглалтаас шалтгаалсан элэгдэл 45,125,771 төгрөг, нийт 223,337,828 төгрөгийг шаардах тул иргэн Х.Баянмөнхөөс энэхүү хохирол зардлыг гаргуулж “Жигүүргранд групп” ХХК-д олгож, орон сууц болон гараашийг чөлөөлүүлэн Б.Халиунаад олгож өгнө үү.
Эрүүгийн хэрэгт гэм буруутай эсэх нь энэ хэрэгт хамааралгүй. Баттөр захиралтай тохиролцсон зүйл байгаа бол та өнгөрсөн хугацаанд Баттөр захиралтай өөртэй нь ярилцах, уулзах боломж байсан. Ихэнх нь хугацаанд нь Булган аймагт байсан, утсаа авахгүй байсан гэж хэлж байна. Би хоёр ч удаа Улаанбаатар хотод ирсэн байхад нь Х.Баянмөнх эмчид та ирж уулз асуудлаа шийдвэрлэ гэж хэлсэн ч уулзах оролдлого хийгээгүй, ирээгүй. Гэрээний дагуу хүү нэхэмжилсэн. Бид Х.Баянмөнх эмчид орон сууцыг шилжүүлж өгөөгүй бол өөр хэн нэгэнд түрээсэлж, худалдах байсан. Хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлгээг гаргуулсан. Сарын 1,000,000 төгрөгөөр түрээслэх гэдэг бол маш багаар үнэлсэн. Элэгдэл хорогдлын тухайд зөвхөн байгууллагад хамааралтай гэж байна. Бид тодорхой цензуртэй байх үүднээс барилга байгууламжийн нийт ашиглалтын жил 40 жил, 25 жил гэсэн зааврын дагуу тооцоолж өнгөрсөн хугацааны элэгдлийг тооцсон” гэв.
Хариуцагч Х.Баянмөнх шүүхэд гаргасан хариу тайлбартаа”... Миний бие хүний их эмч мэргэжилтэй, анагаах ухааны доктор цолтой, мэс заслын эмч. 1993-2012 онуудад Швейцарын Холбооны улсад 20 гаран жил ажиллаж амьдарсан. Энэ хугацаанд миний бие ерөнхий мэс заслын болон элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын эмчийн хос мэргэжил эзэмшиж тус улсын шат шатны эмнэлгүүдэд мэс заслын анхан шатны туслах эмчээс тасгийн эрхлэгч хүртэл дэвшин ажиллаж мэс засалчийн мэргэжлийг дэлхийн стандартын дагуу, мэргэжлийн болон ёс зүйн өндөр түвшинд эзэмшсэн. 2014 онд “Жигүүргранд групп” ХХК-ийн ерөнхийлөгч Д.Баттөрийн урилгыг хүлээн авч Гранд мед” эмнэлэгт мэс засал, унтуулга, сэхээн амьдруулах тасгийн эрхлэгчээр ажиллахаар 2014.02.01-нд хөдөлмөрийн гэрээ болон тогтвортой байдлын гэрээг байгуулан хамтран ажиллахаар тохиролцсон. Уг гэрээ, тохиролцооны гол агуулга нь нэг талаас миний бие уг компанид тогтвор суурьшилтай ажиллаж, Европт олон жил ажиллаж хуримтлуулсан дадлага туршлагадаа тулгуурлан мэс заслын тусламж үйлчилгээг өвчтөн, үйлчлүүлэгчдэд орчин үеийн дэлхийн стандартын дагуу үзүүлж, мэргэжлээрээ манлайлагч болохоо харуулж ажиллах, Монгол Улсын шинэ залуу мэс засалч эмч нарыг мэргэжлийн болон ёс зүйн өндөр түвшинд бэлтгэн сургах зэрэг үүрэг хүлээж, нөгөө талаас компани нь миний үндсэн цалинг сар тутам 5000 ам.доллароор тооцож олгох, компанийн дотоод моргейжийн зээлээр Баянзүрх дүүргийн 26-р хорооны Кристал Таун хотхоны 801-р байрны 1402 тоот 2 өрөө орон сууцыг надад олгох, ажилтныг хөдөлмөрийн хэвийн нөхцөлөөр ханган ажиллуулах үүргийг тус тус хүлээсэн. Гранд мед эмнэлэгт ажиллаж эхэлсэн үеэсээ хариуцсан салбартаа оношилгоо, эмчилгээ үйлчилгээний менежментийн шинэ аргуудыг нэвтрүүлэн нутагшуулж, урьд өмнө нь Монголд хийгдэж байгаагүй мэс ажилбаруудыг дэлхийн жишигт нийцсэн стандарт, аргачлалуудын дагуу хийж эхэлсэн. “Гранд мед” эмнэлэгт 2015 оны 5 сарын 21-ний өдөр иргэн Л.Ганзаяад цөсний хүүдийг дурангийн аргаар авах мэс ажилбарын явцад өвчтөнд цөсний замын төрөлхийн гаж хөгжил болох цөсний хүүдийн суваггүй гажиг оношлогдсон. Миний бие хагалгааны тактикийг өөрчлөн уг нөхцөл байдалд тохирсон техник ашиглан мэс заслыг амжилттайгаар гүйцэтгэсэн. 2015 оны 5 сарын 24-нд өвчтөн Ганзаяад “Гранд мед” эмнэлэгт 2 дахь мэс ажилбарыг зөвлөх эмч Амгалан гардан гүйцэтгэсэн.  Хүндрэл гарсан учир өвчтөн Ганзаяа Солонгос улсыг зорьсон ба Солонгос улсад тэрээр 2 удаа мэс ажилбар хийлгэж эмчлүүлсэн байдаг. Иргэн Ганзаяа ХУД-ийн цагдаагийн газар гомдол мэдүүлснээр миний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Ерөнхийлөгч Д.Баттөр надтай 2 удаа ганцаарчлан уулзаж, компанийн бизнесийн нэр төрд сөрөг үр дагавар үүсэхээс зайлсхийх, эмнэлгийн зарим удирдлагуудын хэл амыг дарах үүднээс асуудлыг хуулийн дагуу шийдүүлэхийг зөвлөсөн. Уг уулзалтаар иргэн Ганзаяагийн гомдол шалгагдаж, хуулийн дагуу шийдэгдтэл намайг өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх, тогтвортой байдлын гэрээг хэсэгтээ царцаах, компаниас дотоод моргейжийн зээлээр авсан орон сууцны төлбөрийг түр түдгэлзүүлж зөвхөн ашиглалтын зардлаа төлж байх, компанийн бизнесийн нэр төрийг сэвтүүлэх ямар нэгэн мэдэгдэл, үйлдэл хийхгүй байх мөн “Гранд мед” эмнэлгийн үйл ажиллагааг дэмжих зэрэг нөхцөлүүдийг тохиролцон, “эр хүн шиг” байцгаахыг ерөөж гар барилцаад бүх зүйл хууль шүүхээр шийдэгдсэний дараа дахин уулзалдаж бүгдийг нэг мөр эцэслэн шийдэцгээе хэмээгээд гар барилцсан юм. Баттөр ерөнхийлөгчийн санал болгосны дагуу 2015 оны 12 сарын 28-нд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. 2018 оны 5 сарын 22-г хүртэл бүтэн 2 жил хагас гаруйн хугацаанд дээрх асуудлыг шалгуулж цагдаа, эрүүгийн хэргийн шат шатны шүүхээр орж эцэст нь шүүх миний гэм буруутайг нотлох үндэслэл байхгүй гэж дүгнэж уг хэргийг хэрэгсэхгүй болгон хаасан юм. 2015 оноос уг гомдол эрүүгийн шүүхэд шилжсэнээс эцэслэн шийдэгдэх хүртэл 2 жил хагас гаруйн хугацаанд миний бие ажилгүй, орлогогүй цагдаа шүүхээр явахаас гадна тв, сошиал мэдээнүүдээр удаа дараа гүтгэгдэж, сэтгэл санаа, нэр төр, ажил мэргэжлийн карьер, болон эд материалын хохирол амссан боловч Д.Баттөртэй хийсэн дээрх аман тохиролцооны нөхцөлүүдийг чандлан мөрдсөөр өдийг хүрсэн билээ. Дашрамд дурдахад, дээрх асуудал шалгагдаж, шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байхад “Гранд мед” эмнэлгийн зүгээс надад ямар нэгэн дэмжлэг үзүүлэх нь бүү хэл, илт намайг гүтгэсэн, Баянмөнх эмч алдаа гаргасан тул ажлаас чөлөөлөгдсөн гэх ташаа мэдээллийг телевиз, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өгч байсан болно. Өвчтөн Л.Ганзаяатай холбоотой уг хэрэг 2018 онд Шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдэж хэрэгсэхгүй болсон боловч 2019 оны 11 сард Баянзүрх дүүргийн иргэний шүүхээс “Гранд мед” эмнэлэг нэхэмжлэл гаргасан ба уг нэхэмжлэлд “Гранд мед” эмнэлэг нь өвчтөн Л.Ганзаяад холбогдох хэргийн эцсийн шатны шийдвэр гарахаас өмнө өвчтөнд олгосон 23.181.892 төгрөгийн хохирлыг мөн надаас нэхэмжилсэн байгаа юм. Уг нэхэмжлэлийг БЗД-ийн иргэний анхан шатны шүүхээс хянаж үзээд үндэслэлгүйд тооцож хэрэгсэхгүй болгосон. 2020 оны 1 сарын 31-ний өдөр “Жигүүргранд групп” ХХК-ийн борлуулалтын албаны дарга Б.Батчимэг, хуулийн зөвлөх нар манайд ирж тогтвортой байдлын гэрээгээр хийгдсэн орон сууцны асуудлыг тодруулахаар яваа тухайгаа тайлбарласан. Миний зүгээс дээрх бүх процессыг товч тайлбарлан, ерөнхийлөгч Д.Баттөртэй урьд тохиролцсоны дагуу биечлэн уулзаж асуудлыг тодруулан ярилцаад цаашид байрны асуудлыг хэрхэхийг шийдэцгээе гэсэн санал хэлсэн. Д.Баттөр ерөнхийлөгчтэй утсаар холбогдож хэд хэдэн удаа уулзах хүсэлтээ илэрхийлэхэд аваагүй тул 2020.02.05-нд ерөнхий захирал Б.Халиунаад албан бичиг, тайлбар илгээн Орон сууц эзэмшүүлэх гэрээг, төлбөрийн графиктайгаар шинэчлэн байгуулах хүсэлтээ илэрхийлсэн боловч миний хүсэлтийг хүлээн авах боломжгүй тул үлдэгдэл төлбөрийг бөөнөөр төлөх буюу боломжгүй гэж үзвэл орон сууцыг суллаж өгөхийг шаардсан албан хариу илгээсэн. Уг албан бичгийн дагуу миний зүгээс уг орон сууцыг эзэмшихээр төлсөн 31.631.361 төгрөгийг буцаан олгосон тохиолдолд заасан хугацаанд орон сууцыг суллаж өгөхөө мэдэгдсэн боловч уг төлбөрийг буцаан олгох боломжгүй тул асуудлыг хуулийн байгууллагаар шийдүүлэх тухай мэдэгдсэн хариу илгээсэн болно.
Орон сууц, гараашийг чөлөөлж, хүлээлгэн өгөх болно, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хамгийн эхлээд тогтвортой байдлын гэрээ байгуулаад Баттөр захиралтай уулзаж байсан. Ажилд авсан тушаал нь түүний дараа гарсан. Орон сууц эзэмшүүлэх гэрээг тогтвортой байдлын гэрээний хавсралтаар байгуулж байгаа гэж хэлсэн” гэв.
Хариуцагч Х.Баянмөнх шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ нь худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан, харилцааг үүсгэсэн. “Жигүүргранд групп” ХХК нь миний “Гранд мед эмнэлэг” ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан цаг хугацаанаас эхлэн дээрх гэрээний зүйл буюу орон сууц болон гараашийг чөлөөлж, буцаан өгөхийг шаардах болсон. “Гранд мед эмнэлэг" ХХК-ийн ерөнхий захирал Д.Баттөрийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаал гарсан өдрөөс “Орон сууц эзэмшүүлэх гэрээ”-нээс татгалзсан байдаг. Миний зүгээс гэрээний зүйл буюу орон сууц болон гараашийг харилцан буцаах тохиолдолд гэрээний үнэнд төлсөн 31,631,361 төгрөгийг буцаан шаардах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд “Жигүүргранд групп” ХХК-иас миний төлсөн 31,631,361 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батцэцэг сөрөг нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Жигүүргранд групп” ХХК салбар компанийнхаа ажилтныг дэмжих, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор 2014 оны 06-р сарын 13-ны өдөр 160613 тоот “Орон сууц эзэмшүүлэх гэрээ”-г Х.Баянмөнхтэй байгуулан, Захирал Б.Халиунаагийн өмчлөлийн 248.390.700 төгрөгийн үнэ бүхий*******, 12-р хороо, Кристал таун хотхоны 801-р байр, 79,56 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 1-3 тоот гараашийг шилжүүлэн өгсөн. Гэвч иргэн Х.Баянмөнх нь тус гэрээгээр графикийн дагуу төлбөрийг хэсэгчлэн төлөх үүрэгтэй байсан хэдий ч 2016 оны 03-р сарын 24-ний өдрийг хүртэл нийт 31,631,361 төгрөгийг компанид төлөөд өнөөдрийг хүртэл дахин төлбөр төлөөгүй. Өнгөрсөн хугацаанд Х.Баянмөнх эмч манай “Гранд мед” эмнэлэгт ажиллахаа больсон хэдий ч манай удирдлагуудын зүгээс Х.Баянмөнхийн санал хүсэлтийг харгалзан үзэж, байрны төлбөрөө графикийн дагуу төлөх, эсвэл боломжоороо хэсэгчлэн төлөхийг шаардаж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд Х.Баянмөнх эмч бидэнд огт төлбөр төлөхгүй орон сууцанд амьдарсаар байсан тул эцсийн хувилбар болох орон сууцыг гараашийн хамт буцаан шаардаж, учирсан хохирол зардлын хамт нэхэмжлэн шүүхэд хандсан билээ. Х.Баянмөнхийн 2016 оны 03-р сард төлсөн 31,631,361 төгрөгийг буцааж өгөх тохиолдолд орон сууцанд амьдарсан хугацаа буюу бүтэн 6 жилийн хугацааны элэгдэл хорогдол, тухайн эд хөрөнгийг ашиглан олох боломжтой байсан орлого, гэрээний дагуу тооцогдсон хүү зэргээс хасаж тооцох боломжтой. Компани илүү их хохирсон учир төлсөн мөнгийг буцаан өгөх боломжгүй” гэв. 
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жигүүргранд групп” ХХК хариуцагч Х.Баянмөнхөд холбогдуулан “223,337,828 төгрөг гаргуулах, орон сууц, гараашийг чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Жигүүргранд групп” ХХК болон Б.Халиунаа нарын хүсэлтээр хамтран нэхэмжлэгчээр Б.Халиунааг татан оролцуулсан.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, “Жигүүргранд групп” ХХК нь “223,337,828 төгрөг гаргуулах,  нэхэмжлэгч Б.Халиунаа нь “орон сууц, гараашийг чөлөөлүүлэх”-ээр шаардаж байна гэж тайлбарлаж байна.
Хариуцагч тал “орон сууц, гараашийг чөлөөлж өгөхийг зөвшөөрч, хүү тохироогүй, ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш “Жигүүргранд групп” ХХК гэрээнээс татгалзсан” гэх үндэслэлээр “223,337,828 төгрөг гаргуулах” шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, сөрөг нэхэмжлэл гаргасан.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Кристалл таун /13311/ Их монгол улсын гудамж 801 байр 1402 тоот хаягт байршилтай 79,56 м.кв талбайтай орон сууц,*******, 26-р хороо, Кристалл таун хотхон /13311/ Нарны зам гудамж 802 байр 1 дүгээр гарааш 1-3 тоот хаягт байршилтай 13.5 м.кв талбайтай авто зогсоолын хууль ёсны өмчлөгч нь Б.Халиунаа мөн болох нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2204030016 дугаарт бүртгэгдэж олгогдсон 000327288 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204042024 дугаарт бүртгэгдэж олгогдсон 000327468 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Халиунаа өөрийн өмчлөлийн орон сууц, гараашийг эмч Х.Баянмөнхөд худалдахыг хүлээн зөвшөөрсөн, энэ талаар маргаангүй гэж нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна.
“Жигүүргранд групп” ХХК болон иргэн Х.Баянмөнх нарын хооронд 2014 оны 2 сарын 1-ний өдөр тогтвортой байдлын гэрээ, 2014 оны 6 сарын 13-ны өдөр орон сууц эзэмшүүлэх гэрээ тус тус байгуулагдсан байх ба уг гэрээгээр иргэн Х.Баянмөнх нь нэхэмжлэгчийн “Гранд мед” эмнэлэгт 10 жил тогтвортой ажиллах, “Жигүүргранд групп” ХХК нь*******, 12-р хороо, Кристалл таун /13311/ Их монгол улсын гудамж 801 байр 1402 тоот хаягт байршилтай 79,56 м.кв талбайтай орон сууц,*******, 26-р хороо, Кристалл таун хотхон /13311/ Нарны зам гудамж 802 байр 1 дүгээр гарааш 1-3 тоот хаягт байршилтай 13.5 м.кв талбайтай авто зогсоолын хамт худалдах, төлбөрийг 2014.08.30-ны өдрөөс 2024.06.30-ныг дуусталх хугацаанд хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, “Жигүүргранд групп” ХХК болон иргэн Х.Баянмөнх нарын хооронд байгуулагдсан 2014 оны 2 сарын 1-ний өдрийн тогтвортой байдлын гэрээ, 2014 оны 6 сарын 13-ны өдрийн 140613 дугаартай орон сууц эзэмшүүлэх гэрээ зэргээр тус тус тогтоогдож байна.
Талуудын хооронд хийгдсэн дээрх гэрээ нь тогтвортой байдлын гэрээ, орон сууц эзэмшүүлэх нэртэй боловч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний нөхцөлд тохирсон, хуульд нийцсэн худалдах, худалдан авах гэрээ байна.  Нэхэмжлэгч тал зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж тайлбарлаж байх боловч талуудын хүсэл зорилго нь орон сууцыг худалдахдаа төлбөрийг хэсэгчлэн, хүүгүй төлөхөөр байсан болох нь зохигчийн тайлбар, тогтвортой байдлын гэрээний 2.2-ын b /би/ дэх заалт, хэргийн үйл баримтаар тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1-д заасан гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Х.Баянмөнх “Гранд мед” ХХК-ийн “Гранд мед” эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгчээр 2014.03.26-ны өдрөөс томилогдон 2015.12.28-ны өдрийг дуусталх хугацаанд ажиллаад хүсэлтээрээ чөлөөлөгдсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Гранд мед эмнэлэгт 2015 онд хагалгаа хийлгэсэн иргэн н.Ганзаяагийн гомдлын дагуу Х.Баянмөнхөд холбогдуулан эрүүгийн үүсгэж шалгах явцад мэс заслын тасгийн эрхлэгч Х.Баянмөнх нь  Д.Баттөр захирлын “эмнэлгийн нэр хүндтэй холбоотой учраас хүсэлтээрээ чөлөөлөгдөөд эрүүгийн хэрэгтээ шалгуулж дууссаны дараа эмчээр ажиллуулах эсэх талаар ярилцах” гэж зөвлөсний дагуу өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, шалгуулсан болох нь хариуцагчийн тайлбар, “Гранд мед” ХХК-ийн захирлын 2015.12.28-ны өдрийн 15/210 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал зэргээр тогтоогдож байна.
Хариуцагчийн ... ажлаасаа хүсэлтээрээ чөлөөлөгдөх, эрүүгийн хэрэг шалгаж дуустал тогтвортой байдлын гэрээг хэрэгжүүлэхгүй байх, орон сууцны ашиглалтын зардлыг төлөөд амьдарч байхаар Д.Баттөр захиралтай тохиролцсон... гэх тайлбар үндэслэлтэй байна.
 Х.Баянмөнхөд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж, анхан шатны шүүх гэм буруутайд тооцож, торгох ялаар шийтгэсэн, давж заалдах шатны шүүх 2018 оны 5 сарын 22-ны өдөр шийдвэрлэж, Х.Баянмөнхөд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, магадлал хүчин төгөлдөр болсон болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд маргахгүй байна.
Х.Баянмөнхөд холбогдох эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэнээс хойш талууд хөдөлмөрийн харилцаа, орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаагаа үргэлжлүүлэх талаар харилцан тохиролцоогүй байна.
Х.Баянмөнхөөс 2020 оны 4 сард орон сууц, гараашийн төлбөрийг 5-6 жилийн хугацаатай төлж барагдуулах талаар хүсэлт гаргасанд, “Жигүүргранд групп” ХХК-иас “графикийг өөрчлөх боломжгүй, төлбөрийн үлдэгдэл 216,759,339 төгрөгийг 2020 оны 5 сарын 30-ны дотор төлөх, боломжгүй бол орон сууцыг чөлөөлөх” талаар мэдэгдсэн болох нь зохигчийн тайлбар, Х.Баянмөнхийн бичгээр гаргасан хүсэлт, “Жигүүргранд групп” ХХК-ийн 2020 оны 5 сарын 1-ний өдрийн 20/206 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байна.
Дээр дурдсанаас дүгнэвэл, Х.Баянмөнх маргаан бүхий орон сууц, гараашийг  2020 оны 5 сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд өмчлөгчийн зөвшөөрөлтэйгээр эзэмшиж, ашигласан, 2020 оны 6 сарын 1-ний өдрөөс хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа гэж үзэх үндэслэлтэй.
Хариуцагчийн “орон сууц, гараашийг чөлөөлж өгөхийг зөвшөөрч байна” гэх тайлбар болон “Жигүүргранд групп” ХХК болон Х.Баянмөнх нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс нэхэмжлэгч тал татгалзаж байгааг хариуцагч тал зөвшөөрч байгаа нөхцөл байдал, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан зэргийг үндэслэн, нэхэмжлэгч Б.Халиунаа нь өөрийн өмчлөлийн орон сууц, гараашаа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж дүгнэн,*******, 12-р хороо, Кристалл таун /13311/ Их монгол улсын гудамж 801 байр 1402 тоот хаягт байршилтай 79,56 м.кв талбайтай орон сууц,*******, 26-р хороо, Кристалл таун хотхон /13311/ Нарны зам гудамж 802 байр 1 дүгээр гарааш 1-3 тоот хаягт байршилтай 13.5 м.кв талбайтай авто зогсоолыг тус тус хариуцагч Х.Баянмөнхийн хууль бус эзэмшлээс чөлөөлөхөөр шийдвэрлэв.
Орон сууц, гараашийг 248,370,700 төгрөгөөр худалдахаар тохиролцсон, үүнээс хариуцагч Х.Баянмөнх 31,631,361 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй ба нэхэмжлэгч тал гүйцэтгээгүй үүрэг 216,759,339 төгрөгийн 1 хувь 2,167,593 төгрөгөөр 49 сарын хугацаанд 106,212,057 төгрөгийг нэхэмжилж байна.
/216,759,339*1%*49сар=106,212,057/
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж байгааг хариуцагч тал хүлээн зөвшөөрч байх ба нэхэмжлэгч талын гүйцэтгээгүй үүрэг 216,759,339 төгрөгөөс тооцон нэхэмжилж байгаа хүү 106,212,057 төгрөгийг хууль болон гэрээг үндэслэн хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй, нэхэмжлэгч талын үндэслэл болгосон орон сууц эзэмшүүлэх гэрээний 2.2, 2.3.8 дахь заалт нь худалдах, худалдан авах гэрээний агуулга, Иргэний хуулийн 232 дугаар зүйлд нийцээгүй тул хүүд нэхэмжилсэн 106,212,057 төгрөгийг хариуцагчид хариуцуулах үндэслэлгүй.
Орон сууцыг бусдад хөлслүүлсэн бол 72,000,000 төгрөгийн орлого олох боломжтой байсан гэх үндэслэл нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан “үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлого”-д хамаарахгүй байна.
Дээр дурдсанаар хариуцагчийг нэхэмжлэгч Б.Халиунаагийн орон сууц, гараашийг 2020 оны 6 сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар эзэмшиж ашигласан гэж дүгнэсэн ба хариуцагчийг бусдын эд хөрөнгийг хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр эзэмшиж, ашигласан гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч Б.Халиунаа нь хөрөнгөө бодитоор бусдын эзэмшилд байсан хугацааны төлбөрийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй.
Хариуцагчийг 2020.06.06.01-нээс 2021.03.05-ны өдрийг хүртэл орон сууцыг эзэмшиж, ашигласан гэж үзэж, Тэнхлэг зууч ХХК-ийн 2021 оны 19 дугаартай Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах Кристалл таун хотхоны 79.56 м.кв хэмжээтэй 2 өрөө байрны түрээсийн дундаж үнийн мэдээллийн 2016 оны 1 сараас 2020 оны байдлаарх үнийн санал болон нэхэмжлэгч нарын тайлбараар сарын 1,000,000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
 “Жигүүргранд групп” ХХК-ийн захирал нь Б.Халиунаа байх ба иргэн Б.Халиунаа, “Жигүүргранд групп” ХХК нь ашиг сонирхлын зөрчилгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Х.Баянмөнхөөс орон сууцыг 8 сарын хугацаанд хууль бусаар эзэмшиж, ашигласны төлбөрт 8,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Жигүүргранд групп” ХХК-д олгох нь зүйтэй.
Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д албан татвар төлөгчийн нэг ба түүнээс дээш жилийн хугацаанд ашиглах хөрөнгөнд элэгдэл, хорогдлыг тооцохыг хуульчилсан байх ба уг заалт нь аж ахуй нэгж байгууллагын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөнд төлөх албан татварыг тооцоход хамааралтай заалт юм.
Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалт нь хариуцагч Х.Баянмөнхийн маргаан бүхий орон сууц, гараашийг эзэмшиж, ашигласантай холбоогүй байх ба нэхэмжлэгч Б.Халиунаагийн өмчлөлийн орон сууц, гараашийн үнэ 45,125,771 төгрөгөөр элэгдэж, хорогдсон гэж үзэхгүй, энэ талаар нэхэмжлэгч “Жигүүргранд групп” ХХК шаардах эрхгүй.
Дээр дурдсанаас нэхэмжлэгч Б.Халиунаагийн өмчлөлийн*******, 12-р хороо, Кристалл таун /13311/ Их монгол улсын гудамж 801 байр 1402 тоот хаягт байршилтай 79,56 м.кв талбайтай орон сууц,*******, 26-р хороо, Кристалл таун хотхон /13311/ Нарны зам гудамж 802 байр 1 дүгээр гарааш 1-3 тоот хаягт байршилтай 13.5 м.кв талбайтай авто зогсоолыг тус тус хариуцагч Х.Баянмөнхийн хууль бус эзэмшлээс чөлөөлж нэхэмжлэгч Б.Халиунаад олгож, хариуцагч Х.Баянмөнхөөс орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашигласны төлбөрт 8,000,000 /найман сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Жигүүргранд групп” ХХК-д олгож, хүүд нэхэмжилсэн 106,212,057 төгрөг, орон сууцанд амьдарч ашигласан хугацаанд бусдад хөлслүүлж олох орлого 64,000,000 төгрөг, элэгдэл 45,125,771 төгрөг, нийт 215,337,828 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Сөрөг нэхэмжлэлийн талаар
Хариуцагч тал “Жигүүргранд групп” ХХК ажлаас чөлөөлснөөс хойш гэрээнээс татгалзсан” гэх үндэслэлээр орон сууцны үнэд төлсөн 31,631,361 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч тал “компани илүү хохирсон” гэх үндэслэлээр зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Х.Баянмөнхөд холбогдох эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэнээс хойш талууд хөдөлмөрийн харилцаа, орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаагаа үргэлжлүүлэх талаар харилцан тохиролцоогүй, нэхэмжлэгч талын гэрээнээс татгалзаж, шүүхэд хандаж байгааг хариуцагч тал хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар орон сууц, гараашийн үнэд төлсөн мөнгийг худалдан авагч Х.Баянмөнх худалдагч “Жигүүргранд групп” ХХК-иас шаардах эрхтэй гэж дүгнэн, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч “Жигүүргранд групп” ХХК-иас 31,631,361 төгрөгийг гаргуулж сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Х.Баянмөнхөд олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага тус бүрд төлөх улсын тэмдэгтийн хураамжид 1,415,039 /1,274,639+70,200+70,200/ төгрөгийг төлөхөөс 2,516,592.64 төгрөг төлж, 1,101,553.64 төгрөг илүү төлсөн байх тул буцаан олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2, 492 дугаар зүйлийн 492.1.1, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Халиунаагийн өмчлөлийн*******, 12-р хороо, Кристалл таун /13311/ Их монгол улсын гудамж 801 байр 1402 тоот хаягт байршилтай 79,56 м.кв талбайтай орон сууц,*******, 26-р хороо, Кристалл таун хотхон /13311/ Нарны зам гудамж 802 байр 1 дүгээр гарааш 1-3 тоот хаягт байршилтай 13.5 м.кв талбайтай авто зогсоолыг тус тус хариуцагч Х.Баянмөнхийн хууль бус эзэмшлээс чөлөөлж нэхэмжлэгч Б.Халиунаад олгож, хариуцагч Х.Баянмөнхөөс 8,000,000 /найман сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Жигүүргранд групп” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 215,337,828 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн хариуцагч “Жигүүргранд групп” ХХК-иас 31,631,361 /гучин нэгэн сая зургаан зуун гучин нэгэн мянга гурван зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулж сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Х.Баянмөнхөд олгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,516,592.64 төгрөгөөс 1,415,039 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,101,553.64 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Жигүүргранд групп” ХХК-д буцаан олгох, сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Х.Баянмөнхөөс төлсөн 316,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх, хариуцагч Х.Баянмөнхөөс 283,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Жигүүргранд групп” ХХК-д олгох, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч “Жигүүргранд групп” ХХК-иас  316,107 төгрөгийг гаргуулж сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Х.Баянмөнхөд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 
 

                     ДАРГАЛАГЧ                                       Д.БАТЦЭЦЭГ