Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2022/0429

 

 

 

                                               

 

 

 

  2022           06           06                                   128/ШШ2022/0429

                                                 

           

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ННН даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.А*****

Хариуцагч: Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга нарын хооронд үүссэн Баянгол дүүрэг, **** дугаар хороо, *** дугаар хороолол байршилд **** нэгж талбартай дугаартай газарт хашаа барих ажлыг зогсоох тухай аман шийдвэртэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А*****, хариуцагч С.С*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А нар оролцов.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.А*****р-оос Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргад холбогдуулан “2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 3 дугаар хороолол байршилд **** нэгж талбартай дугаартай газарт хашаа барих ажлыг зогсоох тухай аман шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.

2. Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний А/574 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Н.А*****-д Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 3 дугаар хороололд нэгж талбарын **** дугаартай 799 м.кв газрыг үйлчилгээ, спорт төвийн зориулалтаар газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаатай олгожээ. 

Улмаар нэхэмжлэгч нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр маргаан бүхий газарт хашаа барих гэсэн боловч, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга хашаа барих ажлыг зогсоох тухай аман шийдвэр гаргаж, хашаа барих ажлыг зогсоосон байна.

3. Нэхэмжлэгч Н.А*****нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн аман шийдвэрийг эс зөвшөөрч, Баянгол дүүргийн Засаг даргад 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргаж, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 12/2099 дугаартай “...Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 24/17 дугаар тогтоолын хавсралтын 4.4.1-т заасны дагуу хашаа, хайсны өндрийн хэмжээ шаардлагыг ханган хашаагаа барина уу” гэсэн албан бичгийг нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

4.1. Нэхэмжлэгч Н.А*****нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Иргэн Н.А*****миний бие Баянгол дүүрэг, 6-р хороо, 3-р хороолол байршилд **** нэгж талбартай дугаартай газар эзэмшдэг.

Газар  эзэмшүүлэх  тухай  Баянгол  дүүргийн  Засаг даргын 2002 оны  04 дүгээр

сарын 22-ны өдрийн Б/61 тоот захирамж гарч, улмаар 2004 он, 2008 он, 2016 он, 2020 онуудад дүүргийн Засаг даргын шийдвэрээр байршил солих, хугацаа сунгах, зориулалт өөрчлөх тухай захирамж гарч байсан.

Түүнчлэн газар эзэмших явцад дүүргийн Газар зохион байгуулалтын алба, дүүргийн Засаг даргаас миний газар эзэмших эрхийг 2 удаа хүчингүй болгож байсан ба Нийслэл дэх          Захиргааны хэргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 209 дугаар шийдвэр, 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 254 дүгээр шийдвэрээр газар эзэмших эрхийг сэргээж байсан болно.

Миний бие 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн эзэмшиж байгаа газраа зориулалтын дагуу ашиглах зорилгоор хашаа барих гэсэн боловч Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга хашаа барих ажлыг зогсоох тухай аман шийдвэрийг гаргаж надад мэдэгдсэн. Улмаар хашаа барих ажлаа зогсоосон. Уг шийдвэрийг хянуулахаар Баянгол дүүргийн Засаг даргад 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргасан. Харин Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн огноотой 12/2099 дугаартай "Иргэн Н.А*****танаа " гэсэн албан тоотыг миний бие 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан.

Уг хариунд " ... Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 24/17 дугаар тогтоолын хавсралтын 4.4.1-д заасны дагуу хашаа, хайсны өндрийн хэмжээ шаардлагыг ханган хашаагаа барина уу" гэсэн хариуг өгсөн байсан. Өөрөөр хэлбэл 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын хашаа барих аман шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлээгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дараах нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ.

4.2. Нэхэмжлэгч Н.А***** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:  “Иргэн Н.А***** миний бие Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар хороололд байрлалтай, **** нэгж талбарын дугаартай газрыг эзэмшдэг. Газар эзэмших тухай шийдвэрийг анх Баянгол дүүргийн Засаг даргын  2002 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/61 захирамж гарч, улмаар 2004, 2008, 2016, 2020 онуудад Засаг даргын шийдвэрээр байршил солих, хугацаа сунгах, хариулт өөрчлөх тухай захирамж гарч байсан. Энэ хугацаанд 1 удаа газар эзэмших эрхийг хүчингүй болгож, 1 удаа барьсан хашааг албадан буулгах шийдвэр гарснаар Захиргааны хэргийн шүүхэд хандаж байсан. 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Газар зохион байгуулалтын албанаас холбогдох архитектор төлөвлөлтийн даалгавар авах гэхээр газар эзэмшигч нь тухайн газартаа хашааг барьсан байх ёстой гэсний дагуу хашаагаа барихаар очиход 6 хорооны дарга хашаа барих асуудлыг судалж шийдвэрлэх шаардлагатай учраас хашаа барих  боломжгүй гэсэн тайлбарыг өгдөг. Ингээд хашаа барих болон барилгын ажлаа зогсоосон учраас Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшигч нь газраа зориулалтын дагуу эзэмших, ашиглах, үйл ажиллагаа явуулах эрх маань зөрчигдөж байгаа учраас гомдол гаргасан. Зориулалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор зураг төсөл батлуулахад заавал хашаа хатгасан байхыг шаардсан учраас хашаагаа хатгах шаардлагатай нөхцөл байдал үүсэж байгаа юм. Энэ хугацаанд Баянгол дүүргийн Засаг даргад гомдол гаргасан боловч тус дүүргийн Засаг дарга уг асуудлыг өөрөө шийдвэрлэх боломжгүй учир Газар зохион байгуулалтын албанд цохолт хийж, үүний дараа Газар зохион байгуулалтын албанаас “хуульд заасан дүрэм журмын дагуу хашаагаа заасан хэмжээгээр нь хатгаж болно” гэсэн хариу өгсөн. Гэхдээ миний хувьд Засаг дарга өөрөө шийдвэрлээгүй учраас  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Засаг дарга нь ямар нэгэн том барилга байгууламж баригдаад оршин суугчдын тав тухыг алдагдуулах эсэхэд анхаарал хандуулж шийдвэр гаргаж, манай үйл ажиллагааг зогсоосныг ойлгож хүндэтгэлтэй хандаж байна. 2004 оноос хойш байршил солигдоход ойр орчимд нь байшин барилга байхгүй, 2010 оноос арын орон сууцууд нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар баригдаж, тухайн үед орон сууц барихдаа манай газрын хашааг нурааж барилга барьж байсан. Маргаан бүхий газрын баруун талд нь ахмадын ордон, зүүн талд нь гэрлэх ёслолын ордон баригдсан байсан учраас миний хувьд боломжоороо хүүхэд залуучуудад зориулсан спорт цогцолбор барих зорилготой зориулалтаа солиулах хүсэлтээ өгсөн боловч архитектор төлөвлөлтийн даалгавар авахад хашаа хатгасан байхыг шаарддаг. Өмнө нь машины зогсоол болгон ашиглах зориулалт байсан. Нэгдүгээрт, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас барьсан байсан хашааг нурааж авч яваад одоог хүртэл буцаан өгөөгүй ч үүнд нь гомдол гаргаагүй.  Хоёрдугаарт,  дээшээ доошоо явсан орц гарц байгаагүй ба машины зогсоол ажиллуулах боломжгүй нөхцөл байдал байсан.   Хүүхэд залуучуудад зориулсан үйл ажиллагаа явуулах цогцолбор барих зорилготой. Хуульд заасны дагуу газар эзэмших эрх хангагдахгүй байна гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалах худалдах, борлуулах зэргийг хуульд шууд хориглосон заалт байдаггүй бөгөөд хууль бусаар газраа зарж борлуулах үйлдэл болон завдал байсан гэж үзвэл Эрүүгийн журмаар шалгуулахад татгалзах зүйл байхгүй. Зориулалтын дагуу ашиглаагүй бол эрх бүхий этгээдээс газар эзэмших эрхийг хүчингүй болгодог бөгөөд миний хувьд газрын зориулалт өөрчилснөөс хойш газраа зориулалтын дагуу ашиглаад 1 жил гаруй хугацаа болж байна” гэв.

5.1. Хариуцагч С.С***** шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Монгол Улсын засаг захиргаа, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.18-д зааснаар хорооны Засаг дарга нь "нутаг дэвсгэрийнхээ хэмжээний газар зохион байгуулалтын үйл ажиллагаанд хуульд заасан чиг үүргийн дагуу оролцох" бүрэн эрхтэй гэж заасан.

Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн нийгмийн амьдралын тодорхой асуудлаар иргэдийн саналыг авах арга хэмжээг зохион байгуулах, байгууллага аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнд холбогдох хууль тогтоомжийн дагуу шаардлага тавих бүрэн эрхтэй байдаг.

Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар хорооны Засаг дарга нь газрын тухай хууль тогтоомж, газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах талаарх нийтлэг шаардлагын биелэлтийг хангуулах бүрэн эрхийг хэрэгжүүлж ажилдаг.

Миний бие дээрх бүрэн эрхийн хүрээнд иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу зохих шаардлагыг биелүүлж ажилласан. Тухайн эзэмшлийн газар нь ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж байгаа гэж үзэж хуулийн хүрээнд шаардлага тавьж ажилласан.

Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга шийдвэрлэнэ гэж заасан.

Иймд иргэн Н.А*****-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

5.2.Хариуцагч С.С***** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: "

Хувь хүний газар эзэмших эрхт хүндэтгэлтэй хандаж байна. Гэвч тухайн газар нь нийт иргэдийн эрх ашгийг хөндөж байгаа учраас өнөөдрийн маргаан үүссэн. Маргаан бүхий газартай холбоотой захиргааны хэргийн шүүх хуралдаан нийт 30 удаа болсон байдаг. Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон захиргааны хэргийн шүүхээс тухайн газрыг хүчингүй болгож байсан ба үерийн далангийн хамгаалалтын бүсэд байрлалтай газар юм. Анх нэхэмжлэгч нь 23 дугаар байрны ойролцоо газар авч байсан бөгөөд шилжилт хөдөлгөөн яаж хийгдсэн талаар мэргэжлийн байгууллагыг хариуцагчаар татан татан оролцуулсан бол асууж тодруулах байсан. Тухайн газарт төр маш их зардал гаргаж байна. Мөн иргэдийн ая тухтай, таатай амьдрах орчныг бүрдүүлэхгүй байгаа учраас мэргэжлийн байгууллагаас хүчингүй болгоосой гэж хүсэж байна. Тухайн газрын ард 100 гаруй айлын орон сууц байдаг бөгөөд хүүхдүүдээ тоглуулах боломж, салхилаад суух ганц ч сандал байдаггүй. Энэ жил 1 тэрбум орчим төгрөгөөр уг газарт ногоон байгууламжтай амралтын цагаа өнгөрүүлэх бүс болгохоор төлөвлөсөн ба машин орох боломжгүй явган хүний зам хийгдэж байхад Н.А*****нь уг газрыг яаж ашиглах гэж байгаа нь ойлгомжгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгч Н.А*****-оос Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргад холбогдуулан гаргасан “2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 3 дугаар хороолол байршилд **** нэгж талбартай дугаартай газарт хашаа барих ажлыг зогсоох тухай аман шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл үндэслэлтэй байна гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Н.А*****“..Миний бие 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн эзэмшиж байгаа газраа зориулалтын дагуу ашиглах зорилгоор хашаа барих гэсэн боловч Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга хашаа барих ажлыг зогсоох тухай аман шийдвэрийг гаргаж надад мэдэгдсэн. Улмаар хашаа барих ажлаа зогсоосон. Уг шийдвэрийг хянуулахаар Баянгол дүүргийн Засаг даргад 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргасан. Харин Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн огноотой 12/2099 дугаартай "Иргэн Н.А*****танаа" гэсэн албан тоотыг миний бие 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан.

Уг хариунд " ... Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 24/17 дугаар тогтоолын хавсралтын 4.4.1-д заасны дагуу хашаа, хайсны өндрийн хэмжээ шаардлагыг ханган хашаагаа барина уу" гэсэн хариуг өгсөн байсан. Өөрөөр хэлбэл 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын хашаа барих аман шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлээгүй байна” гэж,

Харин хариуцагчаас “...Монгол Улсын засаг захиргаа, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар хорооны Засаг дарга нь газрын тухай хууль тогтоомж, газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах талаарх нийтлэг шаардлагын биелэлтийг хангуулах бүрэн эрхийг хэрэгжүүлж ажилдаг. Миний бие дээрх бүрэн эрхийн хүрээнд иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу зохих шаардлагыг биелүүлж ажилласан. Тухайн эзэмшлийн газар нь ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж байгаа гэж үзэж хуулийн хүрээнд шаардлага тавьж ажилласан” гэж тус тус тайлбарлан маргажээ.

            3. Нэхэмжлэгч Н.А*****-д Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний А/574 дүгээр захирамжаар Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 3 дугаар хороололд нэгж талбарын **** дугаартай 799 м.кв газрыг үйлчилгээ, спорт төвийн зориулалтаар газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон байна.

4. Иргэн Н.А*****р-д газар эзэмших эрх олгосон Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний А/574 дүгээр захирамж хүчингүй болоогүй, түүнчлэн хашаа, хайсны өндрийн хэмжээ шаардлагыг ханган хашаа барих чиглэлийг дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас өгсөн байхад хорооны Засаг дарга нь 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 3 дугаар хороолол байршилд **** нэгж талбартай дугаартай газарт хашаа барих ажлыг зогсоох тухай аман шийдвэр гаргасан нь үндэслэлгүй, бодит нөхцөл байдалд нийцээгүй байна гэж шүүх үзлээ.

5. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.-д “Хорооны Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 61.1.1-д “хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг хариуцах;”, 61.1.7-д “хууль тогтоомж, Засгийн газрын болон дээд шатны Засаг даргын шийдвэр, хорооны иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг тайлбарлан таниулах;” 61.1.15-д “иргэдийн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авч эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх, холбогдох байгууллагад уламжлах”, 61.1.18-д “нутаг дэвсгэрийнхээ хэмжээний газар зохион байгуулалтын үйл ажиллагаанд хуульд заасан чиг үүргийн дагуу оролцох” гэж тус тус заажээ.

6. Хавтаст хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 12/2099 дүгээр албан бичигт “...Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 24/17 дугаар тогтоолын хавсралтын 4.4.1-т заасны дагуу хашаа, хайсны өндрийн хэмжээ шаардлагыг ханган хашаагаа барина уу” гэж хариу өгсөн байх бөгөөд энэхүү дээд шатны байгууллагын шийдвэрийг хариуцагч биелүүлэхгүй маргаан бүхий газарт хашаа барихыг хориглосон аман шийдвэр гаргаж байгаа нь хорооны Засаг дарга нь харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг хариуцах, дээд шатны Засаг даргын шийдвэр, хорооны иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг тайлбарлан таниулах хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

7. Хэдийгээр хариуцагч Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга би хашаа бариулахгүй гэсэн аман шийдвэр гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч шүүх хорооны Засаг нь тухайн тохиолдолд аман шийдвэр гаргах эрхгүй гэж үзэхээр байна.

8. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Дараах тохиолдолд захиргааны актыг амаар, эсхүл бичмэл бус хэлбэрээр гаргаж болно:”, 41.1.1-д “захиргааны актыг хойшлуулшгүй гаргах шаардлагатай бол”, 41.1.2-т “хууль, захиргааны хэм хэмжээний актад тодорхой хэлбэрийг заасан бол”, 41.1.3-д “эрх зүйн ялимгүй үр дагавар бүхий асуудлыг шийдвэрлэх бол”, 41.1.4-д “захиргааны актыг бичгээр гаргах боломжгүй, эсхүл тохиромжгүй бол” гэж тус тус заасан байх бөгөөд дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл тухайн тохиолдолд хорооны Засаг хашаа бариулахгүй гэж аман шийдвэр гаргасан нь дээрх хуульд нийцээгүй байна.

9. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.2-т “газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон”, 40.1.3-т “шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй” 40.1.4-д “байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, энэ хуулийн 31.4-т заасны дагуу палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, 40.1.7-д “газар эзэмших эрхтэй этгээд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.6, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 17.2-д заасны дагуу холбогдох татварыг тодорхойлж тайлагнаагүй, үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан” гэж тус тус заажээ.

10. Хэдийгээр хариуцагчаас “иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу зохих шаардлагыг биелүүлж ажилласан. Тухайн эзэмшлийн газар нь ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж байгаа гэж үзэж хуулийн хүрээнд шаардлага тавьж ажилласан” гэж тайлбарлаж байх боловч дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй субъект нь аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга байх бөгөөд хорооны Засаг дарга нь харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг хариуцах, дээд шатны Засаг даргын шийдвэр, хорооны иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг тайлбарлан таниулах эрх, үүрэгтэй байна.

11. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.1-д “хуульд үндэслэх”, 24 дүгээр зүйлийн 24.1-т Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" хэмээн тус тус хуульчлан заасан.

12. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзвэл хариуцагч нь маргаан бүхий аман шийдвэрийг гаргасан нь хуульд үндэслэх, бодит нөхцөл байдлыг тогтоох хуульд заасан журмыг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

13. Иймд шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Н.А*****-оос Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргад холбогдуулан гаргасан 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 3 дугаар хороолол байршилд **** нэгж талбартай дугаартай газарт хашаа барих ажлыг зогсоох тухай аман шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 41 дүгээр зүйлийн 41.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.1, 61.1.7, 61.1.18-д тус тус заасныг. баримтлан нэхэмжлэгч Н.А*****-с Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 3 дугаар хороолол байршилд **** нэгж талбартай дугаартай газарт хашаа барих ажлыг зогсоох тухай аман шийдвэрийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.