Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 07

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн  

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа  

шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн

шүүгдэгч Ц.Марал-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цэцэгээгийн Марал-Эрдэнэд холбогдох 201619000637 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авснаар 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-2, эцэгийн хамт Төв аймгийн Борнуур сумын 4 дүгээр баг Нарт гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Цэцэгээгийн Марал-Эрдэнэ, /РД:НЙ89061317/

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ц.Марал-Эрдэнэ согтуугаар Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг Салхит гэх газарт 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 21-22 цагийн орчим бусдыг үл хүндэтгэн, ямар ч шалтаг шалтгаангүйгээр П.Баттогтох, Д.Батмягмар нарыг хүч хэрэглэн зодож танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч Ц.Марал-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй. 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдөр айлд Шимийн архи уугаад гэрээс гарч салхинд явахдаа согтсон байсан. Тэгээд хохирогч П.Баттогтох, Д.Батмягмар нарт агсам тавьсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Хохирогч Д.Батмягмар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн эгч Эрдэнэцэцэг, хүргэн ах Баттогтох нарын хамт Хүй долоон худагт Даншиг наадам үзээд оройны 19 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын Нарт 4-р баг Салхит гэх газар гэрт очиход Баттогтох ахын дүү Батсайхан байсан. Бид нар 0.33 литрийн Ерөөл нэртэй архи уугаад байж байтал миний хүү Бат-Эрдэнэ орж ирээд дараа нь манай нутгийн Ц.Марал-Эрдэнэ гэрт орж ирснээ над руу дайрч “чи муу гөлөг, пизда энд юу хийж байгаа юм бэ” гээд агсам тавиад байхаар нь би түүнд хандан “би төрсөн эгчийндээ байна, төрсөн эгчийндээ байхаа чамаар заалгахгүй” гэхэд миний нүүр рүү цохисон. Тэгтэл манай эгч Эрдэнэцэцэг цагдаа дуудна гээд гарч явсны дараа Батсайхан Ц.Марал-Эрдэнийг боль гэж хэлж байгаад адуугаа хаших гээд явсан. Энэ үед Ц.Марал-Эрдэнэ намайг гэрээс гаргаж хавсарч унагаагаад цээж хэсэгт 1 удаа өшиглөхөд би амьсгаа авч чадахгүй болсон. Тэгтэл Баттогтох салгах гэтэл Ц.Марал-Эрдэнэ зууралдаад холдохоор нь би амьсгаа аваад Баттогтох ах руу хартал Баттогтох ах гэрийн гадаа үүд хэсэгт аллаа, хавирга гэж орилоод байсан. Тэгтэл Ц.Марал-Эрдэнэ мотоциклио унаад явсан, харин Бат-Эрдэнэ ирээд Баттогтохыг өргөөд гэрт оруулсан. Би хүү Бат-Эрдэний хамт гэр рүүгээ харисан. Би маргааш нь Ц.Марал-Эрдэнэтэй тааралдаад “чи өчигдөр яаж байгаа юм бэ гэхэд Ц.Марал-Эрдэнэ “би өчигдөр монгол архи уугаад согтсон, цааш явж байгаад гол гараад унтчихсан байсан” гэж хэлэхээр нь Баттогтохтой очиж уулзаарай бие нь муу байсан шүү гэж хэлээд явсан. Түүнээс хойш Ц.Марал-Эрдэнэтэй уулзаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/

           

            Хохирогч П.Баттогтох мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр баг Салхит гэх газар өөрийн эхнэр Эрдэнэцэцэгийн хамт оршин суудаг юм. Би 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Даншиг наадам үзээд Төв аймгийн Борнуур суманд байх гэртээ оройн 19 цагийн орчим ирсэн. Тухайн үед манай гэрт эхнэр Эрдэнэцэцэг, дүү Батсайхан, хадам дүү Батмягмар нар байсан. Манай дүү Батсайхан адуугаа хаших гээд явж, эхнэр Эрдэнэцэцэг, хадам дүү Батмягмар нарын хамт 0.33 литрийн Ерөөл нэртэй архи уугаад байж байхад манай сумын Ц.Марал-Эрдэнэ гэх залуу согтуу орж ирээд шууд Батмягмарт хандан “чи муу гөлөг энд юу хийж байгаа юм бэ” гэхэд Батмягмар “би төрсөн эгчийнхээ гэрт байна гэж хэлтэл Ц.Марал-Эрдэнэ манай гэрт агсам тавьсан. Ц.Марал-Эрдэнийг агсам тавиад байхаар нь манай эхнэр цагдаад дуудахаар гарсан. Энэ үед Батсайхан Ц.Марал-Эрдэнийг боль гэж хэлж байгаад адуундаа гарсан хойгуур Батмягмарыг Ц.Марал-Эрдэнэ гэрээс гаргаад зодсон. Би салгах гэж очтол Ц.Марал-Эрдэнэ намайг заамдаж элэг рүү гараараа цохиод өргөөд газар шидсэн. Намайг газарт унахад дээрээс хөлөөрөө өшиглөөд зүүн хавирга хэсэгт хөлөөрөө дэвссэн. Би ухаан алдаад нэг сэрэхэд эхнэр, дүү хоёр ирчихсэн, намайг гэр рүү өргөөд оруулж байсан. Миний цээж хөндүүрлэж, амьсгаа авч болохгүй байсан. Тэгээд би Ц.Марал-Эрдэнэд зодуулсан талаар цагдаад мэдэгдсэн...миний хувьд ажил ихтэй мөн эхнэрийн биеийн байдал муу байгаа тул шүүх хуралдаанд суухгүй, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 10-13 дугаар хуудас/

 

            Гэрч Д.Эрдэнэцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдөр нөхөр Баттогтох, дүү Батмягмар нарын хамт Хүй долоон хутагт Даншиг наадам үзээд оройн 19 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн Салхит гэх газарт гэртээ очсон юм. Бид нарыг очиход гэрт Батсайхан байсан. Бид нарыг гэртээ байж байхад гаднаас Ц.Марал-Эрдэнэ орж ирээд Батмягмарт агсам тавиад ална гээд Батмягмарын нүүр рүү цохихоор нь би цагдаа дуудахаар гарсан. Би цагдаад мэдэгдээд 30 минутын дараа гэртээ очиход гэрийн гадаа манай нөхөр Баттогтох газарт хэвтэж байхаар нь Батмягмарын хүүхэд Бат-Эрдэнээс юу болсон талаар асуухад аав, Баттогтох ах хоёрыг Ц.Марал-Эрдэнэ зодсон гэж хэлж байсан. Батсайхан ирээд Баттогтохыг гэр рүү өргөж оруулсан. Тухайн үед манай нөхрийн бие муу байсан тул гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/

 

            Гэрч Д.Батсайхан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 21 цагийн орчим Ц.Марал-Эрдэнэ гэрт орж ирээд мэндийн зөрөөгүй Батмягмарыг “юу хийж байгаа гөлөг вэ” гээд хэл амаар доромжлоод агсам тавиад Батмягмарын нүүр хэсэгт 1 удаа цохисон. Тэгтэл Эрдэнэцэцэг эгч цагдаа дуудна гээд гэрээс гараад явсан. Удалгүй Батмягмарын хүүхэд Бат-Эрдэнэ ирэхээр нь би адуундаа гарчихаад иртэл Баттогтох гэрийн гадаа хэвтэж байсан. Ц.Марал-Эрдэнэ гэх залуу хөгшин настай хүмүүсийг их дээрэлхдэг юм шиг санагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/

 

            Гэрч Б.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Ц.Марал-Эрдэнэ халамцуу гэрт орж ирээд манай аавд хандан “чи энд юу хийж байгаа юм бэ” зайл гэх мэтээр хараагаад байхаар нь манай аав “би эгчийндээ байна, чамд ямар хамаатай юм бэ” гэхэд шууд Ц.Марал-Эрдэнэ аавыг цохисон. Ц.Марал-Эрдэнэ аавыг гэрээс гаргаж газар хавсарч унагаад цээж хэсэгт нь хөлөөрөө 1 удаа дэвссэн. Би тэр үед салгахад Ц.Марал-Эрдэнэ “банди минь чамайг ална шүү” гэсэн энэ үед Баттогтох ах гарч ирээд Ц.Марал-Эрдэнийг салгах гэтэл тэрээр хавсарч унагаад дээр нь дэвсэж өшиглөж байсан. Тэгээд Баттогтох ах Маадайд зодуулсны дараа дуугүй ухаан алдсан байдалтай болоход Ц.Марал-Эрдэнэ мотоцикио унаад яваад өгсөн. Ц.Марал-Эрдэнэ гэр орж ирээд аавыг гэрээс хөөгөөд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/

 

            Гэрч М.Сайнжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Марал-Эрдэнэд адуугаа маллуулсан хөлс болох 400.000 төгрөгийг Баттогтоход чамд өгөөрэй гэж хэлээд өгсөн гэсэн зүйл огт яриагүй. Яагаад Марал-Эрдэнэ тэгж ярьсан талаар би мэдэхгүй байна. 2014 оны зун Марал-Эрдэнэ хэний малыг малладаг байсан талаар мэдэхгүй байна. П.Баттогтох, Марал-Эрдэнэ хоёрын дунд өс хонзон, өр авлагын асуудал байдаг талаар надад мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Марал-Эрдэнэ согтуугаар Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг Салхит гэх газарт 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 21-22 цагийн орчим бусдыг үл хүндэтгэн, ямар ч шалтаг шалтгаангүйгээр П.Баттогтох, Д.Батмягмар нарыг хүч хэрэглэн зодож танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Батмягмарын....”Ц.Марал-Эрдэнэ намайг гэрээс гаргаж хавсарч унагаагаад цээж хэсэгт 1 удаа өшиглөхөд би амьсгаа авч чадахгүй болсон. Тэгтэл Баттогтох салгах гэтэл Ц.Марал-Эрдэнэ зууралдаад холдохоор нь би амьсгаа аваад Баттогтох ах руу хартал Баттогтох ах гэрийн гадаа үүд хэсэгт аллаа, хавирга гэж орилоод байсан. Тэгтэл Ц.Марал-Эрдэнэ мотоциклио унаад явсан, харин Бат-Эрдэнэ  ирээд Баттогтохыг өргөөд гэрт оруулсан. Би хүү Бат-Эрдэний хамт гэр рүүгээ харисан”...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,

хохирогч П.Баттогтохын... “Батсайхан Ц.Марал-Эрдэнийг боль гэж хэлж байгаад адуундаа гарсан хойгуур Батмягмарыг Ц.Марал-Эрдэнэ гэрээс гаргаад зодсон. Би салгах гэж очтол Ц.Марал-Эрдэнэ намайг заамдаж элэг рүү гараараа цохиод өргөөд газар шидсэн. Намайг газарт унахад дээрээс хөлөөрөө өшиглөөд зүүн хавирга хэсэгт хөлөөрөө дэвссэн. Би ухаан алдаад нэг сэрэхэд эхнэр, дүү хоёр ирчихсэн, намайг гэр рүү өргөөд оруулж байсан. Миний цээж хөндүүрлэж, амьсгаа авч болохгүй байсан. Тэгээд би Ц.Марал-Эрдэнэд зодуулсан талаар цагдаад мэдэгдсэн...миний хувьд ажил ихтэй мөн эхнэрийн биеийн байдал муу байгаа тул шүүх хуралдаанд суухгүй, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй”...гэх мэдүүлэг /хх-ийн 11-14, 58/,

гэрч Д.Эрдэнэцэцэгийн... “Ц.Марал-Эрдэнэ орж ирээд Батмягмарт агсам тавиад ална гээд Батмягмарын нүүр рүү цохихоор нь би цагдаа дуудахаар гарсан. Би цагдаад мэдэгдээд 30 минутын дараа гэртээ очиход гэрийн гадаа манай нөхөр Баттогтох газарт хэвтэж байхаар нь Батмягмарын хүүхэд Бат-Эрдэнээс юу болсон талаар асуухад аав, Баттогтох ах хоёрыг Ц.Марал-Эрдэнэ зодсон гэж хэлж байсан. Батсайхан ирээд Баттогтохыг гэр рүү өргөж оруулсан. Тухайн үед манай нөхрийн бие муу байсан тул гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн”...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17/

гэрч Д.Батсайханы... “Эрдэнэцэцэг эгч цагдаа дуудна гээд гэрээс гараад явсан. Удалгүй Батмягмарын хүүхэд Бат-Эрдэнэ ирэхээр нь би адуундаа гарчихаад иртэл Баттогтох гэрийн гадаа хэвтэж байсан. Ц.Марал-Эрдэнэ гэх залуу хөгшин настай хүмүүсийг их дээрэлхдэг юм шиг санагдсан”...гэх мэдүүлэг /хх-ийн 18-20/

гэрч Б.Бат-Эрдэнийн... “Би тэр үед салгахад Ц.Марал-Эрдэнэ “банди минь чамайг ална шүү” гэсэн энэ үед Баттогтох ах гарч ирээд Ц.Марал-Эрдэнийг салгах гэтэл тэрээр хавсарч унагаад дээр нь дэвсэж өшиглөж байсан. Тэгээд Баттогтох ах Ц.Марал-Эрдэнэд зодуулсны дараа дуугүй ухаан алдсан байдалтай болоход Ц.Марал-Эрдэнэ мотоциклио унаад яваад өгсөн”...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/ нарыг мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Марал-Эрдэнийн өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл хэсгээр Ц.Марал-Эрдэнэд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

  

Шүүгдэгч Ц.Марал-Эрдэнийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин мэдэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Ц.Марал-Эрдэнэ энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Цэцгээгийн Марал-Эрдэнийг бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Марал-Эрдэнийг 1  жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Марал-Эрдэнэд  оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.  

4.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Марал-Эрдэнэд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Марал-Эрдэнэд урд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Марал-Эрдэнэд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Борнуур сумын Цагдаагийн хэсэгт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дах хэсэгт зааснаар ялтан Ц.Марал-Эрдэнэ нь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг мэдэгдсүгэй.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, ялтан Ц.Марал-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Ц.Марал-Эрдэнэд  бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ