Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2022/01288

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2022/01288

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/03894 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 192 дугаар магадлалтай,

 

*******ын нэхэмжлэлтэй

*******, Т.Жаргалсайхан нарт холбогдох

 

12,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сэлэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

Шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Н.Жаргалсайхан, хариуцагчийн өмгөөлөгч М.Далайжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, Т.Жаргалсайхан нарт холбогдуулан 12,200,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/03894 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *******, Т.Жаргалсайхан нараас 12,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 192 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/03894 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 154,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сэлэнгэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1 *******, ******* нар нь ижил төрлийн ажил үйлчилгээг эрхлэн явуулдаг байсан. Хариуцагч талаас нэхэмжлэгч нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргаад байна гэсэн тайлбар өгсөөр байдаг. Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийн хувьд энэ газар хэдий хугацаанд хэчнээн хэмжээний бараа борлуулж байж 15,000,000 төгрөг олдог. Үүнээс хэд нь ашиг орлого болдог талаарх асуудлыг бүгдийг нь мэдэж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс контейнероо буцааж өгөөд төлсөн бүх төлбөрөө буцааж авна гэж маргаагүй ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор зээл авч контейнерыг худалдаж авсныг ч хариуцагч мэдэж байгаа, ижил ажил үйлчилгээг эрхэлдэг байсан хүмүүсийн хувьд 15,000,000 төгрөг бага мөнгө биш бөгөөд түүнийг олохын тулд тодорхой хугацаа орохыг мэдэж байгаа. Хэрвээ ******* худалдан аваагүй бол хариуцагч хохироод үлдэж болох л байсан. Миний аз чиний хохь гэдэг байдлаар аливаа зүйлд хандмааргүй санагдах юм.

4.2 Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь нэг тал нь ашиг олох зорилгоор бусдын газар байршлыг өндөр үнээр худалдсан, нэг нь мөн л ашиг олох зорилгоор худалдаж аваад тодорхой мөнгөн дүнгээр хохирчхоод байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоод байгаа нь Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэснийг зөрчиж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

4.3 Мөн Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилдаа үүссэн гэж дүгнэсэн. Тус заалтаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлдэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр заажээ. Энэ заалтаар гэрээний талуудын гүйцэтгэх үүргийг тусгаж өгсөн бөгөөд худалдагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй эрхийн зөрчилтэй хөрөнгө худалдсан, холбоотой баримт бичгийг худалдан авагчид шилжүүлж өгөөгүй байхад 243.1 дэх хэсэгт заасан харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

4.4 Нэхэмжлэгчийн тооцооллоор уг байршилд гэрээний хугацаанд худалдаа эрхэлнэ гэж тооцсон. Үүнийг тооцвол 15,000,000 төгрөгийн жилийн 12 сард хуваавал 1 сард 1,250,000 төгрөгийн орлого олох боломжтой. Тус байршилд 5 сар худалдаа эрхэлсэн гэж үзвэл 1,250,000*5= 6,250,000 төгрөгийн орлого олжээ гэж үзэн үлдсэн төлбөр 8,750,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах боломжтой үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сэлэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

 

6. Нэхэмжлэгч ******* хариуцагч *******, Т.Жаргалсайхан нарт холбогдуулан 12,200,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Тэрээр шаардлагын үндэслэлээ ...2019.11.25-ны өдөр гэрээний дагуу 160 тоот чингэлгийг 15,000,000 төгрөгөөр худалдаж авсан. ...бусдын эзэмшлийн газар дахь чингэлгээ өөрийн өмчийн газарт байгаа чингэлэг гэж итгүүлж зарсан. ... чингэлэг нь худалдагчийн өмчлөлийн зүйл биш Э.Цэрэндолгорынх байсан. ... ба 2,800,000 төгрөгийн үнэтэй гэж тайлбарласан байна.

 

7. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хариуцагч ******* ... би дүү Э.Цэрэндолгороосоо чингэлгийг авсан. ... ******* нь 161 тоот чингэлгийг өмчилдөг, тэнд олон жил үйл ажиллагаа явуулж байгаа, ... 160 тоот чингэлэг нь захын дотор нүүрэн талд байрлалтай, байршил сайтай, хямд худалдсан гэж, хариуцагч Т.Жаргалсайхан ... би худалдах худалдан авах гэрээнд оролцоогүй, ... ******* нь 2018.01 дүгээр сараас 161 тоот чингэлгийг ажиллуулж байсан. ... 160 тоотыг худалдаж авахаар олон удаа манай эхнэрээс хүссэн байдаг. ... 2020.05-р сард Да хүрээ захын шийдвэрээр тус зах дотроо нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан. гэж маргасан байна.

 

8. Талууд 2019.11.25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, тус гэрээний дагуу Да хүрээ зах дотор байрлах 160 тоот чингэлгийг 15,000,000 төгрөг төлж өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон, чингэлгийн эзэмшил болон 15,000,000 төгрөгийг харилцан шилжүүлсэн үйл баримтын тухайд тус тус маргаагүй. Харин чингэлгийг өмчлөх эрхгүй этгээд худалдсан эсэх, худалдах, худалдан авах гэрээний зүйлд чингэлгийн доорх газар эзэмших, эсхүл өмчлөх эрх багтсан эсэх, чингэлгийн байршил нь гэрээ байгуулах үндсэн сэдэл болсон эсэх, чингэлгийг зөөвөрлөж, байршил солигдсон явдалд худалдагч буруутай эсэх асуудал нь маргааны зүйл болжээ.

 

9. Нэг талаас нэхэмжлэгч *******, нөгөө талаас хариуцагч ******* нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний зүйл нь тухайн үед Да хүрээ захын худалдааны төвийн нүүрний эгнээний талбайд байрших 160 тоот чингэлэг байна. Чингэлэг нь 15,000,000 төгрөгөөр үнэлэгдэх болсон чухамхүү шалтгаан нь Да хүрээ трейд ХХК-ийн худалдааны төвийн дотор нүүрний эгнээнд байрших эрх олгосон түрээсийн гэрээ 160 тоот чингэлгийн эзэмшлийг дагалдаж хийгддэг явдал байна. Тодруулбал, худалдах, худалдан авах гэрээний зүйл нь чингэлэг байх бол ийнхүү гэрээ байгуулах болсон сэдэл нь чингэлэг байрших талбайг Да хүрээ захаас түрээслэх эрх гэж үзэх үндэстэй байна. Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох 20 тн-ын багтаамжтай чингэлэг нь зах зээлийн үнийн хувьд 2,800,000 төгрөгөөр үнэлэгдэх талаар хариуцагч нар маргаагүйн зэрэгцээ гэрээ байгуулах тухайн үед захын дотор нүүрний эгнээнд байрших талбайг түрээслэх эрх 160 тоот чингэлгийг эзэмшигчид хамааралтай байгаа нь хэрэгт авагдсан Түрээсийн гэрээний Ерөнхий зүйлийн 1 дэх заалт, гуравдах хэсгийн 1 дэх заалтуудаар тус тус тогтоогдож байна. Гэвч 160 тоот чингэлгийг худалдсанаас хойш 2020 оны 05 дугаар сард талуудын хэн алинаас үл хамаарах шалтгаанаар худалдааны төвийн эрх бүхий этгээд захын дотоод зохион байгуулалтыг өөрчилж, захын дотоод газар ашиглалтад шинэ төлөвлөлт хийхээр шийдвэрлэжээ. Энэхүү бодит үйл явдлын тухайд зохигч маргаагүй.

 

10. Худалдан авагч гэрээний үнийн дүнгээс 12,200,000 төгрөгт холбогдох төлбөрийг буцаан шаардсанаас үзвэл эрхийн доголдолтой зүйл худалдсан үндэслэлээр гэрээний зүйлийн үнийг бууруулах шаардлага гаргасан гэж үзэхээр байна. Гэвч худалдагч эрхийн доголдолтой зүйл худалдсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

10.1. Маргаан бүхий чингэлгийг ******* өөрийн дүү Э.Цэрэндолгороос шилжүүлэн авах замаар өмчлөх эрх олж авсан гэж үзэх үндэстэй. Учир нь чингэлэг нь хөдлөх эд хөрөнгө бөгөөд Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасны дагуу хөдлөх эд хөрөнгийг эзэмшигч этгээд нь гуравдагч этгээдийн хувьд өмчлөгчөөр тооцогдох хууль зүйн үндэстэй. Чингэлгийн хувьд өмчлөх эрх зөрчигдсөн гэх үндэслэлээр маргаан үүсгэсэн, эрх ашгаа хамгаалуулахаар Ц.Дэлгэрхундагын эсрэг шүүх, хуулийн байгууллагад хандсан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Иймд хариуцагч ******* нь өөрийн хууль ёсны өмчлөлийн зүйлийг бусдад худалдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

10.2. Нэхэмжлэгч ******* нь Да хүрээ захын худалдааны төвийн дотор байрлах 161 дүгээр чингэлгийг тогтмол үйл ажиллагаа явуулан худалдаа эрхэлж, энэ хугацаанд 160 тоот чингэлгийн өмчлөгч, худалдагчтай харилцаж ирсэн, түрээслүүлэгч захаас өгсөн бүхий л мэдээллийг бусад түрээслэгчийн нэгэн адил хүлээж авсан, адил тэгш мэдээллээр хангагдсан үйл баримт зохигчийн тайлбар, 161 тоот контейнер байрлах талбайн хувьд нэг талаас Да хүрээ трейд ХХК, нөгөө талаас ******* нарын хооронд 2018.01.25-ны өдөр байгуулсан 2-024 тоот түрээсийн гэрээ, 160 тоот чингэлэг байрлах талбайн тухайд Э.Цэрэндолгор, Да хүрээ трейд ХХК нарын хооронд 2018.01.24-ний өдөр байгуулсан 2-012 тоот түрээсийн гэрээгээр тус тус тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, эрх бүхий этгээдийн ирээдүйд гаргах шийдвэрийн улмаас чингэлгийн байршил өөрчлөгдөхийг худалдагч тал мэдсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ.

Иймд чингэлгийг худалдан авснаас хойш 5 сарын дараа Да хүрээ трейд ХХК-ийн эрх бүхий этгээдийн шийдвэрийн улмаас захын дотоод зохион байгуулалт өөрчлөгдөж, чингэлгийн байршил солигдсонд чингэлэг худалдагчийг буруутгах боломжгүй, газрын хууль ёсны эзэмшигчийн шийдвэрийн улмаас бий болсон эерэг ба сөрөг үр дагавар нь эзэмшил газраа түрээслүүлэгч болон түрээслэгч этгээдийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулагдвал зохих харилцаа байх ба энэхүү харилцааны тухайлсан зохицуулалтын дагуу шийдвэр гарах үед маргаан бүхий чингэлгийг эзэмшигч, өмчлөгчийн, эсхүл талбай түрээслүүлэгчийн хариуцвал зохих эрсдэл гэж дүгнэх үндэстэй.

 

11. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сэлэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч ******* нь нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас 5 сарын өмнө байгуулсан гэрээ хэлцлээс татгалзах, уг гэрээний үнийг бууруулах шаардлага гаргах эрхгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдэл хуульд нийцжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/03894 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 192 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сэлэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021.02.25-ны өдөр төлсөн 154,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.