Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/16

 

 

 

 

 

 

 

 

2024    01            05                                        2024/ШЦТ/16

                                                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,  

Улсын яллагч Ж.Батбаатар,

Хохирогч Г.О,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2325000000532 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Б

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 05 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Ивээл зочид буудлын 3 давхрын *** тоот өрөөнд хохирогч Г.О-ийгэхнэртэйгээ маргалдаж зодолдсон гэх шалтгаанаар цээж хэсэгт нь цохиж, түлхэж унаган, баруун шанаа орчимд нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун чихэнд шарх, баруун нүдний зовхинд зулгаралт, баруун шуу, зүүн тохойд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт

 

Шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.

Хохирогч Г.О мэдүүлэхдээ “...2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр манай найз М.Згийн төрсөн өдөр болсон. Тухайн төрсөн өдөрт нөхрийн хамт уригдаж очсон. Төрсөн өдөр болсон лоунжийн хаах цаг болсон учир тэндээс гарч манайд очсон... Үүрээр М.Згийн найз ирчихлээ гэхээр хамт гарч буудалд очиж хамт байсан. Тэнд очиж архи уусан. Тэнд бид нарын дунд хэрүүл маргаан болоогүй. 11 цаг 50 минутын орчимд буудлын ажилтан орж ирж өрөөгөө суллаарай гэсэн. Тэгээд бид нарыг гарах гэж байхад гаднаас нэг эмэгтэй, үл таних залуугийн хамт бичлэг хийж орж ирсэн. Тухайн үед тэр эмэгтэй нөхөртэйгээ хэрүүл маргаан хийж байснаа удалгүй бид нарыг хэл амаар доромжилж эхэлсэн. М.Зтай нийлж тэр эмэгтэйг зодсон зүйл байхгүй. Харин Б.Б нь тэр эмэгтэйд хандаж миний хайр энэ хоёрыг барчих юм байна гээд байсан. Миний биед учирсан хохирлыг Б.Б учруулсан... Би жирэмсэн байсан. Энэ гэмт хэргийн улмаас 2 удаа СТ хийлгэсэн. Эмч 2 удаа туяанд орсон учир ураг гажигтай болох магадлалтай гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхөртэйгөө ярилцаж байгаад жирэмслэлтийг зогсоосон... гэв.

 

Улсын яллагч Ж.Батбаатар: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

 

Шүүгдэгч Б.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, ямар эрүүгийн хариуцлага хүлээх гэж байгаагаа ойлгож ухамсарласан, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэсэн байр сууриа тус тус илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хавтаст хэргээс:

 

- Хохирогч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн ...Хэсэг хугацаанд манай гэрт байж байгаад үүрээр 05 цагийн үед М.З түүний найз Зоозий бид гурав манай гэрээс гараад Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Ивээл нэртэй зочид буудалд очсон. Тухайн буудалд М.Згийн хоёр эрэгтэй найз нь хүлээж байсан... бид нарын сууж байсан өрөөнд гаднаас үл таних нэг залуу орж ирээд юм яриад сууж байсан. Ингээд ярилцаад сууж байсан чинь гаднаас нэг эмэгтэй, нэг эрэгтэйгийн хамт гар утсаараа бичлэг хийж орж ирээд М.З бид хоёрыг хэл амаар доромжилсон...гар утсаараа бичлэг хийж байсан гэх эмэгтэй М.Згийн үснээс татаж, цохиж байсан. Энэ үед нь би дундуур нь орж салгаад уг эмэгтэйгийн нөхөр болох Б.Б гэх залууд хандаж чи энэ хоёрыг салгаад эхнэрээ аваад яваач гэсэн чинь миний хайр энэ хоёрыг алаач чи энэ хоёрыг барахаар юм байна шүү дээ гэж хэлээд зогсож байхаар нь би эхнэрийг нь түлхсэн. Уг эмэгтэй миний нүүрийг гараараа самардаж над руу дайрах үед нь би буцаад өөр рүү нь дайрсан чинь түүний нөхөр болох Б.Б нь гараараа миний цээж хэсэг рүү нэг удаа цохиж, намайг түлхсэн. Энэ үед би хойшоо унасан. Би босож ирээд яаж байна аа гэсэн чинь дахин гараараа миний чих хэсэг рүү цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар тал/,

...Миний эрүүл мэндэд хохирол учирсны улмаас Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтэст үзүүлэхэд 8,000 төгрөг, цээжийн СТ авахуулахад 120,000 төгрөг, эмчийн зөвлөсний дагуу кальц, цээжний хязгаарлагч бүс авахад 63,450 төгрөг, дараа нь дахин цээжний СТ авахуулахад 150,000 төгрөг, 10 хоног ажилдаа явж чадаагүй, нэн өдрийн цалин 59,900 төгрөг, 10 өдрийн цалин 599,000 төгрөг, үүнээс литстний мөнгө 272,000 төгрөг орсон, зөрүүү 327,000 төгрөг болж байгаа. Монет ээмэгний арын бэхэлгээ нь зодуулах үед унаж алга болсон 30,000 төгрөгөөр авсан. Одоогийн байдлаар 698,450 төгрөгийн зардал гарсан байна. Бусад эм тариа авсан, нааш цааш явсан зардал нийлээд нийтдээ 978,450 төгрөг болж байна. Уг зардлыг нэхэмжилж байна...  /хавтаст хэргийн 17 дугаар тал/,

 

- Гэрч А.М.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн "...Ивээл зочид буудалд очоод 3 дугаар давхрын нэг өрөөнд ороход уг өрөөнд Н.М, Оогий хоёр байсан. Ингээд манай найзууд миний төрсөн өдрийг тэмдэглэнэ гээд архи уусан. Найзуудтайгаа сууж байгаад 1-2 цагийн дараа миний нойр хүрээд унтчихсан байсан. Хэсэг хугацаанд унтаж байгаад сэрсэн чинь найз Г.О, Заяа, Н.М болон үл таних нэг залуу байсан. Ингээд удаагүй байж байсан чинь үл таних нэг эмэгтэй гар утсаараа бичлэг хийгээд ороод ирсэн. Тухай эмэгтэйгийн араас хар савхитай эмэгтэй хамт орж ирсэн. Тухайн эмэгтэй орж ирээд л Г.О бид хоёрыг доромжилж эхэлсэн... гар утсыг нь авах гэсэн чинь нэг гараараа миний үснээс татсан... Г.О бид хоёрыг салгах гэж дундуур орж ирсэн чинь нөхөр нь гэх залуу Оюун-Эрдэнийг зүүн гараараа чих шанаа хэсэг рүү нь цохиж, хөлөөрөө жийсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/,

 

- Гэрч Б.М-ийн ...Б.Быг Ивээл буудалд тасарч унаад үлдсэн гэж хэлсэн... Ингээд Ивээл буудалд ороод урд өдөр нь орсон гэх өрөө рүү яваад орсон чинь үл таних 2 эмэгтэй нөхөр Б.Бын ажлын газрын Заяа, Анхаа нөхөр Б.Б нар байсан. Нөхөр Б.Б орон дээр хэвтэж байсан. Нөхөр Б.Бын хажууд М.З гэх эмэгтэй сууж байсан. Анхаа, Г.О нар буйдан дээр сууж байсан... Г.О нь над руу тамхины иштэй, архи цацаад босоод ирсэн. Ингээд хоорондоо маргалдаж, М.З, Г.О нар нь гараад явсан. М.З нь гарч явснаа эргэж ирээд миний үснээс  татсан. Энэ үед Баагий М.Зг надаас салгах гээд зогсож байтал нөхөр Б.Б Г.О хоёр гаднаас орж ирээд Г.О нь над руу дайраад өшиглөсөн. Энэ үед манай нөхөр Б.Б нь миний эхнэрийг поольддог хэн бэ гэж хэлээд уг хоёр эмэгтэйг надаас салгаж, буудлын өрөөнөөс түлхэж гаргасан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/,

               

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 908 дугаартай “...1.Г.О-биед баруун чихэнд шарх, баруун нүдний зовхинд зулгаралт, баруун шуу, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/

 

- Шинжээч эмч С.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн ...Г.О-ийн биед үүссэн гэмтлүүдийн баруун чихэнд үүссэн шарх, баруу шууны цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад  гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, насанд хүрээгүй гэрч хохирогч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

Үйл баримтын талаар:

 

Б.Б нь хохирогч Г.О-ийг эхнэртэйгээ маргалдаж зодолдсон гэх шалтгаанаар цээж хэсэгт нь цохиж, түлхэж унаган, баруун шанаа орчимд нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун чихэнд шарх, баруун нүдний зовхинд зулгаралт, баруун шуу, зүүн тохойд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

 

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Г.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Г.О-ийнмөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн ...Уг эмэгтэй миний нүүрийг гараараа самардаж над руу дайрах үед нь би буцаад өөр рүү нь дайрсан чинь түүний нөхөр болох Б.Б нь гараараа миний цээж хэсэг рүү нэг удаа цохиж, намайг түлхсэн. Энэ үед би хойшоо унасан. Би босож ирээд яаж байна аа гэсэн чинь дахин гараараа миний чих хэсэг рүү цохисон...” гэх мэдүүлэг,

- Гэрч А.М.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “... Г.О бид хоёрыг салгах гэж дундуур орж ирсэн чинь нөхөр нь гэх залуу Оюун-Эрдэнийг зүүн гараараа чих шанаа хэсэг рүү нь цохиж, хөлөөрөө жийсэн...” гэх мэдүүлэг,

- Гэрч Б.М-ийн ...Энэ үед манай нөхөр Б.Б нь миний эхнэрийг поольддог хэн бэ гэж хэлээд уг хоёр эмэгтэйг надаас салгаж, буудлын өрөөнөөс түлхэж гаргасан... гэх мэдүүлэг,         

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 908 дугаартай дүгнэлт,

- Шинжээч эмч С.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн ...Г.О-ийнбиед үүссэн гэмтлүүдийн баруун чихэнд үүссэн шарх, баруу шууны цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад  гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх мэдүүлэг болон шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

 

 Хохирогч Г.О-ийнэрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Б.Бын хохирогчийн нүүр хэсэгт гараараа цохисон, хөлөөрөө жийсэн  үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой,

шүүгдэгч Б.Б нь хохирогч Г.О-ийннүүр рүү цохих үед түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцсон ба гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна  гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл, шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ биеэ хянах, барих чадваргүй зан байдал нь шууд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

 Хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

Хохирогч Г.О нь Одоогийн байдлаар 698,450 төгрөгийн зардал гарсан байна. Бусад эм тариа авсан, нааш цааш явсан зардал нийлээд нийтдээ 978,450 төгрөг болж байна. Уг зардлыг нэхэмжилж байна” гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан ба хохирогч хохиролтой холбоотой баримтаа хэрэгт ирүүлээгүй боловч шүүгдэгч Б.Бын буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.О-ийнбиед хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч хохирогчид учирсан хохирлоос 698,450 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байх тул шүүх хохирогчийн нэхэмжилсэн хохирлоос 698.450 төгрөгийг гаргуулан хохирогчид олгож, 300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.4-д заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсныг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1000 нэгжээр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” гэсэн,

Шүүгдэгч Б.Б нь “тусгайлан гаргах саналгүй” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Быг зургаан зуун нэгжээр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Б нь дээрх хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Төрчигтэргүүд овогт Батсайханы Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод оногдуулсан 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Боос 698.450 /зургаан зуун ерэн найман мянга дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулан хохирогч Г.О-д олгож, хохирогчийн нэхэмжилсэн 300.000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ОРХОНТАМИР