| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2024/0015/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/17 |
| Огноо | 2024-01-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/17
2024 01 05 2024/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,
Улсын яллагч Т.Дэлгэрмэнд,
Хохирогч Э.Н,
Шүүгдэгч М.Т нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Тт холбогдох эрүүгийн ********************* дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, М.Т
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 29-ний орой 22 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сэт баарны гадна Э.Нын нүүрэн тус газарт гараараа цохиж, өвдөглөн эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун нүдний дотор алимны салст зовхинд цус хуралт, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч М.Т мэдүүлэхдээ: “нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Э.Н “Цалингийн зөрүүг сүүлийн 3 сарын дунджаар бодсон. Ерөнхийдөө ажиллах ёстой байсан 47 хоногийн цалин 3.243.000 төгрөгийн цалингийн зөрүүг нэхэмжилж байгаа. Үүн дээр өмнөх хагалгааны үлдэгдэл төлбөр 1.115.000 төгрөгийг нэмээд нийт 4.359.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн цаашид гарах хамрын эмчилгээний зардлын нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэв.
Улсын яллагч Т.Дэлгэрмэнд: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Шүүгдэгч М.Т нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, ямар эрүүгийн хариуцлага хүлээх гэж байгаагаа ойлгож ухамсарласан, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэсэн байр сууриа тус тус илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хавтаст хэргээс:
- Сэт баарны хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 7-9 дүгээр тал/,
- Хохирлын баримт /хавтаст хэргийн 12-46 дугаар тал/,
- Хохирогч Э.Нын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...баарны гадна тамхи татах гэж 22 цаг 30 минутын орчимд гарч ирээд зогсож байсан чинь гадаа хүмүүс муудалцаад байсан. Тэгээд салгах гэж очсон чинь намайг нэг залуу заамдаж аваад хажуугаас цохиж, нөгөө нэг нь өшиглөсөн. Тэгээд намайг газар унахад дээрээс нийлж зодсон....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дугаар тал/,
“...Тухайн үед намайг М.Т гэх залуу өвдөглөж, гараараа цохиод байсан. Тухайн үед миний нүд манас гээд хүчтэй өвдөлт өгсөн. Тухайн үед хамарнаас цус гарсан. Тэгээд зугтаж эхнэрийг ирж ав гэж дуудсан. Тэр даруйдаа хүлээн авах дээр очиж рентген зураг авахуулсан. Би анх цагдаагийн байгууллагад өгсөн өргөдөл дээр 3-4 залууд зодуулсан гэж андуурч бичсэн байна. Би өөрөө камерийн бичлэгийг үзсэн. Намайг М.Т гэх залуу л зодсон. 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэгт очиж нүдний ухархайн хагалгаанд орсон. Хагалгаанд орох явцад эмчилгээний зардалд 2 сая гаран төгрөг болсон. Хагалгааны явцад намайг зодсон гэх М.Т 2,000,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Цаашид мөн миний хамрын таславчийн нээлттэй хагалгааг хийнэ гэдгийг эмч хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дугаар тал/,
- Гэрч А.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн "...Х.Э, М.Т нартай баарны гадаа таараад би Х.Э маргалдсан юм. Тэгсэн чинь баарны гадна хүмүүс хоорондоо маргалдаад байсан. Тэгэхээр нь би таксинд суугаад яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дүгээр тал/,
- Гэрч Э.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М.Т нь надад хэлэхдээ 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Э.Н гэх залууг зодчихсон. Цагдаагийн газарт шалгагдаж байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дүгээр тал/,
- Гэрч Б.Ам-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Э.Нтай утсаар ярихад эхнэртэйгээ эмнэлэг дээр байна. Зодуулчихлаа, оёдол тавиулах гэж байна гэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дугаар тал/,
- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 868 дугаартай “...1 Э.Нын биед баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун нүдний алимны салст, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 69-70 дугаар тал/
- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 40 дугаартай “...1 Э.Нын хамарт таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь хэзээ үүссэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 76-77 дугаар тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, насанд хүрээгүй гэрч хохирогч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
М.Т нь хохирогч Э.Ныг нүүрэн тус газарт гараараа цохиж, өвдөглөн эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун нүдний дотор алимны салст зовхинд цус хуралт, хамрын таславчийн муруйлт гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.
Шүүгдэгч М.Т нь хохирогч Э.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Сэт баарны хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл,
- Хохирлын баримтууд,
- Хохирогч Э.Нын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Намайг М.Т гэх залуу л зодсон...” гэх мэдүүлэг,
- Гэрч А.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн "...Хаш-Эрдэнэ, М.Т нартай баарны гадаа таараад би Хаш-Эрдэнэтэй маргалдсан юм. Тэгсэн чинь баарны гадна хүмүүс хоорондоо маргалдаад байсан. Тэгэхээр нь би таксинд суугаад яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг,
- Гэрч Э.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М.Т нь надад хэлэхдээ 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Э.Н гэх залууг зодчихсон. Цагдаагийн газарт шалгагдаж байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
- Гэрч Б.Ам-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Э.Нтай утсаар ярихад эхнэртэйгээ эмнэлэг дээр байна. Зодуулчихлаа, оёдол тавиулах гэж байна гэж байсан...” гэх мэдүүлэг,
- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 868 дугаартай дүгнэлт,
- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 40 дугаартай дүгнэлт болон шүүгдэгч М.Тын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.
Хохирогч Э.Нын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч М.Тын хохирогчийн нүүр хэсэгт гараараа цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой,
шүүгдэгч М.Т нь хохирогч Э.Нын нүүр рүү цохих үед түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч М.Тыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцсон ба гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл, шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ биеэ хянах, барих чадваргүй зан байдал нь шууд нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Шүүгдэгч М.Тын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Нын биед хөнгөн хохирол учирсан, хохирогч Э.Н нь “цалингийн зөрүү 3.243.000 төгрөг, өмнөх хагалгааны үлдэгдэл төлбөр 1.115.000 төгрөгийг нэмээд нийт 4.359.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн цаашид гарах хамрын эмчилгээний зардлын нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан.
Иймд шүүгдэгч М.Тоос 4.359.283 төгрөг гаргуулан хохирогч Э.Нт олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар
улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1, 2, 4-д заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсныг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1000 нэгжээр торгох ял оногдуулах...” гэсэн,
Шүүгдэгч М.Т нь “тусгайлан гаргах саналгүй” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч М.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч М.Тыг дөрвөн зуун тавин нэгжээр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч М.Т нь дээрх хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэгийн хуурцаг 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч М.Тт оногдуулсан 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Тоос 4.359.283 /дөрвөн сая гурван зуун тавин есөн мянга хоёр зуун наян гурав/ төгрөг гаргуулан хохирогч Э.Н-д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч М.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Тын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дуу дүрсний бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР