Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/30

 

 

 

 

 

 

 

 

 

   2024         01            16                                  2023/ШЦТ/30

                                                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Пунсалдулам,

Улсын яллагч Н.Д,

Шүүгдэгч О.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн О.Эд холбогдох эрүүгийн 232500****** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, О.Э

Шүүгдэгч О.Э нь 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний төвийн арын асфалтан зам дээр хохирогч Д.Б-г цээжээр нь тэвэрч хавсарч унагаан эрүүл мэндэд нь шаант болон тахилзуур ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар: 

  Шүүгдэгч О.Э нь хохирогч Д.Бгтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, бие мах бодийнх нь эсрэг хүчирхийлэл үйлдэж, биед нь “шаант болон тахилзуур ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хяналтын камерийн бичлэгч үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-8 дугаар тал/,

 

- Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 12-14 дүгээр тал/,

 

- Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 18-31 дүгээр тал/,

 

- хохирогч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн; “...тэрээр намайг заамдаж авсан. Би бас зөрүүлж заамдахад тэрээр намайг газарт унагаасан. Тэр залуу миний зүүн хөл рүү 2 удаа өшиглөсөн. Хүмүүс салгасан бөгөөд би гишгэж чадахгүй байсан... /хавтаст хэргийн 34 дугаар тал/,

...Миний эмчилгээнд гарсан зардлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар тал/,

- гэрч О.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн; “...Ер нь тэр машины урдуур эргэж уулзвар нэвтэрсэнд уурлаад байсан. Тэгээд ах бид хоёр үйлчилгээний төвийн орчимд явж байтал араас нөгөө машин ирж манай машины урдуур хөндлөн орж зогсоогоод жолооч нь бууж ирээд ахыг машинаас буулгаад гараараа бие болон толгой руу нь олон удаа цохиод авсан. Тэгээд тэнд байсан хүмүүс салгах гэтэл тэр залуу болихгүй байсан. Тэгээд тэр залуу ахыг дэгээдэж газарт унагаасан бөгөөд ахын хөл дээр гишгээд байсан. Түүний зүүн хөл нь эргэчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дүгээр тал/,

- гэрч Х.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн; “...тэргээ аваад машин дээрээ иртэл нэг танихгүй ах газар уначихсан түүн рүү нэг залуу дайрч байсан бөгөөд Б.О ах тэр дайраад байсан залууг татаад салгаж байсан... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дүгээр тал/,

- гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн; “...Тэр хоёр зодолдож байхдаа нэг нэгийгээ өшиглөөд байсан. Приус-20 машины жолооч нь миний хөл хугарчихлаа гээд байсан. Нөгөө жолооч нь гутал нь сугарчихсан байна гээд байсан... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дугаар тал/,

 

- Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 839 дугаартай “...Д.Бгийн биед шаант болон тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхг гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.

5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 52-53 дугаар тал/,

 

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 231 дугартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ /хавтаст хэргийн 59-62 дугаар тал/,

 

- Иргэний нэхэмжлэгч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн ...Д.Бгийн эмчилээний зардалд 1,186,000 төгрөгийн зардал гарсан байх бөгөөд тус тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1************ дугаартай дансанд төоүүлж өгнө үү гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82 дугаар тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. 

 

Шүүгдэгч О.Эгийн үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байх ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байх тул гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч О.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаар: 

 

Хохирогч Д.Б “Сэтгэл санааны хохиролд 2,750,000 төгрөгийг нэхэмжилнэ” гэсэн хүсэлтийг, иргэний нэхэмжлэгч Б.Д Д.Бгийн эмчилээний зардалд 1,186,000 төгрөгийн зардал гарсан байх бөгөөд тус тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ***************дугаартай дансанд төлүүлж өгнө үүгэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч О.Эгээс 3,9360,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 1.186.000 төгрөгийг, хохирогч Д.Бд 2,750,000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх шүүгдэгч О.Эг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч О.Эгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн,

Шүүх шүүгдэгч О.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж тус тус шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг, 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний  иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Эд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. . Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч О.Эд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 хононгийн хугацаанд төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

            4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Эгээс нийт 3,936,000 төгрөг гаргуулан, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 1.186.000 төгрөгийг, хохирогч Д.Бд 2,750,000 төгрөгийг олгосугай.  

 

            6. Шүүгдэгч О.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

 

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ОРХОНТАМИР