| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2024/0044/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/35 |
| Огноо | 2024-01-19 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/35
2024 01 18 2024/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,
Улсын яллагч Т.Т,
Шүүгдэгч Т.А нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т.Ат холбогдох эрүүгийн 24250000******* дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т.А
Шүүгдэгч Т.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 27-ны шөнийн 01 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Вегас баарны гадна хохирогч Г.Бтай хүчтэй мөрлөсөн гэсэн үл ялих шалтгааны улмаас маргалдаж хохирогчийн нүүрэн тус газарт цохиж, улмаар газарт унаган хохирогчийн нүүр, цээжин тус газруудад нь удаа дараа цохиж, эрүүл мэндэд нь эгэм ясны хугарал, 1 шүдний эмтрэл, баруун бугалга, зүүн шилбэ, уруул, хүзүү, хамрын нуруунд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.А нь хохирогч Г.Бтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, бие мах бодийнх нь эсрэг хүчирхийлэл үйлдэж, биед нь “эгэм ясны хугарал, 1 шүдний эмтрэл, баруун бугалга, зүүн шилбэ, уруул, хүзүү, хамрын нуруунд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- хохирогч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн; “...Баарны шатанд дээр нэлээн хэдэн залуучууд өнгөрсөн. Энэ үед нэг залуу нь намайг хүчтэй мөрлөсөн. Би тухайн залууг чи яаж байгаа юм гэж уурласан чинь уг залуу гараараа миний нүүр, ам хэсэг рүү нэг удаа цохисон. Хамт явсан найзууд нь уг залууг салгаад аваад гарсан. Миний шүд бутрах шиг болсон. Энэ үед би араас нь гарч очоод намайг зодсон гэх залуу руу очиж яаж байгаа юм бэ гэж хэлээд бариад авсан чинь хамт явсан найзууд нь салгаад байсан. Ингэж зууралдаж байх явцдаа би газар унасан бөгөөд дээрээс хэд хэдэн хүн дэвсээд байсан. Энэ үед манай найз Мяадорж намайг зодуулж байхыг хараад ирж салгасан. Манай найзууд руу бас дайрсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр тал/,
- гэрч О.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн; “...Баарнаас гарч явахдаа найз Т.А нь үл таних нэг залуутай маргалдаж, нэг нэгнийгээ барьж аваад хоороноо маргалдаж эхэлсэн. Ингэж хоорондоо маргалдсаар баарны гадна талд гарч ирээд үл таних хоёр залуу Т.Аын хувцаснаас зууралдаад явуулахгүй байсан. Энэ үед Т.А тухайн хоёр залуугийн нэг залуутай нь маргалдаж харилцан зодолдож эхэлсэн. Ингэж зодолдож байх үедээ Т.А уг үл таних залуу хоёр газар унаад дээр доороо ороод зодолдоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/,
- гэрч Х.П-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн; “...Баарнаас Т.А нь үл таних нэг залуутай муудалцаад гараад ирсэн. Баарны гадна талд гарч ирээд үл таних хоёр залуу Т.Аын хувцаснаас зууралдаад явуулахгүй байсан. Энэ үед Т.А тухайн хоёр залуугийн нэг залуутай нь маргалдаж харилцан зодолдож эхэлсэн. Ингэж зодолдож байх үедээ Т.А уг үл таних залуу хоёр газар унаад дээр доороо ороод зодолдоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/,
- яллагдагч Т.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн; “...Баарнаас гарах гэж байгаад баарны шатны зорчих хэсэг дээр үл таних залуутай маргалдсан. Ингэж залуутай маргалдаж баарны гадна талд гарсан...Би уг залууг газар унагааж байгаад нүүр, цээж хэсэг рүү нь гараараа хэд хэдэн удаа цохисон. Ингэж зодолдож байх үед манай найзууд бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/,
- Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1062 дугаартай “...1. Г.Бын биед зүүн эгэм ясны хугарал, 1 шүдний эмтрэл, баруун бугалга, зүүн шилбэ, уруул, хүзүү, хамрын нураанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.
5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 20-22 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
- Шинжээч эмч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн; “...Г.Бын биед учирсан зүүн эгэм ясны хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 1 шүдний эмтрэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/,
- Хохирлын баримтууд /хх-ийн 50-59 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Т.Аын үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байх ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байх тул гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Т.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Г.Б нь “миний зүгээс гаргах санал, хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг бүрэн барагдуулсан” гэж шүүхэд мэдэгдсэн бөгөөд шүүгдэгч нь хохирогч Г.Бын хохиролд 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Т.Аыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Т.Аын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах ” гэсэн саналыг гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Т.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж тус тус шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг, 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ш.Нарангэрэлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. . Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ат оногдуулсан 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч Т.А шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Т.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР