Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 104/шш2021/00010

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овогт Ш.Т /РД:................/-ын нэхэмжлэлтэй

хамтын амьдралтай байсныг болон садан төрлийн холбоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Ш.Т,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Бтэй 2009 онд танилцаж, хамтран амьдарсан. Бидний дундаас 2010 оны 05 дугаар сарын 16-ны өдөр охин Т.Н, 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр охин Т.Н, 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр охин Т.Б, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүү Т.Б нар төрсөн. Д.Б нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зуурдаар нас барсан. Иймд талийгаач Д.Б нь Т.Н, Т.Н, Т.Б, Т.Б нарын төрсөн эцэг мөн болохыг тогтоож, талийгаач Д.Бтэй хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү.

Одоо бодоход би Д.Бтэй анх 2015 онд танилцаж, 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хамтран амьдарсан. Бидний дундаас 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр охин Т.Б, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүү Т.Б нар төрсөн.

Би Э гэх хүнтэй хамт амьдарч байсан бөгөөд бидний дундаас 2010 оны 05 дугаар сарын 16-ны өдөр охин Т.Н, 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Т.Н нар төрсөн. Э архи их уудаг байсан учир бид 2014 оноос хойш хамт амьдрахаа больсон. Тэгээд би Д.Бтэй танилцаж хамт амьдарсан. Би нэхэмжлэлдээ худал бичсэн нь үнэн. Би Д.Бтэй 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс нас барах хүртэл нь хамт амьдарч байсан нь үнэн. Харин Т.Б, Т.Б нар Д.Бгийн төрсөн хүүхдүүд мөн. Би хоёр хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж авах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Ш.Т нь 2010 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Т.Н, 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Т.Н, 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Т.Б, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Т.Б нарыг Д.Бгийн төрсөн хүүхэд буюу садан төрлийн холбоотой болохыг тогтоолгох, мөн Д.Бтэй 2009 оны 01 дүгээр сараас 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

  1. Налайх дүүргийн *******ны 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1558 дугаар тодорхойлолт,
  2.  Т.Н, Т.Н,Т.Б, Т.Б нарын төрсний гэрчилгээний хуулбар,
  3. Д.Бг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нас барсныг бүртгэсэн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 0000242592 дугаартай гэрчилгээний хуулбар,
  4. Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын “Хур” системээс 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр авсан гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа,

/уг баримтад Д.Б, Б.Ц нар 2006 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэрлэж, шүүхийн 293 тоот шийдвэрээр 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтээ дуусгавар болгосныг бүртгэсэн/,

  1. Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 293 дугаар шийдвэр,

/уг шийдвэрээр Б.Ц, Д.Б нар нь 2007 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ батлуулж, 2008 оны 11 дүгээр сар хүртэл хамт амьдарсан үйл баримтыг дүгнэж, Б.Ц, Д.Б нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн/,

  1. Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1/552 тоот албан бичгээр ирүүлсэн Ш.Тын , 2014 оны 02 дугаар сарын 11, 2016 оны 07 дугаар сарын 11, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрүүдийн төрөлтийн түүхийн хуулбар,

/уг баримтанд 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Ш.Тын нөхөр нь Э гэж авагдсан болно/,

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан,

гэрч Д.Бы ... Манай дүү Д.Б нь Ш.Ттай 2009 онд танилцаж, Налайх дүүргийн *******нд хамтран амьдарч байсан, Тэдний хамт амьдарч эхэлснээс хойш 4 хүүхэд төрсөн. 3 охин, 1 хүүтэй. Дүү маань Хэнтий аймгийн харъяатай шилжүүлэг хийлгээгүй байсан учир хүүхдүүдээ ээжээр нь овоглосон гэсэн. Манай дүү Д.Б урьд хүнтэй сууж байсан гэрлэлтийн баталгаа хийлгэж байсан талаар мэдэхгүй байна. Ш.Тыг хүнтэй сууж байсан үгүйг сайн мэдэхгүй байна ... гэх,

гэрч Д.Бгийн ... Д.Б нь Ш.Ттай 2009 онд танилцаж, Налайх дүүргийн *******нд хамтран амьдарч байсан, Тэдний хамт амьдарч эхэлснээс хойш 4 хүүхэд төрсөн. 3 охин, 1 хүүтэй. Ш.Т, Д.Б хоёр *******т амьдарч байсан тул шилжүүлэг энэ тэр хийлгээгүйгээс гэр бүлээ батлуулаагүй байж магадгүй. Нарийн учрыг сайн мэдэхгүй байна. Манай дүү урьд нь өөр хүнтэй гэр бүл болж, баталгаа хийлгэж байгаагүй. Ш.Тыг гэрлэж байсан талаар сайн мэдэхгүй ... гэх,

гэрч А.Угийн ... Би Налайх дүүргийн *******ны 5 дугаар хэсгийн ахлагчаар 2016-2019 он хүртэл ажилласан. Намайг анх ажлаа хүлээж авахад Ж.Ш.Т нь өрхийн бүртгэлдээ өрх толгойлсон 4 хүүхэдтэй эмэгтэй гэж бүртгэгдсэн байсан. Би Ж.Ш.Тын амьдардаг *******, Бага баян уул 1-4 тоот хаягт 2019 онд очиход түүний нөхөртэй анх таарч хамт амьдардаг гэдгийг, мөн хүүхдүүдийн төрсөн эцэг гэдгийг мэдсэн. Өмнө би тэдний гэрээр хэд хэдэн удаа очиж байсан ч нөхөр нь байдаггүй байсан нь ажил төрөлтэй болоод байхгүй байсан. Ж.Ш.Т нь гэрлэлтийн баталгаагүй, тогтсон ажилгүй, хорооноос олгогддог дэмжлэг туслалцаа авах үүднээс өрхийн бүртгэлдээ өрх толгойлсон 4 хүүхэдтэй эмэгтэй гэж бүртгэгддэг байсныг би сайн мэдэж байна   ... гэх,

гэрч О.Аын ... Би Ш.Тын дүү Ш.Ттай 2010 онд танилцаж, хамтран амьдарсан. Манай нөхөр эхээс гурвуулаа бөгөөд том ах Ш.Түвшин-Очир, эгч Ш.Т гэх хүмүүс байдаг. Би том охиноо 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрүүлсний дараа хадам аавындаа очиход хадам аав, ээж, Ш.Т эгч том охиноо төрүүлээд удаагүй 6-7 сартай нялх хүүхэдтэй байсан. Тухай үед би Д.Б ахыг харж байгаагүй. Харин 2011 оны зун *******т нөхөр, хүүхдийн хамт шилжиж ирсэн. Тэгэхдээ Ш.Т эгчийн нөхөр Д.Бтэй анх танилцсан. Ш.Т эгч анхны охиноо 2010 онд, хоёр дахь охиноо 2014 онд, гурав дахь охиноо 2016 онд, дөрөв дэх хүүгээ 2018 онд төрүүлсэн. Д.Б өөрийн төрсөн аавтайгаа *******, *******нд, Замчинд эхнэр 4 хүүхэдтэйгээ хамт амьдардаг байсан. Д.Бгийн аав нас барсны дараа тэрээр эхнэр, хүүхдүүдтэйгээ хамт амьдрах болсон. 2020 оны 05 дугаар сард Д.Б, Ш.Т нар 4 хүүхдээ дагуулаад гэрээ ачаад нүүж ирж манай хашаанд буусан. Бид түүнээс хойш нэг хашаанд амьдрах болсон. Тэгээд Д.Б 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэртээ зуурдаар нас барсан. Одоо Ш.Т эгч 4 хүүхдийн хамт манай хашаанд хамт амьдарч байгаа. Д.Б, Ш.Т нар бичиг үсэг огт мэдэхгүйгээс болж гэрлэлтээ батлуулж чадаагүй. Тэгээд Ш.Т өөрийн нэрээр хүүхдүүдээ овоглосон. Д.Б, Ш.Т нар нь хамт амьдарч байсан нь үнэн бөгөөд тэдний дундаас 4 хүүхэд төрсөн нь үнэн. Д.Бг нас барсны дараа түүний ах, дүү нар ирэхэд Д.Бг өмнө нь 500.000 төгрөг авах зорилгоор өөр хүнтэй гэрлэлтээ батлуулж байсан талаар хэлж байсан. Тэгээд гэрлэлтээ батлуулсан эмэгтэй нь гэрлэлтээ цуцлуулахаар Хэнтий аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байсныг Д.Бд хэлж байсан ч шүүх дээр Д.Б огт очиж байгаагүй гэсэн. Тэгээд гэрлэлтийг нь цуцалсан байх гэж ах нар нь надад ярьж байсан ... гэх мэдүүлэг зэрэг болно.   

 

Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлээд Д.Б, Ш.Т нарыг 2015 оны 08 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг, мөн Т.Б, Т.Б нар нь Д.Бгийн хүүхэд буюу садан төрлийн холбоотой болохыг тогтоохоор шийдвэрлэв.

Харин Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 293 дугаар шийдвэр, Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн төрөлтийн түүх, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр үгүйсгэгдэж байгаа тул Д.Б, Ш.Т нарыг 2009 оны 01 дүгээр сараас 2015 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг, мөн Т.Н, Т.Н нар нь Д.Бгийн хүүхэд буюу садан төрлийн холбоотой байсныг тус тус тогтоолгох шаардлагуудыг хэрэгсэхгүй болгов. 

Хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар няцаагдсан учир гэрч Д.Б, Д.Б, О.А нарын мэдүүлгийн зарим хэсгийг шүүхийн зүгээс үнэлээгүй  болохыг дурдвал зохино.

 Нэхэмжлэгч нь Т.Б, Т.Б нарт тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгох шаардлагын улмаас Д.Бтэй садан төрлийн холбоотой болохыг нь шүүхээр тогтоолгох хүсэлт гаргасан болохыг дурдаж байна.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******гийн Д.Б, ******* овогт Ш.Т нарыг 2015 оны 08 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоож,

нэхэмжлэлийн шаардлагаас Д.Б, Ш.Т нарыг 2009 оны 01 дүгээр сараас 2015 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт Ш.Тын ******* /РД:*******/, ******* овогт Ш.Тын Б /РД:................/ нар нь ******* овогт *******гийн Д.Б /РД:*******/-ийн хүүхэд буюу садан төрлийн холбоотой болохыг тогтоож,

нэхэмжлэлийн шаардлагаас ******* овогт Ш.Тын /РД:/, ******* овогт Ш.Тын Н /................/ нар нь Д.Бгийн хүүхэд буюу садан төрлийн холбоо тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.БАДРАХ