Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 104/шш2021/00011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттайгаар хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ....................................................... тоотод оршин суух, ******* овогт Б.Х /РД:................./-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ..................................... тоотод оршин суух, ******* овогт Ж.Б/РД:*******/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Б.Х /цахимаар/,

хариуцагч Ж.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбартаа: Би Ж.Бтой 2008 онд анх танилцан 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүү Б.Е, охин Б.Е нар төрсөн. Тухайн үед би ажилгүй гэртээ хүүхдүүдээ хардаг. Харин Ж.Бхөдөө ажил хийдэг байсан. Бид 2012 онд Дархан-Уул аймгийн Орхон суманд гэр бүлийн хамт шилжиж ирсэн. Би Орхон сумын Засаг даргын тамгын газар, харин Ж.Бцэцэрлэгт ажилд орж бид 2014 он хүртэл өөр өөрсдийн ажил хөдөлмөрөө эрхэлж, үр хүүхдүүддээ анхаарал халамж тавьж сайхан амьдарч байсан. Харин 2014 оны 7 дугаар сард Ж.Б согтуу ирээд надад гар хүрч зодсон. Тэгээд 2014 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Ж.Бгэрээсээ хувцсаа аваад намайг хүүхдүүдтэй минь хамт 40 000 000-50 000 000 төгрөгийн өртэй орхиж явсан. Түүнээс хойш нэг жил Ж.Бтой огт холбоогүй болсон. Би тухайн үед хоёр хүүхдээ харах боломжгүй байсан тул хадам ээждээ хүүхдүүдээ өгч өөрөө Дархан-Уул аймагт ажиллаж өр зээлээ төлсөн. 2015 онд Ж.Ббид хоёр нэг хэсэг хугацаанд хамт амьдарсан. Тэгээд удалгүй Солонгос улс руу яваад 10 сарын дараа ирээд дахин Турк улс руу нэг жилийн хугацаагаар явсан. Энэ хугацаанд би бага хүүгээ төрүүлсэн. Бага хүү Б.*******д эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр Ж.Бийн хүүхэд биш гэж гарсан тул уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Одоо би хамтран амьдрагчтай болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Б.Е, охин Б.Е нарыг миний асрамжид үлдээж, хариуцагчаас хүү Б.Ед хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэв.

 

Хариуцагч Ж.Бшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Хтай 2008 онд анх танилцаж, 2009 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хуримаа хийсэн. Бидний дундаас 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүү Б.Е, охин Б.Е нар төрсөн. Бид харилцааны таарамжгүй байдлаас болж тусдаа амьдрах болсон. Би гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдээ эхийнх нь асрамжид үлдээх, хүү Б.Ед хуульд заасан хувь хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна, ямар нэгэн маргаан байхгүй гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Ж.Бид холбогдуулан  гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүү Б.Ед хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүү Б.*******д эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь хүү Б.*******д эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан бөгөөд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, том хүү Б.Ед хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчийн зүгээс маргааны эсрэг байр суурь илэрхийлээгүй.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар  уг  нэхэмжлэл нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан болно.

 

Ж.Б, Б.Х нар нь 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүү Б.Е, охин Б.Е нар төрсөн,  Б.Е, Б.Е нар  нь одоо эхийн хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Зохигчийн тайлбараар гэрлэлт цуцлуулах шалтгаан нь гэрлэгчид зан харьцааны хувьд таарамжгүй харилцаатай болсон, улмаар удаан хугацаанд тусдаа амьдарснаас болжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх санаачилга гаргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал, эхнэр, нөхрийн тусдаа амьдарсан хугацаа, Налайх дүүрэг дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн  эвлэрүүлэх арга хэмжээ амжилтгүй болсон зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь хүүхдийн асрамж, тэтгэмжийн талаар өөрсдийн байр суурийг ойлгомжтой, тодорхой, нэг мөр илэрхийлсэн болно. 

Ж.Б, Б.Х нарын хувьд хэн аль нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн хүүхдээ өөрийн асрамжид үлдээх шаардлагатай хариуцагч маргаагүй, хүүхдийн асрамжийн талаарх гэрлэгчдийн тохиролцоо нь хуульд зааснаар асрамжийн талаар тайлбар өгөх насанд хүрсэн хүүхдүүдийн тайлбартай нийцсэн зэргийг харгалзан хүү Б.Е, охин Б.Е нарыг эхийн асрамжид үлдээж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь, түүнчлэн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх тус тус нээлттэй болохыг дурдвал зохино.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ.

Зохигч нь хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр эхийн асрамжид үлдэж байгаатай холбогдуулан хүү Б.Ег сар бүр эцэг Ж.Боор нь тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, нэхэмжлэгч нь зарим шаардлагаас татгалзсан тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 248 600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 178 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт Жаргалсайханы Баасандорж, ******* овогт Б.Х нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүү Б.Е, охин Б.Е нарыг эх Б.Хгийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.Ег 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ж.Боор нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Хд даалгасугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 178 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.БАДРАХ