Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/47

 

2024  01               30                                        2024/ШЦТ/47

                                                                   

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал,  

Улсын яллагч Ж.Б,

Шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Б.Д нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Тт холбогдох эрүүгийн 232500000**** дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Т

 

Холбогдсон  хэргийн талаар:

Яллагдагч Д.Т нь 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт байрлах Залуус хотхоны хажуугийн автомашины зогсоол дээр байрлуулсан хохирогч Ч.П-ийнэзэмшлийн **-***улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн баруун талын хойд онгорхой байсан цонхоор гараа оруулан хаалганы цоожийг онгойлгон хууль бусаар нэвтэрч машины багааж хэсгээс цохилттой дрилл, шрупп мастер зэрэг багажуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 302,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Т нь Ч.П-ийнэзэмшлийн тээврийн хэрэгслийн цонхоор гараа оруулан хаалганы цоожийг онгойлгон хууль бусаар нэвтэрч машины багааж хэсгээс эд зүйл хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Д.Т “Би таксинд явдаг юм. Тухайн үед 7 хоног бороо ороод зам хэцүү байсан тул би машины зогсоолд машинаа тавьчихаад гэр рүүгээ орохоор явж байтал нэг машины цонх нь онгорхой байхаар нь юм нь алга болчих вий гэж утсаар нь хэлэхээр машиныг тойрч хартал ямар нэгэн утасны дугаар харагдахгүй байхаар нь багажинд нь харагдаж байсан багажийг нь хүн авчихвий гэж бодоод аваад машиныхаа багажинд хийчихсэн юм. Тэгээд маргааш нь хөдөө явах ажилтай болоод явчихаад ирэхэд цагдаагаас ярьсан. Тэгэхээр нь учраа хэлээд аваачиж өгсөн. Эхлээд гайгүй зүйл ангиар шалгаж байгаад сүүлд нь хэргийн зүйл ангийг хүндрүүлчихсэн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэх агуулга бүхий мэдүүлгийг,

 

Улсын яллагч Ж.Б: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д “Хулгай хийсэн үйлдэлд маргахгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх нөхцөл энэ хэрэгт байхгүй, шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлүүлэх байр сууринаас оролцоно” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хавтаст хэргээс:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 2-5 дугаар тал/,

- Аз хотхоны хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 8-10 дугаар тал/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 11-14 дүгээр тал/,

- Хохирогч Ч.П-ийнмөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн ...2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 12 цагийн орчимд гэрээсээ гарч ирээд машинаа үзсэн чинь жолооч талын арын цонх борооны хаалт хэсгээс жоохон доош дутуу хаачихсан байхаар нь үзсэн чинь суудал норчихсон байхаар нь тээврийн хэрэгсэл дотроо байсан эд зүйлээ шалгаж үзсэн. Тэгтэд багажинд байсан цохилттой дрил, шрүп мастер, энпак зэрэг багж хулгайд алдсан байсан... /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/,

...2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ээжийн гэр болох Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг Эрдэнэхангайгийн 1-110 тоотод ээжийнхээ гэрийг буулгаж муудсан бүрээсийг нь зөөж өөрийн хувьдаа хэрэглэдэг засварын газрын арын амбаартаа авчирч хийхдээ зөөсөн эсгийнд импактаа  хавчуулаад хураасан байсан... /хх-ийн 22 дугаар тал/,

- Гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч:П ирээд намайг аваад...би бөөлжих гээд байсан болохоор цонхыг нь доошлуулихсан байж байгаад тэр чигээр нь орхиод буусан санагдаж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/,

- Ашид билгүүн ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт /хавтаст хэргийн 35 дугаар тал/,

- Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ТХҮ- ОРХ/7894 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 35-39 дүгээр тал/

- Монгол улсын мэргэшсэн үнэлгээчин Д.М-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай тайлан /хавтаст хэргийн 47-51 дүгээр тал/,

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 177 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 58-61 дүгээр тал/,

- Эд зүйлсийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 65-72 дугаар тал/,

 - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 89 дугаар тал/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 91 дүгээр тал/,

- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 93 дугаар тал/,

- гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 95 дугаар тал/,

- нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 97 дугаар тал/,

- үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 99 дүгээр тал/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 109 дүгээр тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.Т нь хохирогч Ч.П-ийнэзэмшлийн **-***улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн баруун талын хойд онгорхой байсан цонхоор гараа оруулан хаалганы цоожийг онгойлгон машины багаж хэсгээс цохилттой дрилл, шрупп мастер зэрэг багажуудыг авсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.  

 

Шүүгдэгч Д.Т тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэм буруутай болох нь

 

Хохирогч Ч.П-ийн...2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 12 цагийн орчимд гэрээсээ гарч ирээд машинаа үзсэн чинь жолооч талын арын цонх борооны хаалт хэсгээс жоохон доош дутуу хаачихсан байхаар нь үзсэн чинь суудал норчихсон байхаар нь тээврийн хэрэгсэл дотроо байсан эд зүйлээ шалгаж үзсэн. Тэгээд багажинд байсан цохилттой дрил, шрүп мастер, энпак зэрэг багж хулгайд алдсан байсан... гэсэн мэдүүлэг, гэрч С.Б-ын “...Ч.П ирээд намайг аваад...би бөөлжих гээд байсан болохоор цонхыг нь доошлуулчихсан байж байгаад тэр чигээр нь орхиод буусан санагдаж байна...” гэсэн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ТХҮ- ОРХ/7894 дугаартай хохирлын үнэлгээний тайлан, Монгол улсын мэргэшсэн үнэлгээчин Д.Мягмарсүрэнгийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай тайлан, эд зүйлсийн үнэлгээний тайлан, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд, шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй.” гэж,

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.” гэж тус тус зааж хүний өмчлөх эрхийг баталгаажуулсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, уг үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй, гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй гэмт хэрэг юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 2.1 дэх заалтад “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэж гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг заасан.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт “хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй” гэж мэтгэлцэн дүгнэлт гаргасан, шүүгдэгч Д.Т нь “автомашины цонх онгорхой, багажинд нь багаж харагдаад байхаар нь хүн авчихвий гэж машины хаалгыг онгойлгож авсан” гэж мэдүүлж байх боловч хавтаст хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч нь бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийн хаалгыг нээж ашиг олох зорилгоор шунахайн сэдэлтээр хууль бусаар нэвтэрч улмаар хохирогчийн эд зүйлийг авсан болох нь тогтоогдож байна.

Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байх бөгөөд ийнхүү нэвтэрч үйлдэх нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг улам нэмэгдүүлж байна гэж үздэг.

 

Тиймээс шүүгдэгч Д.Тын хохирогч Ч.П-ийнэзэмшлийн **-***улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн баруун талын хойд онгорхой байсан цонхоор гараа оруулан хаалганы цоожийг онгойлгон хууль бусаар нэвтэрч машины багаж хэсгээс цохилттой дрилл, шрупп мастер зэргийг хулгайлсан үйлдлийг “Тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

Иймд шүүх шүүгдэгч Д.Тыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Д.Тын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дгийн хэлэлцүүлэгт “хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй” гэж мэтгэлцсэн нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, хяналтын камерийн бичлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр няцаагдаж байх тул хүлээн авах боломжгүй байна.

Хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан. 

 

Шүүгдэгч Д.Тын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.П-ийнд 302,000 төгрөгийн хохирол учруулсан байх ба хохирогч Ч.П-ийн нь цохилттой дрилл, шрупп мастер зэргийг биетээр буцаан өгсөн үнэлгээ хийлгэхээр төлсөн 30,000 төгрөгийг мөн миний дансанд буцаан төлсөн. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгч Д.Тыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв. 

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ба мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсныг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял оногдуулах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх ” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д “Эрүүгийн хуулийн зорилго, зарчим зэргийг харгалзан хохирлоо нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1-д зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий дүгнэлтийг,

шүүгдэгч Д.Т нь “гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Д.Т нь “Хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр буюу автомашинд хууль бусаар нэвтэрч нэвтэрч үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт шинж, түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Д.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ба харин 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоодсныг харгалзан үзсэн болно.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “тусгайлан хамгаалсан байр агуулах буюу автомашинд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч Д.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Д.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дуу дүрсний бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурьдсугай.

6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.ОРХОНТАМИР