| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2024/0050/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/49 |
| Огноо | 2024-01-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/49
2024 01 24 2024/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,
Улсын яллагч Т.Т,
Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н-д холбогдох эрүүгийн 2325000000**** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.Н
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь 2023 оны 08 дугаар сарын 12-ны шөнө 03 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн Залуус хотхоны 23а дугаар байрны зүүн талд хохирогч С.Ттай “эгч Р.А-г цохилоо” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн нүүр хэсэгт хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь нүүр, зүүн чихний ар хэсэг баруун гарын бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: “нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Улсын яллагч Т.Т: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Шүүгдэгч Б.Н нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, ямар эрүүгийн хариуцлага хүлээх гэж байгаагаа ойлгож ухамсарласан, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэсэн байр сууриа тус тус илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хавтаст хэргээс:
- Хохирогч С.Тын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Нэг мэдсэн чинь Цагдаа дээр ирчихсэн байсан. Р.А, Ц, Б.Н нараас юу болсон талаар асуухад би өөрийн эхнэрээ түлхэж унагаасан чинь Р.А чи эхнэрээ яаж байгаа юм гэсэн чинь би Р.А-г нэг удаа гараараа цохисон гэсэн. Энэ үед тагтан дээрээс Ц, Б.Н нар нь хараад зогсож байсан болохоор гарч ирээд Б.Нямрүү надтай муудалцаж байгаад миний нүүр хэсэг рүү өшиглөсөн. Би өөрөө яаж өшиглүүлсэн талараа санахгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар тал/,
- Гэрч Р.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн "...С.Тыг эхнэрийнх нь хамт гэрээсээ гаргахад эхнэр нь орцон дотор эхнэр нь орилоод байхаар нь дуудлагын такси дуудаж өгөхөд гэрээсээ хөөлөө гээд С.Т нь манай нөхөр рүү дайрсан. Тэгээд орилоод байхаар нь 20 орчим минутын дараа Цээгийг эгчтэй хамт гэрээсээ гарсан чинь эхнэр нь шатан дээр унасан байдалтай С.Т өөрөө шатан дээр сууж байсан. Цээгий эгч бид хоёр эхнэрийг нь сугадаад таксинд суулгах гээд орцноос гарсан чинь С.Т араас гарч ирээд эхнэрээ яасан арчаагүй архи уудаг юм бэ, гээд түлхэж унагаахаар нь би найзыг яагаад түлхэж байгаа юм, чи одоо давраад байгаарай шэжсэн чинь миний толгой руу нэг удаа цохисон. Тэгтэл манай нөхөр Ц, дүү Б.Н, найз Буянхишиг нар тагтан дээрээс харж байсан болохоор гарч ирээд С.Тт хандаж эхнэр цохиод яагаад байгаа юм гэсэн чинь чи нэг пиво гуйж орж ирдэг гуйлгачин биздээ, ямар том юм бэ гэх үед Б.Н эгчийг минь зодохгүй шүү гээд С.Тын нүүр хэсэг рүү цохиж авахад хоорондоо харилцан зууралдаж дээр доороо ороод байсан... Б.Н С.Тын нүүр хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд удалгүй цагдаа хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/,
- Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Р.А гарч ирээд намайг зодуулж байна гэж ойлгоод манай нөхөр рүү пизда минь эмэгтэй хүнд гар хүрлээ гээд орилоод эхэлсэн... энэ үед Ц, Б.Н, Цээгий нар гарч ирсэн... нээх удалгүй манай нөхөр таксинд ганцаараа орж ирэхдээ зодуулсан байдалтай нүүр нь хавдсан байхаар нь юу болсон талаар асуухад Б.Нд зодуулчихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/,
- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаартай “...1 С.Тын биед нүүр, зүүн чихний ар хэсэг, баруун гарын бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.3. Уг гэмтэл нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. нүүр, зүүн чихний ар хэсэг, баруун гарын бугалганд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, насанд хүрээгүй гэрч хохирогч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
Б.Н нь хохирогч С.Тын нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь нүүр, зүүн чихний ар хэсэг, баруун гарын бугалганд цус хуралт гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.
Шүүгдэгч Б.Н нь хохирогч С.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч С.Тын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Энэ үед тагтан дээрээс Ц, Б.Н нар нь хараад зогсож байсан болохоор гарч ирээд Б.Нямрүү надтай муудалцаж байгаад миний нүүр хэсэг рүү өшиглөсөн. Би өөрөө яаж өшиглүүлсэн талараа санахгүй байна...” гэх мэдүүлэг,
- Гэрч Р.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн "... Б.Н эгчийг минь зодохгүй шүү гээд С.Тын нүүр хэсэг рүү цохиж авахад хоорондоо харилцан зууралдаж дээр доороо ороод байсан... Б.Н С.Тын нүүр хэсэг рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг,
- Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...нээх удалгүй манай нөхөр таксинд ганцаараа орж ирэхдээ зодуулсан байдалтай нүүр нь хавдсан байхаар нь юу болсон талаар асуухад Б.Нд зодуулчихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг,
- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 711 дугаартай дүгнэлт болон шүүгдэгч Б.Нгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.
Хохирогч С.Тын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Б.Нгийн хохирогчийн нүүр хэсэгт өшиглөсөн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой,
шүүгдэгч Б.Н нь хохирогч С.Тын нүүр рүү өшиглөх үед түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Нг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцсон ба гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл, шүүгдэгчийн биеэ хянах, барих чадваргүй зан байдал нь шууд нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Шүүгдэгч Б.Нгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Тын биед хөнгөн хохирол учирсан, хохирогч С.Т нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч Б.Н нь энэ шүүх хуралдаанаас бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар
улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1, 2, 4-д заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсныг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” гэсэн,
Шүүгдэгч Б.Н нь “тусгайлан гаргах саналгүй” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Нг зургаан зуун нэгжээр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Н нь дээрх хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Нгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Б.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Н нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Нгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР