Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 104/шш2021/00012

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...................................................... тоот хаягт оршин суух, ******* овогт Ш.Г /РД:........./-ийн нэхэмжлэлтэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Ш.Г,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1965 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн. 1973 онд Нийслэлийн 33-р сургуульд суралцаж байгаад 1983 онд Налайхын 10 жилийг төгссөн. Тэгээд 1984 онд Дорнод аймагт баг ангийн багшаар ажиллаж байгаад 1985 оноос эхлэн Худалдааны техникумд суралцсан. 1988 онд сургуулиа төгсөөд Налайхын Худалдаа бэлтгэлийн удирдах газарт нягтлан бодогчоор ажилд орсон.

Би Налайхын Худалдаа бэлтгэлийн удирдах газарт 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нягтлан бодогчоор ажилласан. 1992 оны 01 дүгээр сараас эхлэн зах зээлийн хувьчлал болж Хүнсний 2 дугаар дэлгүүр нь Наран хоршоо болж өөрчлөгдсөн бөгөөд би нягтлан бодогчоор томилогдон ажилласан.

Надтай хамт ажиллаж байсан ахмад ажилтнууд архивын бичиг баримт шатаад устчихсан гэж ярьдаг юм билээ. Би хөдөлмөрийн дэвтрээ өөрөө хадгалж байсан.

Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэвэр тогтоолгох гэж очиход хөдөлмөрийн дэвтэр дээр балаар бичигдсэн бичилт байгаа тул шүүхээр ажилласан жилээ тогтоолго гэсэн. Иймд 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү. Өмнө нь энэ асуудлаар шүүхэд хандаж байгаагүй гэв.  

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Ш.Г нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Ш.Г нь Налайх хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газарт 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны  өдрийг хүртэлх хугацаанд нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

            1. Ш.Ггийн 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

/Уг дэвтэрт Налайх хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газрын даргын 1985 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн тушаалаар Улаанбаатар хотын худалдааны техникумд элсэн суралцах болсон тул худалдагчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн, Улаанбаатар хотын Худалдааны техникумын захирлын 1985 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 128 тоот тушаалаар Улаанбаатар хотын Худалдааны техникумын эдийн засгийн мэргэжлийн ангид элсүүлэн суралцуулсан, Улаанбаатар хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газрын 1988 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн тушаалаар худалдааны техникумд нягтлан бодогчийн мэргэжлээр төгсөж ирсэн тул нягтлан бодогчоор ажилд томилсон бичилтүүд хийгдсэн, зохих тэмдэг дарагдсан бөгөөд шүүх хуралдааны явцад эх хувьтай харьцуулан шинжлэн судалсан болно/,

2. Налайх хотын 10 жилийн 2 дугаар сургуулийг 1983 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төгссөн бүрэн дунд боловсролын үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

3. Нийслэлийн Архивын газрын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1078 тоот ... Налайх хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газрын баримт шилжиж ирээгүй ... гэх албан бичиг,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан,

гэрч Д.Оийн ... Би 1981 онд Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харьяа Хүнсний 2 дугаар дэлгүүрт худалдагчаар ажилд орсон. Ш.Г нь 1988 онд Худалдаа бэлтгэлийн удирдах газарт нягтлан бодогчоор ажилд орсон. Хүнсний 2 дугаар дэлгүүр нь Наран хоршоо болоход Ш.Г нь нягтлан бодогчоор үргэлжлүүлэн ажилласан. Ш.Г бид хоёр 1988 оноос эхэлж Худалдаа бэлтгэлийн удирдах газарт нягтлан бодогчоор ажиллаж байсан нь үнэн  ... гэх,

гэрч И.Дгийн ... Би 1981 онд ХБУГ-ын харъяа Хүнсний 2 дугаар дэлгүүрт худалдагчаар ажилд орсон. Ш.Г нь 1988 онд хадам ээжийгээ тэтгэвэрт гарсны дараа Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харъяа Хүнсний 2 дугаар дэлгүүрийг хариуцсан нягтлан бодогчоор ажилд орсон. Ш.Г нь 1988 оноос эхлэн нягтлан бодогчоор ажиллаж байсан нь үнэн ... гэх

гэрч Р.Лгийн ... Би 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харъяа Хүнсний барааны 2 дугаар дэлгүүрт худалдагчаар ажилд орсон. 1992 онд Хүнсний барааны 2 дугаар дэлгүүр нь Наран хоршоо болж өөрчлөгдсөн бөгөөд би тус хоршоонд хувиараа лангуу авч ажилласан. Ш.Г нь Худалдаа бэлтгэлийн удирдах газарт 1988 оноос эхлэн нягтлан бодогчоор ажиллах болсон. Бид Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харъяа Хүнсний 2 дугаар дэлгүүрт хамт ажиллаж байсан бөгөөд тус дэлгүүр татан буугдаж Наран хоршоо болж өөрчлөгдөхөд ч хамт Худалдаа бэлтгэлийн удирдах газрын харъяанд ажиллаж байсан. Хүнсний барааны 2 дугаар дэлгүүрт Ш.Г нь 1988 оноос 1992 он хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байсан нь үнэн ... гэх мэдүүлэг, тэдгээрийн ажиллаж байсан байдалтай холбоотой баримтын хуулбар зэрэг болно.

Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт Ш.Ггийн Налайх хотын Худалдаа бэлтгэлийн удирдах газарт 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.БАДРАХ