Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/55

 

2024  02               01                                        2024/ШЦТ/55

                                                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,  

Улсын яллагч Ж.Батбаатар,

Шүүгдэгч С.Л, түүний өмгөөлөгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Лд холбогдох эрүүгийн 2325000000*** дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С.Л

 

Холбогдсон  хэргийн талаар:

Яллагдагч С.Л нь 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 12 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Чингэл багт байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай Ёс заншлын өргөө амралтын газрын агуулахад нэвтэрч хохирогч М.Бгийн эзэмшлийн цахилгаан халаагч пуужинг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулж машин механизм буюу **-**улсын дугаартай Тоёота Инсайт маркийн тээврийн хэрэгсэл ашиглан зөөвөрлөж хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Лг үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулж машин механизм ашиглан зөөвөрлөсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч С.Л “Би урьд нь тухайн ёс заншлын өргөө амралтын газрын засварыг хийж байсан юм. Тухайн үед ямар болсон талаар үзэхээр очиход хаалга нь онгорхой, дотор нь халаагч байсан. Тэгэхээр нь би авчихсан юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх агуулга бүхий мэдүүлгийг,

Улсын яллагч Ж.Б Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М “гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хавтаст хэргээс:

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-6 дугаар тал/,

- Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дугаар тал/,

- 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 9 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 10-11 дүгээр тал/,

- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 13-17 дугаар  тал/,

- 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 11010909 дугаартай зээлийн гэрээ /хавтаст хэргийн 17-19 дүгээр тал/,

- 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 11010909 дугаартай фидуцийн гэрээ /хавтаст хэргийн 26-27, 29 дүгээр тал/,

- Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоол /хавтаст хэргийн дугаар тал/,

- Иргэний нэхэмжлэгч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө ахмадын баярын үйл ажиллагааны өмнө гэр ресторанд орж харахад халаагуур байсан. Өдрийн 13 цагийн орчимд халаагуураа үзэхэд халаагуур байхгүй байсан. Тухайн өдрийн хяналтын камерийг шүүж үзэхэд ажиллахгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/,

- Хас үнэлгээ ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 38-41 дүгэр тал/,

- Бэлэн мөнгөний орлогын баримт /хавтаст хэргийн 42 дугаар тал/,

- Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тодорхойлолт /хавтаст хэргийн 47 дугаар тал/,

- С.Лгийн сэжигтнээр мэдүүлсэн “...2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 11-12 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Чингэл баг Ёс заншлын өргөөний гэр ресторан дотроос халуун агаараар үлээгч халаагуур авсан. Тухайн үед хаалга нь онгорхой байсан тул ороод авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дугаар тал/,

- С.Лгийн яллагдагчаар мэдүүлсэн “...**-**улсын дугаартай Honda Insight маркийн тээврийн хэрэгслийн багажны хэсэгт хийж Яргуйт багийн Хөтөлийн 10-3 тоот хашаанд байрлах гражид буулгаж, нэг ч удаа гаргаж ашиглаагүй байж байгаад 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Цагдаагийн газрын мөрдөгч надтай холбогдохоор нь халаагуурыг авч ирж эзэмшигчид нь хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дүгээр тал/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 24 дүгээр тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд, шүүх хуралдааны явцад шинээр гаргаж өгсөн 5 хуудас баримт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

Үйл баримтын талаар:

Шүүгдэгч С.Л нь Ёс заншлын өргөө амралтын газрын агуулахад хууль бусаар нэвтэрч хохирогч М.Бгийн эзэмшлийн цахилгаан халаагч пуужинг авч, машинаар зөөвөрлөж авсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

 

Шүүгдэгч С.Л нь үйл ажиллагаа явуулах зориулалттай байр буюу Ёс заншлын өргөө амралтын газрын агуулахад нэвтэрч хохирогч М.Бгийн эзэмшлийн цахилгаан халаагч пуужинг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулж машин механизм буюу **-**улсын дугаартай Хонда Инсайт /Honda Insight/ маркийн тээврийн хэрэгсэл ашиглан зөөвөрлөсөн болох нь;

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл,

- Иргэний нэхэмжлэгч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө ахмадын баярын үйл ажиллагааны өмнө гэр ресторанд орж харахад халаагуур байсан. Өдрийн 13 цагийн орчимд халаагуураа үзэхэд халаагуур байхгүй байсан....” гэх мэдүүлэг,

С.Лгийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, уг үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, автомашин ашиглаж үйлдсэн тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байх бөгөөд ийнхүү  нэвтэрч, уг эд хөрөнгийг зөөвөрлөх, тээвэрлэх зэргээр хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэхийн тулд машин механизм ашиглан үйлдэх нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг улам нэмэгдүүлж байна гэж үздэг.

Эрүүгийн хуулийн “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтрэх” гэдгийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга цонх түгжээг эвдэх, онгорхой байхад сэм орох зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг, “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашигласан”  гэдэгт эд хөрөнгө байгаа газарт хялбар хүрэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгийг зөөвөрлөх, тээвэрлэх зэргээр хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэхийн тулд тусгайлан бэлтгэсэн зэвсэг, техник хэрэгсэл, машин механизм ашигласныг тус тус ойлгодог.

Шүүгдэгч С.Лгийн үйл ажиллагаа явуулах зориулалттай “Ёс заншлын өргөө” амралтын газрын агуулахад сэм орох буюу бусдад мэдэгдэлгүйгээр  орж, хохирогч М.Бгийн эзэмшлийн цахилгаан халаагч пуужинг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулан, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгийг зөөвөрлөх, тээвэрлэх зэргээр хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэхийн тулд машин механизм буюу **-**улсын дугаартай Хонда Инсайт /Honda Insight/ маркийн тээврийн хэрэгсэл ашиглан зөөвөрлөсөн үйлдлийг “Орон байранд нэвтэрч машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар  хууль бусаар авч хулгайлсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд шүүх шүүгдэгч С.Лг  үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч С.Лгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан. 

 

Шүүгдэгч С.Лгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Бд 1,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид эд зүйлийг биет байдлаар буцаан өсгөн, хохиролд 1.100.000 төгрөг өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд хохирогч М.Б болон иргэний нэхэмжлэгч Н.А нар нь “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгч С.Лг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.    

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...хуульд заасан тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машины үнийг гаргуулж улсын орлогод оруулах албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.М “урьд ял шийтгүүлж байгаагүй, төлөв даруу зантай, тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хэргийн улмаас үйлдэж олсон хөрөнгийг олоход тусалсан зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгааг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү ” гэх агуулга бүхий дүгнэлтийг,

 

шүүгдэгч С.Л нь “буруугаа ойлгож маш их гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч С.Л нь “Хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн императив шинжтэй хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болохоор шүүхэд эрх олгосон зохицуулалт юм.

Шүүгдэгч С.Л нь хорих ялыг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан хорих ялын хэмжээг хөнгөрүүлэх боломжтой байна.

 

Иймд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Лд нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, түүний эдлэх хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, үйлдлийн тоо, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ... техник, хэрэгслийг ойлгоно.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус зааснаар шүүгдэгч С.Лгээс автомашины үнийг гаргуулж хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Лгийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Хонда Инсайт /Honda Insight/ маркийн **-**улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Авто прайм ХХК-ны нэр дээр бүртгэлтэй боловч шүүгдэгч тус авсан зээлээ төлж барагдуулсан, өөрийн нэр дээрээ шилжүүлж аваагүй боловч шүүгдэгч С.Л нь уг автомашиныг өөрийн эзэмшилд ашиглаж байсан болох нь тус тус түүний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, Авто прайм ХХК-ны тодорхойлолт зэргээр тогтоогдсон. Мөн уг автомашины үнэлгээг Ашид билгүүн ХХКомпани 3.500.000 төгрөгөөр үнэлсэн байх тул шүүгдэгчээс уг автомашины үнэлгээгээр хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсэн болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс автомашины үнэлгээг үнэлгээний компани хуульд заасан шинжээчийн үнэлгээний шаардлага хангуулж ирүүлээгүй тухай тайлбарласан ба Ашид билгүүн ХХК-ны тус хэрэгт ирүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ гэх тодорхойлолтыг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээгээр тогтоогдсон  Honda Insight /Хонда Инсайт/ маркийн **-**улсын дугаартай автомашины үнэ болох 3.500.000 төгрөгийг шүүгдэгч С.Лгээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ба харин 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоодсныг харгалзан үзсэн болно.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дахь заалтад заасан “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар  хууль бусаар авч” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч С.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч С.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 09 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Лгээс автомашины үнэ 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Шүүгдэгч С.Л нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар  шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ОРХОНТАМИР