| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 104/2020/00561/И |
| Дугаар | 104/шш2021/00018 |
| Огноо | 2021-01-13 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 104/шш2021/00018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ........................................................................... оршин суух, Хотгойд овогт Д.О /РД: /-ын нэхэмжлэлтэй
улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговор 40 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Д.О,
прокурор Ц.Цэрэнбалжир,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг С.Д нь 1912 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн. 1932 онд цэргийн албанд татагдаад, цэргийн бага дарга нарын курсэд сууж төгссөн. Цэрэгт заставын дарга, салаан дарга, операторын даргаар тус тус ажиллаж байсан. Аав минь хувьсгалын эсэргүү, улс төрийн хэргээр баривчлагдаж, 1938 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Онцгой бүрэн эрхт комиссын 1939 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 27 дугаар хурлын тогтоолоор 8 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Мөн миний эцэг С.Д хоёр удаа хөрөнгөө хураалгаж байсан. 8 жилийн хорих ялыг биеэр эдэлж, Завхан аймгийн Нөмрөг суманд очиж ажилласан. Уг суманд багийн ухуулагч, багийн дарга зэрэг ажлуудыг хийж байгаад 1958 онд Төв аймгийн сангийн аж ахуйд шилжин ирж, үхэр тоо бүртгэлийн ахлагч, худалдаа аж ахуйн ангид нярав, кассын нярав зэрэг ажлуудыг хийж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн аав С.Дг Дээд шүүхийн бүгд хурлын 1963 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар тогтоолоор цагаатгагдсан. Миний ах Д.Ц нь 1998 онд 1 000 000 төгрөгийн нөхөх олговор авч байсан. Иймд 40 000 000 төгрөгийн нөхөх олговор олгож өгнө үү. Ах дүү бид нар нөхөх олговорыг 4 тэнцүү хувааж авна гэв.
Прокурор шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Оын эцэг Сын С.Д нь 1939 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 27 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 45-р зүйлээр 8 жилийн хорих ялаар шийтгүүлж, Дээд шүүхийн 1963 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар тогтоолоор цагаатгагдсан. Д.О нь Сын С.Дгийн төрсөн хүүхэд мөн болох нь тогтоогдож байх тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар 40 000 000 төгрөгийн нөхөх олговрыг олгох нь үндэслэлтэй байна гэв.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Д.О нь 1956 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, эцэг нь Сын С.Д, эх нь Сын Өлзийбаяр гэсэн төрсний гэрчилгээ, мөн Үндэсний төв архивын Завхан аймгийн Нөмрөг сумын 1956 оны тооллогын бүртгэлд өрхийн тэргүүн Сын С.Д 51 настай эрэгтэй, эхнэр Сын Өлзийбаяр 30 настай гэсэн гэр бүлийн тооллого зэрэг баримтууд байх ба Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааны 1998 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1428 дугаар шийдвэрээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговрыг С.Дгийн хүүхэд Д.Цд олгож байжээ.
ЦАУЗБУК-оос хэлмэгдэгч С.Дгийн нөхөх олговрын бусад нэхэмжлэгч болох Д.Н, Д.О, Д.О, Д.Ц нарын хэлцэлд үндэслэн Д.Оын нэрийг зууны мэдээ сонины 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №205 дугаар, дээрх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасан нөхөх олговрыг нэхэмжлэхээр олон нийтэд мэдээлсэн бөгөөд сонинд зарласан өдрөөс хойш манай байгууллагад өөр нэхэмжлэгч ирж бүртгүүлээгүй ба ямар нэгэн маргаан гараагүй болно. Шүүх нэхэмжлэгч Д.Оын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.О нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох цагаатгалын нөхөх олговор 40 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлт гаргажээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар Д.О нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна /Зууны мэдээ сонины 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 205/6430/ дугаарт нийтлэгдэж баталгаажсан/.
Сын С.Д нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж Дотоод яамны цэргийн шүүхийн 1939 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 27 дугаар тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 45 дугаар зүйлд зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгэгдсэнийг хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож цагаатгасан, түүнчлэн С.Д нь хэлмэгдэх үедээ өөрийн эд хөрөнгөтэй байсан, хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан хэлмэгдэгч, түүний ар гэрт төрөөс орон сууц олгож байгаагүй, Д.Н, Д.О, Д.О, Д.Ц нар нь С.Дгийн хүүхдүүд гэх үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 05/6654 тоот лавлагаа,
- БНМАУ-ын Дээд шүүхийн 1963 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар тогтоол,
- Үндэсний төв архивын 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 03-6/5587, 11 дүгээр сарын 02-ны өдрийн 03-10/5396 тоот лавлагаа,
- Д.О, Д.Н, Д.О, Д.Ц нарын төрсний гэрчилгээний хуулбар,
- Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1428 дугаар шийдвэр.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төрийг ашиг сонирхлыг хамгаалж оролцосон прокурор болон цагаатгах, нөхөх олговор олгох ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж буй Монгол улсын Цагаатгах ажллыг удирдан зохион байгуулах комиссын зүгээс нэхэмжлэгчид нөхөх олговорыг олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргасан болно.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч С.Д нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хорих ялаар шийтгэгдсэн, үүнтэй холбогдуулж түүнд учирсан хохирлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу нөхөн төлөх үүргийг хариуцсан төрийн зүгээс орон сууц олгоогүй байх тул түүний охин Д.От 40 000 000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч С.Дгийн хүүхдүүд болох Д.О, Д.Н, Д.О, Д.Ц нар нөхөх олговорыг тэнцүү хэмжээгээр хуваан авах эрхтэй бөгөөд харин нэхэмжлэл гаргах эрхээ Д.От олгосон тул энэ дагуу нөхөх олговорыг түүнд олгохоор шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гарсны дараа хэлмэгдэгчийн хүүхдүүд нь хэлцлийн дагуу нөхөх олговорыг тэнцүү хэмжээгээр хувааж авах ёстой болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 40 000 000 төгрөгийн нөхөх олговорыг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс гаргуулан нэхэмжлэгч Хотгойд овогт Д.О /РД:УР56121764/-т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэ хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ