| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2024/0061/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/52 |
| Огноо | 2024-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/52
2024 02 01 2024/ШЦТ/52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,
улсын яллагч Ж.Батбаатар,
шүүгдэгч Г.А, Г.С нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.А, У.С нарт холбогдох эрүүгийн 242500000*** дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Нэг. Монгол Улсын иргэн, Г.А
Хоёр. Монгол улсын иргэн, У.С
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.А, У.С нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Бриллиант баарны үүдний хэсэгт болон гадна талд хохирогч Б.М-г үл ялих зүйлээр шалтаглан үсдэх, цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүзүү, баруун, зүүн хацар, духанд зулгаралт, зүүн гарын хуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн шуу, баруун өвдөг, зүүн гуянд цус хуралт, зүүн чих, зүүн чамархай, дунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.А, У.С нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Бриллиант баарны үүдний хэсэгт болон гадна талд хохирогч Б.Мг үл ялих зүйлээр шалтаглан үсдэх, цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүзүү, баруун, зүүн хацар, духанд зулгаралт, зүүн гарын хуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн шуу, баруун өвдөг, зүүн гуянд цус хуралт, зүүн чих, зүүн чамархай, дунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь;
- Г.Агийн яллагдагчаар мэдүүлсэн “...2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр найз У.Сын хамт 22 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт байрлах Бриллиант гэх нэртэй бааранд орсон... 00 цаг болж баар хаахаар нь би найз У.Сын хамт тухайн баарнаас гар шатанд дээр зогсож байсан. Тэгээд У.С бид хоёрын хажуу талаар баарнаас үл таних эмэгтэй миний баруун талын гар хэсэг рүү түлхэж зөрсөн. Тэгэхээр нь би тухайн эмэгтэйд чи хажуу талаараа зөрөхдөө ямар аймар зөрдөг юм бэ, зүгээр хажуу талаар чинь зөрж болох уу гэж хэлчихгүй яасан юм бэ гэж хэлэхэд тухайн эмэгтэй У.Стай хэрэлдэж маргалдаад байхаар нь тухайн эмэгтэйтэй хамт явж байсан найзыг нь хайхаар нь дотогш орчихоод буцаж гарч ирэхэд У.С болон Б.М гэх эмэгтэй хоёр баарны гадна талд үүдний булан хэсэгт нэгнээсээ зууралдчихсан газар хэвтэж байсан... Би нэг мэдэхэд Б.М гэх эмэгтэйтэй нэгнийхээ үснээс зулгааж байсан. Мөн бид хоёр нэгнийгээ цохисон байх...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар тал/,
- У.Сын яллагдагчаар мэдүүлсэн “...Нэг мэдэхэд би бааранд нэг үл таних эмэгтэй хүнтэй зодолдож байсан. Тэгэхэд тэнд байсан хүмүүс намайг салгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр тал/,
- Хохирогч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...У.С гэх эмэгтэй нь хамт явж байсан найздаа энэ охин түрүүнээс хойш намайг өдөөд байгаа юм гэж хэлээд гараараа миний цээж рүү түлхэж миний үснээс зулгаасан. Тэгэхээр нь би зөрүүлж үснээс нь зулгааж хоорондоо барьцалдаж байхад У.Стай хамт зогсож байсан эмэгтэй нь мөн миний үснээс зулгаасан. Тэгж байхад баарнаас гарч байсан хүмүүс бид гурвыг салгасан... баарнаас гарахад баарны гадна талд худалдааны гудамжинд У.С нь хамт явж байсан эмэгтэйтэйгээ зогсож байсан. Тэгээд би нөхөртэйгөө хажуу талаар нь зөрөөд явах гэхэд миний араас У.С нь хэл амаар доромжилж, намайг зодох гэж У.С нь хамт явж байсан эмэгтэйтэйгээ гүйж ирсэн. Тэгэхэд нь манай нөхөр холдуулж хойш түлхэхэд нь У.Стай хамт явж байсан эмэгтэй гүйж ирээд намайг үсдэж газар унаж, хоёр гараараа миний нүүр хэсгийг маажсан. Тэгэхэд У.С нь ирж миний гуя болон гэдэс рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхэд цагдаа ирж бид нарыг салгасан...Би хохирлоо барагдуулж авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19, 21 дүгээр тал/,
- Гэрч Г.Урангоогийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Зодоон болоод очиход Б.Мг У.С нь өөр нэг эмэгтэйгийн хамт нийлчихсэн зодож байсан тэгэхээр нь салгаж Б.Мг баар руу дагуулж ороод ширээн дээр сууж байхад У.С манай ширээн дээр ирээд Б.Мгийн толгой хэсэг рүү гараараа цохиод авсан. Хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна. Тэгэхэд Мөнхбадрах салгаж холдуулсан... Би араас нь тооцоо хийчихээд гарахад У.С нь нэг эмэгтэй найзтайгаа нийлчихсэн манай найз Б.Мг газар унагаачихсан У.С хөлөөрөө өшиглөж үснээс нь зулгаагаад байсан. Тэгж байхад цагдаа нар ирж салгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/,
- Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Манай эхнэрийг зодож байсан хоёр эмэгтэй буцаж манай эхнэр рүү дайрч, үснээс нь зулгаагаад байсан. Тэгэхэд баарнаас хүмүүс гарч ирж салгасан... У.С гэх эмэгтэй манай эхнэр дээр ирээд сая юу болчихов хөгшөөн гэж хэлээд манай эхнэрийн баруун талын нүд хэсэг рүү гараараа 1 удаа цохиж, үснээс нь зулгаасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар тал/,
- Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1040 дугаартай “...Б.Мгийн биед хүзүү, баруун, зүүн хацар, духанд зулгаралт, зүүн гарын хуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн шуу, баруун өвдөг, зүүн гуянд цус хуралт, зүүн чих, зүүн чамархай, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэн. 3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/,
- Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1073 дугаартай “...Г.Агийн биед зуун бугалга, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/,
- Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаартай “...У.Сын биед өвдөг, баруун тохойд зулгаралт, баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 42-43 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч У.С, Г.А нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.М нь ямар нэгэн гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн ба хохирлын талаар нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгч нараас энэ шүүх хуралдаанаас гаргуулах төлбөргүй гэж үзэж, хохирогч Б.М нь цаашид энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч У.С, Г.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурьдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч У.С, Г.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч У.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.С, Г.А нарыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.С, Г.А нарт оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш тус бүр 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.С, Г.А нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч У.С, Г.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт тэдгээрийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.С, Г.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР